The Global Observer

The Global Observer What is really happening? Why? Also, why it does have to matter to you a lot. Global Gateway Publish

01/07/2024

Сонгуулийн үр дүн 2024

Энэ удаагийн сонгууль 2004 оны буюу 20 жилийн өмнөх сонгуультай мөн ч адилхан боллоо доо. 2004 онд “Эх-Орон” ардчилал гэсэн эвсэл М.Энхсайханы менежментээр орж ирэн 72 суудалтай үнэмлэхүй олонх МАХН-ыг хамтарсан засаг байгуулах хэмжээнд хүргэж билээ.

Чухам 20 жилийн өмнө орж ирсэн Х.Баттулга, Г.Занданшатар, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан зэрэг улс төрчид 20 жил Монгол улсын улс төрд баялаг намтраа үлдээсэн билээ.

Их эвсэл 2 жил үргэлжлээд жижиг намуудтайгаа дахин нэг хамтран засгаа өөрчлөөд хоорондоо хэрэлдээд нэг мэдэхнээ сонгуультай золгон эрх баригч МАХН дарга цэрэг, ерөнхий сайдаа өөрчлөн нэг юм 4 жилийг өнгөөрөсөн билээ.

20 жилийн дараа Х.Баттулга дахин гишүүн, М.Энхсайхан 1-8 суудалтай болсон ХҮН намын сонгуулийн менежер, за бусад дүрүүдийн оронд Н.Номтойбаяр, Б.Батбаатар зэрэг шинэ хэрнээ хуучин дүрүүд өөр өнгө төрхтэйгөөр парламентад орж ирлээ.

126 гишүүний орон тоог ямар ч байсан ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтөөр зүтгүүлсэн Л.Оюун-Эрдэнэ “Үндэсний лидер” гэдгээ харууллаа.

Бодолго ярьдаггүй, мэтгэлцдэггүй, бөөрөнхий хэлтэй, данх хэлбэртэй ер юу ч гэж хэлж болноо. Болно. Гэхдээ 500 мянган хүний саналаар жагсаалтаа, өөрөө Зүүн бүсдээ 1-р гарлаа. Үндэсний хэмжээний лидер бол лидер болжээ.

Хэрэв хуучин тогтолцоогоороо явсан бол өнөөдөр Ч.Хүрэлбаатар Увс аймгаасаа, Г.Занданшатар Баянхонгороосоо, Сү.Батболд нь Дундговиосоо, Ц.Мөнх-Оргил нь Сүхбаатар дүүргээсээ гараад үндсэндээ 60-64 суудал авч үнэмлэхүй олонх болохоор байлаа.

Ардчилсан намын жагсаалт 16 хүн жижиг тойрогт унаад сонгуулийн хэдэн пост, сонинтойгоо дахиад 4 жил болох байв. Үндсэндээ “Үндэсний лидер” өгөөмөр байлаа. Өгөөмөр байна.
Гэлээ гээд Ардчилсан нам ялсангүй ээ. Олон нийт дэмжээд байхад л хоорондоо хэрэлдсээр цөөнх боллоо. Үндэсний лидер өгөөмөр байсаар байхад олонх болдгоороо л боллоо.

Парламент олон өнгийн, олон үзэл санааны боллоо.

Жалга довондоо Маркс, Ленин байсан улстөрчид бүс нутгийн хэмжээнд бас л үндэсний лидер биш юм байна гэдгийг тос усаар нь ялгаад өглөө.

Санал гээгдэх нь гээгдсэн ч өмнөх 8 сонгуулийн хажууд дэвшилттэй болсон. Одоо дахиад илүү дэвшүүлэх хэрэгтэй. Намууд ч бас 5-р сарын үүр цүүрээр жагсаалтаа тавьдаг биш, ардчилал хөгжсөн АНУ шиг 1 жилийн өмнөөс нам дотроо бодлогын мэтгэлцээн явуулах хэрэгтэй байна.

Хар пи-ар, янз бүрийн хэрэг төвөгтэй цуврал нэвтрүүлэг гарлаа гээд бас муулсан. Тэр бол яахав бидний байгаа царай. Алийн болгон адал явдалтай, элий балай нэвтрүүлэг гарахад тэрэнд итгэдэг байх билээ. Тэр бол цэвэр сонгогчдын өөрсдийнх нь мөн чанарын асуудал.

Сонгууль боллоо. Дууслаа. Шууд өөрчлөлт байхгүй. Таны, миний амьдрал бидний хөдөлмөр, толгой хэр ажиллах, хэр зүтгэхээс шалтгаална. Энэ 126 хүн гэрт тань очиж хоол авчирж өгөхгүй нь тодорхой. Архи уучаад маргааш нь ажилдаа ирэхгүй бол энэ 126 өмнөөс чинь ажиллахгүй шүү дээ. Зээл авчаад зээлийн урхинд орлоо гэх хэрэггүй. Хүний өмнөөс зээл аваагүй шүү дээ. Хэн ч хэний ч өмнөөс амьдраагүй. Гадаад яваад бүх юм сайхан болохгүй. Бас бүх юм муудахгүй. 126 шууд амьдралыг өөрчлөхгүй. Нүүрсний үнэ унавал 126 маань үнийг нь өсгөж чадахгүй.

Өнгөрсөн 30 жилд сайжирсан ч зүйл бий. Муудсан ч зүйл бий. Гээд энэ бүгд бидний л хийсэн амьдралын үр дүн. Сонгуулийн сурталчилгаанд бодлогын мэтгэлцээнийг та үзэхгүй, үзээд нойрын байвал тэр таны л асуудал. Хүн өр дарнаа гэхэд нь өр дарах нь гялай гэж байгаа бол тэр таны л асуудал.

Ялсан нам чинь хамтрая гэхэд тэнд орж ирж хамтран суудал авах гэж байгаа бол тэр таны сонгосон төлөөллийн л асуудал. Учир нь сонгуулийн өмнө бараг л энийг л битгий гарга гэчихээд дараа нь тэврэлдэж байгаа бол тэр нь бидний сонгосон хүмүүсийн л асуудал.

Сонгууль бүр нь сайжраг, сонгогч бүр нь гэгээрэг.

Монгол орон мандан бадраг. Гэхдээ Монгол орон мандан бадрах нь хүн бүрийн өдөр тутам юу амьдралдаа үйлдэхээс шууд шалтгаална.

2000 онд Монгол улсын ДНБ нь ердөө 1.14 тэрбум ам.доллар буюу 1989 оноосоо ч өчүүхэн байлаа. Мэдээж ийм бага эдийн засаг...
20/06/2024

2000 онд Монгол улсын ДНБ нь ердөө 1.14 тэрбум ам.доллар буюу 1989 оноосоо ч өчүүхэн байлаа. Мэдээж ийм бага эдийн засаг тэлэлтгүйгээр 10 жил тогтсон нь ядуурал, тогтворгүй байдал, хөдөлмөрийн хүчний алдагдал гээд олон олон асуудлыг бий болгожээ. 2000 онд МАХН ялж шинэ ЗГ бүрдлээ. Энэхүү ЗГ нь 4 жил тогтвортой ажилласан ба 4 жилийн дараа эдийн засгийг 2 дахин томруулжээ. Ашигт малтмалын хайгуул, түүнд ирэх гадны хөрөнгө оруулалтын суурь нь энэхүү өсөлтийн гол үндэс болжээ. Нөгөөтэйгүүр зэсийн үнэ тогтвортой өссөн нь ч эдийн засаг томрох үндсэн нөхцөл болжээ.

2004 оны сонгуулиар МАХН-АН хамтарсан ЗГ байгуулагдсан ба энэ үеэс гадны хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэн 2008 он гэхэд Монгол улс нь 8 жилийн өмнөхөөс даржй 5 дахин том эдийн засагтай улс болсон байлаа.

2008 оны сонгуулиар хамтарсан засаг байгуулагдаж Оюу Толгой, Таван Толгой, Нарийн Сухайт зэрэг төслүүд ар араасаа экспортын орлогыг нэмснээс 2012 оны сонгуулийн өмнө Монгол улс 2000 оноосоо 12 дахин их мөнгөтэй улс болжээ.

2-р зурагт 2000-2012 онуудыг 1990-ээд онтой харьцууллаа.

Дүгнэлт: Гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол улсын эдийн засгийг томруулах үндсэн нөхцөл болжээ.

Сонгуулийн сурталчилгаа ид үргэлжилж байна. 1989-1999 онуудад Монгол улсын ДНБ нь ам.доллароор илэрхийлэгдэх дүнг хүргэж...
20/06/2024

Сонгуулийн сурталчилгаа ид үргэлжилж байна. 1989-1999 онуудад Монгол улсын ДНБ нь ам.доллароор илэрхийлэгдэх дүнг хүргэж байна.

1989 онд ЗХУ-ын зээл тусламжаар тогтож байсан эдийн засаг 1990 он гэхэд огцом уналт хийн өөрөө өөрийгөө тэжээхээс өөр аргагүй болсон жилүүд байлаа. 1992 оноос 4 жил эрх барих болсон тухайн үеийн МАХН намын үед эдийг засаг үндсэндээ уруудах үзүүлэлттэй байжээ.

1996 онд ялсан Ардчилсан холбоо эвслийн үед мөн л эдийн засаг тогтворжилтгүй шилжилтийн хэмнэлтэй байсаар шинэ зууны босгонд тулсан байна.

Италийн парламентийн сонгуульд барууны үзэл баримтлалтай эвсэл ялж энэ улс түүхэндээ АНХ удаа эмэгтэй ерөнхий сайдтай бо...
26/09/2022

Италийн парламентийн сонгуульд барууны үзэл баримтлалтай эвсэл ялж энэ улс түүхэндээ АНХ удаа эмэгтэй ерөнхий сайдтай болох гэж байна.

Тэрээр халамжийн эсрэг, мөн ЛГБТ гэрлэлт, цагаачлалын эсрэг бодлого баримтлахаа амлаж байв.

Харин Украйны дайны хувьд ОХУ-ын эсрэг үзэл баритлалаа хэвээр хадгална гэдгээ мөн илэрхийлжээ.

Италид засаг солигдох нь олон 7 хоног үргэлжилсэн үйл явц болдог.

Биед эвтэй гутал өмссөн тэрээр 45 настай Католик нэгэн юм.

Тесла компаний үүсгэн байгуулагч Өмнөд Африк гаралтай бизнесмен Э.Маск Твиттер компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан...
26/04/2022

Тесла компаний үүсгэн байгуулагч Өмнөд Африк гаралтай бизнесмен Э.Маск Твиттер компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авах санал гаргалаа.

Твиттер-ийн ТУЗ зөвшөөрсөн ба удахгүй ХНХ болж гэрээг эцэслэх бололтой.

Европын холбооны хамгийн хүчирхэг тулгуур орны нэг Франц улсын ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр өндөрлөлөө.Энэхүү санал х...
25/04/2022

Европын холбооны хамгийн хүчирхэг тулгуур орны нэг Франц улсын ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр өндөрлөлөө.

Энэхүү санал хураалтаар одоогийн ерөнхийлөгч, зүүний үзэлтэн И.Макрон яллаа.

Тэрээр энэхүү зурган дээрх суудалдаа дахин 5 жил эзэн нь болохнээ.

Ард иргэдийн жагсаалын үндсэн шалтгаан2020 оны 4-р сараас эхлэн “Ковид-19” гэх мангааг ашиглан МУ-ын Засгийн газар анх у...
11/04/2022

Ард иргэдийн жагсаалын үндсэн шалтгаан

2020 оны 4-р сараас эхлэн “Ковид-19” гэх мангааг ашиглан МУ-ын Засгийн газар анх удаа НДШ, ЭМД зэргийг төсвөөс дааж, хүүхдийн мөнгийг 5 дахин өсгөн, эдийн засгаа аврах нэрийдлээр будаа болгосон билээ. Сүүлд нь тог цахилгаан, биеэс гарах ялгадасныхаа бохирын мөнгийг хүртэл төсвөөс даалгав.

Мэдээж мөнгө өгөхөд дургүй хэн байхав, бүгд гараа дээш харуулан авлаа. Тухайн сард 100,000 төгрөгөөр дэлгүүрээс тор дүүрэн бараа авдаг байсансан бол өнөөдөр торны талын тал л бараа авах боломжтой болжээ.

2021 онд тус ЗГ огцорч хариуцлагаас бултаад оронд нь шинэ ЗГ гарч ирэв. 1 жилийн хугацаанд Монголчууд өмнө нь 1990-ээд онд л харж байсан бензингүй болох, өргөн хэрэглээний бараа тасрах, “Ковид-19” гал шиг асах гээд баахан хямралт байдалтай нүүр тулав. Инфляци үүсэхийг мэдсээр байж 10 их наядын хөтөлбөр хийж нэг мөр төгрөгөө чөлөөт уналтад хөтлөв.

Гэхдээ МУ-ын ЗГ “Вакцин” олж ирж хүн ардаа хамгаалсан нь мэдээж хамгийн сайшаалтай бахархалт үйл явдал мөн.

“Ковид-19”-ын жинхэнэ хөнөөл нь уушгийг устган ард иргэдийн эрүүл мэндэд заналхийлэхдээ бус зах зээлд эдийн засгийн хямралт байдал авчирдаг гэдгийг 2020 оны дэлхийн олон орны нөхцөл байдлаас суралцаж болохоор байлаа.

Барааны нийлүүлэлтэд доголдол үүссэнээр бараа ховордож мөнгө үнэгүйдэнэ. Энэ чинь л жинхэнэ “Ковид-19”-ийн хорт хөнөөл юм байна.

Харамсалтай МУ-ын ЗГ үүнд ямар ч төлөвлөгөө байсангүй. Түүхэндээ байгаагүй их дүнтэй том төсөв баталж төгрөгөө улам үнэ цэнэгүйдүүлэв. Батлагдсан төсвийг төгрөгөөр олгоно. Тэрхүү төгрөгт таарсан ажил үйлчилгээ, барааг ам.доллар-р авна. Ингэхээр ам.доллар байхгүй, эдийн засаг бодит өсөлт байхгүй байхад ийм их том дүнтэй төсөв баталсан нь үндсэндээ жижигхэн эдийн засгаа түймэрдэн шатааж, арай гэж тогтож байсан Монгол төгрөгийн ханшийг навс унагаах үйлдвэл мөнөөсөө мөн.

Ингээд 24 сарын дараа нөхцөл байдал тэсэхүйеэ бэрх болоод ирлээ. Нөгөө өмнө нь сонгуулиар мундаг шүү МАН, энэ залуусаа сонгоё гээд байсан залуучууд маань хулхидуулсандаа уурсан талбайг дүүргэв.

Хариу нь бүр хөгийн. Юмны үнэ өсөж байгаад сорри, зөрүүг нь хууль гаргаад төсвөөс даая. Төсөв гэдэг чинь хэний мөнгө вэ? Нөгөө ууртай залуусын төлсөн, төлөх, төлсөөр үхэх татварын мөнгө шүү дээ найзууд аа!!!

Шийдэл; Нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ 24 сар үргэлжилсэн үрэлгэн төсөв, 6 жил үргэлжилсэн данхар төрийн схем, энэ бүхнээс нэг өдөр салахгүй ээ.

Хувийн хэвшил нь томрохгүй бол энэ хэзээ ч арилахгүй. Намын залуучуудын байгууллага нь ямар ч том компаний менежментийн форумаас давсан хуралдалт хийж байхад энэ бүхэн тийм амар арилахгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Харин нэн яаралтай хийх ажил болох бараа нийлүүлэлтээ сэргээх, экспорт буюу ам.доллар олж ирэхэд саад болоод байгаа БНХАУ-ын хилээ тус улстай үтэр түргэн хэлэлцээнд орж нээх хэрэгтэй байна.

2021 оны 11-р сараас эхэлсэн энэхүү тасалдалт л бүхнийг гацаагаад байна. МУ-ын ЗГ ажлаа муу хийгээд, ам.доллар орж ирэхгүй, бизнес нь явагдахгүй байхад хөөрхий Монгол улсын төв банкийг ханшаа барь, үнийн өсөлтийг зогсоо гэж хэлэх нь дэндүү зохисгүй үйлдэл юм.

Тэр тусмаа Ерөнхий сайд нь Төв банкны хараат бус Ерөнхийлөгчөө хажуудаа байлцуулчихсан “Алив үнийн зөрүүг нь би даая” гэж суугаа нь энэ улс цаашдаа ажил хийж амьдрах гээд байна уу, эсвэл ингээд дампуурах гээд байна уу гэж хүртэл бодогдууллаа.

Гадагшаа юм гаргаж зарж байж л энэ бүх асуудлыг шийднэ. Ерөнхий сайд машинаа зарлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Харин хилээ нээгээд одоохондоо зарж болох зэс, нүүрсээ үнэ нь сайн байгаа дээр нь бушуухан зарж ам.долларын нөөцөө хэвийн болгох хэрэгтэй байна.

ОХУ Украйнд цэргийн ажиллагаа явуулж эхлээд 7 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд АНУ, Европын холбооны ихэнхи орнууд тус улсы...
02/03/2022

ОХУ Украйнд цэргийн ажиллагаа явуулж эхлээд 7 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд АНУ, Европын холбооны ихэнхи орнууд тус улсын эдийн засагт маш хортой хоригуудыг тавьсаар байна.

ОХУ нь БНХАУ-тай жилдээ 58 орчим тэрбум ам.долларын экспорт хийдэг бол 44.8 тэрбум ам.долларын экспортыг Нидерландын Вант улс, тэр дундаа тэдний эзэмшлийн Амстердамын боомтыг ашиглан Европруу худалдаа арилжаагаа хийдэг байна.

Харамсалтай нь хориг эхэлсэнээр ийнхүү ОХУ-ын хөлгүүдийн үйл ажиллагааг хааж байна. Ихэнхи эдийн засгийн хориг арга хэмжээ 1 сарын дараа мэдэгддэг бол энэхүү хүчтэй хоригууд ердөө 7 хоногийн дотор тус улсын мөнгөн тэмдэгтийн ханшийг 40% орчим унагаж экспортыг нь үндсэндээ 1 орноос хараат болголоо.

Европын эдийн засагт ч бас эргээд энэхүү хориг нь ашиггүй юм. Гэвч импортлогч ихэнхи улсууд нь үйлдвэрлэгч орнууд байгаа нь ОХУ-ын хувьд 2 сарын дараа гэхэд эдийн засгийн огцом уналт хийх нөхцлийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: ДХБ

Өөрчлөгдсөн дэлхийЗХУ задарснаас хойш дэлхийн 2 туйлт бодлого үгүй болж улс гүрнүүд эдийн засгийн өсөлт, хүний эрхийн хө...
28/02/2022

Өөрчлөгдсөн дэлхий

ЗХУ задарснаас хойш дэлхийн 2 туйлт бодлого үгүй болж улс гүрнүүд эдийн засгийн өсөлт, хүний эрхийн хөгжил, технологийн дэвшилдээ анхаарал хандуулсаар ирсэн билээ.

2001 онд АНУ-д болсон террорист халдлагаас хойш дэлхийд шинэ журмыг тогтоох үйл ажиллагаа явагдаж АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буш дэлхийн олон нийтийн эсэргүүцлийг үл тоон тухайн үеийн Иракийн нутаг дэвсгэрт халдан довтолсоноор 21-р зуунд аль нэг орон терроризмийн эсрэг гэсэн туган дээр бусадруугаа халдан довтлох боломжтой жижиг өөрчлөлтүүд шинэ дэлхийн дэг журамд нэвтэрсэн билээ.

Иракт халдсан үйл ажиллагаа эхэндээ тун дажгүй амжилттай юм шиг харагдаж байсан ч эцэстээ анх хайж байсан “Үй олноор хөнөөх зэвсэг” нь олдсонгүй тагнуулын буруу мэдээнд дулдуйдан дайн хийсэн ичгүүртэй хэрэг болж АНУ-ын засаг захиргаа ч үүнийгээ тайлбарлах аргаа олохгүй он жилүүд өнгөрөв.

Иракт нэг дэглэм нуран унасан ч олон соёл, үл итгэлцэл дээр суурилсан хүн амын бүтэц нь дараагийн шинэ эмх замбараагүй байдалруу хөтлөн үндсэндээ “Араб”-ын ертөнцийг нэг хэсэгтээ доргиосон олон дайн самуун, сүртэй эхлэлтэй ч эмгэнэлтэй төгсгөлтэй төчнөөн хувьсгалт үйл ажиллагаануудаар солигдов. Иргэний дайнууд ч дэгдэв.

1945 оноос хойш бараг бүхнээ сүйдлэн алдсан Европ тив дахин дайн самуунгүй байх бүх аргыг хэрэглэн, хүчний тэнцвэрийг бий болгохоор талууд бүх талаасаа хамтран ажилласан билээ.

Европын холбоо 21-р зуунд улам хүчээ мэдэрч эгнээндээ хуучин ЗХУ-ын олон орнуудыг нэгтгэлээ. Чингэснээр Европт ОХУ-тай хил залгаа НАТО болон Европын холбооны гишүүн орнууд хүрээгээ улам бүр тэлэв. 2014 онд болсон Украйны хувьсгалд ОХУ өөрийн нөлөөний бүсээ алдсан нь тодорхой болж стратегийн чухал боомтоо алдахын даваан дээр тухайн үеийн олон улсын хууль эрх зүйг ноцтой зөрчин байж Кримыг өөртөө нэгтгэлээ.

Энэ нь олон улсын эрх зүйн хүрээнд хэдий ноцтой зөрчил боловч тухайн улсын эрх ашгийн үүднээс харвал өөрсдийн нөлөөний бүсээ хадгалах гэсэн оролдлого мөнөөсөө мөн.

Олон улсын харилцаанд сайн тал, муу тал гэж байхгүй харин оролцогчдын эрх ашиг л гэж байдаг. Тэмцэлдэгч талуудын хэн нь ч хамгийн муу биш, хэн нь ч гэгээн дагина биш юм. Оролцогч талууд бүгд өөр өөрсдийн аюулгүй байдал, эдийн засгийн эрх ашигтай ба тус эрх ашгаа эрх зүйн дүрмийн дагуу, бүр болохгүй бол дүрмийн бусаар ч хамаагүй тогтоохыг эрмэлзэнэ.

2014 оны Украйнд болсон хувьсгал нь нэг талаасаа ард олны хувьд явсан замаа өөрчлөх чин хүсэл байсан ч нөгөө талаас харвал Европын холбоо хэт тэлж ОХУ-ын онцгой эрх ашгийг хөндөж байсан нь дамжиггүй. Мэдээ үүн дээр суртал ухуулга аль аль талаасаа хүчтэй өрнөн АНУ тус хувьсгалд шууд оролцсон эсэх, хуйвалдааны хувьсгал байсан эсэх гээд толгой эргэм парадокс онолын таамгууд хөвөрч болох юм. Гол нь үр дүнд нь Украйн нь ОХУ болон АНУ, Европын холбооны ашиг сонирхлын зөрөлдөөний бүс болон хувирав. Нийтдээ 8 жилийн туршид энэхүү зөрчил гүнзгийрсээр 2019 онд тэсрэх гэж байтал Ковид-19 дэлхий нийтийг цочоож тодорхой хэмжээнд асуудал намжив.

2022 оны сүүлээс Ковид-19 цар тахал намжиж эхлэнгүүт ОХУ-ын зүгээс хээрийн сургууль нэртэйгээр цэрэг бөөгнүүлж эхлэв. Мэдээж Беларусьт болсон сонгуулиар ОХУ-ын холбоотон ерөнхийлөгч Лукащенко бараг л унах шахсан нь асуудлыг түргэтгэх нэг сэжим болсон юм. Яаралтай ОХУ-ын зүгээс түүнд туслан асуудлыг хяналтдаа оруулав.

Ер нь амьсгаа авах зайгүй өнгөрсөн эдгээр саруудад ОХУ дотооддоо эдийн засгийн хямрал, мөн үзэл суртлын асуудал (Алексей Навальный-г нэрлэж болох), Ковид-19 хямрал гээд нийт ард түмний сэтгэлгээг нэг дор удирдах нийтлэг сэдэв хэрэг болж байсныг ч бас үгүйсгэхгүй. Чингээд 10-р сараас эхлэн ОХУ дайрна, дайрахгүй гэдэг асуулт дэлхийн бүх л аналистуудын толгойг гашилгаж эхэллээ.

Хэрвээ дайрахаар бол үүнээс үүдэн эдийн засгийн олон бэрхшээлүүд бий болж, шинэ дэг журам гарч ирэх учраас үүнд сайтар бэлтгэлтэй байх ёстой тул дэлхийн аналистууд энэ сэдвийг байнга ярьж байсан бололтой.

Ингээд 2-р сард Дэлхийн энх тайвны бэлгэдэл болсон Олимпийн наадам дуусангуут шууд дайралт хийгдлээ. Эхэндээ олон жилийн жижиг маргаантай байгаа 2 мужийг тусгаар тогтнуулсан шийдвэр гаргаад маргааш нь тэнд энхийг сахиулах үйл ажиллагаа нэртэйгээр цэрэг оруулав.

НҮБ-ын аюулгүйн зөвлөл дээр энэ бол зөвхөн энхийг сахиулах үйл ажиллагаатай цэргийн операци гэж НҮБ дэх ОХУ-ын төлөөлөгч хэлж байсан нь хэдхэн өдрийн өмнө. Гэтэл тэдгээр цэргүүд нь яг үнэндээ Украйны Киеврүү маргааш өглөө нь дайраад эхлэв. Үүнд бичиг номтой ямар ч хүн хариулт өгөх боломжгүй. НҮБ-ын гишүүн, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө 44 сая хүнтэй, 630 тэрбум ам.долларын ДНБ жилдээ үйлдвэрлэдэг орны засаг захиргаа нь байрладаг газарлуу дайрав.

Энэ дайнд ОХУ-ын зүгээс сүүлийн хэдэн сар бэлдэхдээ мэдээж бүх хувилбаруудыг тооцсон учраас Киеврүү дайрсан байх. Өөрөөр хэлбэл Украйны одоогийн эрх баригчдыг буулгах нь 5 хоногийн дотор бололцоотой гэж үзсэн учраас тэр байх. Гэтэл 5 хоногийн дотор энэ нь амжилттай болсонгүй. ОХУ-ын арми чамгүй их хохирол амссан байх, бас цэргийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд тээвэр логистикийн асуудал нь үүссэн байх, эсвэл Украйн нь үнэхээрийн том газар нутагтай тул 5 хоногийн дотор Киевийг эзлэн авна гэдэг нь боломжгүй байсан ч байх, эцэст нь бүр эсвэл үнэхээр ЗХУ-ын үед нэг улс байсан Украйн сүүлийн 8 жилийн дотор огт өөр үндэстэн болж, соёлын хувьд ОХУ-аас тэс өөр болчихож. Украйны талаар ОХУ-ын тагнуулын мэдээлэл, таамаглал, цэргийн эрх баригчдынх нь төсөөлөл бодит байдал хоёр нь зөрүүтэй болчихжээ.

5 хоногийн дотор SWIFT-ээс хасагдаж, эдийн засгийн хүнд хоригт автаж, нэр хүндээ сэгсчүүлнэ, эдийн засгийн асар их хохирол хүлээнэ гэдгийг тэдний ямар ч стратегич нь тооцоолчихно. Гол нь энэ бүхэн яах вэ? Киевийг л авч байвал хүндийн жин нь илүү ашигтай гэж тэд нар тооцож удирдагчаараа уг үйл ажиллагааг хүлээн зөвшөөрүүлсэн нь тодорхой. В.Путин бол бүх хувилбарыг тооцож үздэг чадварлагч удирдагч гэдэгтэй бүгд санал нийлнэ. Гагцхүү энэ 5 хоногт тооцоолол буруу болчихлоо.

Одоо дэлхий нэгэнт өөрчлөгдсөн. Орчин үеийн хөгжилтэй, хүний эрхийн өндөр хүрээтэй Европ тивд 1945 оноос хойш анх удаа дайн хийсэн гэдэг нь В.Путины нэгэн насны улс төрийн бүх үйл хэргийг дүгнэх 5 хоног болж өнгөрлөө. Олон улсын тавцанд одоо энэ хоригуудыг цуцлахад асар их цаг хугацаа шаардагдана. Тэрээр энэ бүхнийг тооцоолон үндсэндээ бүхнээ тавин Украйны асуудлыг шийдэхээр зориглосон. Гэхдээ стратегийн хувьд яах ч аргагүй хэд хэдэн алдаа гарч энэхүү үйл ажиллагаа нь ОХУ-ыг дэлхийн нийтэд “Түрэмгийлэгч” шиг харагдуулж байна.

В.Путин ОХУ-ын түүхэнд сул дорой орныг эргэн нэгтгэсэн, хүчээ алдсан улсыг нь эргэн ЗХУ-ын хэмжээнд хүрдэггүй гэхэд олон улсад түүнтэй дүйцэхүйц байр сууринд аваачсан нь эргэлзээгүй үнэн. Түүнийг ерөнхийлөгчөөсөө өмнө нь буухад нь TIME сэтгүүл шагшин магтаж бүр хөргийг нь залж байлаа. Гэвч асар богино хугацаанд дэлхийн өөрчлөгдөж бүх улс орнууд ОХУ-ын эсрэг болчихлоо. Хэрвээ 5 хоногийн дотор Киев эзлэгдсэн бол ОХУ-ын хувьд энэ нь том ялалт болж, хэлэлцээ хийхэд том хөзөртэй болж үлдэх байв. Тэгэхээр тэрхүү буруу тооцоолол нь эргээд мянган зовлогийн эх болж өөрчлөгдсөн дэлхийг бий болгочихлоо.

Оны өмнө дайн гарах магадлал 40%-тай байсан Украйны хямрал ийнхүү 1 цагийн өмнө тэсэрч Украйны нийслэл Киевт ОХУ-ын пууж...
24/02/2022

Оны өмнө дайн гарах магадлал 40%-тай байсан Украйны хямрал ийнхүү 1 цагийн өмнө тэсэрч Украйны нийслэл Киевт ОХУ-ын пуужин дэлбэрсэнээр 21-р зууны түүхийн нэгэн шинэ үе бий болж байна.

ОХУ Украйнруу цэргээ оруулж, зэвсэгт үйл ажиллагаа эхэллээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украйн улсын 2 мужийг албан ёсоор тусгаар улс хэмээн тунхагласан албан бичигт гарын үсэг зурл...
22/02/2022

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украйн улсын 2 мужийг албан ёсоор тусгаар улс хэмээн тунхагласан албан бичигт гарын үсэг зурлаа.

Мөн тус хоёр мужид ОХУ-ын цэрэг өнөө өглөө орлоо.

АНУ болон Европын холбооны орнууд эхний ээлжинд эдийн засгийн хориг арга хэмжээ авах нь тодорхой боллоо.

НҮБ-ын аюулгүйн зөвлөл энэхүү асуудлаар удахгүй хуралдана.

Ерөнхийлөгч В.Путин Украйны асуудлаар өмнө нь Хаант Оросын үед нэгдмэл байсан газар нутгийг Больщевик намын анхны удирдлага В.Ленин анх салгасан нь хямралын эхлэлийг тавьсан хэмээн түүхэн гаргалгаагаа тайлбарлажээ.

Украйны нөхцөл байдал 2022Шинэ зуунын эхний хагас удахгүй талдаа орох гэж байна. 21-р зуунд 20-р зууны гол од тоглогч АН...
31/01/2022

Украйны нөхцөл байдал 2022

Шинэ зуунын эхний хагас удахгүй талдаа орох гэж байна. 21-р зуунд 20-р зууны гол од тоглогч АНУ тэргүүлэх үндсэн чиглэлээ БНХАУ-д бага багаар алдаж байгаа нь үнэн билээ. Ялангуяа эдийн засгийн хувьд. Харин соёл урлаг, шинжлэх ухаан, технологийн салбарт манлайлалаа алдах арай болоогүй ба гэхдээ л өрсөлдөгчтэй болж эхэлсэн нь бүх зүйл цаг хугацаатай байдаг гэдэг эртний нэгэн үгийг сануулам.

1992 онд тарж бутарсан ЗХУ-ын их гүрэн өнөөдөр буцаад В.В.Путин хэмээх шинэ удирдагчийн дор улс төрийн тоглолт онцгойгоор хийж эхлээд байна. Аливаа улс төрч 20 жил ноёлход улс оронд нь түүнтэй улс төрийн хувьд өрсөлдөөд байх нэгэн эс гарах тул ихэвчлэн гадаадруу тэлсэн, гадагшаа хандсан бодлого явуулж эхэлдэг. Путин 2000-д оны эхний үеүдэд олон улсны хамтын нийгэмлэгт зөвшөөрөгдөх, газрын тосны үнийн уналтаас үүдэн АНУ-тай харилцаагаа хэвийн байлгах хүсэлтэй жилүүд байсан бол одоо аль болох арсалдах, НАТО-той эн тэнцүү хүлээн зөвшөөрөгдөх, ОХУ-ны эрх ашгийг олон улсад баталгаажуулах гээд дараагийн шатны ажлууд нь түүнд илүү чухал ажлууд болон үлдээд байна.

ОХУ бол “Хүйтэн дайн”-д ялагдаж хоцорсон ЗХУ-ын албан ёсны өв залгамжлагч. 1990-ээд онд барууны ертөнц ЗХУ-ын дараагийн залгамжлагчдыг сайн гэгч нь дэмжиж байлаа. Хөнгөлөлттэй зээл өгч, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудыг зүйл бүрээр дэмжин баярлуулж байлаа. Харамсалтай нь энэхүү байдал нь сүүлдээ хэтэрч хуучин ЗХУ-ын нөлөөний орнуудад бүх төрлийн өнгөт хувьсгалуудыг хийж ОХУ-тай сайн харилцаатай маш олон улс төрчдийг тухайн улсад нь ялагдуулсан нь шууд “Ардчилал”-ын үр дүн гэж хэлэхэд хэцүү.

АНУ бол их гүрэн. Тэдэнд нүдэнд харагдах улс төрийн тоглолт гэж бий бас нүдэнд эс харагдах өөрсдийн эрх ашгаа хамгаалуулах, хадгалах, зарим тохиолдолд ямар ч аргаар хамаагүй хүлээн зөвшөөрүүлэх тоглолтууд бий.

Чухам ийм тоглолт Гүрж, Украйн хоёрт явагдаж өнөөдөр хуучин зөвлөлтийн удирдагч нарын өлгий 2 нутаг ийнхүү цагийн эрхээр хамгийн Америк маягийн хоёр нутаг болж орхив. Гүрж гэдэг чинь одоо л Барууны улс болоод байгаагаас жинхэнэ большевик И.В.Сталины нутаг.

1950-аад онд ЗХУ-ын маршал Г.К.Жуковт найз АНУ-ын генерал Айзенхауэр-с нь АНУ-д амруулах урилга иржээ. Сталин Жуковт ингэж хэлсэн гэдэг. “Хэрвээ нэг цэрэг чамайг урихад нь чи очвол дэмий. Ерөнхийлөгч нь уриг. Чи дэлхийн дайнд ялсан ялагч. Тэд нар харин тэр ялалтад анхнаасаа итгэлгүй 3 жил биднийг орь ганцаар байлдуулсан. Дээрээс нь чи Большевик. Айзенхауэр харин хөрөнгөтөн капиталист. Чи тийшээ явснаас Польшруу яв. Тэд нар бол чиний найзууд” гэж хэлсэн нь архивт хадгалагдаж буй. Удалгүй нөгөө голоод байсан генерал нь ерөнхийлөгч болж Жуков ч эрх мэдлээс бууж АНУ-д тэд хамт амарсан гэдэг.

Өнөөдрийн хэрүүлийн алим болоод байгаа Украйн гэхэд л ЗХУ-ын хоёр алдартай удирдагчийн эх орон. Н.С.Хрущев, манай нэгэн цагт байгуулж явсан асан БНМАУ-ын хүндэт иргэн Л.И.Брежнев. 2014 онд аннекс хийж авсан Украйн бол бүр Оросын хааны амардаг ордон бөгөөд ЗХУ-ын бүх удирдагчид тэнд очиж стрессээ тайлдаг газар байв.

Угшил ярьвал бөөн дурсамж дурьдатгал болсон эдгээр улсууд 2010-аад оноос эхлэн хуучин бүхий л нөхцөл байдал нь огцом өөрчлөгдөн түүгээр ч барахгүй АНУ-ын төлөөний улсууд юм шиг харагдахаар өсөж бойжиж эхэллээ. В.Путины нэр хүнд “Баруун”-д унаж дарангуйлагчийн дүрээр солигдож цаашид түүнтэй болон түүний холбоотнуудыг олон улсад шахах бодлого явагдаж эхлэв. Чингээд өнөөдөр ОХУ-ын зүгээс өөрийн өмнөх ЗХУ-ын үед хүртэл эрх ашгийг нь бүрнээ хангаж байсан Украйнтай хиллэдэг 3 хэсэгт 100,000 цэрэг цуглуулж яг л ЗХУ-ын үеийг санагдуулам хүчийг цуглуулаад байна.

Украйн бол Дэлхийн 2-р дайны үед Германд эзлэгдэж ЗХУ-аар чөлөөлүүлж байсан ЗХУ-ын удирдагчдын өлгий нутаг. Беларус ч бас. Тэгэхээр эдгээр газруудад АНУ-ын нөлөө газар авбал энэ нь ОХУ, түүний дэглэмийн толгойд байгаа В.Путины хувьд өөрийн засаглах хоногоо цөөрүүлж байгаа л хэрэг юм. Тиймээс энэ тохиолдолд ОХУ-ын үндсэн эрх ашгийг буруутгах ямар ч бололцоо байхгүй.

2014 онд Кримын үзэсгэлэнт нутгийг булаан авснаас хойш Путин газар нутаг тэлэх нь нэр төрөө өсгөх хамгийн сайн арга гэдгийг ойлгож байгаа. Өнөөдөр АНУ-ын тэрбумтан Элон Маск хүртэл “Дэлхийн хамгийн баян, хүчирхэг хүн бол В.Путин” гэж хэлсэн нь бас л нэгийг хэлээд буй хэрэг.

Украйны хилээр ОХУ-ын танк нэвтэрвэл дараах 3 хувилбарт дайн болох магадлалтай. Мэдээж В.Путин үнэхээрийн ухаантай хүн тул дайныг тун хурдан газар авхуулалгүй дуусгана. ОХУ-ын зэвсэгт хүчин Украйны армийг мэдээж унагах хангалттай чадвартай.

Хувилбар 1.

7-14 хоногийн дотор нийслэл Киевийг эзэлж одоогийн АНУ-ын талыг дэмжигч засгийг унаган өөрсдийн нөлөөний засгийн газар байгуулах. Улмаар ЗХУ-ын үеийн нөлөөний улсуудыг энэ маягаар дараагийн жилүүдэд бий болгох.

Хувилбар 2

Цэргийн яаралтай ажиллагааны үр дүнд ОХУ-с Кримтэй холбогдох шууд газар нутгийг эзлэн авч аннекс хийх.

Хувилбар 3

Оросын талыг баримтлагч Зүүн Украйны хэсэг тэр дундаа Донбасыг өөртөө аннекс хийж авах, улмаар ОХУ-ын армийн сүр хүчийг баруунд мэдрүүлэх мөн Украйны одоогийн арми, түүний удирдлагыг нэг сайн хашрааж айлган авах.

Эдгээр 3 хувилбар гурвуулаа ОХУ-д ашигтай. Ашигтай гэхээсээ яг энэ үед амин чухал хэрэгтэй тоглолтууд юм. Өмнөх 15 жилд НАТО болон Барууны орнууд хангалттай их Оросын хүчийг сулруулах, харлуулах, бүр ЗХУ-ын удирдагч нарын өлгий нутгийг өөртөө бараг л нэгтгэчихсэн айхтар дээрэлхүү бодлого явуулжээ. Хаа л байна цэргийн бааз, пуужингаас хамгаалах төвүүд, хаа л байна хувьсгалт бослого.

Мэдээж ийнхүү ОХУ-ын амин чухал эрх ашгийг үл хүндлэх нь нэг өдөр ийм хурц, халуун байдлыг үүсгэхээс өөр аргагүй байсан болов уу.

Дээрээс нь Б.Обамагийн засаглалын 8 жилд В.Путин АНУ-ын ерөнхийлөгч дэндүү сулбагар гэдгийг мэдэрсэн учраас Украйныг “Аннекс” хийж чадсан. Энэ удаа одоогийн эрх барьж буй АНУ-ын удирдлагууд нь тухайн 8 жил тамга барьж байсан хүмүүсийн орлогч нар нь. Тэгэхээр бяр амтагдах боломжтой.

Ямар ч байсан хүн хоорондын харилцаа, бус нутгийн харилцаа, улс орны харилцаа гээд ерөөс юунд ч бие биенээ хүндэтгэх, цаад талын амин эрх ашгийг мэдрэх, ойлгох зэрэг нь хамгийн чухал ажээ.

АНУ-ын зүгээс ОХУ, түүний одоогийн удирдлагыг яг л нөгөө “Хүйтэн дайн”-д ялагдсан тэр үеэр нь л төсөөлж харьцаад байна. Үгүй ээ. Тэрнээс хойш наад улс чинь хамаагүй өөр, Сталины үеийн хүчээ мэдэрсэн, тойрон буй улсуудаа өөртөө нэгтгэх эрх ашиг нь ил гарчихсан улс болоод хувирчихаад байна. Эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлж байна. 2014 онд авсан эдийн засгийн хоригоос хойш Путины нэр хүнд илүү өссөн гэвэл болно. Хрушев 1960-аад БНХАУ-ыг өөрийн дэглэмээс салгаж ганцаардуулах явдал хийж байсан шиг. Харин нөгөө Мао нь АНУ-тай нэгдээд цаашдаа бүр томроод өгсөнийг санахад илүүдэхгүй биз ээ.

Дэлхий нийт нэг нэгнээ хэт дарах бус, ойлголцохоос, амин эрх ашгийг нь эхлээд тавьж дараа нь өөрийнхөө хүслийг шаардахаас эрүүл харилцаа эхлэнэ. Чухам тийм харилцаа үгүй болсон үеэс л том том эзэнт гүрнүүд түүхэнд үгүй болж байжээ. ЗХУ ч ялгаагүй. Иймд харилцан хүндэтгэл л бүхнийг шийднэ.

Address

Chingeltei District, Gov Building No. 1, Mongolia 105
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when The Global Observer posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to The Global Observer:

Share