21/07/2025
Хүн төрөлхтөнд үлдсэн цорын ганц зэрлэг адуу бол Монголын тахь. Дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адууг өсгөн үржүүлэх ажил өнөө ч үргэлжилсээр байна.
2020 оны наймдугаар сарын 6-нд Америкийн Техас мужид хүнд хэзээ ч гаршаагүй онгон зэрлэг тахийн унагыг анх удаа эсийн аргаар төрүүлж байв. Техас бол өндөр технологи, био анагаах ухаанаар дагнасан, судалгааны маш том суурь баазтай муж юм. Мал эмнэлгийн салбарынхан нь гэхэд л дэлхийд устан мөхөж буй олон зүйл ангийн ан амьтад, тэдний эд эс генетикийг цуглуулж хадгалсан арвин нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг.
Үүний тод жишээ нь бараг 40 орчим жилийн тэртээд монгол тахиас авч хадгалсан эс. Тэр эсээс Курт хэмээх унага энх саруул төрж, эхийгээ тойрон тоглон давхиж байгаа бичлэг адуунд хайртай олон сая хүнийг баярлуулсан юм. Тээгч эх нь Техасын уугуул нутгийн гүү. Техасын уугуул нутгийн гүү унаганыхаа хамт Тимбер Грийк мал эмнэлэгийн хяналтад багагүй хугацаанд байгаад одоо Калифорни мужийн Сан-Диего Зоо Паркийн сайхан талд идээшилж буй.
Хонгор шаргал зүстэй, толгой томтой, босоо сөөвгөр дэлтэй, хамрын нүхний дээд талаараа цайвар, шилбэ өвдөгний ар тал борвиндоо үл мэдэгхэн хөндлөн хар судалтай тахийн өхөөрдөм эр унаганд Курт гэдэг нэр өгсөн нь бас учиртай.
Амьтны угшил зүйн судлаач, генетикч, нэрт паталогич доктор Курт Бенирсчкийн дурсгалд зориулж ийн нэрийджээ. Алдарт эрдэмтэн Курт Бенирсчке Германы хойд хэсэг дэх Глюкштадт хэмээх хөдөөний жижигхэн хотод 1924 төрж, 2018 он хүртэл амьдрахдаа бүх л амьдрал, карьераа байгалийн шинжлэх ухаанд зориулсан гайхамшигт хүмүүн.
Тэрээр "Хөлдөөсөн Зоо Парк” гэгчийг 1972 тэрээр үндэслэн байгуулж байж. Курт энэ зоо паркдаа устан алга болж, мөхөх аюулд хүрчихсэн, хамгийн сүүлчийн амьтдын эд эсийг үхэж үрэгдэхээс нь өмнө амжин авч, аварч чадсан гайхалтай үйлстэн.
Бүр эргэн төрүүлж ч байв. Наад захын жишээ гэхэд л ховор кондор- хангис аварга тас шувуу, хар хөлт үенч, цагаан хирс, Өмнөд Америкийн маш ховор үс ноосорхог зэрлэг гахайн төрлийг эргэн төрүүлсэн юм. Энэ мэтээр 44 ховордсон амьтдыг эргэн төрүүлжээ. "Хөлдөөсөн Зоо”-д одоогоор 10.000 гаруй амьтдын өндгөн эс, 1200 амьтан, ургамлын дэд төрөл ангийн эд эсийг хадгалж байна.
Эсийн аргаар эргэж төрсөн тахийн унага Курт нь өөр нэгэн үүлдэр угсааны ямар ч адууны ямар ч цустай холилдоо, холбоогүй. Олон жилийн турш, үеэс үед тахийн цусаар дамжин явсаар устан алга болсон ховор сайн зарим нэг ген Куртээс гарсан нь эрдэмтдийн сэтгэлийг ихээр хөдөлгөжээ.
Монгол тахийн генийн олон сайн шинж чанарыг хадгалж тээж байгаа энэхүү чухал “шугамыг” алдалгүйгээр тодорхой хугацааны дараа тахийн сүрэгт нь хүргэх нь хамгаас чухал гэнэ. Эцэг болон эхийнхээ талаас удам угшил сайтай Куртын үр төл үе залгамжлан үргэлжлэх нь тодорхой аж.
Америк гүү “тээгч” эхээс төрсөн энэ унаганы эцгийн талыг сонирхуулъя. 1975 онд Англид төрсөн тахийн азарганаас эсийг нь авч ирээдүйд хэрэглэхээр “Хөлдсөн Зоо Парк”-д хадгалжээ. Англид төрсөн монгол тахийн азаргыг 1978 онд Америкт шилжүүлэн авчирсан байдаг. Уг азарга 1998 он хүртэл амьдарсан түүхтэй. Эрүүл чийрэг удам угшилтай уг азарганы ген нь олон улсын “Аймаг угсааны ном буюу Stud Book number (SB615) – (СБ 615) гэдэг дугаарт “Купоровик” хэмээх нэр томьёог бий болгожээ.
Хамгийн сонирхолтой нь SB615- СБ 615 гэгдэх энэ эсийг задлан шинжилж судлаваас тахийн хамгийн сайн удмыг хадгалж байгаа аж. Ингээд ч зогсохгүй одоо амьдарч буй тахиудаас илүү сайн чанарын генийн төрөл, хувилбарыг хадгалан тээж яваа нь нотлогджээ. Өнөөдрийн байдлаар хамгийн сайн генийн удам угшил сайтай тахийг эрдэмтэд Курт гэж онцгойлон үзэж байна.
Тэр утгаараа Курт Америкт “хамгаас” чухал үнэтэй тахь. Олон сайн генийг тээж буй энэ тахь сүргийн тоог өгсөн үржүүлэх төдийгүй, бие эрүүл чийрэг, шандас сайтай, тэсвэр хажуужил, жинхэнэ сайн цусны тахийн үр төл үлдээж өгнө гэдэгт эрдэмтэд ихээхэн найдвар тавьж байна
Эрдэмтэд тахийн тухай ярихдаа “Бид монголын зан заншлыг их судалсан. Монголчууд өвөг дээдэс, эрт цагаасаа эхлэн зэрлэг тахь болон адуу морьдоо “хийморь” хэмээн бэлгэдэж “ тахин шүтэж биширч” ирсэн гайхалтай үндэстэн” хэмээн онцолж байж.
Монголчууд бидний тухайд генийн хувьд зарим нэг чанар нь алдагдан муудаж байсан тахийн сүрэгтээ цус сэлбэн сайн угшилаа буцаан авчирч удамшуулан үлдээх нь хамгаас чухал. Эцэг талаас ч, эх талаас ч хүчтэй сайн ген өвлөн авсан тахийн унага зургаан сартайдаа, анхны өвөлтэй золгож шилбээрээ татсан нойтон цасан дунд манартал давхиж, хүйтэн нойтныг огт ажралгүй давсан нь гайхмаар байсан гэнэ. Өчнөөн жилээр хадгалсан олон зуун мянган амьтдын тэс хөлдүү эс дундаас зөвхөн монгол тахийг шилж сонгосон хүн бол Доктор Оливер Райдер.
Тэрээр “Монгол тахь гэдэг юугаар ч үнэлж хэмжиж чадамгүй үнэт, эсийн аргаар гаргаж авахад яг тохирсон нэр дэвшигч. Тиймээс би бусад амьтдаас онцгойлон шилж авсан юм” хэмээн мэдэгджээ. Унагыг хөхнөөсөө гарсаны дараа тэд “Сан Диего сафари зоо паркад” аваачиж эрх чөлөөтөй тавьсан байна.
Монголд хамгийн сүүлд 1969 онд тахь хаа нэгтээ харагдаад ахиж олдоогүй тухай баримтат тэмдэглэл бий. Энэхүү онгон зэрлэг, ховор сайхан амьтад бараг л устан алга болж байлаа. Дэлхийн II дайны дараа зоо паркуудад байсан тахь мөн л эрс цөөрсөөр 1950-иад онд дөнгөж 12-хон үлджээ.
Ийнхүү манай дэлхийн цорын ганц гэгддэг тахь хэмээх зэрлэг адуу газрын хөрснөөс арчигдан алга болох аюул нүүрлэсэн юм. Монгол тахь олон улсын “Аймаг угсааны ном”-д нэн ховордож буй “амьтан, ургамлын үлдэх- эсэх” гэдэг тусгай бүлэг ангилалд аргагүй оржээ. 1959 онд ийм харангын дохио сонссон герман зоологич, амьтан судлаач, нөөшлөн хадгалагч эрдэмтэд шуурхайлан хөдөлсөн гэдэг.
Тэд нөхөн үржүүлэх программыг зохион байгуулж, мэргэжлийн өндөр түвшинд, маш няхуур нямбай ажиллагаа эхлүүлжээ. Харин 1990 он гэхэд тахийн тоо өсөж 33 орон, 129 инситутуудын дунд нийт 961 тахьтай болсон байна. Эдгээр тахиуд зөвхөн зоопаркад байсныг онцлохгүй өнгөрч болохгүй.
Энэхүү үзүүлэлтийг тооцож үзсэн эрдэмтэд тахийг эргэн нутагшуулахад аюулгүй гэж үзжээ. Ийнхүү эх нутаг Монголд нь хууль хамгаалалттай, гурван хэсэг газарт авчирч тавьж байнга ажиглаж байхаар болсон түүхтэй.
Тахь усталгүй өсөн нэмэгдэж, буцаж эх орон, эх дэлхийдээ ирж байгаа нь монголчуудын төдийгүй хүн төрлөхтний баяр болж байна. Өдгөө дэлхийд нийтдээ 2000 гаруй тахь амьдарч байна. Үүнээс 500 гаруй нь эх байгальдаа, нутагт нугадаа эрх чөлөөтэй идээшин амьдарч байгаа нь өнөөх л 12- хон үлдсэн тахийн үр садын үргэлжлэл юм.