24/07/2025
Д.Бум-Очир: Монгол бол угсаатан, зөвхөн үндэстэн биш гэж бичсэн нь хамгийн аюултай
Тикток контент бүтээгч Nemanja Calic Монголын үндэсний дээл хувцсыг Хятад мэтээр сурталчлахдаа “Монгол үндэстэн бол Хятадын 56 үндэстний нэг хэсэг” гэж тайлбарласанд олон нийт дургүйцэж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн бөгөөд өмнө нь Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Д.Бум-Очир “Монгол үндэстэн үү? Монгол угсаатан уу? Ямар ялгаатай вэ? Монгол хүн бүр ялгааг нь мэдэж байх ёстой. Энэ залуугийн хоёр дахь коммент дотор байгаа “Монгол бол угсаатан, зөвхөн үндэстэн биш” (Mongolian is ethnicity, not only nationality) гэдэг үг хамгийн аюултай үг байгаа юм. Үндэстэн, угсаатан гэдэг хоёр нэр томьёо маш том ялгаатай. Нэгэн үндэстэн дотор олон угсаатнууд багтаж байдаг. Үүний ялгааг Орос, Хятад, Монголын жишээгээр тайлбарлая.
1. Үндэстэн (nation) гэдэг бол бие даасан эрх бүхий, тусгаар тогтносон, төр улстай эсвэл тусгаар улстай байсан бөгөөд тэрнийхээ төлөө тэмцэж ирсэн түүхтэй, эсвэл тусгаар улстай байх хүсэл эрмэлзэлтэй байгаа бусад үндэстнээс ялгарах онцлог бүхий түүр соёлтой ард түмнийг хэлдэг.
2. Харин угсаатан (ethnicity, ethnic, ethnic group) гэдэг бол төрт улс, тусгаар тогтнолтой байсан түүхгүй, байхын төлөө тэмцээгүй, тэмцэх шаардлагагүй угсаа соёлын бүлгийг хэлдэг.
3. Тэгвэл Монгол Улсын хувьд бид Монгол хэмээх нэг үндэстэн мөнөөс мөн бөгөөд Монгол үндэстэн дотор Халх, Буриад, Дархад, Дөрвөд, Баяд гэх мэт 30-аад угсаатны бүлэг багтаж байгаа. Энэ бол угсаа гарал, хэл соёл, түүх нэгтэй Монгол угсаатнууд нэгдэж Монгол үндэстэн бий болж байгаа хэрэг юм. Харин Монгол угсаатан гэж хэлэх болбол бид төрт улс, тусгаар тогтнолын тухай ярихгүй байгаа хэрэг болно. Эсвэл аль нэг Монголын угсаатны бүлгийн тухай ярьж байна хэрэг болно. Энэ утгаараа Монгол угсаатан гэж хэлэх нь Монголыг үндэстэн биш гэх агуулга илэрхийлж байх боломжтой тул аль болох ингэж хэлэхгүй байх нь зүйтэй. Харин Монгол угсаатнууд гэж олон тоон дээр хэлбэл Монгол үндэстнийг бүрдүүлж байгаа олон угсаатны бүлгийг хэлж байх тул зөв болно.
4. Тэгвэл Хятадын хувьд хүн амын 91.1 хувийг нь Хань гэх Хятад үндэстэн бүрдүүлдэг. Бусад 9 орчим хувьд үнэндээ Хань биш Монгол, Төвөд, Уйгар, Казак, Манж (Солонгос хүртэл бий) зэрэг нийт 55 үндэстэн байдаг бөгөөд нөгөө Хань буюу Хятад үндэстнийг оруулаад нийт 56 болдог. 56 гэдэг тоог 1949 онд одоогийн БНХАУ-ыг байгуулаад тогтоосон. Өөрөөр хэлбэл Хятад бол олон үндэстний улс. Энэ 56 үндэстний дийлэнх нь гарал үүслийн хувьд ч, түүх соёлын хувьд ч, ДНХ-ийн хувьд ч угсаа гарал өөр өөр байдаг нь Хятадын асуудал болдог. Тиймээс энэ 56-гаагаа нэг үндэстэн болгох бодлого явуулдаг бөгөөд бүгдийг нь нийлүүлээд Дунддын үндэстэн (Zhonghua minzu) гэх ойлголтыг гаргаж ирэн тууштай түлхэж байгаа. Ингээд Дундад гэх үндэстэн дотор дахиад 56 үндэстэн байж болохгүй тул 56-гаагаа угсаатан гэх болж таарна. Тэгэхгүй бол үндэстэн дотор үндэстнүүд байж таарахгүй. Жишээ нь энэхүү нэгдсэн Хятадын бодлогын хувьд Монгол угсаатан, Төвөд угсаатан, Казак угсаатан гэж нэрлэж, ойлгож занших хэрэгтэй болж байгаа юм. Тиймээс бид Монгол угсаатан гэж хэлэх нь хэнд ашигтай байх нь тодорхой болж байгаа юм. Энэ бүхний үр дүнд бас өөр олон нэр томьёоны төөрөгдөл гардаг. Хятад хэлэнд үндэстэн, угсаатан хоёрыг ялгалгүй “минзү” гэдэг нэг л нэр томьёо хэрэглэдэг нь энэ бодлогоо хэрэгжүүлэхэд хялбар болдог. Мөн Монголоор Хятад, Англиар China гэдэг нэр томьёо Хань хятадыг ч хэлдэг, Дунддын үндэстнийг ч хэлдэг, Хятад улсыг ч хэлдэг нь мөн л төөрөгдөл үүсгэдэг.
5. Тэгвэл Оросын хувьд Хятадаас шал өөр бодлоготой. Тэд олон үндэстнүүдээ угсаатан болгох биш үндэстэн болгох бодлоготой. Тэднийгээ бүр Республика буюу Republic (Бүгд Найрамдах Улс) гэж нэрлэдэг. Тухайлбал, Бүгд Найрамдах Халимаг Улс, Бүгд Найрамдах Буриад Улс. Гэтэл энэ нь Монгол үндэстний хувьд бол бас л зохимжгүй ойлголт. Учир нь үүний үр дүнд Халимаг, Буриадууд өөрсдийгөө бие даасан үндэстэн гэж ойлгох болсон. Бүр тодруулвал, Монгол үндэстэн биш Халимаг үндэстэн, Монгол үндэстэн биш Буриад үндэстэн гэх болсон. Хэрвээ Халимаг, Буриад тусдаа үндэстэн болчихвол Монгол дахь Буриадууд бас Монгол үндэстэн биш Буриад үндэстэн болох уу? Энэ бол Монгол үндэстэн хагаран бутрах аюул бөгөөд ийнхүү Монголыг ийнхүү хагалан бутаргах хэнд ашигтай нь тодорхой. Тиймээс Буриад, Халимаг бол Монгол үндэстний хувьд угсаатан нь юм.
Монголчууд бид аливаад шударга ханддаг ард түмэн. Бид Казакуудаа хэзээ ч угсаатан болгох гэж оролдоогүй, үндэстэн гэдэг байр суурийг нь тууштай дэмжиж Үндсэн хуульдаа хүртэл тунхагласан. Бид Казакууддаа Та нар Казак биш Монгол гэж тулгаагүй. Энэ бол Монголын их амар амгалан (Pax Mongolica) юм. Хоёр хөрш маань хүртэл Монголоос суралцах зүйл уул нь их байгаа юм даа.