10/02/2026
🔴БНСУ-д суугаа ЭСЯ болон Солонгос Улсын Хууль зүй, Хилийн шалган нэвтрүүлэх байгууллага /Хүний эрхийн комиссод гомдол гаргах тухай
Өргөдөл гаргагч: Монгол Улсын иргэн
Овог, нэр: Бямбаа овогтой Цэцгээ
Паспортын дугаар: E
Холбоо барих: 976
Хилийн шалган нэвтрүүлэх үеэр хүний эрх, хүүхдийн эрх ноцтой зөрчсөн үйлдлийн талаар
Би Монгол Улсын иргэн Бямбаа овогтой Цэцгээ нь 2026 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос Сөүл хот чиглэсэн MIAT компанийн OM307 дугаартай нислэгээр насанд хүрээгүй төрсөн охин Б.О (4 настай)-ын хамт БНСУ-д нэвтрэхээр очсон.
Гэвч Инчоны олон улсын нисэх буудлын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт ажиллаж байсан хоёр эмэгтэй байцаагч тодорхой, үндэслэлтэй тайлбар өгөхгүйгээр намайг болон насанд хүрээгүй охиныг минь шалган нэвтрүүлэх өрөөнд оруулж, дараах ноцтой зөрчилтэй, хүний эрхэд халдсан үйлдлүүдийг гаргасан болно. Үүнд:
1. Олон нийтийн өмнө болон тусгаар өрөөнд бүдүүлэг, доромжлонгуй харьцаж, өндөр дуугаар удаа дараа орилж загнасан.
2. Насанд хүрээгүй хүүхдийн минь дэргэд албан тушаалын байдлаа ашиглан сүрдүүлж, “чамайг Монгол руу буцаана” гэх мэт сэтгэл санаанд хүчтэй дарамт үзүүлсэн.
3. Суудлаасаа босож ирэн, хуруугаараа зангаж, айлган сүрдүүлсэн байдал гаргасан нь хүний аюулгүй байдалд заналхийлсэн шинжтэй байсан.
4. Тухайн үед ямар үндэслэл, ямар шалтгаанаар саатуулж буйгаа албан ёсоор, ойлгомжтой тайлбарлаагүй.
5. Улс үндэстэн, арьсны өнгө, иргэншлээр ялгаварлан гадуурхсан шинжтэй хандлага илэрхийлж, Монгол Улсын иргэдэд чиглэсэн доромж, үл хүндэтгэсэн харьцаа үзүүлсэн гэж үзэж байна.
6. Насанд хүрээгүй хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, хүүхдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөхүйц айдас төрүүлсэн байдал бий болгосон.
Би тухайн үед “хүүхэдтэй байгааг минь харгалзан нам дуугаар, соёлтой харилцах”-ыг олон удаа хүссэн боловч уг хүсэлтийг үл тоомсорлон, харин ч илүү ширүүн, дарамттай байдлаар хандсан.
Дээрх үйлдлүүд нь БНСУ-ын Хүний эрхийн тухай хууль, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийн конвенцид заасан суурь зарчмуудыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хилийн шалган нэвтрүүлэх байгууллагын ажилтан нь хууль ёсны үүргээ гүйцэтгэхдээ хүний нэр төр, эрх чөлөөг хүндэтгэх, ялангуяа эмэгтэй хүн, насанд хүрээгүй хүүхдэд хүнлэг, зүй зохистой хандах үүрэгтэй.
Иймд:
– Тухайн өдөр ажиллаж байсан нэр бүхий хоёр байцаагчийн үйл ажиллагаанд албан ёсны шалгалт явуулах
– Камерын бичлэг, дотоод хяналтын материалд тулгуурлан бодит нөхцөл байдлыг тогтоох
– Хүний эрх, хүүхдийн эрх зөрчсөн нь тогтоогдвол холбогдох хариуцлагыг тооцох
– Цаашид гадаадын иргэд, ялангуяа хүүхэдтэй зорчиж буй хүмүүстэй харилцах ёс зүйн сургалт, хяналтыг сайжруулах хүсэлтийг албан ёсоор гаргаж байна.
Монгол Улсын иргэд ийм төрлийн доромжлол, ялгаварлалд өртөж байсан тухай олон удаа сонсож байсан боловч би өөрийн биеэр амсаж, харж, мэдэрнэ гэж бодоогүй. Энэхүү асуудлыг бодитойгоор шалгаж, дахин давтагдахгүй болгох нь хоёр улсын иргэдийн харилцан хүндлэл, найрсаг харилцаанд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Хавсралт:
– Нислэгийн тийзний хуулбар
– Паспортын хуулбар
– Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (шаардлагатай тохиолдолд)
Хүндэтгэсэн,
Бямбаа овогтой Цэцгээ
Огноо: 2026 оны 2 сарын 9
БНСУ-д суугаа ЭСЯ руу гомдол гаргаж цахим шуудан илгээлээ. Хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдэж байна🇲🇳