14/01/2026
❤️Айлын том охидод зориулав.❤️
Нялхынх нь үнэр арилаагүй хонгор жаалхан үр чинь
Нэрнийх нь өмнө эгч гэж алдар залгуулсан хайр тань
Энгэрээс нь салахгүй өсөх тэрсхэн дүүгийнхээ халуун нөмөр
Ээжээс ч дутахгүй энхрийлэх өр нинжин уянга юм
Турьхан биeндээ баймгүй их тэнхээгээр өдөржин дүүгээ бөөцийлж
Тун ч гэгээхэн наадаж нялх дүүгээрээ хань хийнэ
Тухалж суухаараа хамт үүрэглэж ижий ааваа харуулдана
Тунгалаг ариухан хайраар эгчийн ивээлийг үзүүлнэ
Алгадах загнахын аюулд чимээгүйхэн дүүгээ өмгөөлж
Айх эмээхийн хэцүүд нулимсаа нуун бүлтэлцэх
Эгээн дүү хардаа миний дүү нааш ир дээ гэж
Элгэндээ нааж өсгөсөн ижийг түр орлох буянтай үр
Өөрөө хүүхэд байж тэврүүлж эрхлэхээ аль эрт мартаж
Өөдөсхөн жаахан дүү нартаа өнгөтэй бүхнээ илүүчилж
Хариуцлага бүхнийг үүрч хатууд нь түрүүлж зэмлүүлсэн
Хариу үл нэхэх ачаа нь томдсон айлын том охин
Их эртээ хэрсүүжиж ухаан суусан жаахан зүрхэнд
Ижил хайрыг зориулж урмын үгээр шагнаарай
Ижий аавын хайрыг ижил тэнцүүхэн зориулж
Эрх жаахан үр гэдгийг нь хаяа ч гэсэн сануулж байгаарай
Насаараа дүү нартаа зовниж амьдралд ихийг үүрнээ
Наадаж тоглох цаг эсвэл унтаж амрах чөлөө өгөөрэй
Намхан жаахан болж гэрийнхээ хамгийн жижигхэн нь байдаг юм
Нялх дүүгээ тэвэрсээр нуруу нь өсдөггүй юм хөөрхий
Дүүдээ шоглуулчихаад хов хэлж чаддаггүй ганцаардмал
Дутуугаа нөхүүлж нэхдэггүй хөөрхөн горьдуу өрөвдөм
Магтаалын үгээр дутсан ялгаагүй жаалхан хүүхэд
Маргааш ахиад л зарцлагдах таны чимээгүй туслах аа
Гомдлын үг хэлж өөрийгөө хэзээ ч өмгөөлдөггүй
Гоё сайхныг нэхэж өөрийгөө арчилж завддаггүй
Ар даасан хариуцлагандаа аль хэдийнээ эзэн болсон
Айлын том охин гэж амрах завгүй гэрийн боолоо
Үглэх үгнийхээ оронд үнсээд толгойг илчихээрэй
Үймээн шуугиант гэрээсээ үe үeхэн чөлөөлөөрэй
Аавын хайр ээжийн бахархал гэдгийг нь сануулж
Аль болох үргэлж чин сэтгэлээсээ магтаж байгаарай
Охин жаахан насыг нь гэрийн ажилаар нухлалгүй
Онцгой сайхан дурсамжаар үe үeхэн цэнэглэчихэж байгаарай
Жаахан охин тань гомдоод зүрхэндээ нуучих вий чагнаарай
Жавар шиг хатуу үгээр сэтгэлийг нь битгий хайраарай
Том охин гэдэг томдсон албатай үрээ
Тогтож сайн сонсоод элгэндээ тэвэрч байгаарай
Р. Отгонцэцэг. Халзан Морьт 💋