11/08/2025
Хуримын даашинзны хатан хаан, сүйт бүсгүйчүүдийн мөрөөдлийн гоёлыг бүтээж аз жаргалтай өдрийг нь улам илүү өнгөлөг болгодог дизайнер бол Вера Ванг юм. Хуримаас илүү чухал баяр хүний амьдралд байхгүй. Тиймээс хуримын даашинз хамгаас чухал гэж Вера Ванг үздэг. Хамгийн анх өөртөө хуримын даашинз хайгаад сэтгэлд нь нийцэх загвар олдоогүй тул өөрөө урласан нь брэндийнх нь суурь болсон байна.
Америкийн алдарт загвар зохион бүтээгч, тансаг хуримын даашинзаараа дэлхийд танигдсан дизайнер одоо 76 настай. Түүний бүтээсэн даашинзыг онцгой өдөртөө өмссөн алдартнууд Мэрайя Кэрри, Виктория Бекхэм, Ким Кардашьян, Алиша Киз, Гвен Стефани, Ариана Гранде, Челси Клинтон, БНСУ-ын жүжигчин Son Ye Jin, Хэйли Бибер гэх мэтээр хөвөрнө. Мөн тэрээр хуримын даашинзыг уламжлалт цагаан өнгөнөөс гадна цайвар ягаан, алтлаг, хар, саарал, n**e, хурц улаан өнгөтэй урласан нь тухайн үедээ маш шинэлэг шийдэл байв.
Тэрээр 1949 оны 6-р сарын 27-нд Нью-Йорк хотод хятад цагаач гэр бүлд төрсөн бөгөөд ээж нь багаас нь Парисын өндөр зэрэглэлийн загварын шоунд дагуулж явдаг байжээ.
Гэвч тэрээр уран гулгалтад илүү дуртай байсан ба 8 настайгаасаа уран гулгалтаар хичээллэж, тэмцээнд оролцдог байсан ч олимпийн шигшээд тэнцээгүй байна. Үүний дараа коллежид урлаг, урлагийн түүхээр суралцаж төгсөөд 1971 онд Vogue сэтгүүлд ажилд орж, нэг жилийн дараа фэйшн редактор болж 15 гаруй жил энэ албанд ажилласан байна. 1987 онд Ralph Lauren-д аксессуарын арт директороор орсон ба
1989 онд өөрийн нэрээр хуримын даашинз урлаж, дараа жил нь Нью-Йорк хотын Carlyle зочид буудалд “Vera Wang Bridal House” салоноо нээсэн түүхтэй.
Тэрээр хуримын даашинзнаас гадна бэлэн хувцас (ready-to-wear), үнэртэн, гэр ахуйн бараа, үнэт эдлэл, нүдний шил, гутал, эрэгтэй хувцасны хүртэл цуглуулга гаргасан.
Вера Ванг “загвар бүрээ өөр дээрээ туршиж” өмсч үзэж гаргадаг байна. Тэрээр хэдий 70 гарсан ч богино дрэсс, хэт залуу гэмээр хувцаслаж тайзнаа гарахаас эмээдэггүй. 2025 оны Met Gala дээр богино хар үс, нарны том шилтэй, энгэр нэлээд задгай өөрийн брэндийн даашинзтай гарч олны анхаарлыг татаж байв.
Хуримын гэх тодотголтой загварыг өөрчилсөн, хуримын даашинзны өнгө, хийц, материалыг илүү чөлөөтэй болгосон энэ бүсгүй дэлхий даяар “Vera Wang өмсөх” нь дээд зэрэглэлийн тансаг байдлын бэлгэ тэмдэг гэж үзэх хүртэл авьяас чадвараа олонд зөвшөөрүүлж чаджээ.