Game Writer

Game Writer Мэдээ мэдээлэл, дурсамж, сонин хачин

Одоогоос 7 8 жилийн өмнө болсон явдал. "Би та нарыг гэртэй чинь хамт бөмбөгдүүлнэ" гэж Монголд ирсэн нэг Израйль залуу, ...
01/09/2026

Одоогоос 7 8 жилийн өмнө болсон явдал. "Би та нарыг гэртэй чинь хамт бөмбөгдүүлнэ" гэж Монголд ирсэн нэг Израйль залуу, Алтай Таван Богдруу аялаад буцаж явахдаа Ойгорын эхэнд нэгэн Казак айлд орчихоод гэж хэлсэн талаар бид хэд ярьцгааж, яг л жаахан хүүхэд аавдаа хэлнэ дээ гэдэг шиг юм болоо шив дээ хэмээн инээлдээд өнгөрч байв.
Яг юу болоод бөмбөгдөх талаар яриа болов гэвэл, ийм юм болж. Өнөөх Израйль нөхөр зам зууртаа Казак айлаар орж л дээ. Тэд ч угаасаа айлаар хэсэж сохор зоос ч зарахгүй идэж уучих гээд л өлөв долов хийж явдаг улс, тэгж л айл хэсэж явахгүй юу. За тэгээд цай цүү, өрөм ааруул, талх боорцог нь байна, Монгол, Хасаг нүүдэлчидийн маань зочломтгой сайхан зан байна, тэдэнд уулгаж идүүлсэнээрээ ч муудах юу байхав, байгаагаараа дайлаад гаргадаг ёс уламжлалаа хадгалах нь зөв. Харин тэд манай хөдөөнийхөнтэй хэтэрхий дээрэнгүй, хүндлэл үгүй, басамжилсан өнгөтэй, ёсгүй харьцаж байдагт нь би дургүй. За тэгээд өнөөх нөхөр айлд ороод л цай цүү болоод хэсэг суусан юм байх. Ойр зуур дохио зангаагаар хоорондоо ярилцаад л сүрхий байж. Тэгээд гарах болсон чинь мань эр харин, хоймороод нь алхаж гараад унинаас өлгөөтэй байсан жижиг зургийн аппаратыг нь шууд тайлаад аваадахлаа гэнэ. Зураг сонирхох гэж байгаа юм байлгүй гээд эхэндээ тоосонгүй гэнэ, тэгсэн өнөөх чинь зургийнх нь аппаратыг шууд үүргэвчиндээ хийжээ. Айлын хүү зургийн аппаратаа авья гэсэнд уурлаад өгдөггүй гэнэ. Аз болж өөр нэг аялалын хөтөч ирж хэлмэрчилж. Тэгсэн өнөө Еврей нөхөр чинь, энэ бол манай найзын зургийн аппарат мөн байна, тэр найз маань намайг монголд ирэхийн өмнө хэдхэн долоо хоногийн урьдтай энд аялж явахдаа зургийн аппаратаа хулгайд алдсан гэсэн, тэрийг нь та нар авсан байна, энэ манай найзын зургийн аппарат мөн гээд өгдөггүй гэнэ. Өнөөх хэлмэрчид хэлж байгаад зургийн аппарат дээрх хадгалагдсан зургуудыг үзүүлж, энэ бол манай зургийн аппаратаа, та энэ зургуудыг хар даа, 2-3 жилийн өмнөх зураг ч байгаа энэ чинь манай зургийн аппарат гээд хэлээд ядчихаж. Сүүлдээ ч хулгайд сэрдэгдэж гөрдөгдөж байгаадаа уур хүрэвч, манайхан бас жуулчидад найртай ханддаг зангаараа арай ч цохилцсонгүй, өнөөх нөхрийг түлхээд аппаратаа булаагаад авч. Тэгсэн яахав өнөөх Израйль нөхөр чинь та нар муусайнуудыг би нутагтаа очоод бөмбөгдүүлнэ гэж цамнаж л дээ. Угтаа, хаа тэртээ тивээс энд ирж бөмбөгдөх ч лөөлөө байлгүй хөөрхий, ядарсан амьтаны л хүн айлгах гэсэн хөөрхийлэлтэй жүжиг гэж санахаар байв. Энэ яриа болсоны дараахан намартаа ахиад Таван Богдруу алхалт хийж явахдаа таньдаг тува айлаараа ороод яриа дэлгэж суухад, өнөөх, би та нарыг бөмбөгдүүлнэ шүү гэж хэлж байсан Еврей нөхрийн үг оргүй хоосон биш байж болох юм шиг санагдахад, их цочив. Алтай Таван Богдод 9 сарын эхэн хагаст цас орж айхтар шуурчээ, яг энэ үеээр үндсэн отогруу алхаж явсан хоёр Израйль төөрч.
Баян-Өлгийн онцгой байдал бараг мэдээ ч үгүй байхад, за мэдсэн ч 200 гаруй км алсаас ирэх гэсээр явтал нь Улаанбаатар хотоос нисдэг тэрэг ирж өнөөх хоёр нөхрийг аварч байна гэнэ. Тэр нисдэг тэрэг ирэхийн өмнөхөн, надтай одоо яриа дэлгэн суух энэ эр хоёуулаа явж байгаад өнөөх хоёр Израйлыг хадны ёроолд эвхрэлдээд хэвтэж байхад нь олж очиж өөрсдийн өмсөж явсан курткээ өмсгөж дулаацуулаад хөлдөж үхэх аюулаас авраад байж. Тэд яаж мэдэж аварсан бэ гэхээр, тэр үед хэд хэдэн аялал явж байснаас энэ хоёр Израйл байхгүй байгааг тэр хавийнхан бүгд дуулцгаагаад нутгийн иргэд ойр тойрондох хүмүүс хэзээний хайгаад эхэлчихсэн байж л дээ.
Тэгсэн өнөөх бээвийсэн хоёр нөхөр чинь нисдэг тэргэнд суухдаа баярлалаа ч байхгүй цув курткийг нь ч буцааж өгөлгүй онгоцонд суугаад алга болж. Нисдэг тэрэг ирдэг нь ямар учиртай юм бэ гэхээр, хоёр Израйль сансрын холбооны иридиум утастай явж байсан бөгөөд яг тулсан зайлшгүй шаардлагатай амь насанд аюул тохиолдох үед тэр утасаар ярих, эс бөгөөс SOS дохиог нь асаадаг юм байна. Тэр дохио нь Израйльд байх компаний сүлжээнд ослын мэдээлэл болон очиж, уг дохиог хаанаас ирж байгаа тэр орны Элчин консулруу Израйлаас холбоо барьдаг юм гэнэ. Яг ийм дарааллаар Монгол дахь Израйлын консулд мэдээ ирүүт, консулаас монголын аль нэг авиа компанитай холбогдож тэр даруй нисдэг тэрэг Алтай Таван Богдруу илгээсэн байжээ. Иргэндээ яаж санаа тавьж байгааг нь харахаар бахархалтай аж. Тэд ер нь байнгийн цэрэгжилттэй байдаг болохоор, улс орны жирийн өдрийн үйл ч, цэргийн дэг журам, эмх цэгц, сэрэмжинд багтдаг бололтой. Энэ явдлыг сонсоод тив алагсагч пуужинтай, цөмийн зэвсэгт энэ улс, ямар нэг газрын координат өгвөл үнэхээр бөмбөгдөж чадах улс шиг санагдаж байв.
Харин энэ явдлаас хойш бараг 6-7 жил өнгөрч, одоо эргээд өнөө цаг үеээс харвал тэр хэлсэн нь худлаа зүйл биш, тэгж чадна гэдгийг ч тэр мэдэж байж. Бид өнөөдөр тэдний явуулж байгаа дайн байлдаанаас яаж бөмбөгдөж болохыг харж байна. Манайруу бол онлын хувьд боломжой аж.
Хаа тэртээ уулын тагд явж байхад хоёр гурваараа, заримдаа ганцаараа үүргэвч үүрсэн Израйль залуустай таардаг байлаа. Яагаад дандаа зөвхөн залуус ингэж олноороо зөвхөн үүргэвч үүрч аялдаг юм бол гэж гайхдаг байв. Тэгсэн гол учир нь цэрэгт яваад халагдаж байгаа залуус л байдаг байж. Израйльд эрэгтэй эмэгтэй гэхгүй бүх хүн 16-17 настай болоод л цэргийн албанд явдаг гэнэ. Эмэгтэйчүүд нь нэг жил, эрчүүд нь 2 жил цэргийн албанд байх хугацаанд нь тэдний нэр дээрх банкны дансанд урамшуулал гэх үү цэргийн цалин гэх үү ямартай ч нилээд мөнгө хуримтлагддаг юм байх. Харин цэргээс халагдаад тэр мөнгөө шууд зарцуулах эрх нь нээгдэхгүй аж. Халагдсан залуус заавал Израйлын хилээр гарчихаад буцаж орж ирэхэд нь тэр хуримтлагдсан мөнгөө зарцуулах эрхтэй болдог болохоор нэгэнт хил гарч байгаагийнх ямар нэг оронруу, аль хямд зардлаар аялахыг хичээдэг юм гэнэ. Улсынх нь бодлого айхтар юм аа, хорвоотой танилцаад ир, гэхдээ эх орондоо үлдэх энэ хөрөнгнөөс бусад оронд зарахгүй хал үзээд ир л гэсэн үг аж. Харин ирж байгаа залуус манайханд үнэн хүндлэлгүй хандаж байгааг биеээр туулсан билээ. Явган алхалтын төгсгөлд Увсын Ямаатын аманд байгаль хамгаалагч айлаар орж аялагчийн тоогоор тусгай хамгаалалтай газар нутгийн тасалбар авдаг байв. Нэг удаа аялагчидаа майхан буудалсан газарлуугаа явуулчихаад муухан алхаж байсан нэг жуулчинтайгаа араас алхаж байгаль хамгаалагийнхаа гадна ирэв. Хоёр нөхөр урд замаар өгсөж явна. Байгаль хамгаалагчдаа хэллээ, энэ дээшээ өгсөж байгаа хоёрыг дуудаж тасалбарыг нь авахуулаа ч гэв. Танайхан биш үү гэнэ.
Үгүй ээ, манайх биш гэсэнд өнөөх хоёрыг дуудлаа. Тэгсэн үүдэнд ирсэн нөгөө хоёр нөхөр чинь босгон дээр хөлөө тавьчихаад, тотгон дээр гараа тохойлдчихоод гэрлүү толгой шааж шагайж байна. Ор эсвэл гар, ингэж болдоггүй юм гэдгийг нь хэллээ. Өнөө хоёр чинь орж ирүүт хэзээ язааны гарууд үүргэвчээ баруун хаяаруу тайлаад чулуудчихаж байна. Нэг нь том ундааны сав барьчихаад гэрийн эзэгтэйрүү доёлзуулан, энд ус хийгээдэх гэнэ.
Гадаа бэлхэнээ гол байхад, дээр нь их л дээрэнгүй байгаад нь уур хүрч, нэгд монгол хүн орж ирсэн гийчинд хар ус аягалдаггүй юм, хоёрт гадаа гол байна голоос ав гэлээ. Баруун талаар зэрэглээд суусан хүмүүсийн өмнүүр хойморлуу зүтгэж байна, үгүй ээ наанаа суу гэж хүмүүсийн доор хаяанд суулгав. Айлын эзэгтэй ч цай аягалж боорцог тавьж өгөв. Ийм тасалбар авдаг гэсэнд бид мэдэхгүй өгөхгүй гэж байна. Авах ёстой, ийм тасалбар гээд өөрсдийн жуулчидынхыгаа үзүүллээ. Хамт явсан манай жуулчин ч авдаг юм гэж тайлбарлаж байна. Бас нэг англи хэлтэй хэлмэрч байсан түүгээр дамжуулан хэлж байж хэдэн тасалбар авхуулав. Гэрийн эзнээс тамхи байна уу л гэж байна, тамхиа зууж, боорцогоо идэж аваад гарсандаа. Тэгсэн биднийг гэрт сууж байхад хажуу гэрт ганцаар байх хөгшин эмгэн дээр орж бас идэх юм гэсэн бололтой зааж зангаж байгаад явсан байв. Манай жуулчид ирээд л айлд орохдоо юу юу анхаарах вэ гэж их асууна? Босгон дээр лав гишгэж болдоггүй зуухруу хөлөө жийж суудаггүй гэх мэтээр монголын тухай хөтөч номноос уншчихсан түүнийгээ ихэд хүндлэлтэй биелүүлж явдаг. Израйлууд ч мэдээж энэ талаар уншссан л байгаа. Гэхдээ л эсэргээр үйлдэнэ. Алтай Таван Богдод Израйлуудтай их таарна. Нэг өдөр Малчинруу гарчихаад бууж ирээд амарцгааж байлаа. Тэгсэн англи хэлний нэгэн орчуулагч охин, Цоомоо ахаа миний авч яваа Израйлууд намайг бүр үл тоож үгэнд ер орохгүй Малчинруу авирч явахдаа эрчүүд нь чармай шалдалж зургаа даруулаад байх юм. Манай нутгийн шүтээн уул, ингэж болохгүй гэхээр ер тоохгүй чамд хамаагүй гээд байна, та нэг очоод хэлээд өгөөч гэж байна. Би ч яваад очлоо. Тэгсэн эрэгтэй эмэгтэй нийлсэн 10 аад залуус тарайгаад хэвтчихсэн, хүн ирж байгаа мэндэлж байгааг ч үл тоосон шинжтэй байна.
Хэдэн эрчүүдийг нь бос гэж ширүүхэн дуугарлаа. Та нар бидний хүндэлж шүтдэг уулруу гарахдаа гайдынхаа учирлаж хэлсэнг үл тоож, шүтээн уулыг, дээр нь бидний ёс заншилыг үл хүндэтгэн чармай шалдлан зургаа даруулсан байна, бүгд зургийн аппарат утсаа өг гэж дориухан хэлэв. Нэгнийх нь утсыг нь аваад алив тэр зурагнуудаа бүгдийг нь арилга гэж, бүгдийнх нь зургийг арилгуулав, бүгд л би арилгацан хараа гээд л аппарат утсаа харуулж байна, ямар нэг бүрчлэн үзэлтэй биш. Одоо эндээс бууцгаа майхан саваа хураа гэж хэлээд явав. Удалгүй хөтөч казак бүсгүй ирээд, Цоомоо ахаа, одоо бид доошоо уруудвал бүр харанхуй шөнө Цагаан голруу бууна, эд нар буухаар бол би ч бас бууна шүү дээ, хончихоод явъя л гэж байна. За тэгвэл тэд нар чинь ирээд уучлалт гуйг гэсэнд, төдөлгүй гурван залуу ирж уучлалт гуйж хоноод явъя л гэж байна, маргааш өглөө эрт бууцгаа гэж хэлээд явуулав. Өглөө нь босоход өнөө хэд хэзээний юм хумаа хураагаад хөдлөж байв. Тэд яаж харьцана бид ч бас түүн лугаа хариу барина гэдгийг ойлгуулав.
Казак хөтөч бүсгүй маань сүүлд нь, мөн ч хэцүү аялал байсан гэж байв.
Бас дараа нь хэдэн Израйлаас болж Алтай Таван Богдын отог дээр улсын их хурлын гишүүн асан нэгэн казак эртэй хоёулаа, манай газар танай газар болж барьцалдаж авч байв. Хавийн бүх хүмүүс амрах гээд майхандаа орцгоочихсон унтах гээд байдаг, харин өнөөх Израйлууд чинь нэг дугуй цартай гитар шиг хөгжимөө нүдээд дуулж хуурдаад болдоггүй, очоод хүмүүс унтаж амарч байна больцгоо гэсэнд, бас хажуугаар нь домбор тоглуулж байсан нэг манай казак маань өнөө хэдийг чинь өмөөрч, чиний газар юм уу чи хэн юм боллоо, би яаж мөчөөгөө тавихав сүүлдээ хоёулаа барьцалдаж аваад, дэргэд хүмүүс салгаж билээ. Энэ талаараа ярьж суухад, Израйлуудтай холбоотой бүтэхгүй зүйл бас дуулдана. Би мөнгөө төлсөн энд би яасан ч дур гэсэн ойлголттой гарууд жолоочийнхоо мөрөн дээр хөлөө гаргаж тавьчихаад түлхээд буулгахаар ахин дахин мөрөн дээр нь тавьчихаад би мөнгийг нь төлсөн яаж явах нь миний эрх гээд, хэлээд нэмэргүй, сүүлдээ бүр буулгаж үлдээх дээрээ тулж байж аялалаа дуусгасан нэг нь ч байна.
Алтай Таван Богдруу пургон хөлслөхдөө одоо талыг нь, ирээд хагасыг төлнө гээд, очих тал бензиний мөнгө төлж буцахыг нь өөрөөс гаргуулаад Цагаан гол дээр ирээд жолоочоо үлдээж 2-3 хоногийн дараа бууж ирнэ гээд явсан нөхөр нь өөр газраар Ойгорын талруу буугаад хөдөөний айлын мотоцикл хөлслөөд буцсан байсан тохиолдол ч гарч байв. Энэ бүгдийг ярихаар Еврей нарыг гадуурхах үзэлт, антисемитист гээд ойлгох вий, үгүй. Тэртээ тэргүй орон орны хүмүүсийн сэтгэлгээ өөр өөр тул ялгаж харьцах нь ойлгомтой, харин ялгаврлан гадуурхагч бол биш. Монголыг минь доромж үзэх аваас хариуг нь барих л ёстой, яг л Ардын элч дээр хэлдэг шиг, энэ ноён яаж хүлээж авна бид ч тийм хариу барина гэдэг шиг, юм түс тас ойлгомтой ил тод нь дээр.
Монголын минь тухай муу үгээр зэс хошуулаад, хамраа сөхөж дээрээс харж яриад, хүндлэл үгүй дорд үзэх ахул, гүлдийгээд тэвчээд яаж суух. Монгол дотроо хоорондоо сайн муугаа хэлцэж, сайн муугаа дэнслэх бол байх ёстой ч зүйл биз, харин харийн өмнө хэзээ ч муучлах хэрэггүй, хүндлэл үгүйг ч тэвчээд байх ёсгүй.
Балба найзтайгаа ярьж байхад, Израйлуудаар Nase voll гэж байв. Энэ нь залхсан гэсэн үг л дээ, хүзүүгээр татах биш бүр хамраар татаж хашрааж байна л гэсэн үг.
Мэдээж үүргэвчтэйгээс нь авахуулаад янз бүрийн аялалууд байх нь зүй. Гэхдээ л өөрийн үнэ цэнтэй оршиж, сайныг нь сайн мууг нь муу гэдгийг нь хэлж хэлцэж байх нь ч учигтай.
Tsolmon Baasai аас

Чимэдийн Энхээ: Огт байгаагүй үндэстний байлдан дагуулалт гэж юу байх вэ?...Баабар, Молор-Эрдэнэ, Амаржаргал зэрэг нийгэ...
01/09/2026

Чимэдийн Энхээ: Огт байгаагүй үндэстний байлдан дагуулалт гэж юу байх вэ?
...Баабар, Молор-Эрдэнэ, Амаржаргал зэрэг нийгэмд нэр хүндтэй хүмүүс хүртэл үүнд идэвхийлэн оролцох болсон тул үнэхээр дуугүй суухад хэцүү болов.

Тэдний хэлснээр ерөөс монгол хүн, монгол гэж үндэстэн энэ дэлхий дээр байгаагүй гэж үзвэл маш олон асуудал араасаа дагуулахад хүрч байна. Наад зах нь эрийн гурван наадам, морин хуур, "Уяхан замбутивийн наран" тэргүүт уртын дуу, Дарьганга хийцийн эмээл, Цагаан Жамбын "Жаргалын найман морь" тэргүүт уран зураг, Цогт хунтайжийн шүлэг тэргүүтэн бүгд эзэнгүйдэж, нэг бол мартагдах, эс бөгөөс зарим нэг казах хүмүүсийн үздэгээр казахын, Баабарын үзэхээр хятадын хойд мужийн иргэдийн, Молор-Эрдэнийхээр манж нарын соёл болж хувирах нь, гэх мэтчилэн олон асуудал бийг тоочих нь илүүц.

Энд би зөвхөн дэлхийн дайдад тархсан монголтой холбоотой нэр томъёоны асуудлыг л дагнан хөндсү.
Энд юуны өмнө "Монголын байлдан дагуулалт" / зарим оронд "Татар-Монголын" ч гэж тодотгодог/ хэмээх нэр томъёог дэлхийн түүхээс арчих шаардлага гарна.

Огт байгаагүй үндэстний байлдан дагуулалт гэж юу байх вэ, ор байгаагүй үндэстэнд эзлэгдээд, дарлуулаад суух улс үндэстэн ч гэж юу байх вэ.

Мөн үүнтэй холбоотойгоор Марко Поло, Рубрук, Жүвейни, Плано Карпини нарын бүтээсэн эх сурвалжууд, эдгээрт тулгуурласан хожмын судлаачдын бүхий л судалгааны бүтээлийг илт худал, зохиомол хэмээж, шинжлэх ухааны эргэлтээс үлдэн гаргах шаардлагатай.

Дэлхийн хүн амыг антропологийн талаас ерөнхийд нь европеид, негроид, монголоид гэж ангилдгаас "монголоид" гэснийг " казахоид" юм уу "манжоид","синоид" гэж өөрчлөхөөс аргагүй.

Нэр томъёо, хэрэглээний хэмжээндээ бол ОХУ, Хятад хоёр үүнд чамгүй өртөх нь мэдээж. Сибирь, Саратов, караул, малахай, ясак гээд олон үг, хятадууд "даргач ноён" гэсэн үгнээс гаралтай далахаучи, "овоо"-гоос гаралтай аобао гэх мэт үгсээ үгсийн сангаасаа гаргах хэрэгтэй болно. Украинчуудыг "гөхөл" гэх монгол үгнээс гаралтай "хохол" гэсэн нэршлээр дууддагийг байхгүй хэлний, зохиомол үг гэж үзэхээс аргагүй.

Мөн энэ үгээр нэрлэгдсэн хохлатка хэмээх өрөвлөгт бялзуухайн /Galerida cristata/төрсний гэрчилгээ, паспортын бичлэгийг зөвтгөх нь зүй. Шаргалдуу туяатай, цайвар ногоон өнгөтэй "монголит" нэртэй чулуу байдаг, монгол алтан хундага буюу Adonis mongolica Simon гэх латин нэршлээрээ дэлхийн ургамал зүйн бүртгэлд орсон цэцэг байна, зүгээр л, нэг суудал дээрээ аван саван санаанд орсноо хэлэхэд л энэ шүү дээ, алсруулан тоочоод байвал тоймгүй л дээ. Найзууд өөрсдийн мэддэгээ нэмэрлэнэ биз. Нэр томъёоны тал дээр зарим маргаантай асуудлууд байдгийг бол харин хүлээн зөвшөөрнө. Тухайлбал Шанду гэж үг байна. Хятадууд үүнийг "Дээд нийслэл" гэж ханзаар тэмдэглэснийг өнөөдөр бид ч тэгж хэрэглэж байгаа. Гэтэл "Тогоонтөмөр хааны гэмшил" шүлэгт "...Шандын шар цэцэгт тал минь" гэсэн байхыг үзвэл энэ нь газар нутгийн нэр болохоос, аль нэг хот тосгоны оноосон нэр биш гэж харагддаг.

Нийслэл хотоо "тал" гэж нэрлэдэг ёс монгол хэлэнд үгүй. Өөрөөр хэлбэл Сайншанд гэдэг шиг, "булаг, шанд" гэсэн монгол үгээс эхтэй нэршил болов уу. Гэхдээ энэ мэт асуудлыг цаашид судлах шаардлагатай нь үнэн л дээ, тиймээс би энэ мэт маргаантай асуудалтай зууралдахыг түдгэлзэн, ямар ч маргаангүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн нэр томъёоны асуудлыг л хөндлөө.

“Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай" гэж чухамдаа үүнийг л хэлээд байгаа хэрэг гэж сэтгэнэ. Дэлхийн хэмжээний нэр томъёонд энэ дайны ул мөрөө үлдээсэн монгол хэлтэй казах, манж хэл өрсөлдөж чадах уу? Юу л бол.

Тэгвэл энэ хэлээр монгол хүн яриагүй, монгол үндэстэн гэж байгаагүй юм бол өөр ямар үндэстэн ярьж байсан хэрэг вэ?

Түүхэнд байгаагүй үндэстний, хэзээ ч хэрэглэгдэж байгаагүй гэх энэ хэлийг тэгээд чухам хэн дэлхий дахинд ийн тараасан байх вэ?

Хүн хувийн үзэл бодлоо илэрхийлэхэд бас хэмжээ бий шүү гэдгийг л энэ нь харуулж байна гэж би хувьдаа үзнэ.
"Би монгол хүн" гэж бахархан шүлэглэсэн аавын хүү би дэлхийн хэмжээнд хэрэглэгдэх ийм нэр томъёоны эх болсон монгол хэлийг зохиосон ард түмэн, ингэж тарааж, хэрэглүүлж чадсан эх түүхээрээ бахархахгүй гээд хаачих юм бэ?
Ч. Чимэдийн Энхээ

ДОЛООН НАСТАЙ ОХИНЫ ДӨРВӨН ХУРУУГ ТАС ЦАВЧСАН НАГАЦ АХ Г.ЧИНТӨР ШОРОНГООС СУЛЛАГДЖЭЭ  2019 онд 7-хон настай охины дөрвөн...
31/08/2026

ДОЛООН НАСТАЙ ОХИНЫ ДӨРВӨН ХУРУУГ ТАС ЦАВЧСАН НАГАЦ АХ Г.ЧИНТӨР ШОРОНГООС СУЛЛАГДЖЭЭ

2019 онд 7-хон настай охины дөрвөн хурууг сүхээр тасдсан аймшигт хэрэг гарсан билээ. Охины ээж эмнэлэгт хэвтэж байсан учир нагац ахаараа хүүхдээ харуулж үлдээсэн ч тэрээр согтуурсан үедээ охиныг тамлан тарчлааж, зодож нүдэн улмаар дөрвөн хурууг нь сүхээр тасджээ. Азаар охин зугтаж гаран, гудамжаар уйлж явахад нь хүмүүс тусалж, эмнэлэгт хүргэж өгсөн байдаг. Гэвч охины хоёр хуруу сэргээгдэх ямар ч боломжгүй болсон бөгөөд хоёр хурууг нь залгаж оёсон байна. Энэхүү балмад хэргийг үйлдсэн этгээд нь хохирогч охины нагац ах болох 51 настай Г.Чинтөр аж. Садист нагац ах охиныг сүхээр хоёр гарын нийт дөрвөн хурууны нэг хоёрдугаар үеэр нь таслаад зогсохгүй халуун усаар баруун хөлний гуя хэсгийг түлж тамлажээ. Мөн толгойн дээд хэсгийг сүхээр цохиж хагалсан гэх зэргээр зэрлэг балмадаар бяцхан охиныг эрэмдэг болгосон этгээд өдгөө болсон үйл явдлыг санахгүй байна хэмээн хэлжээ. Бага насны охины эрүүл мэндэд санаатай хүнд гэмтэл учруулсан хэргээр нагац ахад нь Эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлж, улмаар 10 жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг. Тухайн үед охины ээж Э.Мөнхзул
Э.Мөнхзултай уулзаж ярилцсан юм.

-Хэрэг гарсан өдөр та хаана байсан бэ. Энэ аймшигт хэрэг явдлын талаар хэзээ мэдэв?
-Хэрэг гарсан өдөр болох тавдугаар сарын 14-ний өдөр би бага хүүхдээ аваад эмнэлэгт хэвтэж байсан. Учир нь манай бага хүүхэд хүнд хэлбэрийн хатгаа авсан байсан юм. Миний охиныг найз маань хардаг байсан. Тэр өдөр манай найз “Танай хүүхдийг харж чадахгүй нь ээ. Танай ах янз бүрийн ааш гаргаад байна” гэж над руу утасдсан. Тэгэхээр нь би сахиураа солих гээд эмчдээ хэлэхэд хүнд хатгалгаа учир сахиур солих боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би эмчийгээ явахаар нь сахиураа солих санаатай хүлээж байсан. Охин маань өдөр над руу ярьсан. “Ах намайг авчихлаа, та хэзээ ирэх вэ?” гэхээр нь би “Харанхуй болохоор очно” гэж хэлээд тасалсан. Эмнэлгээс гараад гэртээ хариад хувцасаа солиод охин руугаа гарах гээд нөхөртэйгөө байж байхад танихгүй дугаараас охин маань залгасан. Тэгэхдээ “Ах миний хурууг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би очсон чинь охин маань их шоконд орсон байсан. Би очоод тэврээд байхад уйлаад “Манай ээжийг дуудаад өгөөч” гээд байсан. Гэтэл охиныг маань тамлаж зовоосон ах маань айж сандарч, гэмшсэн зүйлгүй орондоо хэвтэж байсан. Цагдаа нар ирээд эмч нар байхад тоосон юмгүй байсан. Тэр ах маань “Та нар юу яриад байгаа юм бэ, тэр охиныг аав, ээж нь ирээд аваад явсан” гэж хэлээд байж байсан. Эхэндээ би сандарсандаа арай ч хурууг нь тасалсан гэж бодоогүй. Гэтэл түргэний эмч нар машиндаа авч суухдаа “Нэг хуруу нь байхгүй байна шүү” гэж хэлэхэд нь л мэдсэн.

-Яагаад охиныг нь зодох болов, согтуудаа ийм авир гаргадаг хүн үү?
-Ах маань согтуу орж ирээд манай охиноос юм асуусан гэсэн. Манай охин мэдэхгүй гэж хэлэх тоолонд ус буцалгаж байгаад хөл рүү нь цацаад байсан гэсэн. Мөн үснээс нь зулгаагаад их удаан зодсон гэсэн. Тэгээд миний охиныг сүх аваад буланд шахаж суулгангуутаа “Би чиний толгойг цавчих уу” гэсэн байгаа юм. Манай охин “Үгүй” гээд уйлахад нь “Чи яасан их уйлдаг юм бэ” гээд хангинуур сүхээрээ толгой руу нь цохихоор нь гараараа хаасан гэсэн. Сүхээр толгой руу нь хоёр удаа цохисон гэсэн. Ингэж цохихдоо зулай хэсэг болон зулай хэсэгт нь хүнд гэмтэл учруулсан байсан. Миний охин “Ээжээ намайг дахиж ах руу битгий явуулаарай, Ах намайг хөргөгчинд хөлдөөнө гэсэн. Жорлонд булна гэсэн. Намайг аймар зодсон” гээд уйлаад гарыг нь оёж байгааг ч мэдэхгүй байсан.

-Одоо охины тань биеийн байдал ямар байна вэ. Хагалгаанд дахин ороод удаагүй байгаа гэсэн. Нийлүүлж оёсон хуруунууд нь эргэж сэргэж байна уу?
-Миний охин гурав дахь хагалгаандаа ороод удаагүй байна. Биеийн байдал тааруухан. Өвчиндөө шаналаад унтаж ч чадахгүй байгаа. Эхний хагалгаагаар баруун гарын дунд хурууг залгасан. Тэр хагалгаагаар дунд хурууны үзүүрийг нь залгаж чадаагүй. Эмч нар гурван хурууг амжилттай залгалаа гэсэн. Мөн эмч нар хэлэхдээ “Биеийн байдал нь ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан амжилттай залгалаа. Муу мэдээ гэвэл цаашид яахыг нь хэлж мэдэхгүй” гэсэн. Эхний хагалгааны дараа дунд хурууны үзүүрийг нь надад харуулаад бид нар устгах уу? Чи өөрөө авах уу гээд харуулсан. Тэгэхээр нь би өөрөө авна гэж хэлээд авсан. Тэгээд нөгөө гурван хурууг нь залгуулсан. Одоо бол бичдэг талын гарын хоёр хуруу ажиллагаагүй байна. Яагаад гэхээр залгасан хэсэг нь харлаад өрөвсөж эхэлсэн. Нөгөө долоовор хурууны үзүүрийг нь авна. Гэхдээ эргээд залгана. Хүн харахад хуруутай мэт харагдах боловч хөдөлгөөн хийх боломжгүй. Харин эрхий хурууг нь залгана. Гэхдээ 17 нас хүрэхээр нь хөлийнх нь эрхий хурууны арьснаас авч нөхөх боломжтой гэж хэлсэн. Мөн долоовор хурууны тасарсан ясыг нь нөхөхдөө сүүжнийх нь яснаас авч нөхнө гэж байгаа юм.

-Үүнээс өөр арга байхгүй юу, Тэр болтол хуруугүй явах хэцүү юм аа?
-Манай гэмтлийн эмч нарын хувьд чадах чинээгээрээ эмчилсэн. Ялангуяа Очирпүрэв эмч маань өөрийн хүүхэд шиг л харж анхаарч, цаг тухайд нь эмчилгээг нь хийсэн. Гэвч манай эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн бололцоогүй байдлаас болж үүнээс өөр арга үлдээгүй. Харин бидний дуулж мэдсэн өөр нэг арга гэвэл БНСУ болон Хөх хотод очиж үзүүлбэл нэг хурууг 50 сая төгрөгөөр залгах боломж байгаа юм билээ. Хөрөнгө мөнгөний боломж бололцоогүй учраас явж чадахгүй байна. Одоо Монголын нөхцөлд хиймэл хуруу хийх л ганц арга үлдсэн. “Эрхэм чанар” протезийн үйлдвэрээс хоёр хуруунд нь протез хийж өгье гэсэн. 800 мянган төгрөг болно, гэхдээ өсч яваа хүүхэд учраас жил бүр хурууг нь солих шаардлагатай гэж хэлсэн. Сүүлдээ аргаа барахаараа хуруу нь мухар явж байхаар протез хийлгэвэл ядаж хүмүүст харагдах талаасаа дээр юм уу ч гэж бодох юм. Уг нь тэр ахаасаа протезний мөнгө нэхсэн цагаас хойш л нагац ах эгч нар хачин болчихсон. Намайг гомдолтой гэсээр байгаад ахыг нь шоронд хийлгэчихсэн гэж хорсоод яваа байгаа бололтой. Охиноо ийм болсныг харчихаад ямар эх хүн гомдолгүй гээд сууж байх вэ дээ.

-Мэс заслын эмчилгээний төлбөрт туслав уу?
-Анх гэмтэж бэртсэн цагаас нь хойш эмчилгээний мөнгө төгрөг өгч байсан. Нийтдээ 5,8 сая төгрөг өгсөн. Өдөрт л 100-200 орчим мянган төгрөг эмчилгээнд зарцуулж байсан. Манай ээжид бүх тоо баримттайгаа байгаа. Гэтэл ахад нь ял өгсний дараа л бүгд зангаа хувиргаад “Одоо юу нэхээд байгаа юм бэ, хүүхдээрээ бизнес хийлээ” гэдэг болсон. Сүүлдээ биднээс мөнгө нэхэмжилнэ гэж айлгаж сүрдүүлдэг болсон. Бид нарын эмчилгээнд нийт 20 гаруй сая төгрөг зарцуулсан гэж Чинтуяа эгч нь ярьж яваа. Манай охиныг хагалгаанд орж хэцүүхэн байхад нагацын талынхан ах дүү нараараа нийлж ламаар ном уншуулсан юм байна. Тэгээд тэр лам нь бүр манай охины тасарсан хурууг авчир, хүн гэдгээс ялгаагүй, тийм болохоор хүн нас барсантай адил үйл хийнэ гээд хурууг нь авчруулаад чандарласан байгаа юм. Гэтэл энэ ном уншуулсан, чандарласан зардал 20 гаруй сая төгрөг болсон гээд бид нараас энэ мөнгөө нэхэмжилнэ гэсэн. Тэр ч байтугай охины минь хурууг тасдсан Чинтөрд шүүхээс ял өгсний дараа эмээг маань гэр орноосоо хөөсөн. Эмээгийн амьдарч байсан хашаа байшинг бид нарт өгөөд, тэгээд тэрийг зараад охиныхоо эмчилгээнд нэмэрлээрэй гэж байсан юм. Гэтэл ял шийтгэлээ авсны дараа эмээг тэр байшингаасаа хөөж гаргаад цоожилчихсон. Тэгээд бид нар руу “Сайхан хүүхдүүдийнхээ ачаар эмээ чинь гудамжинд гарлаа” гэх мэтээр ярьж дарамталсан. Энэ мэт дарамт шахалтууд маш их ирж байгаа. Дунд эгч нь хүртэл утсаар залгаад “Чи юу хүсээд байгаа юм бэ, хараана ерөөнө, хоёр охины чинь амь насанд халтай” гэх зэргээр дарамталсан. Хэдийгээр айхгүй ч гэсэн аягүй гэгчээр ийм муухай үг сонсч байгаа эх хүн яаж амар тайван байх билээ. Хоёр том хүүхдээ сургуульдаа явахад нь байнга санаа зовж, багш руу нь асууж, орой гэртээ ирэхэд нь сая нэг зүрх амарч байгаа юм. Өөрсдөө санхүүгийн, аудитын компанитай. Шүүх хурал болохоос өмнө Чинтуяа эгч “Зулаа чи Чинтөр ахдаа гомдолгүй гээд хэлчих, хамаатан саднууд муудаад яахав” гэснээ “Ахад чинь 3 жилийн ял өгчихвөл жил суугаад гараад ирнэ. Тэгээд би компанидаа аваад цалинг нь охины чинь эмчилгээнд өгч байя” гэж хүртэл хэлж байсан. Ерөөсөө аймшигт хэрэг үйлдсэн ахыгаа өмгөөлөөд байсан болохоос нэг удаа миний охины хуруу гар нь хэр өвдөж байгаа бол, ирээдүйд яаж амьдрах бол гэж огт бодоогүй.

-Одоо охинд дахиж төлөвлөсөн хагалгаа бий юу?
-Охин маань энэ аймшигт явдлаас болж сэтгэл санааны хүчтэй цочролд орсон. Энэ нь бас бусад эрхтэнд нь нөлөөлсөн бололтой. Хоёр удаагийн хагалгаанд бүтэн наркозтой орсон. Гурав дахь хагалгаан дээр зүрх нь дийлэхгүй байсан учир хэсэгчилсэн мэдээ алдуулалтан дор хийгдсэн. Ер нь дахиж хагалгаа хийвэл зүрх нь дийлэхгүй гэсэн.

-Охин одоо хичээлдээ явж байгаа юу, хичээлээ яаж бичиж байна вэ?
-Баруун гарын хоёр хуруу нь гэмтсэн учраас зүүн гараараа бичиж сурсан. Гэхдээ заримдаа баруун гараараа үзгээ барьж хичээлээ хийдэг, амархан цуцдаг болсон учраас хэсэг амрааж байгаад үзгээ барьдаг. Миний охин чинь ангийнхаа онц сурлагатан болохоор хичнээн өвдөж ядарч байгаа ч хичээлээ орхиж болохгүй гээд өөрийнхөө чадлаар гүрийгээд л явж байгааг харахаар үнэхээр зүрх эмтэрч байна. Одоо бидэнд үлдэж буй ганц арга зам бол хуруу, үе мөч аль улсад хамгийн сайн хийдэг тэр газарт нь очиж охиноо эмчлүүлж авмаар байна. Энэ тухайгаа нагац нартаа хэлэхэд “Яг юу хүсээд байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь “Би охиноо яг ямар байсан яг тийм болгож авмаар байна. Ядаж гадагшаа явж эмчлүүлье” гэхэд “Чи одоо юун сонин юм ярьдаг юм бэ, яаж одоо яг өмнөх шигээ болох юм, хүүхдээрээ бизнес хийх гэлээ” гэж загнаж байсан. Тэр ч байтугай Г.Чинтөр ах шүүхээс 10 жилийн ял авчихаад “Та нарыг гарч ирж байгаад ална даа” гэж биднийг занасан. Тэнд байсан шүүгч өмгөөлөгчид хүртэл бүгд сонссон. Үнэхээр гэмшсэн шинжгүй байгаа. Харин бидний хувьд одоо охиноо яаж ийж байгаад хуруу залгуулах юмсан гэж бодож байна. Иймд ард түмнээ туслаач л гэж гуйя хэмээн манай “Хориотой сонин”-оор дамжуулан хандив гуйж байлаа.

Өдгөө Г.Чинтөр хорих ялаа эдлээд шоронгоос суллагдсан бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдэхгүй засарч хүмүүжсэн эсэхийн цаг хугацаа харуулах хэдий ч харъяа дүүргийн Цагдаагийн хэлтсээс хяналт тавихыг сануулж байна.

С.Молор-Эрдэнэ докторыг 4-р курсийн оюутан бхдаа анх харж, бодвол дөнгөж сургуулиа төгсөөд ирчихсэн үсрээд 30 настай идэ...
30/08/2026

С.Молор-Эрдэнэ докторыг 4-р курсийн оюутан бхдаа анх харж, бодвол дөнгөж сургуулиа төгсөөд ирчихсэн үсрээд 30 настай идэр залуу бсан болов уу, дурлаж байв 🤭 Үнэхээр бас нүд алдам сайхан залуу хамгийн гол нь аристократ маягийн хүн л дээ.
Ингээд уржнана санагдана ярилцлага авахаар шийдэж бүр эрэл сурал болов. Гэрч бөгөөд хамсаатан нь нөхөр Tsermaa Tsermaa чи бнуу 😅 2лаа бүр оффисыг нь олж очоод утсыг нь олж аваад ярилаа. Өөдөөс миний 3 ном бий, филосософийн 3 цагаан ч гэлүү дээ, мартаж кк, тэрийг авч уншчаад ярь гэж бна. Ингээд захиалаад хүргүүлж аваад уншлаа. Явдаггүй дээ 🤨 уг нь яг л хүн төрөлхтний болоод философийн нийтлэг ойлголтууд, гарчгууд бгаад бдаг. Оронд нь би бичсэн бол арай нэг дотортой бичих бсан даа үхссс 😆 гэж бодоод номыг нь ч, ярилцлага авах хүслээ ч орхисон билээ кккк.
Үнэхээр бас усан гэж бдаг даа..🙆‍♀️
Ойрын өдрүүдийн дуулианы зөвтгөл болгож МУИС-ийн багш, манай фб найз Davaadulam Jamsranjav ‘философичид угаасаа галзуу солиотой бдаг, бх ёстой зүйл нтр’ гэжээ. Бж бололгүй л яахав. Гэхдээ гоё дотортой галзуу бмаар бгаам.
Хоёрт, яаж ч галзуурсан үүх түүхээ нулимаж, эх орноо үгүйсгэж дэвсэлж болохгүй шүү дээ!! Цэвэршилт явагдаж бгаам байлгүй гэж зөвтгөе дөө залуу насны крашаа 😅🙄
Darya Urnaa ийн пост

АЛТАН ҮЕИЙН АЛДАРТ ЖҮЖИГЧИН Д.ИЧИНХОРЛООГИЙН ГАШУУН НУЛИМСТАЙ ДУРСАМЖААС  Алтан үеийн алдарт жүжигчин Д.Ичинхорлоо 1910 ...
30/08/2026

АЛТАН ҮЕИЙН АЛДАРТ ЖҮЖИГЧИН Д.ИЧИНХОРЛООГИЙН ГАШУУН НУЛИМСТАЙ ДУРСАМЖААС

Алтан үеийн алдарт жүжигчин Д.Ичинхорлоо 1910 онд Сайн ноён хан аймгийн Цэцэн Чин вангийн хошуу (Цэцэн Цэвээний хошуу), одоогийн Архангай аймгийн Их тамир сум, Хануйн голоор нутагтай ядуу ард “шөмбөн” Дашзэвэгийн охин болж мэндэлжээ. Түүнийг 9 настай байхад аав нь Хошуу тамгын газарт шоронгийн хуягийн ажилд тохоогдон, Хан-Өндөрийн хүрээнд ирсэн байна. Бяцхан охин энд нүхэн шоронд хоригдож үс сахал нь ургасан, гартаа гав, хөлдөө тушаатай гэмтэй, гэмгүй хоригдлуудын зэвхий хуухай царайг харан шаналж, зовлон бэрхийг үзсэн. Үүнээс зориг зүрх нь чангарч хатуужил суусан гэж хожим Д.Ичинхорлоо дурсан ярьсан нь бий. Хүрээнд шавилан сууж байсан авга ах нь оргож босон, ээж нь хэвтэрт оржээ. Гэнэт аав нь өөрөө шоронгийн ялтан болж, шархны халуун болтлоо шаахайдуулж байхыг охин нүдээр үзэн, амьдралынхөө төлөө 12 настайгаасаа зүтгэв. 1926 онд Д.Ичинхорлоо бага сургуулиа дүүргэж, төмөр утасны сургуульд орж, хичээлийнхээ чөлөөгөөр клубтээ явдаг байв. Д.Ичинхорлоо гуайн анхны багш Д.Ишдулам, Л.Дамдинбазар, О.Дашзэвэг нар аж. Багш нарынхаа зааж өгсөн өнгө аяс, үгнүүд цээжинд нь хоногшиж, түргэн хугацаанд хэд хэдэн дуутай болж, Ардын Цэнгэлдэх хүрээлэн гэр хэлбэртэй бөмбөгөр ногоон барилга ашиглалтанд орж, Интернационалын нээлтийн концертод “Хандармаа”, “Цэнхэрлэн харагдана” зэрэг дуунуудыг тайзнаа гарч дуулж, урлагийн замналаа эхлүүлжээ.
Улсын Төв театр 1933 онд Москвад болсон “Олон улсын ажилчин тариачны хувьсгалч театруудын их наадам”-д С.Буяннэмэхийн зохиол, Ц.Гомбожав, Ефремов нарын найруулсан “Харанхуй засаг” жүжгээр оролцоход Д.Ичинхорлоо тус жүжигт тоглож, тусгай байрын шагнал авсан байдаг.
Нэрт жүжигчин маань 1936 оны хооронд Зөвлөлтөд нэлээд хэдэн удаа зорчсон байдаг. Улсын төв театрын урын санд байсан зарим ардын урт, богино дууг пянзанд бичүүлэх ажлыг Ядамсүрэн хөөцөлдөн бүтээж, 1935 онд өөрөө гардан зохион байгуулсан юм. Тийм ч учраас дуу хоолойгоо уг пянзанд үлдээсэн нь “Ичинхорлоо, Гоолингоогоо нэг дуулаач...” гэсэн дөрөвхөн үг анхаарал татдаг. Энэ бол Ядамсүрэн, Ичинхорлоо хоёрын хайр дурлалын эхэн үе байжээ. Гүтгэгдэн баривчлагдсан нөхрөө суллуулах гэж Д.Ичинхорлоо маршал Х.Чойбалсантай хэд хэд уулзсан. Чойбалсан Ядамсүрэнг баригдсаныг мэдээгүй байсан гэх яриа ч байдаг.
Мөн алдарт жүжигчин Д.Ичинхорлоо нь И.Сталинтай нэг машинд сууж явсан дурсамжиндаа,
“...Тоглолтын дараа манай Элчин сайдын яаманд Сталин, Молотов, Ворошилов, Каганович зэрэг Зөвлөлтийн нам, төрийн удирдагчид ирж дайллага хийх үеэр бид уртын ба ардын дуу, орчин үеийн дуунуудыг дуулж хөгжимдөхөд туйлын их сонирхож, Сталин “Баян Монгол” гэдэг дууг туйлын их сонирхон заалгаж, бид нарын цалин хэрэглээг хүртэл асууж, дараа нь Ерөнхий сайд Гэндэнд хандаж, “Та дээд зэргийн жүжигчиндээ 150 төгрөгийн цалин өгөхдөө сэтгэл чинь зовохгүй байна уу?” гэж хэлээд карманаасаа нэлээд хэдэн рубль гаргаж биднийг хувааж аваарай гэлээ. Би Сталинтай хамт нэг машинд сууж “Баян Монгол”-ыг зааж өгөхөд Сталин “гүүргий гүүргий” гэж хэлж чадахгүй “хуурхий хуурхий” гэж аялан их инээдэм болж билээ. Тийнхүү Кремльд очиж, хөнгөн маягийн цайллага хийж, кино үзэж ирээд мөнгөө хуваахад нэг хүнд 112 рубль оногдож билээ...” гэж дурсчээ.
Нэрт жүжигчинг бид “Нүгэл буян” киноны Тоо Хуар, “Цогт тайж” киноны Чин Тайхудын дүрээр мэдэх ч тэрбээр олон арван жүжигт дүрээ мөнхөлж, бөмбөгөр ногоон театрын урлагийн “хатан хаан” байсныг дурсах нь зүйтэй. Д.Ичинхорлоогийн дуулсан “Соёл эрдэнэ”, “Гоолингоо”, “Үзэсгэлэн гoo”, “Хөх торгон дээл”, “Арван тавны сар” дуунууд нь пянзанд, радиогийн дуу хуурын алтан фондонд “Ванлий”, “Дүүриймаа”, “Судгийн ногоо”, “Цагаан шаазан”, “Дөрвөн уул” гэх мэт дуунууд нь бичигдэн үлджээ. Д.Ичинхорлоогийн уран бүтээлийг төр, засаг өндрөөр үнэлж, 1935 онд Улсын алдарт Гавьяат жүжигчин ба дуучин цолоор, Алтан гадас одонгоор 2 удаа, Д.Сүхбаатарын одон, 1951 онд Ардын Жүжигчин цолоор тус тус шагнажээ.
Эсэргүүний эхнэр гэж тэрбээр нэрлэгдэн хавчигдаж, амьдралын байдалд хүнд зовлон бишгүй л үзсэн. Анхны 14-ийн дотор Ядамсүрэнтэй хамт цаазлуулсан хүмүүсийн дотор тухайн үеийн “Бөмбөгөр ногоон”-ы сайхан хүүхнүүдийн нэг, жүжигчин Дэвээгийн нөхөр дивиз командлан захирагч Д.Жамъянжав байсан юм. Цаазыг гүйцэтгэсний дараа Ичинхорлоо, Дэвээ нарыг “эсэргүүний ар гэр” гэж театраас хөөсөн.
Үл тоомсорлол, хавчлага, гадуурхалыг сөрөн зогсож урлагтайгаа, театртайгаа үлдэхийн тулд уйгагүй, тасралтгүй хөдөлмөрлөж, зогсоо чөлөөгүй ажилласны нь баримт болж энэ олон бүтээл, тэр олон сайхан дүрүүд үлдэж дээ гэмээр санагдана. Театраас нь өөр хэн ч түүнд үлдээгүй болохоор арга ч үгүй биз ээ.
Дурлаж тэмүүлж явсан урлаг, соёлоосоо хөөгдөж, хасагдаж байхдаа ч Д.Ичинхорлоо ухаанаа тэлж, авьяасаа хурцалж зүтгэсээр. Хил хамгаалж, говьд тулалдаж, хэцүү хатууг туулахдаа ч хат мэт хагсаж байснаас биш халирч няцаж гүйгээгүй. Амраг ханиа алдаад, ангийн дайсан гэгдэн, хөөгдөж туугдан, хавчуулж даруулж байхдаа ч тэр хатаа ширээж, зүрхээ чангалж тэссэнээс биш хацраа зүсэж, нулимсаа урсгаж суугаагаагүй гэдэг. Хожим 1962 онд “Урван тэрслэгч гэгдэн цаазлуулсан нөхөр Ядамсүрэн чинь ямар ч гэм буруугүй байжээ” гэж залуу нас, хайр дурлал, амь амьдралаар нь тохуурхах мэт дуулгахад л түүний 25 жил чангалсан өвдөг нь бохирч, зангирсан нулимс садарсан гэлцдэг.

Address

Монгол улс
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Game Writer posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category