26/06/2025
Кени улсад өнгөрсөн жил төсвийн шинэчлэл, татварын нэмэлтийг эсэргүүцсэн өргөн хүрээтэй жагсаалын дараа яг нэг жилийн дараа дахин эсэргүүцлийн давалгаа өрнөлөө. Энэ удаа ч мөн Gen Z үеийн залуучууд жагсаалыг эхлүүлж, нийслэл Найроби хотоос эхлэн улс даяар тархсан байна.
Жагсаал анх тайван эхэлсэн ч удалгүй жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсч, харамсалтай нь 16 хүн амь үрэгдэж, 400 гаруй хүн гэмтэж бэртжээ. Жагсагчид Ерөнхийлөгч Уильям Руто болон түүний Засгийн газрыг эсэргүүцэн, огцрохыг шаардаж, Ерөнхийлөгчийн ордонд хүрэх оролдлого хийсэн ч цагдаагийн хамгаалалт зогсоосон байна.
Засгийн газар жагсаалыг хязгаарлахын тулд зарим телевиз, радиогийн сувгийг хаах шийдвэр гаргасан ч Найроби дахь дээд шүүх уг шийдвэрийг цуцалжээ. Гэвч залуучууд TikTok, YouTube, Telegram, Facebook зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон хэвээр байна.
Парламентын ордны ойролцоо өнгөрсөн жилийн мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн жагсагчдын дурсгалд зориулж цэцэг, зурвас тавьсан нь энэ жагсаалын бэлгэдлийн нэг хэсэг болжээ.
50 сая гаруй хүн амтай Кени улс бүс нутгийн томоохон эдийн засагтай ч өсвөр болон залуу үеийн амьдралд нааштай өөрчлөлт мэдрэгдэхгүй байгааг тэд онцолж байна. Эрх баригчдаас нийгмийн тэгш бус байдал, ажилгүйдэл, амьжиргааны өртгийн өсөлтөд хариуцлага хүлээхийг тэд шаардаж байгаа нь энэхүү тэмцлийн гол агуулга болж байна.