11/05/2025
Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч “МНРИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Цолмонтой ярилцлаа. Түүний ярилцлагаас дараах эшлэлийг Mining.mn онцолж байна.
-Анх уурхайд том техникүүдийн хөдөлгөөн дунд машин жолоодоод явахдаа сүрдэх, эмээх зэрэгцдэг байсан. Ер нь уул уурхайн салбарын зовлон жаргалыг дотроос нь, эхнээс нь туулж ирсэн. Одоо ч мөн туулж явна аа.
-Манай салбарт эмэгтэйчүүд гэнэт гарч ирсэн биш л дээ. Гэхдээ эрчүүдтэйгээ харьцуулбал тун цөөхөн. Уурхайнууд аюул осолгүй, ажилбарууд нь программчлагдаад, технологийн дэвшил сайжрахын хэрээр эмэгтэйчүүдэд хийж чадахгүй ажил гэж байхгүй болсоор л байгаа. Надтай зэрэгцээд ажиллаж байсан охид одоо менежмент, удирдлагын түвшинд амжилттай ажиллацгааж байна.
-Уул уурхайд байгаа эмэгтэй захирлуудын нэг онцлог нь бизнесээсээ даваад орчны, нийгмийн мэдрэмж өндөр, үүндээ анхаардаг нь анзаарагдаад байгаа. Салбарт нийгмээ мэдрэх мэдрэмж, хариуцлагатай байх чанар тун чухал болж өөрчлөгдөж байна.
-Уул уурхайг байгаль орчны эсрэг гэх ойлголт аль эрт хуучирсан. Эх дэлхийгээ аврах, хүний амьдралд хүчтэй нөлөө үзүүлээд байгаа, ялангуяа хөгжиж буй орнуудын сэргэж буй эдийн засагт маш их эрсдэлтэй бий болгодог уур амьсгалын өөрчлөлтөд уул уурхай л хамгийн их хувь нэмэр оруулах юм байна гэдгийг дэлхийн томоохон хөгжлийн байгууллагууд, Дэлхийн банк, НҮБ гээд л бүгд дор бүрнээ хүлээн зөвшөөрч байна. Чухал ашигт малтмалын бодлогын бичиг баримтуудаа батлаад, гишүүн орнуудаараа хэлэлцүүлээд эхэлчихсэн, энэ цагийн тренд сэдэв болоод байгаа.
-Геологи бол олон салаа, өргөн суурь ойлголттой байгалийн шинжлэх ухаан шүү дээ. Тухайн газрын тогтоц, байгалийн шинж чанарыг геологичоос илүү сайн мэдэх хүн гэж байхгүй, тэр нь гүйцэтгэх удирдлагаар ажиллахад маш их түшиг болж байна. Нэг үгээр төслөө илүү сайн мэдэрдэг юм байна гэж хараад байгаа.
-Яах вэ, хувь хүний сонголт. Юм сурна, гэхдээ монгол хүн юм чинь эргээд л ирдэг гэж бодож байна. Ирэхэд нь улс дотроо бид асуудал багатай, сайн сайхан нь илүү л байж байх хэрэгтэй.
-Дэлхийд ордыг нээж олохоос эхлээд эдийн засгийн эргэлтэд оруулах хүртэл ойролцоогоор 19 жил болж байна гэсэн тооцоо байгаа. Харин Халзан бүрэгтэй бол 1980 оны сүүлээр нээгдсэн, нээгдсэнээсээ хойш 30 гаруй жил болж байгаа орд. Нөгөө талаасаа дэлхийд яг одоо ногоон технологид хэрэглэдэг газрын ховор элемент гэх мэт түүхий эдийн эрэлт үүсээд байгаа. Тэгэхээр ашиглах мөчлөг нь ирчихсэн гэж хэлж болно. Яг энэ мөчлөг дээрээ байгаа ордын ашиглалтыг оройтуулж болдоггүй, тэгвэл үнэгүйддэг.
-Урьдчилсан ТЭЗҮ дууссан. Үндсэн ТЭЗҮ хийх ажил үргэлжилж байна. Энэ ажлын ард гарахын тулд дараагийн шатны хайгуулын ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа. Мөн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгээд явж байна. Олон улсад энэ чиглэлд мэргэшсэн сайн туршлагатай компани хийж, гүйцэтгэж байгаа. Үндсэн ТЭЗҮ, БОННҮ дууссаны дараа иргэдийн асуудаг олон асуулт илүү тодорхой болно. Хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх байдлууд улам ойлгомжтой болно.
-Харилцаа гэдэг амаргүй. Иргэд маань биднийг ойлгоосой, өөрийнхөө нутгийн төсөлдөө илүү оролцоотой байгаасай гэж хүсдэг. Халзан бүрэгтэй төсөл бол бидний хамтын ирээдүй. Тийм учраас орон нутаг, нутгийн иргэдийн харилцаа, хамтын ажиллагаа үүнд маш чухал.
https://mining.mn/content/1502