
05/07/2025
БИОЛОГИ | НЭЭЛТ | oronzai.mn
Аксолотль буюу мексикийн алхдаг загас хэмээн алдаршсан энэхүү хоёр нутагтан амьтан өөрийн мөчөө, бүр зарим эрхтнээ ч дахин ургуулж чаддаг гайхалтай чадвартай. Энэ гайхалтай чадвар хүнд байх боломжтой юу гэсэн асуулт өнөөг хүртэл байсаар ирсэн.
Харин АНУ-ын Норт-Ийстэрн их сургууль болон Кентакийн их сургуулийн биологичдын баг аксолотлийн нөхөн төлжих чадварт оролцдог чухал молекулын нэгийг илрүүлсэн байна. Энэхүү молекул нь гэмтэл авсан хэсэг буюу яг аль эрхтэнг хаанаас дахин ургуулах ёстойг заах үүрэгтэй аж. Жишээ нь, бугуйнаас урагш бол тэндээс зөвхөн гар атга хэсэг л ургана. Харин мөрнөөс урагш бол дээд мөч бүхэлдээ ургах ёстой гэсэн дохиог илгээдэг гэсэн үг.
Энэ чухал дохиог илгээдэг молекул бол ретиноин хүчил юм. Аксолотлийн биед энэхүү хүчил градиент буюу түвшний ялгаатай байдлаар тархсан байдаг бөгөөд нөхөн төлжих эсүүдэд гэмтэл хэр гүн байгааг мэдэгддэг. Мөрөнд ойртох тусам ретиноин хүчлийн хэмжээ их байдаг бол энэ хүчлийг задлах ферментийн хэмжээ бага байдаг. Энэ харьцаа мөч биеэс холдох тусам өөрчлөгддөг.
Судалгааны баг энэхүү харьцаа буюу ретиноин хүчил болон түүнийг задлагч ферментийн харьцаа нөхөн төлжих эсүүдийн “программчлал”-д маш чухал үүрэгтэй болохыг тогтоожээ.
Онолын хувьд хүний биед ч мөн адил ийм нөхөн төлжих чадвартай молекулууд, эсүүд байдаг ч бидний эсүүд ийм дохиог өөрөөр хүлээн авч, нөхөн төлжихийн оронд гэмтэл дээр коллаген агуулсан сорви үүсгэдэг.
Цаашид судлаачид аксолотль болон хүний эсүүд ретиноин хүчилд хэрхэн хариу үзүүлдгийг илүү нарийвчлан судлахаар төлөвлөж байна. Судлаачдын хэлснээр:
“Хэрвээ бид фибробласт буюу арьсны нөхөн төлжих эсүүдийг энэ төрлийн нөхөн төлжих дохиог ‘сонсож’ чаддаг болговол цаашид тэд үлдсэн ажлыг өөрсдөө хийнэ. Яагаад гэвэл эдгээр эсүүд аль хэдийн бидний биеийг хөгжлийн үед бүтээж байсан. Энэ нь сорви үүсгэхгүйгээр эдгэх процессыг сайжруулахаас гадна бүр бүхэл бүтэн хуруу, бүр гарын хэсгийг дахин ургуулах боломжтой болгож ч магадгүй. Энэ бол хий хоосон мөрөөдөл биш юм” гэжээ.
Энэхүү судалгаа Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн байна.
#оронзай #биологи #шу #шинжлэхухаан #шинжлэхухаанхаасайгүй #мэдээ #амьтан #нээлт