06/04/2023
Францын онгоц үйлдвэрлэлийн компанид үйлдвэрлэлийн доголдол үүсжээ. Компанийн урдаа барьдаг тэргүүлэх мэргэжилтнүүд үүссэн асуудлыг оношилж, доголдлыг илрүүлэх гэж хичээсэн боловч тусыг эс олов. Ингээд тэд гаднаас мэргэжлийн туслалцаа эрэлхийлж, эцэст нь нисэхийн инженерчлэлээр Европт нэр алдар нь цуурайтсан нэгэн Еврей инженерийг урив. Маргааш өглөө нь яг товлосон цагтаа саарал пальтотой, цэмцийтэл зүлгэсэн гуталтай, үсээ хойш гялтайтал, тосолж самнасан хижээл насны нэгэн Еврей эр хүрэлцэн ирлээ.
Ингээд Еврей инженер онгоц үйлдвэрлэлийн нэгж бүрийн төхөөрөмжүүдийг эхнээс нь анхааралтай нягтлан үзэж, хүрч тэмтэрсээр нэгээс нөгөөд шилжин урагшлав. Бүх тоног төхөөрөмжийн эд ангиудыг нягталж тойроход нийтдээ гуч орчим минутыг зарцууллаа. Төгсгөлд нь инженер урт цагаан хуруугаараа CAD хэмээх төхөөрөмж рүү заан "Үүнийг соль" хэмээв.
Еврей эрийн зөв байлаа. CAD - ыг түүний санал болгосны дагуу сольсон даруйд үйлдвэр урьдын хүчин чадлаараа элдэв доголдолгүй ажиллаж эхлэв. Үйлдвэрийн захирлын баяр хөөр Еврей инженерийн нэхэмжлэл дээрх үнийн дүнг харах хүртэл үргэлжлэв. Еврей эр зөвлөх үйлчилгээний хөлсөнд 60,000 доллар нэхэмжилжээ. Гайхаж балмагдсан захирал ийн асуув.
- "Би танаас нэгэн зүйлийг тодруулах гэсэн юм. Та битгий буруугаар ойлгоорой. Гэвч гучхан минут зарцуулсны хөлсөнд 60,000 доллар нэхэмжилсэн нь бидэнд хачирхалтай байна л даа"
- Инженер "Тийм ээ. Танай үйлдвэр дээр өнгөрүүлсэн гучин минутанд минь зориулж танайх 50 доллар төлж болно. Гэвч энэ ур чадварыг эзэмшихийн тулд зориулсан гучин жилд маань зориулж 59,950 - ыг төлөх учиртай"
Маргааш өглөө нь Еврей эрийн дансанд онгоц үйлдвэрлэгч компаний талаас 60,000 америк доллар шилжин орсон байлаа
Хувь хүний хөгжлийн постуудыг уншихыг хүсвэл , Математик, Шинжлэх ухаан, Түүх, Сансар огторгуй, Танин мэдэхүйн постууд уншихыг хүсвэл хуудас руу орж үзнэ үү