27/01/2025
Дөрвөн улиралтай Монгол оронд дөрөөн чимээ үргэлж тасрахгүй байгаасай!
Морин эрдэнээ сүлдэлсэн монголчууд хэзээ ч явгарахгүй байг!
Морины уралдаан бол монголчуудын эртний уламжлалт тэмцээн наадам төдийгүй нүүдэлчин монгол түмний ёс заншил, өв соёл, уламжлал залгамжийн гайхамшигт ариун шүтээн юм. Монголчууд алтан туурт, бумбан тоост хүлэг морио үеийн үед тахин дээдэлж, төрийн сүлдэндээ мөнхлөн залсан байдаг.
Эртний их нүүдэлчин гүрнүүд ч, Эзэн Богд Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улс ч дэлхийд морьтон түмэн хэмээн алдаршсан түүхтэй. Монгол адуу дэлхийн сүмбэр оргил болсон дөрвөн улиралтай монгол орны хамгийн эрс тэс цаг уурт олон мянган жилээр хувьсан оршсоор ирсэн болохоор маш их тэсвэр хатуужилтай, дэлхийн бусад үүлдрийн адууг бодоход өвс тэжээл голдоггүй, өл даадаг гээд олон давуу талтай байдаг.
Монголчууд 5000-6000 жилийн тэртээ адууг анх гаршуулан унаж хэрэглэжээ. Энэ үеэс мориороо уралдаж эхэлсэн бөгөөд цаашлаад найр наадамд морь уралдуулдаг уламжлал тогтсон түүхтэй. Яваандаа хурдан морины удам угшил гаргаж эхэлсэн бөгөөд түрүүлсэн морины эзэн алдар нэрээ мандуулж, энэ салбар хөгжсөөр энэ нь нэг ёсны урлаг, спорт, шинжлэх ухаан болтлоо хөгжсөн байна. Нүүдэлчдийн салшгүй нэг хэсэг болсон адуу мал, түүний дотор хурдан адуу эзнээ баярлуулж цаашлаад төрсөн нутаг усаа алдаршуулдаг байжээ.
Хурдан морины тухай дуу, аман зохиол ихээр гарах болжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай “Адуу” шүлэгтээ
“Адуу-Таван хошуу малын минь нэг
Адуу-Таван амьд эрдэнийн минь нэг
Адуу-Тахил сүлдэнд минь эзэнтэйгээ хамт бий
Адуу-Тал, хангай, говь гурвал нутагт минь бий” гэж магтсан нь бий.
Дэлхийн бүх морины тоноглол Монголоос гаралтай болохыг манай эрдэмтэд болон Америкийн их сургуулиуд нотолсон байдаг. Мөн дэлхийн бүх үүлдрийн адууны өвөг эцэг нь монгол мориноос гаралтай болохыг Оросын генетикийн их сургууль баталжээ.
Монголд нутаг нутгаар бага зэрэг ялгаатай дүрмээр морьдыг уралдуулж ирсэн боловч 1899 оноос эхлэн морьдыг даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас ба азарга хэмээн ялган уралдуулах болжээ. XII жарны шороон үхэр жилийн (1709 он) зуны дунд сарын 28-ны өдөр, Бүрэн хааны өвөр Ивэн голын орчимд Очирай Түшээт хан тэргүүтэй засаг ноёдын хэлэлцэн тогтоосон гурван хошууны “Халх журам” гэж алдаршсан цаазыг гаргажээ.
Монгол орон дөрвөн улиралтай учраас дэлгэр сайхан зуны улиралд төрийн их баяр наадмаа тэмдэглэхээс гадна хавар, намар, өвөл ч хурдан морьдоо уралдуулдаг байсан тухай эртний ном судруудад дурьдсан байдаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тод манлай уяач, зууны манлай уяач Данзаннямын Давааням ардчилсан хувьсгал ялснаас хойш өвөг дээдсээс уламжилж ирсэн аугаа их ёс заншлаа дээдэлж хаврын тэргүүн сарын шинийн 15-нд “Ерөөлийн уралдаан”-ыг анхлан санаачилсан нь “Дүнжингарав” нэрээр нэг хэсэг зохиогдсон байдаг. Манлай малчин Д.Даваахүү гуай өнөө ч тэрхүү “Ерөөлийн уралдаан”-аа хавар бүхэн зохиогдоосой гэж төрийн сүлдэндээ залбирч явдгаа саяхан “Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцохдоо дурсаад авна лээ. Тод манлай уяач Д.Даваахүү хаврын уралдааныг явуулахаа байсныг “Монголчуудыг явгалахын цондон болсон муухай хар үйл. Энэ жилээс цагаан сарын хаврын уралдаан маань албан ёсоор сайхан болоосой” гэж залбирч сууна.
Дэлхийн морьдын уралдаанд үргэлж насанд хүрсэн хүмүүс хурдны морийг унадаг. Харин Монгол Улсад ихэвчлэн 5-12 насны хүүхдээр хурдны морь унуулдгийг сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийн байгууллагууд эрс эсэргүүцэж, том хүн, өсвөр насны хүүхдээр морь унуулах талаар яригдах болсон. Одоогоос зуу гаруй жилийн өмнө 1922-1924 онд Монгол оронд гурван жил ажилласан Төв Азийн шинжилгээний ангийн ахлагч, шинжлэх ухааны доктор Рой Чапмен Эндрюс “Монголчуудын хувьд морин уралдаан нь хат, тэвчээрийн уралдаан. Чингис хааны үр сад монголчууд мориндоо ч эрэмгий, морио хамаг чадлаар нь уралдуулна. Морьдыг таваас 12 насны банди нар унана. Уралдаанд түрүүлсэн тэр бяцхан жаал шиг аз жаргалтай хүн тэр өдөртөө Монголд л лав алга аа. Энд тэнд явах морьд, зүсэн бүрийн алагласан морьтнуудын алагласан өнгө нь Америкийн морин үзүүлбэрийн тоглолт ч шиг, эсвэл асар томциркийн үзүүлбэр мэт харагдаж билээ” гэж “Эртний хүний мөрөөр-Монголд хийсэн аялал” гэсэн аян замын тэмдэглэлийн номондоо халуун дотноор дурссан байдаг нь монголчууд өнө эртнээс морин уралдаанд ямархан их ач холбогдол үзүүлдэг байсныг гэрчилнэ.
Монгол Улсын алдарт уяач Ц.Жамбалсүрэн “Хаврын уралдаан байхгүй бол малчид, уяачид монгол төр засагтаа маш их гомдоно. Хаврын уралдааныг хасаж хясна гэдэг Монгол Улсыг малгүй, малчингүй болгох харийн бодлогын л тусгал. Эзэн Чингис хааны дэлхийн магнайд байгуулж өгсөн Монгол Улс үеийн үед малаа маллаж ирсэн. Хаврын морин уралдаан цаашдаа байхгүй болбол монгол үр хүүхдүүд ч утаатай хотын явган гуйлгачид болж л төгсөнө. Төв сууринд байгаа хүүхдүүд хөдөө гарч ирж морь унаасай. Цэвэр агаарт адаглаад цээжний цэргүй болно. Гар хөлийн хөдөлгөөн улам уян хатан болно. Хятадууд хаврын уралдаан олноор зохион байгуулахыг хараад сэтгэл эмзэглэдэг болсон. Бид мориноосоо аль ч цагт салж болохгүй юм шүү. Монголчуудыг мориноос нь салгах харийн бодлого хэзээ ч бүү хэрэгжээсэй” гэж байна.
Дөрвөн улиралтай Монголд зуны улиралд л ганцхан морио уралдуулдаггүй байсан бөгөөд жилийн дөрвөн улиралд хүлэг сайн морио уралдуулж хүүхэд хөгшидгүй баяр цэнгэл эдэлдэг байсан өнө эртний өв их соёлтой ард түмэн билээ. Малчин монгол түмнийг явгалахын цондон болсон харийн хар бодлого хэзээ ч бүү хэрэгжээсэй гэж ёс жудагт өвгөд минь өнөө төрийн сүлдэндээ залбирч байна даа.
www.bolod.mn