26/06/2025
Баяндун сумын Засаг даргын суудал тойрсон маргааны талаар Шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Б.Буяндэлгэр байр сууриа илэрхийлжээ. Тэрээр:
"ЗГХЭГ-ын дарга Н.Учрал аймгийн Засаг дарга Ш.Ёлд Баяндун сумын Засаг дарга Б.Батхүүг төрийн албанд гурван жил ажилласан байх шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр түүнийг томилсон шийдвэрээ хүчингүй болгох тухай чиглэл ирүүлсэн байна. Харин Ш.Ёл дарга Баяндун сумын Засаг дарга Б.Батхүүд энэ талаар “санал, тайлбар” ирүүлэхийг мэдэгдсэн байна. Уг нь Ш.Ёл дарга Б.Батхүүг сумын Засаг даргаар томилсон шалтгаан үндэслэлээ Засгийн газрын ХЭГ-т тайлбарлах ёстой юм.
Засаг дарга бол улс төрийн албан тушаал. Улс төрийн намууд сонгуульд оролцож сонгогчдын олонхийн дэмжлэг авсан нам Ерөнхий сайдад болон бүх шатны Засаг даргад нэр дэвшүүлдэг. Үндсэн хуулийн үзэл санаа ийм. Мөн ард түмний сонголт нэн түрүүнд тавигдах ёстой. Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлд заасан нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна гэдэг нь Засаг даргыг дээд шатны Засаг дарга болон Ерөнхий сайд өөрийн үзэмж, улс төрийн чиг хандлагаар томилохгүй тухайн шатны Хурлын бүрэн эрх, бие даасан, хараат бус байдлыг хүндэтгэн, аливаа эрх мэдэл (Засаг даргын томилгоо) ард түмний сонголтоос эхтэй байх зарчмыг үндэслэж шийдвэрлэнэ гэсэн үг юм.
Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан.
Нутгийн ард түмний төлөөлөл болох сумын ИТХ өөрийнх нь шийдвэрийг болон засаг төрийн удирдлагыг хэрэгжүүлэх мэдлэг, чадвар, туршлагатай, улс төрийн албан тушаалтанд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан этгээдэд итгэл хүлээлгэн олонхиороо нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад санал болгодог. Улс төрийн албан тушаалтанд тавигдах шаардлага нь төрийн захиргааны албан тушаалтанд тавигддаг шаардлагаас өөр юм.
Тухайлбал улс төрийн албан тушаалтан болох Засгийн газрын гишүүн, сайдад төрийн албанд ажилласан байх шаардлага тавьдаггүй. Нэг ч хоног төрд ажиллаж байгаагүй хүмүүс сайдын албан тушаалд томилогдож байдгийг бид мэднэ. Тийм учраас улс төрийн албан тушаалтанд тавигддаг шаардлага нийтлэг бөгөөд ижил байх ёстой. Үндсэн хуулинд заагаагүй шалгуурыг ердийн хуулиар тогтоож Үндсэн хуулийн шударга ёс тэгш байдлын зарчмыг алдагдуулж болохгүй.
Үндсэн хуулийн Дал дугаар зүйлд аливаа хууль, төрийн байгууллагын шийдвэрүүд Үндсэн хуулинд бүрнээ нийцэж байх ёстой гэж заасан. Ийм учраас Ш.Ёл дарга Үндсэн хуульд бүрэн нийцсэн, хууль ёсны шийдвэр дээрээ бат зогсож, хамгаалах ёстой.
Миний ойлгосноор Б.Батхүү 2017 оноос Баяндун сумын АН-ын даргаар 8 жил, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 13 жил ажиллаж байгаа. Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно” гэж заасан.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл дээрх үндэслэлүүдийг удирдлага болгон Б.Батхүүг Баяндун сумын Засаг даргаар батламжилсан нь зөв шийдвэр болсон. Сумын ИТХ, аймгийн Засаг даргын бүрэн эрхэд Засгийн газрын ХЭГ-ын дарга халдах эрхгүй шүү" гэжээ.