21/09/2017
“УЛААНБААТАР” олон улсын IX кино наадмын нээлтийн киногоор “ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД” МУСК шалгарлаа
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл, Монголын Кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг 2017 оны 10-р сарын 10-наас 15-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцоно.
Энэ удаагийн наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг зарласан бөгөөд тус уралдаан нь “Уран сайханы кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.
“Улаанбаатар” олон улсын IX кино наадмын “Нээлтийн кино”-ны төрлийн шалгаруулалтанд 2016 оны 1-р сарын 1-нээс 2017 оны 09-р сарын 15-ны дотор бүтээгдсэн болон нээлтээ хийгээгүй кинонууд оролцсон бөгөөд найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарлаа.
“Уран сайханы кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”-ийн шалгаруулалтын дүнг 2017 оны 10 сарын 10-ны өдөр танилцуулж шагнал гардуулах юм. Энэ ташрамд дуулгахад “Улаанбаатар” олон улсын IX кино наадмын “Нээлтийн кино”-оор шалгарсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 2017 оны 10 сарын 10-нд кино наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр албан ёсны нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болно.