05/10/2023
Японы хэвлэл мэдээлэл аливаа гэмт хэргийн тухай, процессынх нь талаар маш дэлгэрэнгүй мэдээлдэг. Заримдаа бүр дэндүү гэмээр дэлгэрэнгүй. Гэхдээ ганц л төрлийн хэрэг дээр хоорондоо тохиролцож байгаад мэдээлэхээ, мөн сурвалжлах ажлаа ч зогсоодог. Энэ бол хүн барьцаалагдсан, хулгайлагдсан үед.
1960 онд гэмт этгээдүүд Токиогийн бага сургуулийн сурагч 7 настай хүүг барьцаалж, гэрийнхнээс нь мөнгө шаардан, улмаар амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ. Баривчлагдсаныхаа дараа гэмт этгээд хүүхдийн аминд хүрсэн шалтгааныхаа талаар “сонин дээр гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй бичигдсэнийг уншаад, яах ч аргагүй боллоо гэж бодоод сандарсандаа хөнөөсөн” гэж хариулжээ.
Энэ хэргээс гашуун туршлага олж авсан японы хэвлэл мэдээллийнхэн барьцаалагдсан хүний амь насыг аюулд учруулахгүйн тулд гэмт хэрэгтэн баригдсаны дараа буюу хохирогчийн аюулгүй байдал тодорхой болсон үед, эсвэл амь насаа алдсан нь илт болсон тохиолдолд л сурвалжилж, мэдээлнэ гэсэн тохиролцоог хоорондоо болон цагдаатай хийдэг болсон байна.
Шуурхай мэдээлэх чухал ч, юуны төлөө мэдээлж байгаа, ямар нөлөө гарч болохыг сайтар бодож байцгаая!