18/11/2024
🍎...Би ээжийгээ хэвтэрт 4 жил асарсаны дараа ээж минь бурханы орондоо морилж, би гэдэг хүн 2 хүүтэйгээ дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг шиг үнэхээр ядарч туйлдсан байлаа. Бодож бодож Европ явж амьдралаа өөрчилнө гэж шийдээд ээжээс минь үлдсэн хашаа газар, гэр орон бүгдийг зараад мөнгөөрөө Чэх улсын виз хөөцөлдөв. Тэгтэл удалгүй аз ивээж виз маань ч гарчихлаа. Бөөн баяр!
Тэгээд хоёр жаахан хүүгээ аваад явчихмаар байдаг, даанч тэр үед элчин дээр хүүхдийн тоогоор барьцаа болгож, баахан мөнгө өгдөг байсан юм. Би айлын өргөмөл ганц охин шүү дээ. Төрсөн ах дүү 9 үүлээ учраас тэднийгээ нийлж байгаад ч болтугай тусалчих болов уу гэж горьдлого тээгээд 2 хүүгээ хөтлөөд ах эгч нарынхаараа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гээд айл айлаар ороод мөнгө зээлээч гээд явсоон.
Харамсалтай нь надад 2 хүүгээ аваад яв даа гээд мөнгө өгөх бүү хэл, сайн яваарай гээд цайны 5 доллар өгөх ч хүн байгаагүй! Итгэж байсан ганц нэг найз нөхөд, танил хүмүүс ч надад туслаагүй. Би амьдралынхаа хамгийн хүнд үед байсан болохоор хэн ч эргүүлж мөнгөө авна гэдэгтээ итгээгүй юм болов уу даа тухайн үед.
Тэгтэл хар элгийн хүмүүс халуун сэтгэлээ дэлгээд надад явах зардал өгсөн. Би тэр хүмүүсийн тусыг бодох бүрт одоо ч нулимс уначих гээд байдаг юм аа. Естой л тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг шиг. Гэхдээ мөнгө маань онгоцны билeт авч хүрэхгүй болохоор 2 хүүгээ аавд нь хүргэж өгөөд 30-хан хоноод авна гэж хуруу даран тоолуулж орхиод, Нарлаг гээд Москва ордог олон улсын галт тэргэнд суугаад хүний газрыг анх зорьсон доо.
Олон улсын галт тэрэг хотоос хөдлөөд Дархан дээр зогсоход миний нэг ах, урьд нь мөнгө гуйж очиход өгөөгүй хэрнээ 50 $ бариад ороод ирсэн. Би уйлаад л...Ингээд 5 хоногийн турш Москва хүрэх урт замд тэр үеийн наймаачид архидаад л идэж уугаад л, дуулж хуурдаад л зарим нь оросын хот тосгодуудаар галт тэрэг зогсох хооронд бараагаа зараад бөөн наймаа арилжаа.
Би мөнгөгүй болохоор мөрийтэй хөзөр тоглох, наргих цэнгэх юмнаас нь дайжаад л ихэвчлэн унтаад явсан.
Гэтэл миний өрөөний 2 эгч намайг унтчихсан гэж бодсон уу? сонсог гэсэн ч юмуу муулж байна аа.
-Энэ одоо гадаад явж байж мөнгөгүй байна гэж юу байхав дээ, харамч, юм үзээгүй ууж идэж ч мэдэхгүй тэнэг хүүхэн бэ гээд шивнэлдэж хөхрөлдөөд л.
Ингээд 5 хоног авч явсан жууз махаа халуун ус хийж шөл болгож идэж явсаар Москвад ирсэн.
Замдаа танилцсан хэдэн эгч нартай Москвад хамт буугаад цаашаа Чех явах учир Беларусын транзит виз авах мөнгөө төлөөд, ахынхаа өгсөн 50 $ тойгоо л үлдэв.
Тэр 50 $ миний амьдралдаа хамгийн их хайрлаж, хамгийн удаан үрэлгүй хадгалсан, хамгийн их хэрэг болсон мөнгө байсан, өнөөг хүртэл миний олсон бүх мөнгөнөөс хамгийн их нь байсан юм аа.
Ингэж би 2004 оны өвөл зорьсон газраа хүрээгүй ч 50 $ халаасандаа чанга гэгч нь давхар атгаад алтан Прагт бууж байлаа...
Монголоос хүнээр тосуулахаар яриулсан байсан нь бурхан минь гэж харин үнэн байсан.
Ингээд нэг ах тосож аваад урт мушгиралдсан замаар давхиад л давхиад л...
Сонирхолтой байвал үргэлжлүүлнээ дараа 😅📝 Харь нутагт хүн ер нь юу эсийг туулах вэ дээ. Tэмцэж босгосон амьдралдаа би хайртай💫
Gingi Chimgee