21/03/2023
POS - КАССЫН ПРОГРАММ
Кассын машинаас кассын программ буюу POS систем рүү шилжилт хийснээр бизнесийн үр ашиг өсөх, удирдлагын зардал буурах, бүртгэл хөтлөх үйл явц сайжран, хэрэглэгчийн үйлчилгээг дэмжих боломжтой болно.
Бизнес эрхлэгчдэд тулгардаг бэрхшээлүүдийн нэг нь худалдан авагчийн хүссэн бүтээгдэхүүнийг нөөцөд бэлэн байлгах юм. Бизнес томрох тусам энэ бэрхшээл өсдөг. Харин кассын программ энэ асуудлыг шийдэх хяналтын систем юм.
Автоматжуулсан систем нь дууссан бүтээгдэхүүнүүдийг бүртгэж шаардлагатай тохиолдолд захиалга хийх боломжтой. Нэгэнт бүртгэлийн бүхий л мэдээлэл бүртгэгдсэн тул менежерүүд одоо ямар бүтээгдэхүүний борлуулалт өндөр байгаа болон ямар бүтээгдэхүүний борлуулалт буурч байгааг хялбар тодорхойлох боломжтой.
Жижиглэн худалдаа, зоогийн газар болон зочлох үйлчилгээний байгууллагуудад хэрэглэдэг кассын машины хэрэглээ багасч байна. Кассын машиныг ихэвчлэн борлуулалтыг бүртгэх зорилгоор ашигладаг бол бараа материалын нөөц, ажилчдын цаг болон бизнесийн бусап өгөгдлийг хянах зорилгоор кассын программыг ашиглах нь тохиромжтой.
Кассын машин нь борлуулалтын гүйлгээг бүртгэдэг, хариулт мөнгө өгдөг, бэлэн мөнгө хадгалдаг машин бол кассын программ (POS) нь бараа бүтээгдэхүүн борлуулах үед борлуулалтын бүх мэдээллийг (юуг, хэзээ, хаана, хэдий хэмжээгээр, хэнд борлуулсан) цуглуулдаг, бар кодын хэрэглээг бүтээгдэхүүний удирдлагын стандарт болгодог систем юм. Уг системийг сүлжээ дэлгүүр, супермаркет, томоохон дэлгүүр, зоогийн газар болон худалдааны төвийн түгээлтийн мэдээллийн системд ашиглаж байна.
Кассын программын давуу тал:
- Борлуулалтын мэдээлэлд үндэслэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх, шинэ дэлгүүр нээх
- Борлуулалтын урьдчилсан таамаглал хийх
- Бараа бүтээгдэхүүний захиалга, худалдан авалтын нөөцийн удирдлагыг бүс нутаг, улирал, цаг хугацаанаас хамааруулан гүйцэтгэх
- Гүйлгээг бүртгэх, хянах. Жишээ нь: Худалдан авагч талх авлаа гэж бодоход кассын программ нь гүйлгээтэй холбоотой бүх мэдээллийг бүртгэж авна. Тухайн мэдээлэл бүртгэгдсэний дараа барааны үлдэгдэл болон тухайн өдрийн борлуулалтын орлогын тайланг автоматаар шинэчилнэ. Өөрөөр хэлбэл: Шаардлагтай үедээ мэдээллийн санд хандан тайлан мэдээлэл харах боломжтой болох юм.
Кассын программ нь программ хангамж (software) болон техник хангамж (hardware)-аас бүрддэг тул энгийн эсвэл нарийвчилсан мэдээллүүдийг боловсруулна. Сүлжээ дэлгүүр болон 6 нэрийн барааны дэлгүүр нь хэрэгцээ шаардлага ялгаатай байдаг тул хэрэглэх кассын программ нь ч өөр байдаг. Кассын программыг бизнесийнхээ хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх боломжтой.