14/08/2026
"Зууны мэдээ"
-Та нэг хэсэг Монголдоо суурин амьдраад байсан. Сүүлийн жилүүдэд АНУ руу яваад зун голдуу ирсэн байгаа харагддаг?
-Тийм ээ. Машбат бид хоёр, хүүхдүүдээ арав гаруй настайд америкт сургахаар явсан. Дээд сургуулийг нь төгсгөөд нутагтаа эргэж суурьшсан.Тэгээд олоон жилийн өмнө Машбат маань өнгөрч хүүхдүүд “өвлийн утаанд энд бай, аав шиг болох гээ юу” гээд байх болсон.
-Мөрөн хотод “Хоймор жуулчин”, “Мөрөн бетон” компанийн урилгаар ирсэн. Кино урлаг болон гоо зүйн талаар ярилцаж “Хоймор” цамхгийн 14 давхраас Мөрөн хотыг тольдон халуун дулаан нэгэн үдшийг өнгөрүүллээ. Энэ үеэр кино урлагийн дээд сургуульд элсэх хүсэлтэй хүүхдүүдээ ээж аав нь дагуулаад ирж байсан. Энэ сургууль Монгол киноны гал голомт дээр байгуулагдсан болохоор арай давуу байдаг л даа. Ялангуяа найруулагч, оператор, зураач , компьютер графикийн ангийг төгсөгчид оюутан байхдаа ажлын байраар хангагдчихдаг. Цаашдаа олон газар ийм яриа уулзалт зохион байгуулбал үр өгөөжтэй санагдсан. Энэ сайхан санаачилгыг гаргасан Б.Пилжидмаа захиралд баярлалаа.
-Урлагийн салбарын хүмүүс барилга барьсан гэхээр их зоригтой байж дээ?
- Өө энэ бол миний залуугийн тэнэгийнх. Манай Машбат ч их өргөн сэтгэлгээтэй, бүх юмаа урьдаас бодож төлөвлөж чаддаг хүн байсан. 2000 онд барилга барина гэхэд би ээждээ ” Машка бид хоёр барилга барина, зөвшөөрлүүдээ хөөцөлдөж байна” гэлээ. Тэгсэн ээж “ Халаасандаа ганц ч мөнгөгүй / гапигүй/ та хоёр юугаараа барих гэсэн юм бэ” гээд л. Тэр үед бид хоёр Польшоос контейнер ачиж хэд, хэдэн дэлгүүр нээгээд худалдаалдаг байсан юм. Машка эргэлтийн хөрөнгөнөөс ашгаа байшиндаа оруулна л гэдэг байсан.
-Таны хань зах зээлийг зах зухаас мэдэрчихсэн, авхаалжтай хүн байжээ. Та хоёр хэрхэн танилцаж байсан бэ?
-Машбат Москвагийн Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийг найруулагчаар төгссөн, дунд сургуулиа ч Москвад дүүргэсэн, боловсролтой, өргөн мэдлэгтэй,оросоор ус цас ярьдаг хүн байсан. Шавилхан бор залуутай ярих тусам мэдлэг, хариуцлага, ёс зүйтэй байдалд нь таалагдсан даа. Тэр минь, миний төлөө л амьдарсан. Анхандаа би их зугтдаг байсан. Юм асуухаар нь сөрж хариулна. Өөдөөс ирж байвал өөр тийшээ эргэнэ. Тэгэхээр мань хүн Монгол, Зөвлөлтийн хамтарсан циркийн ойн хөтөлбөрт Монгол талын хөтлөгчөөр ажиллуулахаар Соёлын яамнаас шийдвэр гаргуулаад цалинтай минь циркт жилийн хугацаатай шилжүүлээд авчихсан байсан.
-Та хоёрын амьдрал бие, биеэ чин сэтгэлээсээ дэмжиж, хайрлаж, үнэнч явсны сайхан жишээ юм.
- Үнэхээр их халамжтай хүн байсан. Хоол унд таваглахдаа хүртэл ширээгээ их гоё засна. Юмыг ундуй, сундуу хийхгүй. Ер нь ор зассан ч тухтай цэвэрхэн засна. Нас барсных нь дараа орой ажлаасаа ирэхэд ор өглөө сугараад явсан хэвээрээ байхад нь “тэр минь ор хүртэл хураадаг байсан шүү дээ... ” гэж сэрсхийн бодогдож билээ. Одоо хүүхдүүд нь яг аав шигээ халамжтай. Бас ээждээ санаа зовомтгой юмаа. Тэд “Бидэнд одоо ганцхан та л байна шүү дээ” гэхээр нь өрөвдөөд үгэнд нь ороод, утаагүй газар өвөлжих юм даа.
-Та “Эх бүрдийн домог” кинонд 18 настайдаа тоглосон. Хүүхэд байхаас л бидний үеийнхэн үзэж өссөн кино. Киноны төгсгөлд Нарангаравуу хаднаас үсрэхдээ хэлдэг үгийг санадаг уу. Яг юу гэж хэлдэг билээ?
-Ардын уран зохиолч С.Эрдэнэ, С.Дашдооров нарын зохиолоор хийсэн энэ кинонд Монголын сор болсон хүмүүс ажилласан юм шүү дээ. Дөнгөж арав төгссөн надад УГЗ Жамъянгийн Бунтар гэж агуу хүн, Хөдөлмөрийн баатар Гомбожавын Жигжидсүрэн гэж сайхан найруулагч, Төрийн шагналт, УГЗ Бэгзийн Балжинням гэж авьяас билэг төгөлдөр зураглаач ажилласан юм. Ардын жүжигчин Д.Чимэд-Осор, “Өндөр ээж”- ийн Цэмбэлмаа, Дарьбазарт тоглодог Занабазар гуай, Сэдэд гуай, Миний дошгин хар МУГЖ Нямсүрэн, за тэгээд Төрийн шагналт СГЗ Ш.Гүрбазар, МУГЖ Цэрэннадмид гээд олон залуус тоглосон. Нарангарвуугийн хадан дээрээс хэлдэг үгийг санах нь уу, гүй юу... “Аав ээж минь... амраг садан минь, Нарангарвуу чинь насныхаа амьдралыг наран гарахын чинээтэй санаж явлаа. Та нар минь нараа харж намайгаа дурсаж яваарай. Нарангарвуу охин чинь тэнгэртээ нисэж, газартаа унах шувуухай болъё уу. Амиа нутагтаа үлдээе, алгаа тосож авна уу... “ гэдэг. Киноны төгсгөл их урт үгтэй. Бүгдийн нь санахгүй байна. Тавин хоёр жил өнгөрчээ. Сайн найруулагчид жүжигчнийг төрүүлдэг гэдэг. Ийм хүмүүс намайг өдий зэрэгт хүргэсэн юм шүү дээ. Энэ киноны дараахан Хөдөлмөрийн баатар Г.Жигжидсүрэн найруулагч "Суварган цэнхэр уулс" кинонд сурвалжлагч Солонгын дүрийг надад өгсөн. Энэ бол маш том итгэл байсан. Дараахан нь УГЗ Ж.Бунтар найруулагч “Гэрлэж амжаагүй явна” киноны Сүрэнгийн дүрийг сорил хийлгүй шууд өгсөн. Бас л маш том хүндлэл, итгэл. Ингэж л киноноос кино хүртэл сурч боловсорч ухаан тэлж явлаа. Дараа жил нь Герман Монголын хамтарсан “Газарчин” кинонд тоглож билээ. 2000 оноос буюу зах зээлийн хүнд үед хань маань надад “Монголжин” студийг байгуулж, өөрөө арваад кино хийсний нэг нь “Жинжиймаа” байлаа.
-О.Машбат найруулагч гол дүрдээ таныг тоглуулж байсан нь таны амжилтад бас их түлхэц болсон байх даа?
-Тийм ээ. Урлагийн салбар маш их өрсөлдөөнтэй салбар. Жүжигчин хүн уран бүтээлээрээ түмэнд танигддаг болохоор дүрийн төлөө ялангуяа үеийн хүүхнүүдийн дунд ширүүхэн юм болно . Би жирэмсний амралттай байх үед Машка маань “Чи өөрийнхөө орчинд сэтгэл амар уран бүтээлээ хий.Хүний амьдрал богино шүү дээ. Үг хэлээр оролдоод байдаг хүний дэргэд ажиллахад хэцүү. Би чамд студи байгуулаад өгье “ гээд. Тэгээд би кино үйлдвэртээ эргэж оролгүй “Монголжин” студидээ захирлаар ирсэн.
-2000 оны зун та гурван киноны гол дүрд тоглосон гэж байсан. Хэцүү байсан уу. Жүжигчин хүний хувьд бахархалтай боловч хэцүү зун байсан байх даа?
-Тиймээ. Манай нөхөр “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” киноны ижийгийн дүрийг надад өгөөд зураг авалтад ороод явж байх зуурт Жийгээ найруулагч “Цагаан сүүний домог” киноны гол дүр болох Монголжин хатны дүрийг өгсөн. Тэгж байтал “Монгол кино” үйлдвэр хальсны хоёр ангит “Хааны сүүлчийн хатан” киног хийхээр болж УГЗ Ж.Солонго найруулагч сорилд дуудаж Гэнэнпил хатны дүрд тоглох болсон. Хүүхдүүдээ эмээ, өвөөд нь хүргэж өгөөд, бид хоёр уран бүтээлээ хөөгөөд намар хүртэл явж байлаа. Ачаалал ихтэй байсан ч аз жаргалтай мөч минь байсан юм аа.
- Хожим 18-тай Гэнэнпил хатны шалгаруулалтад орж байсан гэдэг. хатан Танд насны зөрүү хэцүү санагдсан уу?
-Нүүр хувиргагч Одончимэг, Дэжид хоёр сайн ажилласан л даа. Би өөртөө санаа зовж л байсан.
-Өнөөдөр таныг 70 хүрч байна гэхэд итгэмгүй харагдаж байна. Гоо сайхан, залуу төрхөө хадгална гэдэг арчилгаа, хооллолт, нойр, хөрөнгө мөнгө, хөдөлмөр их шаарддаг байх даа энэ талаар юу хэлэх вэ?
-Баярлалаа. Шинжлэх ухааны нээлт хүн төрөлхтний л төлөө шүү дээ. Бидний амьдрал ахуй улам л амар болж байна. Бид энэ бүхнийг ашиглаж өөртөө арчаатай байх нь зүй. Гоо сайхан гэдэг бол хөдөлмөр, хүч, хөрөнгө. Үс шингэрвэл үс суулгах, шүд суулгах зэрэг нь энгийн л зүйл. Бидний залууд новокайн тариулаад уйлж байгаад л шүдээ авхуулдаг байсан. Одоо шүд авах нь байтугай ямар ч өвдөлтгүй суулгадаг болж. Миний гайгүй харагдаж байгаа нь энэ бүхэнтэй холбоотой. Хүүхдүүд маань ч их анхаарах юм. Залуу байхад мөнгөгүй ч бүх юм өнгөлөг. Бас гуниггүй сайхан явдаг. Одоо мөнгө нь байвч өнөөх идэр залуугийн эрч хүч, гоо сайхан үгүй болж. Юм тэгширдэггүй л дээ. Гэхдээ цаг, цагтаа амьдрал сайхан.
-Хүүхдүүд тань, таныг ганцаараа байж болохгүй гэдэг нь бас нэг талаар зөв шүү ?
-Тийм ээ. Хүн ганцаараа байхдаа дандаа өнгөрснөө бясалгадаг тул сэтгэхгүйгээрээ амархан өтөлдөг гээд намайг ханьтай болохгүй юмаа гэхэд найзтай бол гэж хүүхдүүд зөвлөдөг. Нөхөр маань ч хоёр хүүдээ “Ээжийгээ ханьтай болбол түшиж тулж байгаарай” гэж захисан юм билээ. Одоо хүнтэй суугаад дэмий гэж бодож байна. Надад тулж, түших сайн хүн, сайн найзууд байна. Сэтгэл тайван энгийн, ингээд явж байхад жаргалтай. Удахгүй Монголдоо бүр мөсөн ирнэ. Хөгшин хүн үхэхээрээ айлгана гэдэг шиг “би нутагтаа очно” л гээд байгаа.
-Таныг урлагийн сургууль төгсөөгүй гээд л ганц нэг эмэгтэй гоочилдог. Үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Мэргэжлийн сургууль төгссөнөөрөө миний өмнө гишгээд явахыг хэн ч хориглоогүй шүү дээ. Манай Ардын жүжигчин Дагийранз, Ардын жүжигчин Дамчаа гээд алдартнууд бас л урлагийн боловсролыг, урлагийн тогооноос олж авсан. Нэг кино, нэг дээд сургуулийн курс гэж би боддог. Кинонд тоглохдоо тэр олон ахмад, алдартнуудаас их юм сурдаг. Тэд, хүний магтах, муулах хоёрт хэний ч амьдрал өөрчлөгдөхгүй шүү гэж захидаг байсан. Чиний үйлдэл л амьдралыг чинь өөрчилнө. Чи хэн байх гэж хичээнэ тэр л болж чадна.
Хүн хэдий чинээ амжилттай явна төдий чинээ атаа жөтөө дагадаг. Энэ бол биднээс өмнө байсаар ирсэн хууль.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026.8. 13. № 150 (7892)