25/08/2026
“Сонбэ, та хаана байна” булангийн энэ удаагийн зочноор Сүүгмён эмэгтэйчүүдийн их сургууль (숙명여자대학교)-д докторын зэрэгт суралцаж буй Б.Саруулыг урьж, түүний сургамж дүүрэн амьдралын түүхийг хуваалцлаа.
2004 он. Онгоцны цонхоор танихгүй хотын гэрэл тодхон харагдавч тэр ирээдүйгээ хараахан төсөөлж амжаагүй байлаа. Гэхдээ зүрхэндээ нэг л зүйлд туйлын итгэлтэй байсан нь сурах, мэдэх бас илүү ихийг бүтээх алсын зорилго. Энэ л тэмүүлэл түүнийг Хансэй их сургууль (한세대학교 )-ийн PR стратеги (광고홍보학과 )-ийн бакалавр, мөн сэтгэл засал, сэтгэлзүйч (심리상담치료)-ээр магистр руу хөтөлж, өдгөө Сүүгмён эмэгтэйчүүдийн их сургууль (숙명여자대학교)-д хүүхдийн сэтгэл засал (아동 심리치료)-ын докторын хөтөлбөрт хөл тавиулжээ. Түүнийг Батжаргалын Саруул гэдэг. Өдгөө БНСУ-д гэр бүлийн хамт амьдарч, ажил хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ өөрийн жижиг бизнесээ хөгжүүлж яваа нэгэн.
Тэр 22 жилийн өмнөх рүү эргэн өнгийхөд "мэдэхгүй байх нь ямар үнэтэй вэ" гэх бодол хамгийн түрүүнд санаанд нь орж ирдэг байна. Одоогийнх шиг ухаалаг утас, сошиал медиа хөгжөөгүй тул ганц хайлт хийгээд бүх мэдээллээ авах боломжгүй. Монгол руу ярья гэвэл 15 мянган воноор утасны карт авах хэдий ч хэдхэн цаг яриад л дуусна. Видео дуудлагын талаар мөрөөдөх ч хэрэггүй байсан цаг үе.
Тэр үед нэг хүнээс ганцхан асуугаад шийдэх асуудлыг хэл мэдэхгүй, мэдээлэлгүйгээсээ болж хэдэн долоо хоног, заримдаа хэдэн сараар ч сунгаж явсан нь түүний өөртөө авсан анхны том хичээл байв. Харин одоо виз, татвар, даатгалын мэдээллийг ганц товшоод л олчихдог болсон энэ боломжийг хүмүүс үнэлээсэй гэж боддог тухай ярилаа.
Хүний нутаг түүнийг зөвхөн хэлний бэрхшээлээр шалгаагүй. Нас залуу, амьдралын туршлага дутуу явахад нь гашуун дурсамж цөөнгүй үлджээ. Анх ирээд удаагүй байхдаа нутаг нэгт монгол хүндээ цалингаа залилуулж, ажлаа булаалгаж, нулимстай үлдсэн үе түүнд бий. Гэхдээ тэр одоо энэ тухайгаа дурсахдаа инээмсэглэн "Тухайн үед үнэхээр хэцүү байсан ч эргээд бодоход тэр бүхэн надад хүн таних, өөрийгөө хамгаалах, аливаад илүү нухацтай хандахыг сургасан” хэмээх нь монгол эмэгтэйн уужуу ухааныг илтгэх шиг.
Дараагийн том сорилт нь хүний нутагт хүүхэд өсгөх. Хүүхэд гэнэт өвдөхөд харж өгөх, яаралтай ажил гарахад үлдээх ойр дотнын хүнгүй ганцаардахдаа "Би энд ер нь юу хийж байна вэ" гэж нулимстай нүдээр өөрөөсөө асуух үе бишгүй олон байж. Харин сүүлийн жилүүдэд дүү нар нь Солонгост оюутан болж очсноор энэ асуудалд цэг тавьжээ. Ойр дотнын хэн нэгэнтэйгээ хамт байна гэдэг хүний нутагт хамгийн дулаахан нөмөр байдаг аж.
Хэдий хүний нутаг ч гэлээ хичээж хөдөлмөрлөж чадвал боломж үргэлж нээлттэй байдаг Солонгосын системтэй орчин, аюулгүй байдал, хөдөлмөрийг үнэлдэг шударга тогтолцоо нь түүнийг 22 жилийн турш уяжээ.
Түүний нэг хүсэл нь өөрийн туулсан алдаа, оноогоо бусадтай хуваалцах. Том охиноо төрсний дараа YouTube суваг нээхийг хүссэн ч "арай болоогүй байна", "илүү сайн сурч байж эхэлье", "хүмүүс юу гэж бодох бол" гэсэн айдас түүнийг хойш нь татав. Гэхдээ тэр чадсан. Анхны бичлэг нь тун энгийн "Би махаа хаанаас авдаг вэ" гэсэн асуултын хариулт байлаа. Бичлэг нь санаанд оромгүй хандалт авч, бүр зарим нь "Монгол руу яаж захиалах вэ" гэж асуугаад амжсан гэнэ.
Хүмүүс сошиалаас гоё сайхан контентоос илүү маргааш амьдрал ахуйд нь хэрэг болох туршлагад суурилсан бодит мэдээллээр “цангаж” байдгийн жишээ энэ. Тиймээс тэр түүнээс хойш виз, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажил, татвар, даатгал, бизнес гээд амьдралд шууд хэрэг болох сэдвээр өөрийн бодит туршлагаа хуваалцах болсон бөгөөд уншигчдын урмын үгс түүнийг урагш хөтлөх хамгийн том хүч болдог байна.
Түүний түүхийг сонсоход Солонгос улс түүнд сайхан боломж, хүнд сорилт хоёрыг жинлүүрийн хоёр тал шиг тэнцүүлж өгчээ. Ярилцлагын төгсгөлд түүнээс хамгийн чухал сургамжаа нэг өгүүлбэрээр хэлээч гэхэд "Бүхнийг ганцаараа шийдэх гэж бүү зүтгэ. Мэдэхгүй зүйлээ зөв хүнээс асууж сур. Нэг зөв хариулт заримдаа хэдэн сарын алдааг хэмнэж чаддаг" гэлээ.
22 жилийн өмнөх Саруулд энэ үгийг хэн нэгэн хэлж өгсөн бол магадгүй олон алдаа давтагдахгүй байсан байх. Харин тэр өнөөдөр бусдын асууж зүрхлээгүй асуултад хариулж, өөрийн туулсан урт замыг дараагийн хүнд арай богино болгохын төлөө контентоо бүтээсээр яваа билээ.