03/11/2025
Гэртээ сууж буй ээж нартаа
Эхлээд олон хүүхэд төрүүлсэн эр зориг, хүч чадал, тэсвэрт тань баяр хүргэе. Үнэхээр чадаж байгаа тань мундаг шүү.
Эмэгтэй хүн нэг л хүүхэд төрүүлж өсгөх гэж хоёр жилийг бол зоолттой зарцуулдаг. Гэтэл бүр олон хүүхэд төрүүлвэл тэр хэрээр удаан цаг хугацааг гэртээ өнгөрүүлэх шаардлага үүснэ. Мэдээж хүн бүрт сонголт бий.
Нэг гэм нь эхний хүүхдээ төрүүлсэний дараа хүүхдэд ханьтай гээд дараагийн хүүхдээ төрүүлээд тэгсээр байгаад нэг л мэдэхэд олон жилийг гэртээ өнгөрүүлсэн байдаг. Эсвэл үнэхээр олон хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй учраас энэ төлөвлөгөөндөө илүү анхаардаг.
Эмэгтэй хүн хүүхдээ төрүүлээд хувь хүн, эхнэр байхаа болиод “хэт ээж” болчихдог. Энэ минь тэр минь, хоолыг нь хийхгүй бол болохгүй, тэр ч дамжаа энэ ч дугуйлан гэсээр энэ олон жилийн хугацаанд бага багаар өөрийгөө хаядаг. Ингээд өөрийгөө мэддэггүй, өөртөө хайргүй л хүн болж ирсэндээ харамсдаг.
Гэртээ суудаг ээж нар нэг талаараа жаргалтай ч нөгөө талаараа дотроо уйлж байдаг. Эргээд харсан бүх зүйлд хожимдсон юм шиг мэдрэмжтэй болсон байдаг. Магадгүй сэтгэлийг нь нээгээд харвал өөрийгөө гээсэн, өөртөө итгэлгүй, өөртөө цаг зарцуулдаггүй, өглөөний нарнаас оройн наран жаргатал нэгэн хэвийн зүйлээ хийсээр сар жилийг үдсээр үдсээр таван жил, арван жил бүр хорин жил болсон байх нь бий.
Яасан ч их хайр ундран гардаг юм. Бүгдэд нь өгөөд л байдаг өгөөд л байдаг, өөртөө байхгүй. Ихэнхидээ өөрийгөө хайрлаж, зарим үед эмэгтэйгээрээ, зарим үед хувь хүнээрээ, зарим үед эхнэр болж, зарим үед ээж болж байх байсныг хожим ойлгодог.
Ээж нар маш удаан хугацаагаар гэртээ суусаар өөртөө итгэлгүй болсон байдаг учраас түүнээсээ болоод өөрийгөө хойшлуулсаар л байдаг. Тийм зориггүй, хальрамтгай, дотогшоо болсон байдаг. Яг өөрийн гэсэн юу байна гэхээр хэдэн шар хүүхдээс өөр юмгүй болсон байдаг.
Хүүхэд бага насан дээрээ ээждээ илүү наалдаж ойр байдаг болохоор ээж нарт үнэхээр сайхан, утга учиртай санагдаж, өөрийгөө ээж болсонд баярлаж байдаг ч хүүхэд том болоод өсвөр насанд ирээд тэгтлээ ээжийгээ гэхээ больдог нь тийм их хайраа зориулсан байхад яагаад надад ингэж хандаж байгааг гайхахад хүрдэг. Өсвөр нас угаасаа тийм. Тйимээс хүүхдээсээ өөрийгөө жаахан чөлөөлөх хэрэгтэй.
Тэгэхээр гэртээ сууж болноо. Хажуугаар нь өөрийн зорилготой, хийх юмтай, өөртөө цаг гаргадаг, өөрийгөө хайрладаг, өөртөө уян хатан ханддаг, өөртэйгөө ажилладаг байх нь чухал байна. Эс бөгөөс өөртөө юу ч хийж өгөөгүйдээ, өөрийгөө хаяад ирсэндээ, өөрийгөө хайрлаагүйдээ яасан их харамсах бол…
Мэдээж хүүхдээ гэр бүлээ хохироохгүйгээр юмсыг зохицуулж болдог шүү. Гол нь гэрээсээ гарах сэтгэлийн тэнхээг л гаргах нь чухал. Учир нь тухтай бүсээсээ гарах тийм амар биш учраас хүмүүс хойшлуулсаар, хүмүүс юу гэх бол гэж айсаар, би яанаа чадахгүй байх гэсэн бодолдоо хүлэгдсээр, өөрийгөө голсоор дахиад хэдэн жилийг өнгөрөөдөг. Энэ мэт өөртөө хандсаар л байдаг. Үнэндээ хүмүүс таныг бас анзаарах манатай л яваа. Эсвэл анзаарч л байг. Сөрөг хүмүүс байж л байдаг. Тийм хүмүүс бол баасан дээр суусан ялаа юм. Тоохгүй орхиж сурах нь чухал.
Өөрийгөө хойшлуулах тусам цаг хугацаа явсаар байдгийг санаарай. Сэтгэлдээ өөрөө бий болгосон хулганы нүхнээс гарч ирэх чадал зориг тэнхээг өөрөөсөө гаргаж ирээрэй.
Та чаднаа
Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ