16/10/2025
Г.Занданшатарын санаачлан бариулсан Баянхонгор-Шаргалжуутын автозамын 66.4 тэрбумын тендерийг өөрийнх нь хамаарал бүхий хүмүүс авчээ⁉️
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа буюу 2024 онд Баянхонгор-Шаргалжуут чиглэлд 54.1 км авто зам тавиулахаар улсын төсөвт 66.4 тэрбум төгрөг суулгасан.
Ингээд Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны тавдугаар сард Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54.1 км авто замын ажлыг хоёр багц болгож тендер зарласан.
Багц-1 буюу 25 км авто замын 30 тэрбум төгрөгийн тендерт “Бридж бюлдинг” ХХК шалгарсан. Харин Багц-2 буюу 29.1 км авто замын 36 тэрбум төгрөгийн тендерт өнөөх “Бридж бюлдинг” ХХК болон “Их богд зам” ХХК-ийн түншлэл шалгарсан.
“Бридж бюлдинг” ХХК-ийг Даваадоржийн Сүхбаатар, Пүрэвээгийн Мөнхзориг нар эзэмшдэг. “Бридж бюлдинг” ХХК-ийг эзэмшигч Даваадоржийн Сүхбаатар, Пүрэвээгийн Мөнхзориг хоёр нь Ерөнхий сайд Г.Занданшатарын хүү З.Алтангэрэл, Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханы охин М.Цэрэнлхам хоёртой “Стар конкрит” ХХК-ийг хамтран эзэмшдэг.
Харин “Их богд зам” ХХК-ийг Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайхан эзэмшдэг. Тэрбээр энэ талаараа АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлэгт бүртгүүлж байжээ.
Үүгээр зогсохгүй, Д.Сүхбаатар, П.Мөнхзориг хоёр нь Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханы “Их богд зам” ХХК-д ажилладаг байсан. Д.Мөнхсайхан 2020 онд Баянхонгорын Засаг дарга болохдоо Д.Сүхбаатар, П.Мөнхзориг хоёрын нэр дээр “Бридж бюлдинг” ХХК-ийг байгуулж өгсөн гэж нутгийнхан ярьдаг бөгөөд 2021 онд Г.Занданшатарын санаачилсан бас нэгэн ажил болох Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын шинэчлэлтийн 5.0 тэрбумын тендерийг анх энэ компаниар авч байсан түүх ч бий.
Харин Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханы тухайд, төрд ажилласан туршлагагүй түүнийг 2018 онд Г.Занданшатар Баянхонгороос авчирч, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн газрын захирлаар хоёр жил ажиллуулаад, 2020 онд Баянхонгорын Засаг дарга болгосон гэгддэг.
Дээрх мэдээллүүдийг нэгтгэж үзвэл, Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн санаачилсан Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54.1 км авто замын 66.4 тэрбум төгрөгийг өөрөө авсан гэж хардах, хуулийн байгууллага шалгах үндэслэлтэй байна.
Цахиур мн