nio.mn МЭРГЭЖЛИЙН, МЭДРЭМЖТЭЙ NIO.MN

Х.БААСАНСҮРЭН: Муу дадал, шунал, санаа зовнилоос зовлон эхэлдэг. Бүгд л бодол, сэтгэл хөдлөлөөс хамааралтай. Засъя гээд ...
16/07/2025

Х.БААСАНСҮРЭН: Муу дадал, шунал, санаа зовнилоос зовлон эхэлдэг. Бүгд л бодол, сэтгэл хөдлөлөөс хамааралтай. Засъя гээд өөрчлөх боломжгүй л дээ. Сэтгэлээ өөрчлөх ганц л арга бий. Тэр нь бясалгал. Бясалгал бол хүнийг өөрчлөх, сэтгэл зүйг нь засах, тайван сайхан болгох хамгийн зөв зам.

Таны хэлснээр хүмүүс бясалгалыг нүдээ аниад юу ч бодохгүй суудаг мэтээр ойлгодог. Удаан сууж чадахгүй байх гэх мэт шалтгаан бодож олоод шантардаг. Бясалгал бол заавал нүдээ аньж суугаад хийх зүйл биш. Мэдээж тэгж чаддаг бол сайн. Өнөөгийн зав зайгүй нийгэмд амьдралынхаа хэв маягийг бясалгалын хэв маяг руу оруулж болно.

Ер нь сэтгэл хөдлөл өндөр байх тусам зовлон ихэсдэг. Амархан баясч, гуньж, айх зэрэг бол сэтгэлийн савлагаанууд. Бясалгал хийнэ гэдэг дүүжин шиг савлаж буй сэтгэл хөдлөлийг луужин шиг тогтоон барьж байгаа хэрэг. Бид бусдаас хамаарч амьдардаг. Өнөөдөр нэг хүнээс муу үг сонсоод өдөржин гуньдаг, маргааш өөр нэгнээс магтаал дуулаад хөөрч дэвдэг.

Хэн дуртай нь муу үг хэлээд уйлуулж байна гэхээр та өөрөө хэн болж таарах вэ, зовлон, жаргалаа бусдаас хамааралтай болгочихоор цаашдаа яах вэ. Жаргалын шалтгаан болсон зүйл чинь алга болбол жаргахаа байна гээд төсөөлөөд үз дээ. Мэдээж хэн ч ийм зүйл хүсэхгүй. Бясалгал хийх тусам хүн өөрийгөө илүү анзаарч эхэлдэг. Бусдаас хамаарахаа болино гэсэн үг. Тэр хэрээр гаднаас хамаарсан зовлон багасна. Аз жаргалын мэдрэмж дотроос чинь урсаж, гаднах зүйлс тэр мэдрэмжийг чинь улам хөглөж өгдөг байж л жинхэнэ аз жаргал ирнэ.

Бясалгал бол дандаа сэтгэл дээр тулгуурладаг. Сэтгэл амгалан тайван байвал бие махбоди дагаад эрүүлжих боломжтой. Бие өвдөхөд сэтгэл хямардаг, сэтгэл хямрахаар бие өвддөг гэдэг дээ. Тэгэхээр бясалгал сэтгэлийг тайвшруулдаг гэдэг утгаараа биед ч нөлөөлнө. Рейки гэх мэт бие махбодьтой хамаатай бясалгал өчнөөн бий.

Талархлын бясалгал бол миний хамгийн хийх дуртай бясалгал. Юм бүхэнд талархсан, баярласан сэтгэлээр хандаж сурна гэсэн үг л дээ. Дуртай аялгуугаа тавиад аялгуундаа уусангаа талархахад л болно. “Баярлалаа аав, ээж минь. Ямар их хүч чармайлт, хайр энэрлээр намайг хүн болгосон юм бэ, та хоёр минь” гэж ирээд таларх. Талархмаар хүмүүс амьдралд зөндөө бий. Талархлаа хэлж чаддаггүй гэм бидэнд бий. Тэр дундаа монгол хүмүүс.

Дотроо бодож явдаг хэрнээ баярласан сэтгэлээ илэрхийлж чаддаггүй. Би эхлээд бурханд талархдаг юм. Тэгээд багш нартаа, аав ээждээ, найзууддаа талархдаг. Хүн үлдээчих вий дээ гэж талархдаг. Дараа нь эд зүйлсдээ талархдаг. Биед эвтэйхэн байдаг хувцсандаа талархаад үзээрэй, үр дүнд нь та сайхан харагдана. Тэгээд дараа нь оршихуй руу, таньдаг мэддэг бүх хүн, нар сар, уулс, үүлс гээд энэ орчлонд талархах зүйл өчнөөн бий. Сайндаа л 10, 15 минутаар өдөр бүр хийгээд байвал гайхалтай үр дүн мэдрэгдэнэ. Амлаж байна. Чин сэтгэлээсээ хийж чадвал сарын дотор маш олон өөрчлөлт гарна.

Хүний их эмч, доктор (Ph.D) ЖУЛИАН АЛЬВАРЕЗ ГАРСИЯ: Уургийн хэтэрсэн хэрэглээ хүний элэг бөөрөнд муугаар нөлөөлдөг гэсэн...
15/07/2025

Хүний их эмч, доктор (Ph.D) ЖУЛИАН АЛЬВАРЕЗ ГАРСИЯ: Уургийн хэтэрсэн хэрэглээ хүний элэг бөөрөнд муугаар нөлөөлдөг гэсэн үлгэр домог шиг яриа олон жилийн өмнөөс гарсан. Энэ бол худлаа мэдээлэл. АНУ-д анх бодибилдинг хөгжих үед түгсэн ойлголт байгаа юм. Тэр үед бодибилдингийн тамирчид их хэмжээний уураг уудаг байж.

Уургаас гадна хоёр төрлийн эм уудаг байсан юм билээ. Нэг нь анаболитик гормонууд. Энэ нь элэг гэмтээдэг сөрөг талтай. Үүнээс гадна тэмцээнд орохдоо шингэн хөөдөг эм уудаг байсан. Ийм үйлчилгээтэй эм уучихаар биеийн шингэн хөөгдөж, булчингууд нь товойж харагддаг юм байна л даа. Ингэхээр бөөр муудахаас аргагүй.

Элэг, бөөрөнд муу нөлөөтэй эм хэрэглэсэн тамирчид эмнэлэгт очих нь тодорхой. Эмнэлэгт очоод үзүүлэхээр элэг, бөөр нь муудсан гэсэн онош тавигдаж таарна. Эмнэлэгт очсон тамирчид хориотой эм ууж байснаа хэлэхгүй нь бас ойлгомжтой. Уураг хэрэглэсэн л гээд байж. Ийм үг давтамжтай сонссон эмч нар элэг, бөөр гэмтсэн явдал уурагтай холбоотой юм байна гээд ойлгочихсон хэрэг.

Хожим нь шинжлэх ухааны үндэстэй судалгаа хийгээд уураг хүний элэг, бөөрөнд сөрөг нөлөө байхгүй гэдгийг баталсан. Элэг, бөөрний зарим төрлийн өвчинд уургийн хэрэглээг багасгах шаардлага гардаг тал бол бий. Ямар нэг эд эрхтний өвчтэй, өвдөж байсан хүмүүс уураг түлхүү хэрэглэхээс өмнө эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. Харин өвчингүй бол уураг хэрэглэхэд асуудалгүй.

Гэхдээ мэдээж хүнд их хэмжээний уураг хэрэггүй. Уургийг өдөртөө жигд хэрэглэж чадаж байна уу гэдэг хамгийн гол анхаарах асуудал. Өглөөний хоолны үеэр уураг огт хэрэглэхгүй, оройны хоолондоо өглөөнийхөө уургийг нөхөөд ахиухан хэрэглэе гэвэл буруу болчихож байгаа юм. Учир нь хүний биед илүү хэмжээгээр орсон уураг хадгалагдаж үлддэггүй.

Харин нүүрс ус биед хадгалагдаж үлддэг. Элгэнд, булчинд хадгалагддаг юм. Нүүрс усны илүүдэл өөх болж хувирдгийг мэдэхгүй хүн үгүй. Уураг хүний биед хадгалагддаггүй, гараад явчихдаг юм. Тэгэхээр нэг өдрийн турш хэрэглэх ёстой уургийнхаа хэмжээг өглөө, өдөр, оройны хоолондоо жигд хувааж авах ёстой.

Төрийн соёрхолт түүхч О.БАТСАЙХАН: Богдын Засгийн газраас гадаадтай харилцах нэлээд оролдлого хийсэн. 1912 оны хоёрдугаа...
15/07/2025

Төрийн соёрхолт түүхч О.БАТСАЙХАН: Богдын Засгийн газраас гадаадтай харилцах нэлээд оролдлого хийсэн. 1912 оны хоёрдугаар сард Монгол улсын нийслэлд Английн тагнуулч, дэслэгч ирж, 1911 оны аравдугаар сараас хүрээнд сууж байсан Норвегийн аялагч бизнесмэн, Англи, Америкийн тамхины компанийн төллөөлөгч Оскар Маментай уулзан Монголын нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан байдаг.

Английн дэслэгч Богдын Засгийн газрын албаны хүмүүстэй, тухайлбал Богдын дотоод яамны түшмэл Хайсантай уулзсан баримт бий. Энэ бүхний эцэст Монголын нөхцөл, монголчуудын шашин шүтлэг, зан заншлын талаар тодорхой тайлан бичиж Бээжин дэх Британийн төлөөлөгчийн газарт өгч байж.

Нийслэл хүрээнд танигдсан Норвегийн аялагч Оскар Мамен ч хожим Бээжин дэх Британийн төлөөлөгчийн газарт Монголын талаарх тайлан захидлыг өгч байсан юм. Монголчууд Англитай холбоо тогтоох чин хүсэлтэй байсан л даа, тухайн үед.

1912 оны эхний хагаст Богд хааны Засгийн газраас Английн Засгийн газарт хандсан захидлыг нийслэл хүрээнд сууж байсан Орос улсын консулын газраар дамжуулан илгээж байж. Уг захидал эзэндээ хүрсэн эсэх талаар Дотоод яамны дэс түшмэл Хайсан өнөөх дэслэгчид илгээсэн захидалдаа лавлаж асуусан байдаг нь тун сонирхолтой.

Энэ түүхийг жаахан дэлгэрүүлж ярья. Бид 1912 оны 11дүгээр сарын 3-нд нийслэл хүрээнд байгуулсан Монгол, Оросын найрамдлын гэрээний дараа манай улсаас дэлхийн есөн гүрэнд хандаж нот бичиг явуулсныг мэднэ. Гэтэл үүнээс бүр өмнө 1912 оны эхний хагаст Богд хааны Засгийн газраас Бээжин дэх Британийн төлөөлөгчийн газарт хандаж нот бичиг явуулсан нь түүхэн баримтаар нотлогддог.

Харамсалтай нь хүрээнд байсан Оросын консулын газар Монголын Засгийн газраас Англид илгээсэн нот бичгийг дамжуулаагүй нь хожим тодорхой болсон.

Оскар Мамен энэ тухай “Рамстедтэй ярилцаж суухад Хайсан гүнтэй танилцах учрал тохиолоо. Ухаан төгс настан энэ завшааныг ашиглан Бээжин дэх Британийн төлөөлөгч, англи дэслэгчид захидал уламжилж өгөхийг биднээс найрсгаар хүслээ. Рамстед уг захидлыг англи хэлнээ хөрвүүлсэн” гэж бичсэн нь бий.

Хайсан гүнгийн тэр захидал 1912 оны зургадугаар сарын 30 гэсэн огноотой, гарын тийз тамгатай байх бөгөөд уг захидлыг англи дэслэгч наймдугаар сарын 12-нд хүлээж авсан байдаг. Тэрээр захидлыг Бээжин дэх Британийн төлөөлөгчийн газарт танилцуулжээ. Тус газраас “Бээжингийн Засгийн газрын хардлагад өртөх эрсдэлтэй тул Хайсан гүнд хариу өгч болохгүй” хэмээн заавар өгч байж.

Түшмэл Хайсангийн захидалд Монгол улсын Богд хаант Засгийн газар, Монгол дахь Орос улсын нөлөөг тэнцвэржүүлэхийн тулд Англи зэрэг хүчирхэг улстай холбоо тогтоохыг хүсч байгаагаа тэмдэглэж тус улсын алтны баялаг нөөц ихтэй ордыг Английн компанид түрээслүүлэх сонирхолтойгоо уламжилсан байх юм.

Монгол улсын эзэн Богд хаанаас Японы Цог жавхлант эрхэмсэг эзэн хаанд илгээсэн захидалтай холбоотой нэгэн түүх өгүүлье. 1913,1914 оны эхээр Монгол улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид хаант Орост айлчлахдаа нэлээд хэдэн зорилготой явж байж. Тэдгээр зорилгын нэг нь Богд хаанаас Англи, Япон зэрэг таван улсын тэргүүнд өргөн барьсан захидлыг уламжлах үүрэг багтсан гэдэг. Тэр захидлыг Оросын Гадаад хэргийн сайд 1914 оны эхээр авч байж. Эцэст нь Японы Гадаад яаманд уламжлах хэрэгтэй гэж шийдсэн байдаг юм.

Энэ захидлыг Оросын Засгийн газар Японы Засгийн газарт илгээхдээ “Хэрэв та нар хүрээний хутагтад хариу өгвөл заавал бидэнд хариу өгөх ёстой” гэсэн үгтэй нот дагалдуулсан байдаг. Энэ захидлыг өгөхдөө нэлээд олон зүйл бичсэн нь бий. Хүрээнд байсан Коростович гэхэд л “Монголчууд оросуудын зөвлөгөөг дагаагүй бөгөөд өөрийн дураар Япон болон бусад их гүрний тэргүүн нарт хандан Богдын нэрээр захидал бичжээ” гэж тодотгосон байх жишээний.

Энэ захидлыг аваад Японд суух Оросын элчин сайд, Японы гадаад хэргийн сайдын хооронд өрнөсөн яриа нэлээд сонин. Тэд хоёр удаа долоо хоногийн зайтай уулзсан хэмээдэг. Эцэст нь хутагтын захидлыг буцааж өгөх шийдэлд хүрсэн байдаг. “Задлахгүйгээр буцааж өглөө” гэсэн тайлбартайгаар.

Хутагтын бичгийг буцааж өглөө гэсэн агуулгатай мэдээ Японы хэвлэлд ч гарч байж. Энэ талаар Японы сурвалжлагч бичсэн байдаг л даа. “Хөөрхий Орос улсын Гадаад яамаар дамжуулж Японы эзэн хаанд илгээсэн хутагтын бичгийг Японы Засгийн газар хүлээж авахаас татгалзжээ. Ойрын өдрүүдэд уг захиа буцах төлөвтэй байна. Энэ бол Япон улсаас Монголыг доромжилсон хэрэг бөгөөд Монголын Засгийн газрын хувьд нүүрээ алдсан хэрэг юм. Иймийн учир энэ эрхэм улсыг өрөвдөж байна” гэж бичсэн нь бий.

Үнэхээр ч Япон улсын Гадаад хэргийн сайд улсад нь суух Оросын элчин сайдад захидлыг битүүмжилсэн хэвээр буцааж өгсөн. Орост байсан Ерөнхий сайд Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчдөд уг захидлыг олж авахыг даалгасан байдаг. Уг захидлыг олж аваад япон болгосон хувь нь Япон улсын архивт байна. Ноорог эх нь Монголын архивт ч бий. Оросын архивт мөн байгаа.

Энэ гурван эрхийг харгуулаад Богд хаанаас Японы эзэн хаанд илгээсэн захидлыг бүрэн бүтэн болгосноо бүрэн эхээр нь биш тоймлож хэлье. Товчхондоо Монгол улс тусгаар тогтносон, тийм учир харилцаа тогтооё, манай Өвөр Монгол Хятадтай хил залгаа орших бөгөөд маш их хохирол амссаар байна, Хятадын цэрэг Өвөр Монголд түрэмгийлэн орж сүм хийдийг түймэрдэн устгаж, хэнийг ч ялгалгүй халдаж тонон дээрэмдэж байна, иймийн учир хамгаалалдаа аваач ээ гэсэн агуулга бүхий захидал байсан юм.

Захидлыг буцааж өгснөөр асуудал дуусаагүй. Японы архивт байгаа баримтыг үзвэл захидлын мөрөөр Японы Гадаад хэргийн сайдаас Бээжинд байсан төлөөлөгчдөө явуулсан нууц цахилгаандаа “Хүрээний Засгийн газраас захидал занаа ирэв үү, ямар агуулгатай хариу өгөхийг нь мэд” гэсэн байдаг. Мөн адил агуулгатай захиаг Англи, Америк, Франц, Герман зэрэг улсад илгээсэн баримт нь бий. “Танай улсад хүрээний хутагтаас захидал ирсэн үү. Ямар хариу өгөх гэж байна вэ” гэсэн утгатай захидлыг тус улсуудад Японоос илгээсэн байдаг.

2014 оны эхний зургаан сарын дотор Америкийн департамент Богд хааны Засгийн газрыг хэлэлцсэн байдаг. Тэд Японы илгээсэн захидлын хариуд “Бид захиа авсан, хариуг Бээжингийн Засгийн газарт өгнө” гэсэн хариу хэлж байж. Францын Засгийн газар “Бидний хувьд Монголд ямар нэгэн эрх ашиг байхгүй” гэсэн бол Германы Засгийн газар “Монголд манай эрх ашиг байгаа. Бид хариу өгнө. Гэхдээ бусад улс ямар хариу өгөхийг хүлээж сууна” гэсэн байдаг.

Энэ бүхнээс харахад Монгол тусгаар тогтносон талаарх мэдээг агуулсан Богд хааны захиа дэлхийн их гүрнүүдийн чихэнд хүрсэн нь тодорхой байна. Их гүрнүүдийн парламент энэ талаар хэлэлцсэн нь, өөр хоорондоо санал солилцсон нь ч тодорхой байна. Өмнөх түүхэнд бол эдгээр гүрэн Богд хааны Засгийн газраас илгээсэн захидалд ямар ч хариу өгөөгүй, тодорхой үр дүнд хүрээгүй гэж үзэж байсан. Тэр бүхэн худал байж гэдгийг эдгээр баримт гэрчилж байна.

Хүнсний инженер О.ГАЛ-ОЧИР: Хүнсний инженер хуудсыг цахим орчинд ажиллуулах болсон нь сошиал орчинд хүнсний чиглэлийн ху...
15/07/2025

Хүнсний инженер О.ГАЛ-ОЧИР: Хүнсний инженер хуудсыг цахим орчинд ажиллуулах болсон нь сошиал орчинд хүнсний чиглэлийн худал мэдээллүүд маш их тавигдаж байгааг анзаарснаас үүдэлтэй л дээ. Би өөрөө худлаа гээд хараад өнгөрч болох ч бусад хүмүүс үнэн гээд итгэнэ шүү дээ, тийм мэдээллүүдэд.

Надад энгийн санагддаг ч бусад хүмүүст хэрэгтэй байж болохуйц хүнсний тухай мэдээллийг найзууддаа ярьж өгдөг байлаа. Тэд их сонирхож, маш сайн хүлээж авч байсан. Тэгээд “чи энийгээ бидэнд ярьж байхаар олон нийтийн сүлжээнд бичээд үзвэл яасан юм бэ” гэдэг саналыг тавьсан юм.

Сошиалд идэвхгүй байсан нөхөр чинь нэг пэйж нээгээд бичиж үзлээ. Санасныг бодоход их сайн хүлээж авсан шүү. Бичиж эхлээд л хүмүүст хүнсний талаар ихийг хэлж өгөх ёстойгоо ойлгож мэдэрсэн. Ний нуугүй хэлэхэд хүмүүс юуг сонгож яаж идэхээ, хэрхэн хадгалахаа ч мэдэхгүй байна.

Амьдарна гэдэг өөрөө энергийн зарцуулалт. Тантай ярихдаа гараа хөдөлгөж байгаа маань ч энерги зарцуулж буй хэрэг. Зүрх цохилж, цус шахна гэдэг ч энергийн зарцуулалт. Хүн энэ бүх энергээ хоол тэжээлээрээ авдаг.

Зарцуулж байгаа энергээсээ давсан энергитэй хоол хүнс хэрэглээд байвал илүүдсэн калори элгэнд хуримтлагддаг. Элгэнд нөөцлөгдөж дүүрээд ирэхээр булчинд нөөцлөгддөг. Булчин дүүрэхээр өөхөн давхарга үүснэ. Ингээд харахаар ерөөсөө л зохистой хэрэглээг эхнээс нь хэвшүүлж дадвал таргалахгүй.

Хүн бол мал биш. Мал намартаа сайхан таргалж аваад хаврын тарчиг цагтаа дотроосоо идэж дуусгана. Таргалах процесс нь өөрөө илүүдэл энерги юм гэдгийг маш сайн ойлгож байх хэрэгтэй. Нэг компани “цууны хүчил буюу алимны цуу ууж тураарай, дотор өөхөө шатаагаарай, эрүүлжээрэй” гээд олон жил рекламдаж байна. Хүчил уугаад өөх хайлахгүй шүү дээ.

Энэ нь бодисын солилцоог чинь өөр шатанд аваачиж, хоолонд дургүй болгож, аль нэг эрхтний тогтолцоог тань хэвийн бус байдалд оруулж байж хүчээр хийгээд байгаа өөрчлөлтүүд юм.
Ийм эрсдлийг өөртөө үүсгэж яах юм бэ. Хоол гэдэг хүний биед маш хэрэгтэй зүйл.

Тураах бэлдмэл, бодисын бизнес эрхэлдэг хүмүүс хоол хүнснээс л татгалзахыг зөвлөдөг. Хоол хүнс бол амьдралын хамгийн чухал шаардлагатай хэрэгцээ. Тураах бүтээгдэхүүнүүд ямар ч хяналтгүйгээр зах зээлд нэвтэрдэг. Ямар ч нөлөөгүй мөртлөө сурталчилгаа хийгээд зардаг нь ч байна. Хүмүүсийг боловсролгүй, анзааргагүйгээр нь далимдуулаад ашиг орлого олж байна. Өдөр бүр хордоод яваад байвал нэг өдөр л том асуудал үүснэ.

Чипс хорт хавдар үүсгэдэг гэдгийг хэн нотолж, тодорхойлсон юм бэ? Баттай нотолгоо байхгүй мөртлөө хортой хүнс гээд зарлачихдаг. Чипснээс хүүхэд тос, цардуулын хэрэгцээгээ авч байна. Эдгээр нь яалт ч үгүй шим бодис. Харин хэрэглэх хэмжээнээсээ хэтэрвэл маш их тос авч, таргалалт явагдана. Хүүхэддээ “чипс хортой шүү” гэж хэлэхийнхээ оронд “чи аав, ээжийнхээ өгсөн мөнгөөр өдөр бүр өөр төрлийн зүйл авч идэж байгаарай” гэж зөвлөх нь өөрөө эрүүл хандлага юм. Хэрэглэж байгаа хүнснүүдээ солонгоруулж, олон төрөл болгох нь зохистой хэрэглээ.

Яг одоогийн орчин нөхцөлд хүмүүс эрүүл хүнсний бүтээгдэхүүн гэдгийг маш ихээр хайдаг болсон байна. Эрүүл хүнсийг тодорхойлох нэг шалгуур бий. Илүү цэвэр гарал үүсэлтэйгээр нь тодорхойлж болно. Ааруул, тараг, сүү, өрөм бол гарал үүслийн хувьд эрүүл хүнс мөн.

Гэхдээ хэрэглээний хувьд энэ эрүүл юм чинь гээд замбараагүй хэрэглээд байвал маш их тос шүү дээ. Тэгэхээр тухайн хүнсний үйлчлэх бодис нь юу юм бэ, яах гэж хэрэглэдэг юм бэ гэдгийг танин мэдэх хэрэгтэй. Өөрийн биедээ тааруулж, тохируулж хэрэглэж байж л эрүүл хүнс болно. Түүнээс биш эрүүл хүнс гээд нэг тал нь сурталчлаад нөгөө тал нь хайгаад байх тусам зохистой хэрэглээ гэдэг зүйл маш их алдагдаж байна.

Овъёосны жигнэмэг эрүүл, орео жигнэмэг эрүүл биш гэдэг бол буруу хандлага. Овъёосны жигнэмгийг байнга ихээр идээд байвал гэдэсний түгжрэл болох магадлал өндөр. Ислэг гэдэг зүйл биед шингэхгүй учраас эрүүл мэндэд янз бүрийн асуудал үүсч болно. Орео эрүүл биш юм уу гэвэл тийм биш. Ялгаагүй л гурилаар хийж, түлсэн сахарын өнгөөр өнгө оруулсан хар жигнэмэг шүү дээ. Тэгэхээр хүнсний ойлголтод аль нэг эрүүл, эрүүл бус брэндийн бүтээгдэхүүний тухай ярих нь тийм чухал биш. Зохистой хэрэглээ, хандлагаар л эрүүл, эрүүл бус гэж ангилах нь чухал.

Хүмүүс антибиотик, вакцин аль алийг нь химийн тариа гэж ойлгодог. Вакцин гэдэг дархлалын системд өөр аюултай вирусыг таниулах үйл ажиллагаа. Тэгэхээр вакцин дотор хагас үхмэл болгосон вирус байдаг. Нэг нь химийн бодис, нөгөө нь аюулгүй болсон нян бактер тул ямар ч аюулгүй. Вакцин хийлгэсэн мах идээд хордоод байх зүйл ерөөсөө ч байхгүй.

Доктор  Ц.ТӨРБАТ: Хүн үхэхээр яах вэ. Оргүй болох юм уу? Дахин энэ ертөнцөд төрдөг юм уу? Бие нь үхсэн ч сүнс нь өөр төр...
14/07/2025

Доктор Ц.ТӨРБАТ: Хүн үхэхээр яах вэ. Оргүй болох юм уу? Дахин энэ ертөнцөд төрдөг юм уу? Бие нь үхсэн ч сүнс нь өөр төрөл рүү очоод, нөгөө ертөнцөд амьдардаг юм уу? Хүннүгийн булшны тухайд энэ үзэл дээр тулгуурлаад ертөнцийг үзэх үзэл нь гарч ирдэг.

Хүннүчүүдийн булшинд тодорхой эд зүйлс тавьдаг. Үхсэний дараах амьдрал байхгүй бол энэ бүхэн хэрэггүй шүү дээ. Тэгэхээр үхсэний дараа амьдрал байна гэж итгэж байгаа биз. Эд зүйлд хүртэл сүнс, амь байна гэж итгэж байгаа юм. Эд зүйлсийг ч гэмтээж хийдэг. Эд зүйлийнх нь сүнс нь бас эзэнтэйгээ цуг явах учиртай гэж үздэг.

Хоёрдугаарт зүг чигийн асуудал байдаг. Монголчуудын уламжлалт ойлголтоор зүгийн муу зүүн хойд зүг гэдэг. Зүүн хойд зүгээс ирсэн атгаалжин хар мангас гэж үлгэрт гардаг. Мангасууд яагаад зүүн хойд зүгт амьдардагийг мэдэх үү?

Бүх монгол тууль дээр тэд дандаа зүүн хойноос ирж байгаа юм. Зүүн хойд зүгт нөгөө ертөнц байдаг гэж үздэг. Хүн бус амьтдын ертөнц гэсэн үг. Монголчууд бараг долдугаар зуунаас хойш өөд болоочдоо тасралтгүй зүүн хойд зүг рүү харуулж оршуулж байгаа. Хүн үхсэнээс хойш нөгөө ертөнц рүү явдаг гэж үздэг. Тийм учраас эд зүйлс адуу мал, хувцас хэрэглэл, зэр зэвсэг, сав суулга дагалдуулж тавьж байсан.

Хүннүгийн булшны тухайд хүнд хэрэгтэй бараг бүх зүйлийг дагалдуулж тавьдаг байсан. Жирийн иргэдийн гэж ялгаж нэрлэж байгаа ч яг үнэндээ бас жир бус хүмүүс байгаа юм. Нийгмийн тодорхой статустай хүмүүс байж.

Одоогоор Монголд 13-15 мянган хүннүгийн булшийг илрүүлээд байна. Хүннүгийн хүн ам наад зах нь 500-600 мянга байсан. Наад зах нь 100 мянган булш байх учиртай. Тэгэхээр хүн болгонд булш хийдэггүй байж. Тодорхой түвшний, байр суурьтай хүмүүст зан үйлийн дагуу сонголт хийж зарим хүмүүст булш хийдэг, заримд нь хийдэггүй байж. Язгууртан, хаадын булшнаас ялгарч байгаа нь уламжлалт зан үйлийн дагуу оршуулж байсан.

Тийм учраас жирийн иргэдийн булшнаас маш баялаг эд зүйл гарч болно. Гэхдээ харамсалтай нь хүннүгийн бараг бүх булшийг тоночихсон.

Тэгсэн ч асар их зүйл үлдсэн. Тонуулчид бүх талбайгаар орохгүй. Гол үнэтэй зүйлсийг нь хамдаг. Гэхдээ олон зүйл үлддэг. Адууны тоног хэрэгсэл, сав суулга, голдуу эрчүүд зэр зэвсэгтэй байна. Гэхдээ хүннүгийн эмэгтэйчүүд бас зэр зэвсэгтэй байдаг. Хүннүгийн эмэгтэй булшны 20 хувиас нь зэр зэвсэг гардаг.

Булшиндаа маш их юм авч ордог байсан.Гэхдээ нүүдэлчид одоогийн хэллэгээр бол минималист амьдардаг хүмүүс шүү дээ. Хогшил ихтэй бол нүүдэл хийж чадахгүй. Гэхдээ хүннүгийн үе бол бусад үетэй харьцуулахад маш баялаг. Оршуулгандаа их анхаарал тавьдаг. Их хэмжээний эд өлгийн зүйлс дагалдуулдаг байсан. Жишээлбэл хүннүгийн зарим булшнаас арав, хорин мал гаргаж байсан.

Гэхдээ бүтнээр нь тавихгүй. Үхэр, хонь, ямаа, адууны яснууд гарч байгаа юм. Толгой, дөрвөн шийр, хүзүү, сүүл цэгцтэй бөөндөө байдаг. Харин дундад зууны монголчуудынх хамаагүй хөнгөн болоод явчихдаг.

Халимагийн алдарт туульч О.ЦАГААНЗАМ: Тууль бол тэнгэрээс онгодоор бууж ирсэн зүйл. Түүнийг яаж засах вэ. Яг тэр хэвээр ...
13/07/2025

Халимагийн алдарт туульч О.ЦАГААНЗАМ: Тууль бол тэнгэрээс онгодоор бууж ирсэн зүйл. Түүнийг яаж засах вэ. Яг тэр хэвээр нь мянган жил хайлах хэрэгтэй.

Дээр нь юм нэмж болохгүй. Яагаад гэхээр тууль гэдэг тэнгэрийн юм. Тэнгэрээс зөвшөөрвөл тууль хайлж байдаг. Болох болохгүй хүн тууль хайлахаар нас нь ахар болно гэж ярьдаг шүү.

Жангар, Ар Бумбын орон гэдэг нь тээр сансраас, Алтан гадас, Долоон бурхнаас бууж ирсэн гэж би боддог. Монголчуудад “Жангар” туулийг дээрээс өгсөн. Тэр хэвд нь цээжлээд хадгалаад явах хэрэгтэй. Миний санаа бодол ийм. “Жангар”-ыг хайлах, сонсох хэрэгтэй. Бахархаж, омогших хэрэгтэй. Монгол, Халимагийн амьдралд их л хэрэгтэй, энергитэй юм.

Би Бурхан халдуны хормойд нь тууль хайлсан. Бурхан халдундаа хүрээд, “Жангар”-ын хэсгээс хайлсан юм. Бурхан халдунаа шүтээд, гал тахисан хэрэг л дээ. Бид Бурхан халдунаас гаралтай хүмүүс шүү. Ижилийн хөвөөнөөс баатад Цагаанзам нь ирлээ, одоо хүртэл бид нь туулиа хайлаад, түүхээ мартаагүй явна гээд цэрэг маягаар илтгэсэн.

Тууль хайлж байхад зарим мэдрэмж төрдөг, харж үзэгдэж сонсогддог юм байдаг. Алдарт богд Жангар бол үлгэр биш. Мухамед, Есүс, Буддагаас илүү манай бурхан.

Эртний цагт амьдарч байсан өвөг дээдэс маань их л заяатай хүмүүс байж, дээрээс онгодоор тууль буулгаж өгсөн. Баруун Монголд 40 гаруй нэртэй тууль байсан гэж ярьдаг. Туулийг би тэнгэрийн их сургууль гэж боддог.

Хамгийн сонин нь гадаад хүмүүс хэл мэдэхгүй ч тууль их сонирхдог. 1200 хүн чимээгүй суугаад сонсч байсан. Манайхан өөрсдийнхөө үнэт зүйлийг анзаардаггүй, хүнийхийг шагшдаг.

Гадаадад явахад тууль гэдэг агуу юм гэж мэдрэгдэж байна. “Хэл мэдэхгүй байж яагаад сонсоод байна вэ” гэхээр “Цаана нь нэг эмоци байна” гэдэг. “Жангар” туулийг дээрээс надад даалгасан. Зөв буруу, нүгэл буян, сайн, муу, хар цагааныг ялгах, олон хүмүүсийг нэгтгэж хамт амьдрахыг заадаг их ухаан туульд бий.

Анх тууль хайлж эхлэхдээ хүмүүс анзаарч байна уу гээд хардаг байсан л даа. Дараа нь тэр бүхнийг тоохоо байсан. Хүмүүс сонсвол сонсог. Би бол тууль хайлахдаа Алдарт Богд Жангараа магтаж, аав ээж өтгөсөө баярлуулан, дээд тэнгэртээ бид таны сургаалыг мартаагүй гэдгээ гэрчилж байгаа юм. Бид аав, ээжийнхээ заавраар амьдарч байна. Алдарт Богд Жангараа хайрлаж байна гэдгийг илтгэж байгаа юм. Танхимд мянган хүн сууж байна уу, сая хүн байна уу хамаагүй.

Шашин гараагүй байхад тууль байсан гэж үздэг. Суут богд Чингис хаан туулийг сургаал болгож, олон ард түмнийг удирдаж байжээ.

Хамгийн гол нь “Жангар” туулийг ард түмэн анзаарч, сонсож байна уу гэдэг чухал. Телевиз, интернэт гээд зөндөө сонин юм гарсан шүү дээ. Тууль сонсох сэтгэл, ойлгодог хэл хэрэгтэй. “Жангар” хайлдаг туульчид сонсдог хүмүүсээ өөрсдөө олж авдаг.

Тууль хайлахад хүч шаардлагатай. “Халимагууд сонин хүмүүс, олуулаа цуглаад, дөрөв таван өдөр дараалан тууль сонсдог. Туулиа сонсож байхдаа зарим нь хашгирч уйлаад, малгайгаа газар шидээд, галзуураад байдаг” гэж Н.В.Гоголь гэж Оросын том зохиолч, халимагуудын түүхийг судлаад бичсэн байдаг.

Тууль хайлахыг сонсогчид ч бас транст ордог, баатруудтай холбогдож, дотроосоо халуу дүүгэж, энерги хийморь сэргэдэг гэдэг.

"Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" номын зохиолч ЖЕК УЭТЕРФОРД: Би бүр жаахан байхдаа л Монголд ирж үзэхийг...
12/07/2025

"Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" номын зохиолч ЖЕК УЭТЕРФОРД: Би бүр жаахан байхдаа л Монголд ирж үзэхийг мөрөөддөг байсан шүү. Монголын тухай таван ширхэг марк олсноосоо хойш бүр ч их боддог болсон. Гэхдээ тэр үед Монгол хаалттай байсан л даа. Монгол руу ирэх ямар ч боломж байгаагүй.

Харин 1990 онд Турк судлалын ажил эхлүүлчихсэн байхдаа Монголд ирсэн. Хархоринд байдаг Туркийн булшийг судлах гэж. Анх ирэхдээ шөнө буусан юм. Улаанбаатарыг ч үзэж амжилгүй Хархорин руу явсан. Өглөө нь цэлийсэн талд сэрээд л анхны харцаар дурлачихсан.

Судалгааны ажлаа дуусгаад буцахдаа “Дахиж ирэхгүй байх. Тэгээд ч эргээд ирлээ гэхэд одоо төрж байгаа шиг ийм гоё мэдрэмж төрөхгүй биз дээ” гэж бодсоноо мартдаггүй. Гэтэл яасан гээ. Гурван сарын дараа эргээд ирсэн чинь бүр ч гоё санагдсан. Монголын тухай бичихийг хүссэн.

Энэ орны тухай л бичиж байж Ази, Европ хоёрыг ойлгох юм байна гэж бодсон. Турк эндээс гаралтай, Уйгур эндээс гаралтай. Ази, Европын дунд Монгол байдаг юм байна, энэ орныг ойлговол Ази, Европ хоёрыг ойлгох юм байна гэдэг бодол орж ирсэн дээ.

Нүүдэлчний соёл иргэншлийг ойлгох юм бол дэлхий ертөнцийн хувирал өөрчлөлтийг ойлгох юм байна гэж бодсон. Нүүдэлчний соёл дотроо Монголыг ойлгоё гээд явж байтал Чингис гэдэг хүнийг ойлгохгүй бол Монголыг ойлгохгүй юм байна гэж ухаарсан. Тэгээд л Чингис хааны тухай асууж сураглаж эхэлсэн. Чингис хааны түүхийг ойлгоод, Монголтой холбоод Ази, Европыг ойлгож эхэлсэн чинь Монголд дурлачихсан.

Түрк судлалаар бичсэн анхны номоо хэзээ ч дуусгаж чадаагүй. Туркээ судлах гэж ирээд Монголд дурлачихсан учраас дуусгаж чадаагүй. Би хижээл насны эрэгтэй хүн. Настай эрэгтэй хүн залуу эмэгтэйд дурласан тухай түүх их байдаг. Гэтэл би залуу эмэгтэйд дурлахын оронд Монголд дурлачихсан. Ингээд л би Монголоос салж чадахаа байсан. Миний хижээл насны дурлал бол Монгол. Хэрвээ хүн дахин төрдөг бол би дараа төрөлдөө Монголд төрнө гэж боддог шүү.

Ардын жүжигчин, төрийн шагналт, ХХ зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжидийг бүжигчид багшаа гэж хүндэтгэдэг. Сэ...
12/07/2025

Ардын жүжигчин, төрийн шагналт, ХХ зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжидийг бүжигчид багшаа гэж хүндэтгэдэг. Сэвжид гэдэг хүнийг огт хараагүй залуу бүжигчдийн хувьд ч тэр багш нь. Монголын үндэсний бүжигт шинэчлэл хийсэн энэ эрхмийн өмнө бүжигт хайртай, бүжгээр амьсгалж, амьдардаг хүн бүр гүн хүндэтгэлтэйгээр мэхийх учиртай.

"Жалам хар"-аараа түмний сэтгэлд үлдсэн Ц.Сэвжидийн уран бүтээлийн оргил үе 1960-аад оноос эхтэй. Энэ үеэс түүний монгол үндэсний бүжгийг дэлхийн тавцанд гаргах түүх эхэлсэн юм. Дэглэсэн бүжгүүд нь Дэлхийн урлагийн их наадмуудаас байнга л алт, мөнгөн медаль авчирч, Монгол гэдэг нэр олон улсын урлагийн тайзнаа байсхийгээд дуудагдаж байлаа.

Олон улсын хэмжээний үйл явдлын индрээс “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын” гэж дуудуулах нь Монголын хувьд хэрэгтэй, хэрэгцээтэй тийм л цаг үед Ц.Сэвжид алдартай бүжгүүдээ дэглэж байв. Тухайн үед Монгол Улсын тусгаар тогтнолыг мэддэг, хүлээн зөвшөөрдөг улс цөөхөн байсан юм. Энэ ч утгаараа тэр монголынхоо тусгаар тогтнолыг дэлхийд зарлахад өөрийнхөө хувь нэмрийг оруулж чадсан хүн.

Уран бүтээлчид хаад, хатдын намба, ордны дэг жаяг гэж ярихаас ч цэрвэж байсан хэцүү үед Сэвжид “Ноёд”, “Хатад” бүжгээ дэглэн “зөрүүдэлж” байлаа.

Багт бүжгийн төрөлд багтах цамын бүжгийг тэр тайзнаа дэглэн амилуулж чадаагүй. Шашин гэж сулхан дуугарч ч болохгүй байсан үед цамын бүжгийг тайзнаа дэглэнэ гэдэг давахгүй даваа байв. Гэхдээ “ардын бүжгийн хаан” гэсэн алдрыг үзэгчдээсээ хүртсэн энэ эрхэм хүн болохгүй гээд дардан замаар алхахыг хүссэнгүй. Заавал дэглэж тавина гэж цаг үетэйгээ сөргөлдөхийг урьдал болгосонгүй.

Ж.Бунтарын найруулсан “Төгсгөл” кинонд цамын бүжгийг дэглэлцэж театрын тайзнаа мөнхлөөгүй дэгээ баримтат кинонд үлдээж чаджээ. Чойжин ламын сүмээс 1921 оноос хойш гаргаагүй багт бүжгийн цамын хувцсыг зөвшөөрөл авч гаргуулна гэдэг кино найруулагч Бунтар, бүжиг дэглээч Сэвжид нарын их ухаан байсан гэж судлаачид өнөөдрийг хүртэл ам дамжин ярьдаг.

Тэр багт бүжгүүдийн төрөл, бөөгийн хөдөлгөөнийг урлаг болгосон нэгэн. Бөөлөх гэж буй бөө хэцээ барьж оргойгоо өмсчихөөд дэлхийн хаа нэгтээ байгаа далд онгодоо дуудаж ярилцдаг. Өмсгөл, багийнх нь цаана бидний мэдэрч чадахгүй орчилтой харилцаж буй ойлгож үл гүйцэх том ертөнц нуугддаг. Далд ертөнцтэй харилцдаг бөө, гүн ухааны, сэтгэхүйн энэ онгодыг хөдөлгөөнд оруулж тайзнаа амилуулна гэдэг хэрийн уран бүтээлчийн бүтээчих мэдрэмж, чадал биш.

Бөө, бурханы шашны талаархи түүхэн домгийн сан дэндүү арвин. Зууны манлай бүжиг дэглээч энэ талаарх ном судрыг гүнзгий судалжээ. Шууд дэглэн тавьж болохгүй үе байсан ч шантралгүйгээр шинэ дэглэсэн бүжгийнхээ аль нэгэнд хөдөлгөөнүүдийг нь заавал шигтгэдэг байж. Түүний олон бүжгээс багт бүжгийн болон, цамын, бөөгийн уламжлалт хөдөлгөөнүүд тод харагддаг.

Үнэндээ ч Ц.Сэвжидийн уран бүтээлд "оруулж болохгүй" гэсэн хөдөлгөөнийг шигтгэсэн “гөжүүд” бүжгүүд жин дардаг. “Ээрүүлт” бүжиг гэхэд л 21 хандмаагийн бүжиг. Ахуйн хэрэглээгээр дамжуулаад шигтгэчихсэн учир “чи үзэл сурталд харшилсан бүтээл хийсэн байна” гэж ил шүүмжлэх боломжгүй байж.

Анзаарсан нэг нь “Сэвжидээ чи цам, бөөгийн бүжгээ хийсээр л байна уу” гэж мэнд мэдэхийн зуур тандсан үг унагадаг байсан гэдэг. Хариуд нь тэр “Би “Саальчин”, “Хөдөө нутгийн залуус” бүжиг дэглэсэн. Монголын уламжлалт бүжгийг дэглэж байна” хэмээн амыг нь тагладаг байж.

Тэр гунигладаг байсан. “Өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж, санасан бүхнээ тайзан дээр зоригтой тавьдаг бол ч…” гэсэн авъяас, ухааны ааг ханхалсан гунигт эзлүүлж явсан сод авъяастан. Ямартаа л түүний хүү бүжиг дэглээч С.Сүхбаатар “Тэр хүний тархи толгойд байсан, мэдэрсэн, тэр оюуны их боловсрол, тэр хөдөлгөөний их баялаг тэр хүнтэйгээ л бурханы оронд одсон” гэж харамсан дурсах вэ дээ.

Ц.Сэвжидийн бодлын мухарт цаг үргэлж “Миний дэглэсэн миний үндэсний бүжиг гурав дахь ертөнцөд хэр үнэлэгдэх бол” гэсэн хүсэл асаж байж. Сонгодог урлагийн өлгий Италид 1987 онд “Монголиан националь балето” гэсэн алдартай концерт тавигджээ.

Урлагийн өндөр мэдрэмжтэй итали үзэгчдээс “Монголын үндэсний бүжиг яах аргагүй сонгодог, яг балето” гэсэн бахарлын эзэн нь Ц.Сэвжид байлаа. Түүний дэглэсэн бүжгийн соруудыг дээжилсэн “Националь балето”-г үзсэн италичууд “Марко Пологийн аялж байсан Монголын их нутаг ийм бүжигтэй, ийм амьдралтай гэдгийг бид өнөөдөр үзлээ. Үнэхээр гайхамшигтай” хэмээн дуу алдаж байж.

Тухайн үед бүжиг дэгдээчийн бие муу байсан учир Улстөрийн товчоо, НАХЯ, эмчлүүлж байсан эмнэлэг нь Итали явахыг нь зөвшөөрөөгүй гэдэг. Тэр үед Сэвжид “Тэртээ XIII зуунд Марко Поло гэдэг хувраг Европын ард түмэнд Монгол угсаатны зан заншил ахуйг бичиж үлдээсэн байхад би Монголынхоо бүжгийг яагаад сонирхуулж болохгүй гэж. Нэг бол монгол гэдгээ мэдрүүлье, үгүй бол бүжиг гэдэг хэрэггүй зүйл байна гэж бодъё” хэмээн зүтгэсээр Италийг зорьжээ.

Монголын сод бүжиг дэглээч догдолсон сэтгэлээ барьж дийлэхгүй алга нижигнүүлж байсан Итали үзэгчдийн өмнө гарч зогсоод “Шавь нартаа баярлалаа. Би Монгол бүжгийн хөгжлийг харлаа” гэсэн хоёрхон өгүүлбэр хэлжээ. Монголын үндэсний бүжиг дэлхийн бүжгийн урлагт тод тамгатай гэдгийг мэдэрсэн тэр газраа бурханы оронд одсон бүжиг дэглээчийн сүүлчийн үг нь энэ.

Түүний амьдрал тэр чигтээ ардын бүжиг байв. Бүжгээр амьсгалж, монгол бүжгийн хөгжлийн төлөө шатаж, шаналж, догдолж, бүжгийнхээ гайхамшгийг мэдэрсэн орчиндоо ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Ц.Сэвжид гэдэг их хүнийг олон хүн мэдэхгүй.

“Жалам хар”-ыг нь хааяа үзэхээрээ догдолдог хэрнээ бий болгосон хүнийг нь мэддэггүй. Урлагийн хүрээнийхэн андахгүй, энгийн олон нь нэрнээс нь цаашхийг мэдэхгүй. Ийм л эгэл амьдарч эгэлгүй ихийг бүтээсэн бүжиг дэглээч Ц.Сэвжид Монголын нэг бахархал яах аргагүй мөн.

Давтан хэлэхэд энэ хүн Монголын үндэсний бүжгийг дэлхийн төвшинд үнэлүүлж чадсан, тэр утгаараа дэлхийн бахархал болсон эрхэм нэгэн. Дэлхийд цорын ганц нүүдэлчний соёлын өвөрмөц ахуй, тэр өвөрмөц ахуйг бүжгийн хөдөлгөөнд мөнхөлсөн монголын бүжиг дэглээчийн бүтээлийг зөвхөн талын Монголд л ирж ойлгох боломжтой. Учир нь “нүүдэлчин монгол” гэдэг өвөрмөц соёлыг орчинд нь орж мэдрэлгүйгээр Ц.Сэвжидийн уран бүтээлийн “бяр”-ыг ойлгох аргагүй.

Монгол судлаач, морин хуурч СТИВ МОРЕЛ: Миний хувьд ихэнхи уртын дуу амьдралын хичээл юм шиг санагддаг. Зарим уртын дуу ...
11/07/2025

Монгол судлаач, морин хуурч СТИВ МОРЕЛ: Миний хувьд ихэнхи уртын дуу амьдралын хичээл юм шиг санагддаг. Зарим уртын дуу үнэхээр үнэхээр гүн утгатай. Миний хамгийн хайртай уртын дуу бол “Асарын өндөр”. Үнэхээр сүнслэг, шашинлаг гэмээр мэдрэмж төрүүлдэг. Бүтнээр нь хуурдвал эсвэл сонсвол өөрт өвөрмөц энерги мэдрэгддэг.

Би морин хуур, уртын дууны талаар судлахдаа 15-20 гадаад хүнийг хамруулсан юм. Эрэгтэй эмэгтэй, баян, ядуу, нас насны хүмүүс оролцсон. Морин хуур тэдэнд өвөрмөц мэдрэмж төрүүлсэн. Уртын дууг бол зарим хүн сайн ойлгож чадаагүй.

Морин хуурыг бодвол уртын дуу гадагшаа арай бага түгэж байгаа. Хөөмий, морин хуур, “Алтан ураг”, “Домог”, “Хөсөгтөн”, Хү хамтлагийг цөөнгүй хүмүүс мэддэг шүү дээ.

Зарим гадаад хүн морин хуурын аялгуу сонсоод тал нутаг, морь мэдэрдэг. Гэтэл Францад жишээ нь тал нутаг байхгүй. Хэзээ ч тал нутаг үзээгүй мөртлөө уудам мэдрэмж авч, сэтгэл дотор тайвширч байна, амар амгалан болж байна гэж байсан.

Морин хуур, уртын дуу зөвхөн монголчуудад төдийгүй бусад гадаад хүмүүст ч нөлөөлнө. Бусад хүмүүс ч бас уртын дуу, морин хуурын аялгуу сонсоод уйлна, транст орно, бясалгана. Сонин сонин жишээ байгаа.

Уртын дууны сүнслэг чанарыг ойлгохын тулд амьдралын туршлага хэрэгтэй. Миний хувьд настай уртын дуучны хоолой гоё сонсогддог. Аав, ээждээ тэврүүлж хайрлуулж байгаа хүүхэд гуниг гэж мэдэхгүй. Харин хүү нас ахиж, жаргал зовлон үзсэн хойноо уртын дуу сонсвол санаж үгүйлсэн сэтгэл, гунигийг мэдэрнэ. Тэр үед л уртын дуу бүүр сүнслэг амьд мэдрэгдэнэ.

Яагаад би Монголд амьдардаг гэхээр Монгол соёлд хайртай. Тэгээд л боллоо. Монгол соёл Монголд бий. Тиймээс би Монголд байгаа. Би хайртай юм аа хийж байгаа. Монгол залуус гадагшаа явмаар байвал яв гэж хэлмээр байна. Бусад орныг үзэхээрээ харьцуулах боломжтой болно.

Хэрэв тэд гадагшаа явахгүй бол Монгол соёл ямар чухлыг ойлгож чадахгүй. Гэхдээ гадагшаа яваад монгол соёл чухал биш санагдсан ч хамаагүй. Франц хэл, соёлыг сураад түгээн дэлгэрүүлээд явсан ч болно. Монголдоо буцаж ирсэн залуус хэл, соёлоо хайрлаж түгээнэ.

Ер нь нэг соёл өөр соёлоос илүү юм байхгүй. Бүх соёл чухал. Гагцхүү сэтгэл байх хэрэгтэй.
Харин тухайн хүн юунд илүү татагдаж, юу хийхийг хүсч байгаа нь чухал. Би франц хүн учраас вино хийх ёстой гэж болохгүй. Яагаад гэвэл надад вино хийх сонирхол байхгүй.

Хэрэв би вино хийсэн бол миний вино гашуун болж магадгүй. Учир нь би энэ ажилд хайртай биш. Хүн хайртай дуртай зүйлсээ хийж амьдрах хэрэгтэй.

Монголоос явах санаа одоогоор байхгүй. Би энд баймаар байна. Магадгүй Улаанбаатарт биш хөдөө Сүхбаатар, Дундговь, Увс, Ховдод ч очиж магадгүй. Одоогоор сонгож чадахгүй. Яагаад гэвэл бүх аймаг үнэхээр сайхан. Өв соёл их байгаа.

Address

Улаанбаатар
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when nio.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to nio.mn:

Share