04/09/2025
ҮНДЭСНИЙ ТҮҮХИЙН МУЗЕЙГЭЭС АЛДАГДСАН 10 ТЭРБУМЫН ҮЗМЭРИЙГ ДАМЛАН ХУДАЛДСАН ХЭРЭГ
/Сан хөмрөгийн эрхлэгч Б.Энхбат нь Хятад, Өвөрмонголчуудтай нийлэн соёлын үнэт өвийг хулгайлан заржээ/
Монголын түүхэнд хар толбо хоцорсон нь Үндэсний түүхийн музейгээс алдагдсан 10 тэрбумын үнэт үзмэрүүд одоо ч олдоогүй нь харамсалтай. Хэрэг гарснаас хойш ийнхүү есөн жил өнгөрсөн ч нэг ч үзмэр буцаж ирээгүй, сургийг нь ч гаргаж чадаагүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. 2009 онд шинжээчдийн дүгнэснээр Үндэсний түүхийн музейгээс 10 тэрбум 187 сая төгрөгийн үнэлгээтэй 1004 ширхэг эд өлгийн зүйлс алдагдсан. Дээрх үнэт зүйлсийг Үндэсний түүхийн музейн Сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Энхбат нь хятад, өвөрмонголын соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтнүүдтэй хамтран үйлдсэн байдаг. Үүнийхээ төлөө Б.Энхбат 2011 онд чанга дэглэмтэй хорих ангид 7 жилийг өнгөрүүлэх ялаар шийтгүүлсэн. Харин харь элгийн хүмүүст үйлчилж байсан Ж.Мөнхбат гурван жилийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх шийтгэл эдэлж байгаа. Уг хэргийн мөрдөн байцаалтад шинжээчээр оролцсон Г.Пүрэвбатын хэлснээр, алдагдсан үзмэрийн голлох хэсэг нь монголчуудын соёл, урлагийн уламжлалт дурсгал, дахин давтагдашгүй, ховор чанартай байжээ. Мөн Монгол Улсын бусдаас ялгагдах хэв шинжийг тодорхойлсон үндэсний тусгаар тогтнолын баталгаа болох зүйлүүд ч байжээ.
Б.Энхбат нь ШУА-ийн Түүхийн хүрээлэнд 1980 оноос эхлэн ажиллаж байгаад 1999 оны гуравдугаар сард Монголын Үндэсний түүхийн музейн сан хөмрөгийн эрхлэгчийн албан тушаалд томилогджээ. Энэ үед тус музей угсаатны болон түүхийн гэсэн хоёр сан хөмрөгтэй байсан аж. Б.Энхбат түүхийн сан хөмрөгийн 10 өрөө доторхи бүх үзмэрийг хариуцаж, тоолж бүртгэдэг, үзэсгэлэнд гаргах эсэхийг мэддэг байжээ. 10 өрөөнд археологи, уран зураг, бичиг баримт, гэрэл зураг, үнэт эдлэл, бэлэг дурсгал, буу зэвсэг, партизаны үзмэрийг хадгалдаг байв. Сан хөмрөгийн нэг түлхүүр нь тухайн үеийн музейн захирал А.Очирын сейфэнд, нөгөөг нь Б.Энхбат хадгалдаг байжээ. Түүнийг амарсан, эсвэл өвчтэй байх үед түлхүүрээ өөртөө байлгадаг байсныг музейн захирал асан А.Очир цагдаад мэдүүлжээ. Хэрвээ албаны шугамаар музейн сан хөмрөгт нэвтрэх шаардлагатай бол ажилтнууд нь Б.Энхбатаас зөвшөөрөл заавал авдаг байжээ. Б.Энхбат музейд таван жил ажиллаад л төв музейн фондын үзмэрээс хумсалж эхэлжээ. Чононд мах хадгалуулсны үлгэр ингэж эхэлсэн байдаг. Монгол Улсын түүх соёлын үнэт үзмэр, дурсгалыг өөрийн юм шиг дураараа зарж, олсон мөнгөөрөө тансаглаж байсан үйлдлийг нь дөнгөж 2007-2008 онд тогтоосон байдаг. Хавтаст хэрэгт дурдсанаар, БСШУЯ, МХЕГ-аас музейн улсын үзлэг, тооллогыг явуулах үеэр Үндэсний түүхийн музейд түүний хариуцсан сан хөмрөгөөс 410 дансны 1004 ширхэг үзмэр дутсаныг тогтоожээ. Дутсан үзмэрүүдийг Б.Энхбат гадаадын иргэдэд худалдсан байсан бөгөөд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн хэргийг тогтоосон юм. Б.Энхбат өөрийн дүү А.Одонгоор дамжуулж, үнэт эдлэлийн наймаачин Ё.Дамдиндоржтой 2004 онд танилцжээ. Ё.Дамдиндорж түүнийг музейн фондын эрхлэгч гэдгийг мэдээд эртний үнэт эдлэл, эд хэрэглэл олж өгвөл худалдаж авна гэж хэлсэн байна. Ингээд Б.Энхбат музейгээс хулгайлсан жижиг үзмэрүүдээ 20-30 мянган төгрөгөөр зарж, үүндээ урамшсан байна. Хэд хоногийн дараа дахин утасдаж цалин буухаар өгье гээд Ё.Дамдиндоржоос мөнгө зээлжээ. Ойр ойрхон мөнгө зээлж, авсан мөнгөөрөө архи авч уусаар 100 мянган төгрөгийн өртэй болжээ. Нэг өдөр Ё.Дамдиндорж мөнгөө нэхэхэд нь, музейгээс хулгайлсан шүрэн зүүлт үзүүлж “Үүнийг аваад нэмж 20 мянган төгрөг өгчих” хэмээн мөнгө авчээ. Б.Энхбат эхний удаад жижиг үзмэрүүдийг хулгайлж зардаг байсан бол сүүлдээ том хэмжээтэй үзмэр хулгайлах болжээ. Б.Энхбат сан хөмрөгөө өөрөө бүртгэж, лацаддаг байснаас музейн ажилтнууд үүнийг огт мэдээгүй байжээ. Ийм учраас тоо, тэмдэг тавьсан, гэрчилгээтэй, бүртгэлтэй үзмэрийг ч зоригтой худалддаг байжээ. Ойр ойрхон балгадаг мань эр үзмэрүүдийг архиар сольсон ч удаа байдаг байна. Амташсан хэрээ 13 дахихын үлгэрээр “Орой ажил тарсны дараа ганцаараа хүрээд ир. Зарах зүйл байна” гэж Ё.Дамдиндорж руу утасддаг болжээ. Ингээд очиход нь музейн арын хаалгаар гарч ирээд халаас, цүнхэндээ нууж гаргасан үзмэрүүд үзүүлж, үнэ тохирдог байсан байна. Энэ маягаар тэдний харилцаа 2007 оныг хүртэл гурван жил үргэлжилжээ. Хажуугаар нь Ц.Энхтүвшин гэдэг эрд зургаан ширхэг уран зургийг жаазнаас нь гаргаж, музейгээс хулгайлж өгчээ. Ц.Энхтүвшин дээрх зургийг хуулбарлаж зураад, буцааж өгөхөөр авсан гэдгээ УМБГ-ынханд мэдүүлсэн байдаг. Дээрх зургаан уран зургийн нийт үнэлгээ хоёр сая 762 мянган төгрөг болсон аж. Ё.Дамдиндорж энэ байдлаар Б.Энхбатаас гурван жилийн дотор нэлээд их үзмэр худалдаж авчээ. Тэрээр авсан үзмэрээ “Нарантуул”-ын эртний эдлэл авдаг өвөрмонголчуудад зардаг байжээ. Тухайлбал, 70 гаруй бурхан, шүр чулуугаар хийсэн хаш тээг, хэт хутганы бүсний арал, зааны ясан сийлбэртэй хэрэглэл зэргийг авч, гаднынханд худалдсан байна. Ё.Дамдиндорж УМБГ-ынханд мэдүүлэхдээ, “Энхбат ах энэ талаар хэнд ч битгий хэлээрэй гэж захьдаг байсан. 2005 онд би “Нарантуул” зах дээр Нарсаа /хятад нэр нь Сүн Ли/ гэдэг өвөрмонгол залуутай танилцаад Энхбат ахаас авсан эд зүйлээ үнэ нэмж зарсан. Ингээд Нарсаатай хоол идэж байхад Энхбат ах таарч, би тэр хоёрыг танилцуулсан. Энэ цагаас хойш надтай харилцахаа болиод Нарсаатай наймаа хийдэг болсон юм шиг байна лээ” гэжээ. Нарсаа нь Улаанбаатарт байр хөлсөлж манай улсаас эртний үеийн ваар, сав, толгойн засал, бурхан худалдаж аваад хилээр гаргадаг байсан юм байна. Тэрээр Б.Энхбатыг 2007 онд өөрийн эзэн Ван Жин Ли гэдэг хятад эртэй зуучилж, танилцуулжээ. Ван Жи Ли Монголд ирсний дараагаар Нарсаагийн хамсаатан Чи Хон Мейтэй утсаар холбогдож, Б.Энхбаттай уулзахаар болжээ. Тэр үед Б.Энхбат Үндэсний түүхийн музейгээс эмэгтэй хүний том хүзүүний зүүлт хоёр ширхэгийг, толгойн чимэглэл, хаш чулуун хэрэгсэл зэргийг авчирч өгсөн байна. Үүнийхээ хариуд Ван Жин Лигээс 10 сая төгрөг авчээ. Түүнийг ийн эх орныхоо соёлын өвийг жишим ч үгүй зарж, борлуулж байхад Ван Жин Ли бахдалтайгаар инээж байсан гэдэг. Нүгэл нүдээрээ гэгчээр Ван ноёнтон өөрийн туслах Төмөр гэдэг өвөрмонголтой БНХАУ руу галт тэргээр буцах үедээ манай цагдаа, гаалийн ажилтнуудад баригджээ. Ван Жин Ли Монголоос худалдаж авсан түүх соёлын үнэт үзмэрүүдийг Замын-Үүд боомтоор БНХАУ, Өвөрмонгол руу гаргаж, тэндээсээ үнэ хаялцуулан наймаалдаг байжээ. Түүний дор ажилладаг Төмөр хил гаалиар үзмэр гаргах ажлыг гардаж хийдэг байсан аж. Төмөр 2007 оны дөрөвдүгээр сард Эрээн хотод Дорноговь аймгийн харьяат Ж.Мөнхбаттай танилцжээ. Ингээд тавдугаар сард Монголд ирээд Ж.Мөнхбаттай уулзаж, үзмэр гаргуулсан байна. Мөрдөн байцаалтын шатанд Ж.Мөнхбат мэдүүлэхдээ, “Төмрөө тавдугаар сард хар өнгийн гялгар уутанд хийж скочоор битүү ороосон таван хэсэг зүйлийг надад өгч, улсын хилээр нэвтрүүлсэн. Тухайн үед надад урамшуулал гээд 500 юань өгсөн. Хэдхэн хоногийн дараа дахиад хоёр тохой хэрийн урттай нарийхан зүйлийг гялгар уутанд хийж, гаргаад өг гэсэн. Би гаргаж өгч амжихгүй гэртээ хадгалж байтал Төмрөө намайг эзгүй байхад аваад явсан байсан. Үүний дараа Төмрөө долдугаар сард дахин бараа гаргуулья гэхээр нь “чадахгүй” гээд буцаасан. Харин наймдугаар сарын 2-нд манай гэрт орж ирээд гурван дугуй, нэг гонзгой, гадна талаараа хар өнгийн гялгар ууттай зүйлийг хилээр гаргаад өгөөч, 500 юань өгье гэхээр нь зөвшөөрсөн” гэсэн байна. Тэд хил гараад Эрээн хотын зээл дээр уулзахаар болжээ. Энэ дагуу Ж.Мөнхбат дөрвөн ширхэг зүйлийг өөрийн 7288 ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн машины хойд талын дугуйны дээд талын хайрцагт хийгээд боолтоор боож, хилийн зүг хөдөлжээ. Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр ирэхэд нь цагдаа нар ирээд машинд нь гаалийнхантай хамт үзлэг хийжээ. Шалгалтаар Ж.Мөнхбатын машинаас Үндэсний түүхийн музейгээс алдагдсан эмэгтэй хүний толгойн суварга хэлбэртэй үсний мөнгөн хавчаар 22 ширхэг илрүүлсэн байна. Уутанд ийм зүйлс байсныг тэрээр мэдээгүй бөгөөд гуулин гүц, зэс аяга байгаа гэж бодсон тухайгаа цагдаад мэдүүлжээ. Ингээд түүнийг Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс саатуулан шалгажээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175.3-т заасан хэргээр шүүхээс ялласан юм. Түүний хилээр нэвтрүүлсэн 22 ширхэг үзмэрийг шинжээчид 1.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэйг тогтоосон байдаг.
Б.Энхбат хамсаатнуудаа “аргалж” чадсангүй
Ийнхүү Б.Энхбатын музейгээсээ хулгайлсан үзмэрүүдийг авсан Ван Жин Ли, Төмөр нар вагоноор явж байгаад баригдсан бол “тээвэрлэгч”-ийн үүрэг гүйцэтгэж байсан Ж.Мөнхбат үйлдэл дээрээ баригдсан байдаг. Албаныхан Б.Энхбатыг хайж эхлэхэд тэрээр сэтгэл түгшиж, хамсаатнуудаа хэргээс мултлахыг оролдож байжээ. Тухайлбал, хуучин танил Ё.Дамдиндоржид 2007 оны дөрөвдүгээр сард аяганы тээг, хэт хутга хоёрыг 1.2 сая төгрөгөөр заржээ. Ингээд гурван сар холбоогүй байж байгаад дахин уулзжээ. Энэ үедээ Б.Энхбат “Ах нь нэг хужаад юм зарсан чинь хил дээр баригдсан байна. Мөнгөний хэрэг гарлаа, 500 мянган төгрөг зээлчих” гээд мөнгө аваад явжээ. Гэсэн ч тэрээр Ё.Дамдиндоржоос авсан мөнгөөрөө “аргалж” чадалгүй харин ч өөрөө хэрэгт унажээ. Музейгээс хэдэн үзмэр хулгайлснаа санадаггүй тэрээр бүх зүйл тодорхой болж, цагдаагийнханд баригдсаны дараа ийнхүү мэдүүлэг өгчээ. “Би Дамдиндоржид үзмэр хулгайлж зараад гурван жил болсон. Сан хөмрөгт ажлын цагаар ороод гарахдаа гар цүнхэндээ хийж гардаг байснаас харуул, жижүүрийн аль ч анзаараагүй. Нийт хэдэн удаа зарснаа мэдэхгүй байна. Дамдиндорж болон хятадууд надаас “Тийм зүйл хэрэгтэй байна” гэхээр би музейгээс авч өгдөг байсан. Сан хөмрөгөөс 2004 оноос бага багаар зөөсөөр 2007 он болсон. Энэ хугацаанд хэдэн үзмэр, эд өлгийн зүйл авч гарснаа тоолж байгаагүй. Бүгдийг нь зарсан. Тийм учраас хэдэн нэр төрлийн, хэдэн ширхэгийг авснаа мэдэхгүй байна. Олсон мөнгөө бүгдийг нь өөрийн хэрэгцээнд зарцуулсан. Хууль бусаар хэдийг олсноо тооцож байгаагүй. Заримдаа Дамдиндоржоос мөнгө зээлээд оронд нь үзмэр өгч байсан. Хааяа “балгах” дуртай учраас хэний ч зөвлөгөө, зааварчилгаагүй энэ хэргийг үйлдсэн. Миний хариуцаж байсан сан хөмрөгийн үзмэрүүдийг олон жил надаас өөр хэн ч мэддэггүй, намайг ажилд орсноос хойш тооллого, тооцоо гэж огт хийж байгаагүй. Энэ бүгд намайг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн” гэж мэдүүлжээ.
via: horiotoi.mn