30/03/2023
Хавар.
Хавар ийм л байдаг даа. Бидний амьдардаг гэрэлт хотод навчисны улирал ирж байхуй. Басхүү болзооны улирал, хүүгээ хөтлөөд алхдаг улирал иржээ. Чойбалсангийн хөшөөний дэргэдүүр, төв талбайгаар хөндлөн алхаад Хэрлэн зочид буудлын урдуур гарч, төв номын сангийн урд хэсэг амсхийгээд буцаад Найрамдал цэцэрлэгт хүрээлэнг зорилоо. Чихэвчээр p3 радио, тагтаа паблишинг хамтран явуулдаг "Үлдэх үг" подкастын "Этгээд хүслийн цуглуулга" номын тухай дугаарыг сонссон шиг ээ.
Үлдэх үг, Үлдэх үг гэнэ шүү гэж санахад Найрамдал ороод хамгийн эхний таарсан сандалд сууж аваад дэвтрээ гаргаж энэ өдрийн тухай, энэ гэгэлгэн хаврын тухай бичиж үлдээх хүсэл төрнө. Энэ хүсэлдээ хөтлөгдөн алхаагаа түргэсэх авч Баясгалан гэх эмэгтэйн дуу хоолой, энд надтай найрсан байгаа хаврын нялх сэвшээ хоёр нэгэн цул аялгуу болох шиг. Тэр аялгуунд автахдаа яарч байсан сэтгэл эргээд тайван, хөнгөн болох шиг.
Сэтгэл хөнгөн, алхаа хөнгөн, магад нисэж үзмээр. Тийм гэгэлгэн.
Хаа сайгүй хүрмээ тайлж тохойноос өлгөсөн залуус, нялх үрээ салхилуулж яваа ээжүүд, гар гараасаа хөтөлсөн амраг хосууд, ээвэр газар бараадан юу ч юм хуучлах ахмадууд.
Хавар ийм л байдаг даа.
Тоосонд дарагдсан саравчнууд, модон сандалнууд, эзэнтэй үгүй нь үл мэдэгдэх шувууны үүрнүүд, шорлогны төмөр зуухнууд, зайрамгны түцнүүд, үүрдийн үнэнч хайр бэлгэдэн цоож зүүсэн зүрхэн хэлбэртэй сараалжин төмөр, тэгээд хөшөөнүүд, хөшөө бүрийн дэргэд хаашаа ч яараагүй хүмүүс...
Эд бүгд "хавар ийм л байдаг даа" гэж нэгэн зэрэг бодох шиг.
Алхах сайхан байна. Голын үнэр бороог санагдуулаад, тагтаанууд зөөлөн алхах, тэдний хүзүү наранд солонгорох, голын цаад руу ширтэхэд зэрэглээтэн, дуниар татаж харагдах нь үлгэрийн юм шиг. Энэ үлгэрийн нам гүмийг эвдэж цамцаа тайлж бүсэлхийгээрээ уясан хөвгүүд сагсны бөмбөг пид пидхийлгэх, ягаан рольктой охин үсээ намируулан, ухарч явж үзүүлэх нь цаг хугацааны урсгалыг сөрөөд буцаад алхмаар, буцаж алхаад болзоонд зогсдог байсан тэртээх хаварт очмоор санагдуулна.
Хавар ийм л байдаг даа.
ЧОЙБАЛСАН ХОТ ❤