18/06/2025
Д.Амарбаясгалан: Багш нарын нийгмийн баталгааг сайжруулж, орон сууц, эрүүл мэнд зэрэгт чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газарт ажиллах сайдууд тангаргаа өргөлөө. Ерөнхий сайд танхимдаа өмнөх сайд нарын заримыг үлдээсэн тул уламжлал-шинэчлэлийн Засгийн газар бүрдүүлсэн хэмээн мэдэгдсэн. Сайд нар тангараг өргөсний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сайд нэг бүрт хандаж үг дайв. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хандаж үг хэлэхдээ, Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын талуудын бага хурал буюу COP-17 хурлыг зохион байгуулах ач холбогдол, түүнээс Монгол Улсын байгаль хамгаалалд гадаад улсуудаас оруулах хөрөнгө оруулалтыг өндөр хэмжээнд хүргэн ажиллахад онцгой анхаарал хандуулж ажиллах ёстойг сануулав. Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг яриад л байдаг өнөөдрийг хүртэл оновчтой боловсруулсан, цаг үедээ нийцсэн хуулийн төсөл өргөн мэдүүлээгүй байгааг анхаарч ажиллахыг хүссэн юм. Харин Боловсролын сайдад хандаж хэлсэн үгнийхээ эхэнд, боловсролын салбарын гол хөдөлгөгч хүчин бол багш гэдгийг тодотгоод багш мэргэжлээр төгсөгчдийн зөвхөн 33% багшилж, тэдний 60 орчим хувь эхний 5-8 жилдээ ажлаа орхиж байгааг санууллаа. Энэ нь залуу багш нарын цалин бага, нийгмийн баталгаа хангалтгүй, орон сууц, эрүүл мэнд, гэр бүлийн дэмжлэг хомс байгаатай холбоотой гэв. Иймээс багшийн нийгмийн баталгааг сайжруулж, орон сууц, эрүүл мэнд зэрэгт чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ. Харин хоёрдугаарт, сургалтын хөтөлбөр нь 2012–2014 онд боловсруулсан тул өнөөдрийн технологи, цаг үетэй нийцэхгүй байгааг онцолсон. Нөхцөл байдлаас хамаарч ирэх хичээлийн жилээс шинэчилсэн, ирээдүйн ур чадварт чиглэсэн хөтөлбөрүүдийг боловсруулах ёстойг чухалчлав. За харин гуравдугаарт, хот хөдөөгийн, эдийн засгийн ялгаанаас үүдэлтэй боловсролын тэгш бус байдал улам гаарч, алслагдсан орон нутгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс 7 жилийн хоцрогдолтой байгааг хэллээ. Иймд боловсролын хүртээмжийг тэгшитгэх, цахим сургалтын дэд бүтцийг сайжруулах, үдийн цай хөтөлбөрийг бүх дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулах, багшийн хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн юм. Эдгээр гурван чиглэлээр шуурхай ажиллах нь Монголын боловсролын чанарыг сайжруулж, ирээдүйн тогтвортой хөгжлийн үндэс болно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлон хэллээ.