
28/02/2025
ИРГЭНИЙ ПОСТ: Сүүлд нэг 2-3 насны охин ахыгаа "Алийшүү" гээд, ах нь бас 5-6 насны хүү "Алаач" гэж байгаа рийл үзээд, "Хүүшээ хүүхдэдээ зааж өгөөчээ, ийм юмыг өөхшүүлж, өхөөрдөх биш дор бүр нь болохгүй гээд заах ёстой" гэтэл хүмүүс өөдөөс "ЧАМААР ЗААЛГАХГҮЙ" гээд халгаасангүй. Ер нь одоо нэг ийм хүсснээрээ амьдарч, дураараа авирлаж, юу хүсснээ хийж, тэрийгээ бүр олон нийтийн сүлжээнд сурталчлаад, ЧАМААР ЗААЛГАХГҮЙ гээд хээв нэг сууж байдаг бүтэн хүн ам үүсчээ. Цаашлаад энэ буруу авираа "Чадаж байгаа юманд арга байхгүй" гэж пээдэлздэг болж.
✅ Цагаан сараар ЭМЯ: Хоолоо тохируулж идээрэй, буузны хойноос архи уувал нойр булчирхай цочирдог шүү
😡Хүмүүс: Баяраар юу ууж идэхээ ЧАМААР ЗААЛГАХГҮЙ!
✅Цагдаа: Алсын замд золгуут хийх хүмүүс болгоомжтой яваарай
😡Хүмүүс: Яаж баярлахаа ЧАМААР ЗААЛГАХГҮЙ!
✅ХӨСҮТ: Халдвар өвчин их тул битгий хүүхэд үнсээрэй, вакцин хийлгээрэй, маск зүгээрэй.
😡Хүмүүс: Яаж баярлахаа ЧАМААР ЗААЛГАХГҮЙ!
✅Зуднаар Хөдөө аж ахуйн нэг багш: Ингэж ингэж малынхаа бичил шим тэжээлийг хангаад өгвөл олон малаа аврах боломжтой.
😡Малчид: Хотын чамаар малаа яаж маллахаа ЗААЛГАХГҮЙ!
✅Xanadu Razorback-н Канад фермер: Ингэж ингэж малаа цөөлөөд, үр ашигтай болговол малчид илүү их ашиг хийж болох байна.
😡Малчид: Гадаад чамаар мал маллахаа ЗААЛГАХГҮЙ!
✅Сэтгэл зүйч, хүүхэд хөгжлийн мэргэжилтнүүд: Хүүхдээ ингэж өсгөөрэй, хүүхэдтэйгээ ингэж харьцаарай, хүүхдээ ингэж асраарай.
😡Хүмүүс: ХҮҮХДЭЭ ЯАЖ ӨСГӨХӨӨ ЧАМААР ЗААЛГАХГҮЙ!
✅Багш: Танай хүүхэд ийм ийм зан гаргаад байна, та нар ингэж анхаарах хэрэгтэй байна.
😡Эцэг эхчүүд: Хүүхдээ яахаа ЧАМААР ЗААЛГАХГҮЙ!
✅Эмч: Хүүхдэдээ сахартай юм бага идүүл, ундаа битгий уулга
😡Эцэг эхчүүд: Хүүхдээ яаж хооллохоо ЧАМААР ЗААЛГАХГҮЙ!
Миний бодлоор ЭМЯ, НЭМГ, Цагдаа, ОБЕГ, Боловсролын яам бүр хангалттай гэхэд дэндүү их мэдээлэл, анхааруулга, зөвлөмж өгдөг. Өгөөд өгөөд нөгөө ард иргэд нь тоохгүй, ЧАМААР ЗААЛГАХГҮЙ гэсээр өвдөж үхэхийн даваан дээр эмнэлэгт ирж шууд үзсэнгүй гэж уурлана, осол гэмтэл гаргаад цагдаа муу новш гэж хараана, хүүхдээ хүмүүжүүлэхгүй байж багш нар муу, айлын хүүхдүүд ингэсэн гэж гомдол, шүүх цагдаа болно. Энэ ЧАМААР ЗААЛГАХГҮЙ хүмүүс өөрсдөө амьдралаа хариуцахгүй, нэгэнт нэг нийгмээс хадраад явахгүйгээс хойш жаахан ч гэсэн иргэн хүний хувьд хариуцлага, үүргээ ухамсарлаж болохгүй юу? Энэ ЗААЛГАХГҮЙ зэрлэг, догшин, дураараа, язгуурны цэвэр цусны хаан хатдаа яах вэ?
Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийнхээ элдэв бичлэгийг тавьж хандалт авдаг, цаашлаад бүр хүүхдийнхээ амьдралаар сурталчилгаа хийж орлого олдог ээж аавууд ихэссээн. Энэ хувь хүний сонголт тул хүндэтгэнэ, харин тэр бичлэгүүдийг үзэж байхад хүүхэдтэйгээ маш буруу харьцаж байгаа, хүүхэд нь маш муухай хүмүүжилтэй байхад тэрийгээ өмөөрөх, өхөөрдөх нь их юм. Цаашлаад бүр бүх асуудлыг "2, 3 насны синдром, юм хэлээд нэмэргүй" гэж өмөөрдөг болж. Өнөөдөр цэцэрлэг, бага ангийн багш олдохгүй байгаа нэг шалтгаан энэ бага насны хүүхдээ огт хүмүүжүүлдэггүй ээж, аав, эмээ, өвөө нарын буруу шүү дээ. Хүүхдийнхээ дэргэд хэрүүл зодоон хийнэ, хараал хэлнэ, хүүхдээ зодно. Тэр хүүхэд нь цэцэрлэг дээр очоод яг тэр зан авираа гаргана. Ихэнхдээ хүүхдүүд гэрийн хүмүүжлээ дагадаг. Сайн хүмүүжүүлсэн хүүхэд сармагчин шиг айлын хүүхэд бүрийг дуурайгаад л, тэр зан үйлийг нь сураад байдаггүй. Одоо хүүхэд нь болохгүй юм хийхээр л "Аа цэцэрлэг дээр сурсан, сургууль дээр сурсан" гээд хараад сууж байдаг болж. Тэгвэл эцэг эх, эмээ өвөө байхын хэрэг яг юу байна? Буруу зөвийг хэлж, ялгаж, салгахад нь туслах ёстой хүмүүс чинь бид.
Хүүхэд мэдээж бага насандаа янз бүрийн зан үйл гаргадаг, ихэнх нь гэхдээ гэр бүлээ дуурайсан л зан үйл байдаг. Тэрийг нь больж, хэлж засахын сацуу өөрсдөө тэр зан үйлээ хийхээ болих хэрэгтэй байдаг. Эцэг эхчүүд хүүхэд 5, 6 хүрээд "ухаан ороод" аяндаа засарна гэж эндүүрч явсаар өсвөр насанд хүүхэд нь архи, тамхи, зодоон, одоо бүр хар тамхи, бэтэнд орооцолдож, хэрэг төвөг болсны дараа л хүүхдийнхээ жинхэнэ авирыг таньдаг. Даанч ийм олон хэрэгтэй олон таарсан. ХҮҮХДЭДЭЭ ЗААХ ХАМГИЙН ЧУХАЛ ЧАДВАР БОЛ "UNLEARN" хийх буюу сурсан зүйлээ буруу бол больдог болох, хүн бүрийг дуурайж саваагүйтдэг биш юу юуг хийх хийхгүйгээ ялгаж чаддаг болох чадвар. Энэ чадварыг эцэг эх, эмээ өвөө нь бага наснаас "болно, болохгүй" гэж зогсолтгүй хэлж, ярьж, ойлгуулж байж л хөгжүүлдэг болохоос сургууль, цэцэрлэг бүгдийг нь заана гэж байхгүй. Ийм чадваргүй бол энэ задгай нийгэмд танай хүүхдийг маш олон эрсдэл хүлээж байгаа. Эцэст нь нөгөө ЧАМААР ЗААЛГАХГҮЙ гэж цамнаж явсан хүмүүс өөрсдөө л үгээ хэлнэ шдээ.
Шүдний эмч дээр очоод хүүхдийнхээ шүдийг үзүүлтэл "муу угааж байна, сайн угаа, хорхойтоод байна гэвэл" гэвэл "За эмч ээ" гэдэг шиг хүүхдийн хүмүүжил, төлөвшил дээр ч бас хэдүүлээ бусдаас үг сонсож, бусдын зөвлөгөөг авч сурах хэрэгтэй байна. Дур дураараа өсгөсөн хүүхдүүд нэг анги болоод биенээ дээрэлхэх, ёс бус авирлах, сүүлдээ багш нар нь ажиллаж чадахаа болиод байна. Би гэхэд л хүүхдийн асуудал дээр Сэтгэл зүйч, Хэл яриа засалч, Зан үйл судлаач, Мэргэжлийн математикийн багш нараас байнга зөвлөгөө авч, өдөр тутамдаа бусдаас юм асуудаг. Саяхан өөрийнхөө л мэддэг хамаг сайн Хими, Биологийн багш руу залгаж зөвлөгөө авлаа. Хүн нэг юмаа хичнээн сайн мэддэг байлаа гээд бусад юмыг мэддэг гэсэн үг биш л дээ. Нэг л их чамаар заалгахгүй гэсэн улстай болж. Ядаж байхад тэд нар нь явж явж байгаад дандаа мэргэжлийн бус, сайн дурын уран сайханчдын уран үгэнд хууртагдаж, хэдхэн өдөр суугаад сертификат авсан нөхдөөр амьдралаа заалгачихна аа, аягүй хэцүү.
Үргэлж сэтгэл гундуу, гэр бүлийнхэнтэйгээ асуудалтай байсан 12-р ангийн сурагч маань сургуулиа төгсөхдөө дурсамжийн тэмдэглэл дээр "Алим модноосоо хол унадаггүй" гэж бичээд төгсөж билээ. Манайхан "Манай удамд чам шиг хүн байхгүй, хаанаасаа ийм хүүхэд гарч ирдэг байна аа" гээд л өөрсдийнхөө бүтээл, өөрсдийнхөө хүмүүжүүлсэн хүүхдийг гайхаад байдаг. Үнэндээ хүүхэд бол бидний л бүтээл. Бас буруу хүмүүжилтэй хүүхдүүд ихсэхийн хэрээр хүүхдээ зөв, хүмүүжилтэй өсгөх гэж хичээж байгаа хэсэг нь үнэхээр туйлдаж байна. Нэг нийгэм л болсон хойно хүүхдээ буруу хүмүүжүүлж, түүнийг сурталчилж байгаа асуудлын хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй байна. Ялангуяа энэ саваагүй аав ээжүүд хүүхдийнхээ ямар ч хамаагүй бичлэгийг хийхээр бусад саваагүй нь дуурайж хийх юм. Дээр үед "хүүе манай хүүхэд ийм зан гаргалаа гэж үү, шараа юм бэ?" гэдэг байсан бол одоо бүр тэрийгээ өхөөрдөж, хөөргөж, онгироодог болсон байна. Багш нар туйлдах нь аргагүй шүү дээ. Та нарт одоо хөөрхөн харагдаж байгаа 2, 3, 4 настнууд 10, 11-тэй сурагч болоод бусад хүмүүс, багш, ангийнхандаа хөөрхөн санагддаггүй л байхгүй юу... Сэтгэлийг чинь бодоод бусад хүмүүс хэлэхгүй байх, ингэсээр яваад хүүхэд л хохирдог. Бөөрөнхий хэлтэй хүүхдийг хөөрхөн гээд байдаг бодит байдал дээр хүүхдийн сонсгол хангалттай хөгжөөгүй учраас зарим авиаг ялгаж сонсдоггүй, ялгаж сонсоогүй авиагаа хэлж чаддаггүй. Хэл ярианы хөгжил хоцрогдсон хүүхдүүд сургуульд ороод багшийн хэлж байгааг ялгаж сонсохгүй, ойлгохгүй явсаар сурлагын хоцрогдол үүсдэг нь судалгаагаар батлагдсан тул хөгжилтэй орнууд хүүхдийн хэл ярианы хоцрогдолд маш их анхаарч байна. Гэтэл манайхан өөдөөс нь хэлээ хазааж яриад л хүүхдээ хохироогоод байх юм. Хүүхдийн хэл ярианы хөгжлийг эрт илрүүлэхгүй, засаж оношлохгүй байна гэдэг яг л хорхойтой шүдтэй нь явуулаад байгаатай ижил хортой. Хэл ярианы хоцрогдол, бэрхшээлтэй хүүхдүүд том болоод энгийн хөгжилтэй хүүхэдтэй харьцуулахад цалин орлого бага, карьерийн амжилт бага, цаашлаад бүр гэмт хэрэгт холбогдох магадлал илүү өндөр байдаг гээд судалгаа ч байна (Дэлгэрэнгүй: https://www.youtube.com/watch?v=6PG8V1W1MB0&t=6s)
За тэгээд энийг уншаад ЧАМААР ЗААЛГАХГҮЙ л гэж бодогдож байгаа л байх даа?🤪🤪🤪