
16/01/2025
Монголын хөлбөмбөгийн холбоонй Ерөнхий нарийн бичгийн дарга Т. Дагвадорж: Холбооны нэр хүндийг унагаж муухай харагдуулж, гадна дотны хамтран ажиллагч ивээн тэтгэгч нарын санал бодлыг эргүүлэх, эргэлзүүлэх, цаашлаад олон улсын холбоодод улсаа муухай харагдуулах асар сөрөг үр дагавруудыг хөлбөмбөгийг хөгжүүлэх ёстой хүмүүс нь өөрсдөө тарьж байна.
Эх сурвалж: Tovuukhorol Dagvadorj Dagva
Над руу чиглэсэн энэ их гүтгэлэгт миний өмнөөс хариулах хүн байхгүй учир санаатай, санаагүйгээр надад ирэх дайралтуудыг эс тоон энэхүү тайлбарыг бичих нь зөв гэж үзлээ.
АЛДАГДСАН БОЛОМЖ
Хөлбөмбөгийн алдагдагдсан боломж гэж юу вэ?
Энэ асуултын хариултыг хайвал, хамгийн түрүүнд шигшээ багийн амжилт гэж би хэлнэ. “Хэрэв энэ их санхүүжилтийг зөв зарцуулсан бол шигшээ баг хожих байсан” гэдэг дүгнэлтийг үе үеийн хүмүүс хэлж ярьсаар ирсэн. Үнэн. Тэгвэл, хөлбөмбөгийг хэрхэн хөгжүүлэх томъёог хэн гаргах ёстой билээ?
Намайг “мэргэжлийн биш” нарийн бичгийн дарга гэж дүгнээд байгаа юм байна. “Ерөнхий нарийн бичгийн дарга заавал мэргэжлийн хөл бөмбөгчин байх шаардлагагүйг, харин салбарынхаа хөгжилд зөв зохион байгуулалтыг хийж, хөрөнгө оруулалт татах гэх мэт тодорхой үйл ажиллагаануудыг оновчтой хэрэгжүүлэх сайн менежер байх ёстой” гэсэн агуулга бүхий МХБХ-ны дүрмийн тодорхой заалтыг энд дэлгэрэнгүй тайлбарлах нь илүүц биз.
Харин МХБХ-нд Ерөнхий нарийн бичгийн даргын нөгөө талын багана болон зогсох ёстой, мэргэжлийн, хөлбөмбөгийг “А” үсгээс нь эхлээд заалгасан мэргжилтнүүд маань яагаад энэ салбараа хөгжүүлэх эрмэлзэлгүй байгаа юм бэ?
Техникийн хэлтсийнхэн бол МХБХ-ны уураг тархи, хөлбөмбөгийн хөгжлийн бодлого тодорхойлогч байх учиртай. Өөрөөр хэлбэл, тэд зөвхөн Хөлбөмбөгийн холбоондоо төдийгүй салбартаа хамгийн чухал хүмүүс нь мөн.
Тэр ч утгаараа миний бие энэ хэлтсийнхэнд эрх хэмжээ, ажиллах нөхцөл бололцоог нь өөрийн итгэл үнэмшил, хүндэтгэлтэйгээ хамт өгсөн.
Бодлогоо саадгүй хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор нь бүрэн хангахын тулд, гадаад харилцааныхаа бодлогыг тултал хэрэгжүүлэх боломж олгохын тулд төслийн менежертэй, нарийн бичгийн даргатай болгож хэлтсийн бүтцийг томруулсан. Тэд ингэж ийм боломж, илүү томруулсан бүтэцтэйгээр 2023 оны наймдугаар сараас эхлэн өдийг хүртэл ажиллаж байна.
Техникийн захирлаар, өдгөө Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнайг томилохдоо мэргэжлийн чадварлаг багийг өөрийнхөөрөө бүрдүүлээд үр дүн гаргаж ажилла гэсэн шаардлагыг тавьсан, тэр зөвшөөрсөн.
Харамсалтай нь, үүнээс хойш бүтэн 1 жил 6 сарын хугацаа өнгөрчихөөд байхад Б.Гарьдмагнай захирал болон Техникийн хэлтсийн мэргэжилтнүүдээс бодлогын нэг ширхэг ч баримт бичиг шаардсан ч гаргаж ирсэнгүй ээ.
Монголын Хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөл 2023 оны гуравдугаар сард Лигийн тэмцээний шагналын санг нэмэх, клүбүүдэд санхүүгийн дэмжлэг олгох төсвийн тодотгол хийсэнтэй холбоотойгоор төсвийн хүндрэл, орлогын тасалдалтаас үүдэлтэй он дамнаж ирсэн өр зээлтэй 2024 онд нүүр тулсан. Ингээд санхүүгийн бэрхшээл, сүүлийн саруудад үүссэн цалин хөлсний доголдлыг тэд ажил хийгээгүйнхээ өмнө бамбай болгон барьж буй.
Тэдний МХБХ-ноос авч буй үндсэн цалин болон Техникийн хэлтсийнхний өөрсдөө боловсруулсан, AFC-ээс санхүүжүүлдэг “Advantage” болон “TDS” төслийн ачаар сүүлийн жилүүдэд авч байгаа цалин урамшууллын тоо хэмжээг хийсэн ажлынх нь үр дүнтэй харьцуулбал хэтэрхий чамлалттай. Санхүүгийн хүндрэлтэй нүүр тулсан 2024 оноос өмнөх жилүүдэд ч тэд энэ багаараа холбооны уураг тархи нь болоод байцгааж л байсан.
Техникийн хэлтэс бол дан хөлбөмбөгийн дасгалжуулагч нараас бүрддэг хэлтэс гэдгийг салбарын бус хүмүүст тайлбарлан хэлэх нь зөв болов уу. Эрх мэдэл, баг хамт олон, мэдлэг чадвар нь байсаар байтал хөлбөмбөгийн хөгжлийг хойш нь чангааж байгаа тэднээс боломжийг алдсаных нь төлөө хэн хариуцлага нэхэх вэ. Алдагдсан боломжуудыг хэн ч тэднээс өнөөдрийг хүртэл нэхэж байгаагүйн гор өнөөдөр гарч байна!
“ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ”-ИЙН ДҮРТЭЙ ШУДАРГА БУСТАНГУУД
Техникийн хэлтсийнхэн 2024 онд 150 мянга орчим ам. доллар буюу монгол төгрөгөөр 500 сая орчим төгрөгийг төслөөр авч цалин хэлбэрээр зарцуулж дуусгасан. Ингээд 2025 онд “Advantage” төслийн 150.000 доллар дээр нэмээд “TDS” төслийн 100.000 ам.доллар буюу нийт 850 гаруй сая төгрөгийг өөрийн эрхийн хэмжээнд үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөж байсан. Үйл ажиллагаа гэдэг нь Монгол Улсын дасгалжуулагч нарын цалин. Нийтдээ 21 хүн эдгээр төслийн хүрээнд 2024 онд 500 сая төгрөгийг цалин хэлбэрээр авсныг миний бие өмнө нь хэвлэлийн хурлаар нийтэд нээлттэй мэдээлсэн. Энэ 21 хүний дийлэнх нь болон Техникийн хэлтсийнхэн бол хөлбөмбөгийн “Унаганууд” клубын тамирчин, дасгалжуулагч нар. Өөрөөр хэлбэл, энэ 21 хүн Техникийн хэлтсийнхний найз нөхөд, ах дүү, багш, шавийн барилдлага гэх мэт холбоо сүлбээ бий. Зарим нь төсөлд хамрагдах лицензийн шаардлагаа ч хангаагүй юм билээ.
Өөр нэгэн асуудалд тайлбар өгөхөд “Шүгэл үлээсэн хүнийг ажлаас нь халчихлаа” хэмээцгээж байгаа. Эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, элит хөлбөмбөгийн ахлах мэргэжилтэн гээд хөлбөмбөгийн холбооны насанд хүрэгчдийнхээс бусад бүхий л шигшээ багийн дасгалжуулагчдыг хариуцан академи нэрийдлээр ажилласан хүн л дээ. Тэрбээр, 2020 оноос хойш эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан эрхэм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ хүний хийсэн ажлын үр дүнг эмэгтэй шигшээ багийн гаргаагүй амжилтууд тодорхойлно. “Та сайн ажилла” гээд боломжоор нь хангасан, харамсалтай нь юу ч өөрчлөгдөөгүй. Тэр юуг ч өөрчлөөгүй.
Харин зарим нь төслөөс хэдэн янзаар өөртөө цалин зохиож давхардуулж авсан. “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг. Харамсалтай нь тэд чадаагүй юм аа.
Үр өгөөжийн тухай ярих хэрэгтэй. Гэвч харамсалтай нь, дээрх хүмүүс, дасгалжуулагчийн үйл ажиллагаа нь үр дүнгээ өгөөгүйг шигшээ багийн гаргаагүй амжилтууд хэлээд өгнө.
Тиймээс “Ирэх онд энэ хоёр төслийг Монгол Улсын хэмжээнд байгаа шилдэг дасгалжуулагч нарынхаа хүрээнд хэрэгжүүлье. Клүбүүд, хөдөө орон нутгийн дасгалжуулагч нарыг ч хамруулах боломж олгож нээлттэй сонгон шалгаруулалт зарлая. Та бүхэн мөн 2024 онд хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнг, санхүүжилтийг тайлагнаад өгөөч” гэсэн шаардлагыг миний бие удирдлагын хувьд тавьсан. Энэ үеэс эхлэн МХБХ-ны үйл ажиллагаа болж бүтэхгүй болоод, сүйрэл дампуурлын ирмэгт тулсан мэт, энэ нөхцөл байдалд нь одоогийн удирдлагууд буруутай гэсэн ойлголтыг хөлбөмбөгийнхний хүрээлэлд зориудаар тараах акцыг “Advantage” төслөөс цалин авдаг нөхдүүд болон тэдний ойрын хүрээллийнхнээс эрчимтэй тарааж эхэлсэн байдаг.
Энэ 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Зөвлөлийн ээлжит бус хурлаар энэ төслийн санхүүгийн зарцуулалтыг ярьж эхлэх тэр мөчид тэд гар утсаа гарган ирж олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулалт хийж хурлаар хэлэлцэх байсан асуудлуудыг замхруулж, үймүүлсэн.
Энэ цагаас хойш утга учиргүй гүтгэлгүүд ар араасаа эрчимжиж байна. Тэдэнд итгэгчид, хөлбөмбөгийн спортыг хайрлан хүндэтгэдэг хүрээллийнхнийхээ итгэл дээр дөрөөлөн дээш мацацгааж худлыг үнэн гэж харагдуулахын төлөө юу ч хийхээс буцахгүй болчихсоныг би харж байна.
Тэд олон хэлбэр, талбарыг ашиглан “МХБХ ээлжит бус их хуралаа зарла, сонгуулийг дахин явуул” хэмээн хашгиралдаж буйн нэг хэсэг нь “Хөлбөмбөгөө аваръя” Түр хороо нэртэй Хөлбөмбөгийн Холбоогоо самрах Түр хороо юм.
“FIFA-гаас төсөл хэрэгжүүлэхээр орж ирсэн 1 сая ам.долларыг завшсан” гэх агуулгатай тэдний тараасан мэдээлэл гүтгэлэг бөгөөд энэ мөнгө МХБХ-нд огт орж ирээгүй гэдгийг энд хариуцлагатайгаар мэдэгдье. Санхүүгийн зарцуулалттай холбоотой тэдний тарааж буй бүх асуултын хариултыг би нээлттэйгээр, хоёр ч удаагийн Хэвлэлийн бага хурлыг өөрөө зарлаж тайлбарласан байдаг. Цаашлаад хөндлөнгийн аудитыг, тэр тусмаа олон улсын аудитын байгууллагаар МХБХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт оруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн саяхан, энэ сарын 10-нд Ээлжит бус Удирдах зөвлөлийн хурлын тогтоолын дагуу байгуулсан Түр хорооны ажлын хэсэг болон FIFA, AFC-ийн аудитаар ч эдгээр асуудлыг бүрэн шалгуулна. Тэгэхээр хэн нь хэн байсныг харуулах нь цаг хугацааны л асуудал.
Өөрсдийгөө “Шүгэл үлээгч” гэж харуулахыг хүсч буй шүүр баригчид харин энэ хугацааг ашиглан миний хашиж буй албан тушаалыг ямар ч хамаагүй аргаар авахын тулд “Ээлжит бус хурлаа зарла. Дахин сонгууль явуулъя. Энэ нэгдүгээр сардаа багтаая” гэсэн хууль бус шаардлагыг эрчимтэй өрнүүлж эхэллээ.
Шүүр баригч гэж нэрлэхийн учир тэд МХБХ-ны нэр хүндэд асар сөргөөр нөлөөлөхүйц худал мэдээллүүдийг хог шороо шиг гаргаж ирээд хөлбөмбөгийн ертөнцийнхөн рүү шүүрдэн цацаж байна.
Техникийн захирлаар ажиллаж буй Б.Гарьдмагнай хэлтсийнхнийхээ дунд орохоороо намайг үзэн ядагчийн дүртэй, харин надад хэлэхдээ, “Би хэлтсээсээ тэр хүнийг халмаар байгаа ч чадахгүй байна”, эсвэл “Тэр, тэрийг халсан чинь зөв байлаа, баярлалаа” гэж ярьдаг хандлагынх нь цаана ямар эрх ашиг байдгийг би мэдэхгүй юм. Цаг хугацаа хэн нь хэн байсныг харуулна гэдэгт би итгэдэг. Гэхдээ албан ёсоор хэлчихье. Би үнэнийг хэлсээр ирсэн. Цаашид ч хэлнэ.
Сэтгэлтэй, зүтгэлтэй олон сайхан залуус өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбоонд ажиллаж байгаа. Тэдний хүсэл, зориг, тэмүүлэл, хийсэн бүх ажлыг юу ч үгүй болтол хог шороогоор дарж буй “Шүүр ажиллагаа” өөрөө МХБХ-ны уураг тархи болсон Техникийн хэлтсийнхнээс гарч буй нь нэн харамсалтай юм. Харин миний бие МХБХ-ны урт, дунд, богино хугацааны бодит хөтөлбөрөө боловсруулж нийслэлийн клуб, орон нутгийн бүсчилсэн хөгжилд элит мэргэжлийн тамирчин бий болгох тогтолцоог бий болгох санаачлагыг дэвшүүлсэн юм шүү.
Холбооны нэр хүндийг унагаж муухай харагдуулж, гадна дотны хамтран ажиллагч ивээн тэтгэгч нарын санал бодлыг эргүүлэх, эргэлзүүлэх, цаашлаад олон улсын холбоодод улсаа муухай харагдуулах асар сөрөг үр дагавруудыг хөлбөмбөгийг хөгжүүлэх ёстой хүмүүс нь өөрсдөө тарьж байна. Та нарт хэлэх нэг л үг байна, ТАРЬСАН ХОГОО АВЧ ХАЯНА УУ!!!
Эх сурвалж: Tovuukhorol Dagvadorj Dagva