13/09/2026
БААЦАГААН НУТГИЙН БҮСГҮЙ БӨӨНЦАГААН НУУРАА ТАХИЛАА
Нуур усандаа хоргодох шувуудын адил унасан газар, угаасан усандаа ирэх нь хүмүүн заяаг онож төрсөн хүний л хувь тавилан ажээ. Төрийн жолоо атгалцаж, түмэн олныхоо төлөө зүтгэж, төрсөн сум, аймгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж явсан нь саяхан мэт санагдавч цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг нь хорвоогийн жам аж.
УИХ-ын гишүүн асан, "Ачлал" трейд компаний ерөнхий захирал Магваны Билэгт төрсөн нутгийн зон олон, малчин, мал хоёроо харахаар ёстой л магнайгаа тэнийтэл баярладаг нэгэн. Тэрээр өнөө жилийн налгар сайхан намрын тос даасан шаргал өдрүүдээр Намжимын Энхжаргал өмгөөлөгчийн онож хэлснээр "Хангай нурууны охь шим" болсон алдарт Бөөнцагаан нуураа тахих санаачилгыг гарган нутгаа зорин ирж, намрын налгар өдрүүдийн нэгээхэн хэсгийг нутагтаа өнгөрүүлж, алдарт Монголын овоо, хангай нуруунаас эх авдаг Байдраг, Загийн гол, Цагаан туруут, Уут, Жаргалант, Харгана, Сүмбэр, ар өвөр Галуут, Овооны гол, Өлзийт голууд цутгаж мөрөн болоход ганцхан гол дутсан Бөөн цагаан нуураа үр хүүхдүүд, ахан дүүс, аймаг, сумынхаа ИТХ-ынхантайгаа хамт билгийн тооллын намрын тэргүүн сарын шинийн 25, 26 буюу аргын тооны есдүгээр сарын 6, 7-ны өдөр тахиж төрөлх сумынхаа уул, ус лус савдгаа баярлуулав.
Бөөнцагаан нуурын энэ удаагийн тахилгат аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь болон тус сумын ИТХ-ын дарга Б.Бямбаням, Товгор багийн засаг дарга Г.Пүрэвжав, "Их Амгалант Номлол Бүтээл"-ийн хийдийн хамба Э.Бат-Орших хийдийнхээ лам хуваргуудын хамт оролцож уул, овоо, лус савдгуудын тахилгын үйлийг хийж гүйцэтгэн уул ус, нуурын орны тахилгын сан, ном судруудыг айлтган, өргөлүүдийг өргөлөө. Өнөө жилийн тахилга Монгол түмний тэр дундаа монгол бөх, эрийн хийморь сүлд оршсон алдарт монголын овооноос ургах нартай уралдан эхэлсэн бол эрт дээр үеийн тахилгат дунд Чулууны овоог тахисны дараа их үдийн наран дор Бөөнцагаан нуурын тахилга албан ёсоор эхэлсэн юм.
Бөөн цагаан нуурын хөвөөнөө зохион байгуулагдаж буй Хангай нурууны охь шим болсон Бөөнцагаан нуурын тахилга наадмыг аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь, УИХ-ын гишүүн асан М.Билэгт, сумын ИТХ-ын дарга Б.Бямбаням нар нээж үг хэлсэн юм.
Мал сүргийнхээ тоогоор улсад эхний тавд жагссан төрийн дээд шагнал Алтан гадас одонт Баацагаан сумаас улс, аймагтаа олон олон алдар цуутнууд төрж гарсны нэг нь төрийн шагналт зохиолч Чойжилжавын Лхамсүрэн, түүний шавь зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн, Монгол улсын их хурлын дарга, ерөнхий сайд асан Гомбожавын Занданшатар, УИХ-ын гишүүн асан М.Билгэт нарын олон алдартнууд төрөн гарсан Хонгор нутгийн бахархалт сумдын нэг билээ.
Ирэх онд Хүрэн морь найраглал, Маамуу наашир дуугаараа Монголын ард түмний зүрхэнд мөнхөрсөн, төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэн агсны 110 жилийн ойг Баацагаанчууд одооноос бэлтгэлтэйгээр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлнэ гэдгийг аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь хэлсэн үгэндээ тодосгоод энэхүү нэр хүндтэй ойг манай сумынхан гуравдах удаа тэмдэглэх гэж буйг онцоллоо.
УИХ-ын гишүүн асан М.Билэгт төрсөн нутаг усандаа ирж Ижий цагаан нуур, нутгийнхаа алдартай Монголын овоо, дунд чулууны овоогоо тахиж сэтгэл дүүрэн баяртай явна. Нутгийн ард түмэнтэйгээ уулзах ямар сайхан юм бэ. Баруун хаяа, Зэгсний үүр, Долоон тугал, Үзүүр худаг, Ханан, Улаан энгэрийн өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн минь газар нутгууд үргэлж нүдэнд харагдаж, нутгийн зон олон минь сэтгэл зүрхэнд бодогдоостой явдаг юм. Хүн нас ахих тусмаа нутаг ус, нутгийн түмнээ байнга санагалздаг юм байна хэмээн тодосгон тэмдэглэлээ. Мөн та бүхэндээ нутгийн хүү Г.Занданшатар дарга маань миний мэндчилгээг дамжуулаарай гэснийг тахилгат оролцож буй та бүхэндээ дуулгая гэсэн юм.
Бөөнцагаан нуурын тахилгад Баянхонгор, Улаанбаатар хотоос ч олон тахилгачид, Сүсэгтэн олон зорин ирж оролцсон. Энэхүү тахилгат зориулан хүүхдийн гурван нас, хүчит 32 бөхийн барилдаан болж Баян-Өндөр сумын ах дүү хоёр түрүүлж, үзүүрлэлээ. Ийнхүү Бөөнцагаан нуурын хөвөөнд зохион байгуулагдсан энэ удаагийн тахилга өргөн дэлгэр өнгө тунамал сайхан болж өндөрлөв. Маргааш нь буюу 7-ны билэгт сайн өдөр Магван гэх айлын үр сад, ахан дүүс нь хэдэн үеэрээ жилийн дөрвөн улиралд нутаглаж ирсэн Ханан, Улаан энгэрийн өвөлжөө, хаваржаагаа тахиж уул, ус, тэр хавийн лус савдаг, орны эздүүддээ идээ будаа, цай сүүнийхээ дээжийг өргөж баярлуулсны дараа морин дэл дээр дэрвэж өссөн М.Билэгт гүшүүн асан хүүхэд насаа эргэн дурсаж, өөрийн хобби болсон морь унах хүслээ гүйцэлдүүлэн дүүгийнхээ хатирт Хонгор морны нуруун дээр дэрвүүлэн хийморио сэргээснээр нутгийн бүсгүйн нутаг усаа тахих үйл өндөрлөсөн юм.
Ижий цагаан нуурын ганган цэнхэр мандал хөвөлзсөн цагаан давалгаа тунаруулан, зүсэн бүрийн шувуудын ганганаатай Баацагааны намар налайсан шаргал нараа дэвсэн, Ижий цагаан нуур нь нутгаа гэсэн сэтгэлийн нүнжигт бүсгүйгээ торолзон мяралзан үдэнэ билээ.
Ай алтан шаргал намрын өнгөө гэж юутай нандин, хүмүүний орчлонд заяасан нутаг ус юутай амин билээ...