
23/01/2025
“Дашваанжил” компанийн газ ачсан машин дэлбэрээд яг нэг жил боллоо. 60 гаруй айл орон гэргүй болж, 7 иргэн амь насаа аллсан ч хэн ч хариуцлага хүлээсэнгүй
МОНГОЛ ТОЙМ 2024
ГАЗ ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТСӨН ГАНЦХАН ОРЦТОЙ БАЙРЫГ ЗАСАЖ ЧАДААГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын урд байрлах “Эдү апартмент” хотхоны гадаа газ ачсан машин дэлбэрч, олон хүн амь насаа алдаж, олон айл өрх гэр оронгүй боллоо. Дэлбэрэлтийн гал тус хотхон руу тархан, таван иргэн 80-95 хувийн түлэгдэлтэй, онцгой байдлын 27, 28, 36 настай гурван алба хаагч газар дээрээ амиа алдаж, 20 гаруй айлын 60 гаруй иргэн орон гэргүй болж, иргэдийн 28 машин шатлаа. Эмнэлэгт хүргэгдсэн 90-95 хувийн түлэгдэлтэй дөрвөн иргэн хэдхэн цагийн зайтай нас барж, ээлж дараалан үхлийн мэдээг орон даяар цацаж байсан юм. Энэ өдөр бол 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр билээ.
Газ дэлбэрсэн тэр үйл явплаас хойш бүтэн 12 сар өнгөрөөд байхад Улсын онгцой комисс, Засгийн газар хохирсон айлуудын орон сууцыг сэргээн засаагүй, гэр оронтой болгох талаар ямар ч санаачилга гаргасангүй. Амь насаа алдсан алба хаагчид, энгийн жирийн иргэдийн ар гэрийнхэн хүнээ алдаж том гарзад нэрвэгдсэн бол гэр оронгүй болсон хүмүүс одоог хүртэл орох оронгүй байна. Хүнээ боддог нийгэмд хохирсон айлуудын орон гэрийг нэн тэргүүнд шийдэх боломж байсан. Гэтэл Монголын төр ганцхан орцтой орон сууцыг засаж чадахгүй байна гэдэг нь мөнгө хөрөнгөгүйдээ биш зөвхөн сэтгэл дутсаных юм. 12 сарын хугацаа өнгөрөөд байхад газ дэлбэлсэн буруутныг тогтоож чадаагүй байна. “Дашваанжил” компанийн жолооч буруутай юм уу, цагаан өнгийн патрол жолоодож явсан Батлан хамгаалах яамны албан тушаалтан буруутай юу гэдгийг тогтоож мэдээлээгүй байна. Түүгээр зогсохгүй Тээврийн цагдаагийн алба, ЦЕГ, Онцгой байдлын алба галын дүгнэлтийг гаргаж чадахгүй байгаа нь цагдаа, хүчнийхэн бусдын нөлөөнд автсан уу гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм. Орон гэргүй болсон 60 гаруй иргэн өнөөдрийг хүртэл зочид буудлаар хоног төөрүүлж байна. Тэдний орон сууцыг шинээр барих, эсвэл өөр орон сууцанд шилжүүлэн оруулах санаачилгыг Засгийн газар гаргахгүй байгаагаас хохирогчид улам бүр хохирсоор өдийг хүрлээ. Угтаа хохирсон иргэдийг нэн тэргүүнд гэр оронтой болгож, дараа нь буруутай этгээдээс нөхөн төлбөрөө Засгийн газар авч болох байтал Монгол Улсад хохирсон иргэдийг давхар хохироодог бурангуй нийгэм үргэлжилсээр байна.
Б.Ариунтуяа