28/04/2025
Өөрийнхөө айдастай нүүр тулна гэдэг юу гэсэн үг вэ?
Таны хувьд яг юу хамгийн их айдас төрүүлдэг вэ? Үнэ цэнэгүй хүн болох уу?
Тодорхойгүй ирээдүй юу?
Ганцаардал уу?
Санхүүгийн тогтворгүй байдал уу?
Эсвэл хайртай гэр бүлээ алдаж, итгэлийг нь хугалах уу?
Хүн бүрийн сэтгэлийн гүнд, үгээр хэлдэггүй нэгэн айдас оршиж байдаг. Тэр айдас л өнөөдөр биднийг тодорхой үйлдэл хийхэд хөтөлж, эсвэл саатуулж байдаг.
Миний хувьд: Миний гүнд нуугдсан айдас бол “Би хангалттай биш байж магадгүй” гэсэн бодол. Энэ мэдрэмж намайг дараах дараалал руу хөтөлдөг.
• Би хангалттай биш учраас хүмүүст үнэлэгдэхгүй байх вий гэж айна.
• Үнэлэгдэхгүй болохоор шүүмжлэл дагуулна гэж эмээнэ.
• Шүүмжлүүлээд байхаар өөртөө итгэх итгэл алдарна.
• Итгэлгүй болчихвол хийж буй ажил маань амжилтгүй болж эхэлнэ.
• Ажил бүтэлгүйтвэл боломжоо алдана.
• Боломжоо алдвал орлогогүй болох аюул нүүрлэнэ.
• Орлогогүй болохоор гэр бүлдээ асуудал үүснэ.
• Гэр бүлийн харилцаа муудвал итгэлийг нь алдаж, урмыг нь хугална.
• Эцэстээ хамгийн аймшигтай зүйл “Би хэнд ч хэрэггүй хүн болох” гэсэн бодолтой нүүр тулна.
Иймээс миний хамгийн гүн айдас бол: “Хэнд ч хэрэггүй хүн болох вий” гэсэн айдас юм байна. Үүнийг өнөөдөр ойлгосон.
Айдас гэдэг муу зүйл биш.
Түүнийг зөв таньж, ухаалаг удирдаж чадвал, тэр л чамайг хамгаалж, амжилт өөд хөтлөх хүч болдог.
Өнөөдөр энэ тухай бодох мөч надад ихийг ойлгууллаа. Би өнөөдрийг хүртэл хичээсэн бүх хичээл зүтгэл минь зөвхөн үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө байсан атлаа, ингэж уг шалтгааныг нь салгаж ойлгож байсангүй.
Та ч бас нэг удаа өөрөөсөө асуугаад үзэхийг зөвлөе!
Таны хамгийн гүнд орших айдас юу вэ?
Тэр айдас өнөөдрийн тань үйлдэл, зорилготой хэрхэн холбоотой байгаа бол?