13/08/2026
#БолсонЯвдал
Манайх цөөхөн малтай, бас нагац ахынхтай ойр өвөлждөг юм. Би нагацынхаа адууг унаж, ойр зуурын ажилд нь тусалдаг байв. 2026 оны энэ өвөл нагац ахын өвөлжөөнд 7 настай хамаатны дүүтэйгээ хамт адууны ажилд туслахаар ирлээ. 2024–2025 онд 20 гаруй морьтой байсан бол энэ жил адуу нэлээд цөөрчээ. Орой бүр 20:30 цагийн үед дүүгээ дагуулан гарч, морьдодоо өвс тавьж өгдөг байв.
Нэг үдэш гэрийн зүүн талаар хунгарлаж хатуурсан, нэг метр гаруй өндөр цасыг малтан мацаж гарсаар саравч руу алхаж явлаа. Тэгтэл баруун хойно, 200 орчим метрийн зайд зулын гэрэл шиг улаан гал тэмээний хэмжээтэй дүрэлзэн харагдав. Нутаг усны сонин түүх зөндөө сонсож байсан болохоор дотор шууд л эвгүйрхээд явчихав. Дүүдээ "Тэр галыг хар даа" гэхэд "Аан, тийм байна" гэв. Би ч дүүгийнхээ гараас хөтлөөд гэртээ ухаан мааран гүйж орлоо. Айж сандарснаасаа болоод хэл сааталтан, юу ч хэлж чадахгүй байв. Нагац ах тэр үед халамцуу байсан бөгөөд "Сайн ламаар аргалуулсан, зүгээр" гэж хэлсэн ч эхнэр нь бидэнтэй хамт гарч харан, бидний айдсыг жаахан ч гэсэн намжаалаа. Дүүгээс сүүлд асуухад тэр жижигхэн гал л харсан гэж билээ.
Маргааш нь 3 километрийн зайтай худаг руу морьдоо усалчихаад буцах замдаа үеэлийнхээрээ орлоо. Тэднийх бас морь уядаг ч өөр малгүй. Үеэлдээ тусалж, ганц хоёр тамхи татан, гэрт нь 20:00 цаг хүртэл PUBG тоглож суув. Тэгээд тэднийхээс гарч жалгаар дээшээ өгсөж явтал морьдоо худгийн наана үлдээчихсэнээ гэнэт саналаа. Буцахаас өөр сонголтгүй болж, хоолой зангиран, нүдэнд халуун нулимс цийлэгнээд шууд л гэр рүүгээ зүтгэлээ.
Тэгтэл араас хэн нэгэн дуудах шиг болов. Айдсандаа болоод хурдтай гэгч нь саравчиндаа гүйж орон уул руу харахад, доорх бөөрөнхий товцог дээр нэг хүн зогсож байлаа. Сайн харвал гараараа нар буруу даллаж байх нь тэр. Би ч өмдөндөө шээх дөхөж, сандарсаар гэр рүүгээ гүйж ороод ахад морьдоо тал дээр мартсанаа хэлэв. Ах намайг "250сс кросс мотоциклийг нь унаад үеэлийнх рүүгээ яв. Морьдоо тэдний саравчинд хашаад өвс тавьж өгөөд, тэндээ хамт хоноод ир" гэв. Үеэлийнхэн хот явчихсан тул тэднийх эзэнгүй байсан юм.
Би уулын хойгуур уруудан хурдалж явахад мотоцикл гулгаж ойчихын даваан дээр тулав. "Энэ зүдүү газарт унаад ухаан алдвал осгож үхнэ дээ" гэж бодон хөлөөрөө газарт эвгүй тулахад ард нэг юм үсрээд суух шиг болов. Зүрх дэлбэрэх гэж байгаа юм шиг түгшиж, толгой эргэн, нүд харанхуйлж байсан ч арай гэж онхолдолгүй явсаар үеэлийнхээ гадаа ирлээ. Үстэй дээлтэй байсан ч осгож үхэх дөхтөл айн дагжиж байв.
Үеэлийн гэрийн хоёр нохой надтай их дотно, харахаараа тоглодог атлаа тэр үдэш над руу барьж идэх нь үү гэлтэй аймаар дайран хуцав. Би "Андаа, гараад ир!" гэж хашхирахад үеэл гэрээс үсрэн гарч ирээд нохойнуудаа хөөв. Үеэл над руу нэг л сонин царайлан харж, дуугарч ядан "Яасан бэ?" гэв. Би сандарсандаа "Морьдоо танай хашаанд хашаад өвснөөс чинь өгчихье, ах дараа нь өвс өгнө гэсэн" гэхэд үеэл толгой дохив. Тэгээд миний ард сундлан явж морьдыг хашаандаа оруулан, бүх зүйлийг жин тан болгов. Юм асуух гэхээр үеэл ээрч мууран, ямар нэгэн зүйл нуугаад хэлж чадахгүй байх шиг санагдлаа. Бид хоёр ч айдсаасаа болоод унтаж чадалгүй, тоглоом тоглож байгаад үүрийн 04:00 цагийн үед жаахан амсхийж ярилцаж байгаад унтчихлаа.
Нар 09:00 цагт манддаг ч 07:00 цагийн үед гэгээ орохтой залгаад морьдоо туун, доорх зураастай жалгаар өгсөж явлаа. Тэгтэл хээр туранхай морь унасан, гандсан цэнхэр дээлтэй, огт танихгүй хүн "Үнэгтийн дэрстэй дэнж хаана вэ?" гэж зам асуун хажуугаар өнгөрөв. Яг л зомби шиг хүн байлаа. Найз бид хоёр гайхаж амжаагүй байтал хоёр азарга зодолдон орилолдож, хажуу тийшээ харах ч сөхөө өгсөнгүй. Дахиад урагш хурдалж байгаад хажуу тийшээ хартал нөгөө хүн чинь биднийг дагаад яваа харагдлаа! Хурдаараа морьдоо элдэн уруудаж байхдаа сайн харвал, өчигдөр орой уулнаас нар буруу даллаж байсан хүн яг мөн байв.
Айж сандарсан би найзаасаа "Өчигдөр орой чи яагаад тийм сонин царайлаад байсан юм бэ?" гэж асуулаа. Найз маань:
— Өчигдөр орой чамайг мотоциклтой ирэхэд чиний ард сэмэрсэн, гандсан цэнхэр дээлтэй, нүүр царайгүй юм сундлаад ирсэн. Би сайн харахын завдалгүй тэр зүйл үнс болоод алга болчихсон юм. Тэрийг хараад би шоконд орчихсон байсан юм оо... гэв.
Би ч тэр өдөртөө л унаанд сууж хот руу буцлаа.
Сүүлд нь ламд үзүүлэхэд: Эрт урьд цагт нэгэн ядуу хүү ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байжээ. Нутгийнхан нь тэднийг хөөж туун, зодож дээрэлхэж байснаас болоод амьдралын хатууг тэсвэрлэлгүй хүү өөрийгөө шатаан амиа хорлосон аж. Гэтэл ээжийг нь танхай архичид хүчиндэн амь насыг нь хохироожээ. Хүү эхийгээ хамгаалж чадаагүй дээ гомдон, сүнс нь тэр газартаа хоргодон үлдсэн байж. Харин тэр өглөө бид хоёртой таарахад сүнсний орон руугаа буцаж явсан байж таарсан юм.