06/07/2025
Хоцрогдож буй Монголын УЛСТѲР
Дэлхийн түвшинд амжилт гарган хүлээн зѳвшѳѳрѳгдѳж буй Монголын шинэ үеийн залуусын нѳгѳѳ талд Монголын ѳнѳѳгийн улстѳр хоцрогдож байна. Ѳнгѳрсѳн жилийн УИХ-ын сонгуулийн “жагсаалт”-аар шинэ үеийн залуус улстѳрд сонгогдон орж ирсэн дээ. Тэдэн дундаас МАН-ын Г.Лувсанжамц мэргэжлийн мэдлэг болоод ѳѳрийн зарчим, үнэт зүйлээрээ ялгарч эхэллээ. Улстѳрийн хууччуулын муу нѳлѳѳнд нэг их автахгүйгээр ярьж буй зарчим, гаргаж буй саналаараа сайн нѳлѳѳлж чадах байх. Миний сайн танил О.Саранчулуун статистик мэдээлэл болон судалгаанд суурилан асуудлын шийдлийг олох чадвараараа ялгардаг. Ѳмнѳ нь хэзээ ч хѳндѳж байгаагүй “Хѳгжлийн бэрхшээлтэй иргэд”-ийн эрх ашигтай холбоотой асуудлууд нийгэм даяараа хѳндѳгдѳх болсон нь түүний сайн нѳлѳѳ. АН-ын С.Цэнгүүн, хүмүүс мэддэг хэрнээ хѳндѳж зүрхэлдэггүй асуудлуудыг баримт түшиглэн гаргаж, шийдэл санал болгож байгаа нь надад таалагддаг. Энэчлэнгээр шинэ үеийн залуус яван чангарцгаах байх. Одоогоор зарим нь учраа сайн олохгүй, шинэ хуучин хандлагуудын дунд эргэлзэж л байгаа. Гэхдээ тэднийг “Эх орны эрх ашиг”-ийг тэргүүнд эрэмбэлж, Монгол орны хѳгжлийн сайн ирээдүйн тѳлѳѳ мэдлэг чадвар, үзсэн туршлага, дэлхийн тувшиний мѳрѳѳдлѳѳрѳѳ үлгэрлэнэ гэдэгт итгэдэг. Энэ бол шинэ үеийн залууст “боломж”-ийг мэдрүүлж 2028 оны сонгуульд залуус хамгийн сайнаар нѳлѳѳлѳх үлгэрлэл гэж тѳсѳѳлж байна. Алийн болгон эрх ашиг ,хүсэл мѳрѳѳдлѳѳ хязгаарлуулсныхаа тѳлѳѳ улстѳрчдѳд гомдоллож суух билээ. Алив зүйлд хэмжээ хязгаар гэж бий.
Монголын нийгмийн ядуурал, бухимдлын шалтгаан нь эдийн засгийн хямралдаа биш, улстѳрчдийн увайгүй шуналд байсан нь улам ойлгомжтой болсоор.
1. Хэрвээ тэд бидний боломжуудыг хулгайлаагүй бол ѳдгѳѳ Монголын эдийн засгийн чадавхи одоогийнхоос 2 дахин ѳндѳр байх боломжтой юм билээ. Бизнес болсон Монголын улстѳрд орж “мѳнгѳ хийн баяжих” мѳрѳѳдѳл олон залууст байгаа болохоор тэд “цүнх барих”-аас татгалздаггүй
2. Улс орныхоо эрх ашгаас НАМ-ын эрх ашиг дээр нь эрэмблэгддэг болохоор ѳѳрийн санаа бодол, урам зоригоо “намын бодлого” хэмээх хайрцаг дотор хязгаарлуулж, тэдний сүлжсэн торон дотор орох сонголт улстѳрд тушаа болж байна
3. Хууль зѳрчиж завшсан, бүлэглэл үүсгэн баяжсан цѳѳн биш хулгайчдыг илрүүлэн олон нийтэд мэдээлэх хэдий ч тэдний хэн нь ч хариуцлага хүлээсэнгүй. “Хууль засагладаг биш, дарга засагладаг” энэ нийгэмд “бүх хүн хуулийн ѳмнѳ тэгш эрхтэй байх” “Үндсэн хууль”-ийн заалт мартагдах дѳхлѳѳ
4. Шийдвэр гаргаж үүнийхээ тѳлѳѳ хариуцлага хүлээх үүрэгтэй улстѳрийн албан тушаалтнуудын босго намхан болжээ. Мэдлэг туршлага, ёсзүй мѳн чанар, хариуцлага хүлээх чадвар, мэдээлэл боловсруулан дугнэлт гаргах чадамжийн талаар хэн ч ярихгүй байна. Зүгээр л “дарга” болж бусдад гайхуулах хүслээс ѳѳр юу ч тэдэнд алга
5. Сайхан л ярьж сурцгаасан хэрнээ гүйцэтгэл алга. Асуудал ярихаар хариуд нь зовлон тоочихоос ѳѳр шийдэл алга. Хэлэлцэж буй асуудлаа ойлгохгүйгээр “Тэмээ гэхээр ямаа ярьдаг” хүмүүс олон болжээ. Ажаад байхад Монголын улстѳрд бѳѳн “ХѲѲС” л байна даа. Ѳѳрийгѳѳ ч зѳв илэрхийлэх чадваргүй улстѳрчдѳѳс юу хүлээх билээ
Хоцрогдож буй улстѳрчдѳѳс илүүтэй иргэд бид хандлагаа ѳѳрчлѳх цаг иржээ.
-Улсын тѳсѳв бол бидний татварт тѳлсѳн мѳнгѳнѳѳс бурддэг. Улстѳрчид тэр мѳнгийг зѳв хуваарилан, үр дүнтэй зарцуулах үүрэгтэй
-Улстѳрчид бол бидний “дарга” биш, биднээс сонгогдсон “зарц” мѳн. Тэгэхээр тэдэнд зусардан, дагаж баясах биш, тэдэнд шаардлага тавих ёстой
-Tѳсвийн мѳнгѳ байшин барилга, бүтээн байгуулалтаас гадна эгэл жирийн иргэдийн айдасгүй тайван, түгшүүргүй амгалан амьдрах боломжинд зарцуулагдах учиртай
-Тѳрийг хянаж шаардахаас гадна иргэд бид ч үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээж байх ёстой. Ѳѳрийн сайхан амьдралын тѳлѳѳ ѳрѳѳл бусдыг ч шаардах үүрэгтэй
Ер нь байна шүү дээ. Хүн бүхэн чаддаг ажлаа дор бүрнээ сайн хийж, бусдад туслан хамтдаа урагшилж байж хѳгжинѳ. Одооных шиг бүх зүйлийг ганцаараа чаддаг юм шиг шүүмжлээд, бүх зүйлийг ганцаараа мэддэг юм шиг мэдэмхийрээд байж болохгүй л дээ. Хүн бүхэн ѳѳрийн ядуу, арчаагүй амьдарч буй шалтгаанаа Тѳрѳѳс бас бусдаас хайгаад байлгүй ѳѳрѳѳсѳѳ хай л даа. Бас ѳѳрийн хэр хэмжээгээ мэдэж, ѳѳрѳѳсѳѳ илүү бүхэнд атаархаж хорсолгүй, талархан дэмжиж бай л даа. Ямар ч нийгэмд сайхан амьдрах, арчаагүй амьдрах сонголт зѳвхѳн танд л бий. Нэг олдсон амьдралдаа үргэлж бусдад гомдоллож амьдрах харамсалтай шүү дээ. Яг үнэндээ ингэлээ гээд хэн ч чамайг ѳрѳвдѳхгүй, хэн ч чамд туслахгүй.
Монголын шинэ үеийн залуус дэлхийн түвшинд үнэлэгдэж эхэллээ. “Жалга”-ын сэтгэлгээ хоцрогдож “Дэлхий”-н хѳгжил рүү бид ойртож байна. “Баярлалаа ч бархирлаа ч” энэ урсгалыг хэн ч зогсоож чадахгүй дээ. Сайхан цаг айсуй. Гэхдээ энэ нь танаас, надаас, бид бүхнээс шалтгаална. Сайхаан сайхан
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2025-07-04 Улаанбаатар хот