18/10/2025
Дараагийн Ерөнхий сайдын “гурван даваа”
Ерөнхий сайд огцорсонтой холбоотойгоор дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх нөхцөл бүрдлээ. Гэвч энэ удаагийн нөхцөл байдал энгийн нэг томилгоо биш. МАН-ын дотоод хуваагдал, парламентын гацалт, төсвийн хуулийн хэлэлцүүлэгтэй давхцаж буй онцгой нөхцөл юм.
Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Ерөнхий сайд огцорсны дараа Ерөнхийлөгч УИХ-д шинэ Ерөнхий сайдын нэрийг оруулж, УИХ 7 хоногийн дотор хэлэлцэж, томилох ёстой.” Хэрэв УИХ шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилж чадахгүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах эрхтэй. Энэ бол Монголын төрийн тогтвортой байдлыг хамгаалсан, гэхдээ улс төрийн хувьд хамгийн хүчтэй шахалт үзүүлдэг хуулийн заалт юм.
Тиймээс одоо УИХ-д 30 хоногийн цаг хугацаа "гүйж" эхэллээ. Энэ хугацаанд тохиролцож чадахгүй бол парламент өөрөө тарах эрсдэл бодитоор үүснэ.
Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногийн дотор шинэ Ерөнхий сайдын нэрийг тодруулах үүрэг УИХ-д ногдож байна.
Нөгөөтэйгүүр одоогийн МАН хоёр хүчтэй бүлэглэлд хуваагдсан. Нэг тал нь Г.Занданшатарыг дэмжиж байсан “тогтвортой хөгжлийн” бүлэг, нөгөө тал нь шинэ удирдлага, шинэ баг хүсэж буй “залуу гишүүдийн” нэгдэл.
Тиймээс дараагийн Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэхдээ аль талын нөлөө давамгайлах нь шийдвэрлэх үүрэгтэй. Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол УИХ-ын олонхын дэмжлэггүй Засгийн газар бүрдэх эрсдэлтэй.
Засгийн газар огцорсон энэ мөчид хамгийн эмзэг асуудал бол 2026 оны улсын төсөв.
Хуулиараа төсвийг арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах ёстой, харин одоо УИХ ч, Байнгын хороод ч хуралдах боломжгүй нөхцөл үүсэв. Ирэх долоо хоногт УИХ, Байнгын хороодоор хэлэлцэх асуудлууд, товыг одоогоор гаргаагүй байна.
Ингэснээр төсвийн шинэ цалин, тэтгэвэр, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө хойшлох,
аймаг, сумын төсөв батлагдахгүй, төрийн сангийн гүйлгээ саатах, ирэх оны 1 дүгээр сараас санхүүжилтийн хоцрогдол үүсэх эрсдэлтэй.
-Шинэ Ерөнхий сайдын гурван сорилт-
Дараагийн Ерөнхий сайд хэн байх нь одоогоор тодорхойгүй ч дараах гурван даалгаврыг зайлшгүй биелүүлэх шаардлагатай тулгарна.
1. Тогтвортой Засгийн газар бүрдүүлэх буюу дотоод хуваагдалгүй, парламентын дэмжлэгтэй байх.
2. Төсвийг яаравчлан батлах, цаг хугацааны шахалтад амжих.
3. Нийгмийн итгэлийг сэргээх, улс төрийн уналт, хуваагдлын дараа олон нийтийн итгэлийг буцаан авах.
Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас үзэхэд дараагийн Засгийн газар байгуулах үйл явц хамгийн төвөгтэй хэлэлцүүлэгтэй байх нь тодорхой.
МАН дотоод эв нэгдэлдээ хүрэхгүй бол, цөөнхийн бүлгийн байр суурь ч нэмэгдэж, төрийн эрх мэдлийн хуваарилалт дахин хүндэрнэ.
Ш.Адъяамаа