14/10/2025
УЛСЫН ЧАНАРТАЙ УРАЛДААН ТЭМЦЭЭНИЙГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЧ ХОБОГДОЛ:
2015 оны Үндэсний бөхийн өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах барилдааныг Дорноговь аймаг Сайншанд хотод анх удаа зохион байгуулсан. Энэхүү томоохон хэмжээний тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Дорноговь аймгийн үндэсний бөхий холбоо, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний бөхийн холбоо ажилласан.
Улс орныг хамарсан том тэмцээний ач холбогдол:
1. Залгамж халаа өсвөрийн бөхчүүд, хүүхэд залуус, ард иргэдэд үндэсний спортыг сурталчилан таниулах. Хичээллэх, үзэх, дэмжих хүсэл сонирхолыг нэмэгдүүлэх
2. Бөхийн спортоор дамжуулан залуучуудад бие бялдарын өв тэгш хүмүүжил, бие бялдарын хөгжил, биеийн тамирын боловсрол олгох.
3. Монгол үндэсний бөхийн дэг жаяг, ёс жудаг, эрэмбэ дарааг хойч үед үлгэрлэн харуулах
4. Орон нутгийн ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх
5. Олон улс, улсын чанартай тэмцээн зохион байгуулах туршлага хуримтлуулах
6. Орон нутагруу мөнгөний урсгалыг татах эдийн засгийн ач холбогдолтой.
Энэ жилийн үндэсний бөхийн өсвөрийн үндэсний бөхийн Монгол улсын аваргыг зохион байгуулах зардалд 6107000 /Зургаан сая нэг зуун долоон мянган/ төгрөгийг Дорноговь аймгийн орон нутгийн төсвийн нөөц хөрөнгөөс гарган санхүүжүүлсэн байна. Мөн Монголын үндэсний бөхийн холбооны төлөөлөлөгчид, хэвлэл мэдээллийн ажилтан, дасгалжуулагч нарын хүлээн авалтанд Дорноговь аймгийн үндэсний бөхийн холбооноос хоёр сая гаруй төгрөгийг зарцуулжээ. Хэдийгээр тэмцээний зохион байгуулалтанд хөрөнгө зарцуулж байгаа боловч эргээд өгөх үр өгөөж ихтэй нь харагдаж байна. Тэмцээний туршид 3-4 өдрийн хугацаанд Дорноговь аймгийг зорьж ирж байгаа өсвөрийн бөхчүүд, багш, дасгалжуулагчид, үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Эдгээр хүмүүс нь Сайншанд хотод байх хугацаандаа орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийн орлогын эх үүсвэрийн тодорхой хэсгийг нэмэгдүүлж байна. Үүний тод жишээ нь тэмцээнд оролцсон багуудаас авсан зардлын судалгааны байр, хоолны талаарх мэдээллийг хүргэвэл: 19 аймаг, 9 дүүргийн тамирчин, дасгалжуулагч нийлсэн 100 гаруй хүнээс авсан тус судалгаагаар байрны зардалд – 3628000 төгрөгийг зарцуулсан байна. Харин хоолны зардалд – 6625000 төгрөг гэхээр зөвхөн байр, хоолны өртөгт нийт 10253000 төгрөгийн орлогыг нутгийн хувийн хэвшилд оруулжээ. Энэ судалгаанд дийлэнх багуудын хамрагдсан Хамрын хийд- Хар уулын аялал болон бусад зардал ороогүй болно. Эндээс дүгнэлт хийхэд нэр хүнд бүхий цар хүрээ өргөнтэй 1-2 тэмцээнийг жилд зохион байгуулсанаар тухайн нутаг оронд үлдэх үр өгөөж, ашиг тус өндөр гэдэг нь ажиглагдаж байна. Тиймээс энэ нь тухайн нутгийн удирдлага ард иргэдийнхээ үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжих, эргээд ард иргэд нь өөрсдийн нутгийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах зэрэг эргэх холбоотой арга хэмжээ болж байна.