
11/01/2024
Хөдөө сумаас 90 онд анх аймагт орж ирээд нэг үе юу хийх, ямар ажил алба эрхлэх үү гээд арга эвээ нэг л олохгүй хэсэг явсан. Тэгээд би, ер нь энэ хаягдал болж хог дээр хөглөрч байгаа шилнүүдийг цуглуулж үйлдвэрт нь нийлүүлэх боломж байдаг болов уу гэж бодоод асууж сураглавал хотод АПУ компани авдаг болж таарав. Цуглуулсан хэдэн шилээ эхлээд хувь хүнээр дамжуулж хотруу ачуулж үзсэн чинь санасанд нэг л хүрсэнгүй. Арга ядаад өөрөө хотруу очиж хөөцөлдөж явсны эцэст АПУ-даа шууд нийлүүлдэг болоод одоо 33 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Гэхдээ миний хамгийн анхны хөрөнгө оруулалтыг “Увс хүнс” компани хийж байлаа. Би гэдэг хүн тэгж л анх удаа шил татан авч, цуглуулж, нийлүүлэх ажлаасаа орлого олж түүнээсээ маш их урам авч билээ. Ажлаа дөнгөж эхлэх үед одоогийнх шиг такси энэ тэр байхгүй байлаа. Ганц нэг шаахайт л таксинд явдаг. Би ч яахав тавийн цагаан уутыг дундуур нь хоёр хуваан тор болгоод оёчихсон түүндээ сэнж/ бариул/ хадчихаад шилнүүдээ дандаа явган явж цуглуулдаг байв. Хааяа нэг бүр их ядарсан үедээ шаахайтанд сууна. Одоо харин ажил амьдралыг минь гадна байгаа энэ цагаан тэрэг/ портер/ маань залгуулж байна даа. Энэ ажлын буянд амьдрал минь дээшилж, амьдралд минь ажил маань өмөг түшиг болсоор явна. Гудамжинд хөглөрөх хог хаягдлыг багасгахад хийж буй ажил минь жоохон ч болов тус дэм болохоос гадна байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалж байгаа хэрэг гэж боддог доо. Анх бол мэдэхгүй, чадахгүй хэцүү зүйлс их гарна. Хүн чинь тэгээд аливааг хийж дадах тусам улам туршлагаждаг юм билээ. Одоо бол асуудалгүй ээ. Баар, ресторанаар яваад шууд шилээ татчихна, 50 гаруй мянга болохоор нь хотоос машин ирээд ачаад явдаг. Ангилж, ялгахаас өгсүүлээд ажил их шүү. Бүр их бохирыг нь ялгаж байгаад сайхан угааж цэвэрлээд явуулдаг. Жилдээ хоёр удаа ингэж нийлүүлэлт хийнэ. Үүнийхээ хажуугаар портертойгоо хөлсөнд явна шүү дээ. Айл гэр, албан байгууллагын хогийг нааш цааш болгоно. Хогийн хард аваачиж хогоо буулгахаар заримдаа тэнд ажилладаг хүүхдүүд “Бадамаа эгчээ энэ хэдэн шил аваад яв гээд л өгнө”. Түмэн олны буянд болоод л явна. Эгчийнх нь ажлын замнал энэ. Ямар ч хүн тэгээд хийж буй ажилдаа хамгийн гол нь чин сэтгэлээсээ хандаж чадвал амжилтанд заавал хүрнэ гэж боддог доо. Болдог бол харин тэр хогийн харын хогнуудыг нэг сайхан цэгцэлж, цэвэрлэчихмээр санагдах юм. Нүдээр очиж үзээгүй болохоор хүмүүс нэг их мэдэхгүй л байх. Зундаа бол үнэр танар хэцүү шүү дээ тэр хавь. Агаарт дэгдсэн хогоороо амьсгалаад ямар олиг байхав. Чаддаг, мэддэг хүмүүс нь хараандаа аваад нэг ажил болгочихвол манай Ховд цэмцийгээд л явчихна байх даа.