07/03/2025
Mises Mongolia
Доналд Трампын эхний бүрэн эрхийн хугацаа шулуухнаар хэлэхэд сэтгэлд хүрэхээргүй дууссан. Drain the swamp уриатайгаар АНУ-ын ялзарсан, данхар төрийн бүтэцтэй үзэлцэнэ гэж гарч ирсэн ч чадаагүй. Гаргасан амжилт нь гэвэл ААН-ийн орлогын татварыг 35%-иас 21% болгож бууруулсан, шинэ дайн эхлүүлээгүй, Парисын уур амьсгалын хэлэлцээрээс АНУ-ыг гаргасан гээд л өндөрлөнө. Багаа Майк Пенс, Майк Помпео, Жон Болтон мэтийн неоконуудаар бүрдүүлж, нөгөө хэддээ араасаа хутга шаалгуулав.
Харин хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа Доналд Трамп тун өөр, маш хурдтай ажиллаж байна. Хилийн хамгаалалтаа чангатгана, хууль бус цагаачдыг нутаг буцаана, газрын тос олборлоно, DEI буюу цөөнхөд зориулсан эерэг ялгаварлалыг зогсооно, төрийн албан хаагчдыг цомхотгоно, төрийн зардлыг танана, ААН-ийн орлогын татварыг 15% болгож бууруулна, илүү цагийн, типний болон нийгмийн даатгалын татварыг цуцална, Холбооны Боловсролын яамыг татан буулгана, тодорхой улсуудад гаалийн татвар тавина, шинэ дайн эхлүүлэхгүй, Орос-Украины дайныг зогсооно, Росс Ульбрихтыг өршөөлд хамруулна гэх зэрэг амлалтуудаа Трамп биелүүлэх гэж чармайж байна. Заримыг нь хэдийн биелүүлчихсэн. Томоохон амлалтуудаас нь гаалийн татвар л либертари үзэлтэй харш. Данхар төрийг нураах Доналд Трампын тэмцлийг зогсоохоор Трампын зам дээр тэгнээд хэвтчихсэн ад зэтгэрүүд болвоос Ардчилсан Нам тэр аяараа, БНН-ын неоконууд, төрийн хүнд сурталтнууд, зүүний үзэлтэй шүүгч нар.
Доналд Трамп 2024 оны сонгуульд социалист Камала Харрисыг popular vote, electoral college хоёулангаар нь ялсныг түүх гэрчилнэ. Ардчиллаар гарч ирж, сонгогчдодоо өгсөн амлалтаа биелүүлж байгаа түүнийг Монголын ардчилал ярьсан хэдэн маанаг юмнууд фашистаар нь дуудах аж. Фашизм гэдэг чинь эдийн засгийн хувьд төрийн оролцоог нэмэгдүүлэх, төрийг данхайлгах үзэл. Улс төрийн хувьд нэг намын тогтолцоо. Фашистуудын үзэл санааны жинхэнэ ахан дүүс бол АНУ-ын Ардчилсан Нам. Ардчилсан Нам Америкийн эдийн засгийг социализмжуулах зорилготой. Төр засгийг нь өөрсөдтэй нь ямагт хамсдаг БНН-ын неоконуудтай барина. Яг нэг намын 2 жигүүр шиг. Монголоор бол МАНАН.
Монголын зүүлэг Слава Украинечууд Трампыг фашист хэмээн гутааж байгаа нь үнэндээ өөрсдийнх нь ч санаа биш. Америкийн төрийг данхар хэвээр нь байлгах, дайнч гадаад бодлогыг нь үл өөрчлөх, статус квог хадгалах сонирхолтой Америкийн зүүнтнүүд Трампыг фашист гэж доромжилдог. Монголын өөрийн гэсэн тархигүй ардчилал, хүний эрхчид Өрнөдийн зүүний мейнстрим чиг хандлага ямар байна тэрийг л дуурайна. Эцэст нь дахин хэлэхэд, Трамп сонгуулийн амлалтаа л биелүүлэх гэж зүтгэж байна. Өөрт нь санал өгсөн 77 сая хүний итгэлийг хөсөрдүүлэхийг хүсэхгүй байна. Энэ чинь ардчилал биш юм уу? Make America Great Again.