12/09/2025
: Зандкаа ахын бүүвэй
Энэ бичвэрийг хийхэд хүмүүс өөр өөрийнхөөрөө хүлээж авна бизээ. Энэ бол ямар нэгэн дайсагнал биш, зүгээр хувь хүний гомдол, итгэлээ алдсан улс төр сонирхогчийн “инээдэм”-тэй явдал юм.
2019.01.30
Нөгөө алдарт Жаран тэрбумын хэргээр нүдүүлж УИХ-ын даргын суудлаас М.Энхболд дарга огцроод дараагийн дарга хэн болох бол гэдэг их сонирхолтой байлаа. Учир нь би тэр үед УИХ-ын даргын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх гэдэг албыг хашиж байв. УИХ-ын дараагийн дарга хэн болох вэ? гэдэг нь миний хувьд, бас миний ахлаж байгаа жижигхэн албаны хувьд шууд хамааралтай асуудал байсан хэрэг.
УИХ-ын даргаар Ц. Нямдорж, Г. Занданшатар гээд хэд хэдэн хувилбар яригдаж байсан үе.
Тэр өглөө Ц. Нямдорж сайд УИХ-ын дарга болох нь ээ гэдэг шуум энд тэндээс баталгаажив.
Энд тэндээс ч юу байхав, урд орой нь УИХ-ын гишүүд хоёр гурван газар цуглаж зөвлөлдөөд Ц. Нямдорж сайдыг УИХ-ын даргад дахин нэр дэвшүүлэхээр тохирсоныг УИХ-ын гишүүдээс тэр өглөө мэдэж авсан юм. Үндсэн хууль судалдаг хүний хувьд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр УИХ-ын даргын суудлаас огцорсон хүнийг дахин тэр суудалд тавих боломжгүй талаар би тэр өглөө сайтуудад ярилцлага өгөв. https://news.mn/r/2082659/
Ийнхүү ярилцлага өгөхөөсөө өмнө бас бус хуульч багш, ганц нэг улс төрчидтэй зөвлөлдөв. Өөрийн бодсон маань зөв байсан тул хуульчийн хувьд яалт ч үгүй олон нийтэд түгээх нь миний үүрэг байв. Хувь хүний хувьд Ц. Нямдорж сайдтай нэлээн хэдэн удаа нүүр тулж үзсэн, яаман дээр болдог золголтон дээр очин золгоход аавын минь бие хааг асууж, хэрэгтэй бол хэлээрэй гэх мэтээр боломжийн харилцаатай болсон байв. Гээд яахав, Үндсэн хуулиа хамгаалах ёстой гэдэг нэг “эргүү” бодолтой хүн чинь хуульчийн хувьд нийгэмд нөлөөлж байгаа нь тэр.
Одоо Цэцийн гишүүн болсон байгаа О. Мөнхсайхан руу бас ярьж Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хугацаагүй үйлчлэлтэй хамгийн дээд хүчин чадалтай шийдвэр гэдгийг хэлтэл, манай хүн ч бас ингэж болохгүй гээд ярилцлага өгөхөөр болов. Нэг ёсны бяцхан аакц хийв. https://ikon.mn/opinion/1hqa
Ингээд өдөр гэхэд МАН-ын Удирдах зөвлөл, намын бүлгийнхний дунд манай салбарын сайдыг УИХ-ын даргаар томилж болохгүй, хэрэв томилвол УИХ-ын зүгээс Үндсэн хууль зөрчсөн болно гэдгийг бүгд ойлгож, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Гомбожав гуайн хүү Занданшатар гэдэг бас мэндтэй, устай явдаг ах хүү УИХ-ын даргын өрөөг ярсхийтэл татаад ороод ирэвээ гэж. Миний хувьд УИХ-ын гурван даргын зөвлөхөөр бага хугацаанд ажиллаж байсан тул дарга нар явж л байдаг, ирж л байдаг, нэг их гайхсан ч үгүй.
Цааш унших гэж байгаа бол аймар том баримт гаргаад л хүн муулах гэж байна гэж битгий бодоорой, зүгээр л надад тохиолдсон өөрийнхөө бүтэлгүйтлийг бичиж байгаа юм шүү. Эгоогоо тэжээж, сенсаац хүссэн хүмүүс уншаад хэрэггүй.
Харих ажил гарсан тул тэгж байгаад бичье.
Зандкаа ахын бүүвэй 2⃣
Ингээд шинэ УИХ-ын даргатайгаа уулзав. Мэдээж шинээр УИХ-ын дарга болсон тул баяр хүргэв.
-За Гүнбилэг доктор (намайг мань хүн доктор гэж заримдаа дууддаг. Гоё хүндэтгэлтэй сонсогдож байгаа биз дээ) цаашид хаана ажиллах, ямар бодолтой байна вэ? гэв.
Би ч бодлоо хэллээ.
-Боломжтой бол одоо байгаагаа хийгээд, үргэлжлүүлээд ажиллая. Сая таныг УИХ-ын дарга болгох гэж Ц.Нямдорж сайдын эсрэг ажиллачихлаа. Нямдорж сайд.... гээд ярих гэтэл нүд нь гүйгээд, шивнэх шахам:
-Гүнбилэгээ байж бай, бай гэж ирээд царай нь их сонин болоод босч ирээд хаалганы тэнд очиж, хүн амьтан байгааг өнгийж шалгав. Их айдастай байгаа нь илт. Туслахад:
-Хүн ерөөсөө оруулж болохгүй шүү, хэн ч байсан гэв. Хаалгаа хаагаад буцаж суув. Би ч болсон явдлыг ярилаа. 30-ны өглөө ийм ийм байдал үүссэн. Хуульч нартай зөвлөлдсөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр огцорсон хүн дахиж УИХ-ын дарга болж болохгүй гэдэгтэй санал нэгдсэн, тэгээд би жижигхэн акц хийж, та ингээд дарга болоод сууж байнаа, даргаа гэдгийг хэлэв.
Нөхөр толгой дохиж сонсов. Мэдэж байгаа ч, өөрт нь сануулах нь зөв гэж би бодсон хэрэг. Байн байн хаалга руу хяламхийн харна. Манай сайдыг л ороод ирэхвий гэж айж байгаа нь илт. Угаасаа сайд ямар ч том даргын үүдэнд хүлээдэггүй, шууд өшиглөх шахам, салхи татуулаад ороод ирдэг байсан бяртай үе нь л дээ. Би үргэлжлүүлээд цомхон албанд ажиллаж байгаа ганц нэг залууг ажилд нь хэвээр үлдээмээр байна. Эд нарт хуучин дарга, цэрэг, улс төр огт хамаа бхгүй. Ар гэрээ тэжээх гээд явж байгаа, ийм ийм учиртай, битгий ажлаас нь халаарай гэх мэтээр ярив. Зандкаа дарга:
-Ойлголоо. За гэх мэтээр хариулав.
Ингээд шинэ даргатай хамтарч ажиллах юм шиг болов. Хамтран ажиллах юм байх гэсэн бодолтой хэд хонов. Огт дуудсангүй. Ер нь аль нэг том даргын зөвлөх, ялангуяа улс төрийн албан тушаалын зөвлөх бол даргатайгаа нягт ажиллах, аль нэг ажлын хэсэгт орвол түүнийгээ даргын бодлогыг барин ажиллах ёстой алба. Нөгөө талаас зөвлөх бол даргатай зөрөх, муудалцах, заримдаа даргыгаа загнаж байх ёстой ажил байдаг. Би ч тиймэрхүү байдлаар ажиллаж ирсэн. Дургүйгээ хүрвэл илэрхийлчихдэг л байсан. Гэхдээ төрийн ёс зүйгээ мэдээж барина. Зарим нэг зөвлөхүүдийг харахад туслах шиг ажиллаад байдаг. Дарга нь ч зөвлөх биш, туслах авчихсан юм шиг аяглаж байгаа харагддаг. Энэ бол буруу.
Шинэ дарга дууддаггүй ээ. Хуучин даргын салбар хариуцсан зөвлөхүүдийг ажлаас нь чөлөөлөв. Миний нөгөө захиад байсан улс төрд ямар ч хамаагүй, цаас зөөгөөд гүйгээд байдаг нөхрийг ч ажилгүй болгов. Намайг дууддаггүй, би өрөөндөө суугаад л байдаг. Нэлээн хэд хонов. Тэгсэн нэг өдөр намайг ажлаас минь чөлөөлчихөж. Би ч даргын өрөө рүү давхиж ороод:
-Та ахаа хэлж байгаад чөлөөлчихгүй дээ гээд хүн л юм чинь би бодож байгаагаа хэлэв, дургүйцлээ хэлэв, мэдээж ёс зүйтэйгээр. Гол асуудал нь зүгээр танихгүй хүн биш, урд нь “таньдаг” ах шүү дээ. Гэтэл мань хүн:
-Ах нь М. Энхболд даргатай хууч хөөрч суулаа. Чиний талаар зөвлөлдсөн. Чамайг өөрийг нь огцруулах гээд жагсаал болж байхад гадаа талбай дээр жагсагчид дунд явж байдаг байсан. Ер нь их эвгүй залуу шүү гэж хэлсэн гэнэ. Би хүмүүсийн байр байдал ямар болж байна вэ? гэдгийг судлаад, иргэд эрх, эрх чөлөөгөө эдлэх эрхтэй, гэхдээ хуулийн хүрээнд, хүмүүс хоорондоо бие биенээ гэмтээх, гэмт хэрэгт турхирч болохгүй гээд видео, зураг хийгээд бараг өдөр болгон шударга тавын жагсаал дээр очиж уур амьсгалыг мэдэрдэг байсан. Тэрнийгээ facebook дээр бас тавина. Тэгээд гадаа гараад ирлээ ийм, ийм юм болж байна, уур амьсгал тийм байна гэх мэтээр эрсдлийн менежмент (risk management) хийж явдаг байсан үе. Хуучин дарга ч мэдэж байсан. Намайг тэгж өөрийнх нь эсрэг явсан гэж хэлсэн гэхээр нь би гайхчихсан ккк.
-Намайг өөр ажилд орох уу, яамаар байна гэнэ. Би УИХ-д дараа жил Булганд нэр дэвшинэ, тийм болохоор төрийн захиргааны ажилд орвол хэдхэн сар хийгээд 1 сарын 1-нээс чөлөөлөгдөх болно. Тэгмээргүй байна л гэв. Нөхөр сонсож толгой дохиод л:
-Энэ улс оронд чам шиг залуус, ялангуяа хуульч нар их хэрэгтэй байна. Ах нь дүүгээ дэмжинээ л гэнэ. Би гарлаа.
Ингээд би ажлаас чөлөөлөгдсөн хүн яахав, бүх зав зайгаа Булган руу чиглүүлэв. Хэнтий аймаг, Булган аймаг хоёр хүн ам ойролцоо, хотоос алслагдсан зай нь ойролцоо, байгалийн тогтоц нь ойролцоо байхад яагаад нэг нь нэг УИХ-ын гишүүнтэй, нөгөө нь 3 гишүүнтэй байгаа юм. Үүнээс болж төсөв хүртэл харилцан адилгүй хуваарилагдаж байна. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил гээд аакц хийв. Хэвлэлүүд ч сайн дэмжсэн. Нийгмийн уур амьсгал ч эерэг байв.
Ингээд УИХ-ын мандаат дээр өөрчлөлт орж, Булган аймагт дахин нэг гишүүн нэмэгдэж, хоёр мандааттай болох нь тодорхой болов.
Тэр үед Ардын намаас Булганд “сахал” ах УИХ-ын гишүүн, намын даргын хувьд мэдээж дэвшинэ, харин хоёр дахь хүн нь би өөрийгөө гэж бодно биз дээ. Зандкаа ах руугаа хааяа мсж явуулна, Булганыг хоёр мандааттай болгомоор байна гээд л, аймар найсаа найс кк.
baabar.mn/.../bulganii-n…...
Булганы сумдаар явж лекц уншина, хүмүүстэй танилцана, Өөдөө үг гээд хөөрхөн нэвтрүүлэг хийнэ, Булганы МАН-ынхантай ч би дэвших гэж байгаа гэдгээ ойлгуулж явав. МАН-ынхан нь угаасаа нутгийнхан болохоор ихэнхийг танина. Намайг танихгүй гэхэд аав, ээж хоёртой ямар нэгэн байдлаар холбоотой. Ер нь Булган руу их ч гүйсэн, их ч зардал гарсан. Гэртээ тогтохгүй л байв.
Тэгсэн тэр оны 11 сарын сүүлээр л манай алдарт ах Анандбазар л машин машинаар нь Булган руу бэлэг зөөгөөд, мөнгө тараагаад эхлэв. Хүмүүс мэднэ дээ, Зандкаа ахын үй зайгүй найз нь шүү дээ. Би арай ч Анандбазар гуайг намаас дэвшүүлэхгүй байлгүй гээд яваад л байлаа, яваад л байлаа. Гэнэн хонгорын туйлаа мэдэхгүй л яваад байлаа. Би энэ улсыг хөгжүүлнэ, би бол монголд хэрэгтэй хуульч энэ тэр гээд хөөрхөн өөртөө зориг өгчихсөн. Найз нөхөд ч дэмжээстэй. ккк
Цааш унших гэж байгаа бол аймар том баримт гаргаад л хүн муулах гэж байна гэж битгий бодоорой, зүгээр л надад тохиолдсон өөрийнхөө бүтэлгүйтлийг бичиж байгаа юм шүү. Эгоогоо тэжээж, сенсаац хүссэн хүмүүс уншаад хэрэггүй.
Уулзалтанд орлоо тэгж байгаад бичье.
Зандкаа ахын бүүвэй 3⃣
Ингээд Булган руугаа яваад л байлаа, яваад л байлаа. 4 сарын 20-доор бүх юм тодорхой болов. Намаас “энэ удаад өнж, аав ээжийнхээ намыг бодоод үгэнд ор” гэдэг албан ёсны том хүний команд ирэв. Булганаас манай “сахал” ах, бас Анандбазар гуай нэр дэвших нь тодорхой болов. Яагаад намайг нэр дэвшүүлэхгүй гэж, би энэ УИХ-д чинь орчихвол энэ их хурлын олон хэлэлцүүлгийн цагийг хэмнэж, эргэж буцсан буруу шийдвэрүүдийг зөв болгоно шүү дээ, юун Анандбазар гуай гэж намынхандаа хэлэв. Тэгсэн чинь танай Зандкаа ах чинь “Анандбазарыг дэвшүүл гэж тулгасан, чамайг дэвшүүлэхгүй” гэж гол явсан хүн чинь тэр ах чинь гэдэг юм. Хов биш, бодит үнэн болж таарав. Би энэ удаад энэ үгэнд итгээгүй гэлтэй биш ккк.
Энэ бол улс төрийн шат шатны сонгуульд сум, дүүрэг хаана ч тохиолддог хэцүү зүйл. Эцсийн бүлэгтээ мөнгөний өмнө мөнгөгүй нь сөхөрдөг тогтолцоо юм. Зөвхөн надад тохиолдоогүй, олон залуус цөөхөн орон тоон дээр өрсөлдөж байгаа учир аргагүй. Гэхдээ миний бүтэлгүйтэл бол би өөрөө нохойд барьдаг мод шиг болж хоцорсондоо гомдолтой байх нь аргагүй ккк.
Булганыг хоёр мандааттай болоход зүтгээд, ахыг УИХ-ын дарга болоход бас ярилцлага энэ тэр өгч боломж олгосон хэрэг. Бүх зүйл амьдралд тохиолддог, гэхдээ ашиглуулаад хаягдах мэдрэмж, дахиад хууртах итгэл хүнд үлддэг юм билээ.
Булганд “Зөв хүн” гэдэг эвслээс нэр дэвшиж, унав. Яаж унасан, яаж ялагдсан гээд надад тэр сонгуулиас үлдсэн юм их. Ядаж сонгуулийн эрх зүй гээд хичээл заахад, сонгуулийн хуулийг яаж боловсронгуй болгох вэ? гэдэгт өөрийгөө доторлож хөгжүүлэв.
За ингээд хийдэг ажлаа хийгээд л, амьдралын бор хоногуудаа өнгөрөөв. Хичээлээ заагаад, хүнд чанартай боловсрол олгох тал дээр илүү анхаарч, оюутнуудын судалгаагаар хамгийн хүртээмжтэй, хичээлээ гоё заадаг багш гэдэг өргөмжлөл хүртэл авав. Өмгөөлөл, консалтингаа ч хийв. Манай салбарын шүүмж ямар барагдах биш, олон сэдвээр яавал шүүх эрх мэдлийг боловсронгуй болгох вэ? гэдгийг илүү ухамсарласаар байв. Салбарын томчуудтай ч хэд хэд үзээд авав. Үндсэн хуулиудад нэмэлт өөрчлөлт хийх бүх л ажлын хэсгүүдэд гүйж, зарим төслийн эцсийн уншварыг ахын хүссэнээр орж уншиж ч байв. Төр дуудаж байхад миний сурсан юм хэрэг болж байна, намайг мэргэжилтний хувьд төр тоож байна гээд гүйгээд л байлаа. Зарим санал нийлэхгүй юмнуудыг ч олон нийтэд хүргэж, шүүмжилэхээ мартсангүй.
Тэгсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний орон тоо гарав. УИХ-аас томилдог орон тоо гарсан, дээрээс нь УИХ-ын дарга маань “ах нь чамайг дэмжинээ” гэв. Би ч урд нь хоёр удаа хульхидуулсан хүн, одоо намайг дэмжих байх гээд гүйгээд л байлаа, гүйгээд л байлаа. Бие халаалт болгож, Дээд шүүхээс санал болгодог Цэцийн гишүүний орон тоон дээр дэвшиж үзэв. Миний байнгын хамтран зүтгэгч, заримдаа онолын маргаан дээр хоёр тал болоод үздэг О. Мөнхсайхан найз дүү маань Цэцийн гишүүн болов. Одоо би УИХ-аас орох байх, энэ Цэцийн нэр хүндийг гоё болгоно доо гээд бодчихсон, инээчихсэн гүйж явлаа. УИХ-ын даргын ойр тойрныхон нь чиний нэр яригдаад байна, дарга чамайг дэмжиж байгаа юм байна тээ гээд л би ч их урам зоригтой.
Ингээд УИХ-аас Цэцэд нэр өгөх эцсийн мөчид би биш, харин манай нэг эгч маань Цэцийн гишүүн болов. Ккк
Би ерөөсөө улс төрч биш, гэнэн итгэмтгий, байнга нохойд барьдаг мод болдог гэх юмуу, ийм л хүн байгаа юм. Нэг талаас өгөөш идэх сонирхолтой өлөн л байхгүй юу? Өлөнгөөс гадна ямар нэг фракц, элдэв бүлэглэлд орох ясны дургүй нь ч “үгэнд ордоггүй” гэх тодотголыг авдаг байх.
Миний Зандкаа ах бол хүн хөөргөхдөө сайн, хүнийг сайн бүүвэйлдэг хүн гэдгийг би дараа нь Баянхонгорынхоноос, хамтарч ажиллаж байсан хүмүүсээс нь сонссон. “Зандкаагийн бүүвэй” гэдэг хэллэг угаасаа байдаг юм билээ.
Өнгөрсөн сонгуулиар Баянхонгорынхон харин ахыг бүүвэйлчихсэн байна лээ кк.
Эцсийн бүлэгтээ энэ хүн МАН-ын дарга болно, ойлгомжтой. Тэгээд Ерөнхийлөгчид нэр дэвших нь бараг тодорхой байна. МАНай нам бол угаасаа хүч хаана төвлөрнө түүнийг дээш нь шиддэг зүй тогтол.
Би харин дахиж ахтай юу ч ярьсан итгэхгүй.
Гэртээ төмс арилгаад зогсож байхдаа л зурагтын мэдээ сонсоход Үндсэн хуулиа зөрчиж байна даа гээд л өнгөрдөг болсон. Ахын маань Үндсэн хууль зөрчсөн үйлдлүүд тоогоо алдсан, би ч зөндөө шүүмжилж Цэцэд өгсөн. Явахгүй юм билээ.
Би харин дахиж бүүвэйнд орохгүй ээ, ахаа гээд нэлээн дээр өөрт нь хэлчихсэн амар. Тэгсэн чинь харин саяхан төрсөн өдрөөр минь ах маань viber-аар төрсөн өдрийн мэнд хүргэе гэж нааж байна лээ. Ккк
Би бүүвэйлэгдэх гэж байгаа мэдрэмж шууд төрөөд айсан, цочсон.
Боль боль, одоо зүгээр мөр мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байя.
Би түүний хэчнээн удаа хууль зөрчсөн, яаж хуулийг уландаа гишгэж, буруу бодлого явуулж байгааг мянгантаа хэвлэл, мэдээллээр ярьж явсан хүн учир тэр бүрийг энэ удаад тоочихоос залхуу хүрээд орхив. Бодлого ярьж бичихээр унших биш, харин хүн бичихээр уншдаг нэг тийм зүй тогтолд тааруулж байгаа минь энэ.
МАН-ын дарга болоод Ерөнхийлөгч болох гэж байгаа хүнийг яах гэж ийм юм бичээд байгаа юм, чамайг өөд нь гаргахгүй дээ гээд байгаа урдны хоёр хэсгийг уншсан, надад санаа зовсон улсад гэж хэлэхэд нийгмийн амьдралд ус доошоо биш, өөдөө урсдаг шүү гэж хэлье.
Өчүүхэн Гүнбээ нь баахан “инээдэм”-тэй зүйлээ ийнхүү сийрүүлж, дотроо байгаагаа та нартай хуваалцаж санаа амарлаа. Өөр өөрийнхөөрөө хүлээн авч, хаяхыг нь хаяна бизээ.
Миний олон журмын нөхөд бүүвэйлэгдэхдээ бэлдэж байна. Амжилттай бүүвэйлэгдээрэй!
Намынх нь хуралд амжилт хүсье!
Эээ бүүвэй, эээ бүүвэй, эээ бүүвэй гэхгүй юу. За за, ингээд дуусгая.
Гомбожавын Занданшатар
Gunee Bileg