10/09/2025
🔴 APPLE-ИЙН ТАНИЛЦУУЛСАН БҮХ ЗҮЙЛ
Монголын цагаар 9-р сарын 10-ны шөнийн 01 цагт Apple намрын арга хэмжээ эхэлж, дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун мянган фенүүд нь үзэв. Энэхүү арга хэмжээгээр танилцуулсан бүх зүйлийг уншигч танд хамгийн түрүүнд, хамгийн ойлгомжтой байдлаар хүргэж байна.
• AIRPODS PRO 3
Тэдний хэлснээр “дэлхийн хамгийн шилдэг, хамгийн алдартай” чихэвч болох Airpod Pro гурван жилийн дараа шинэчлэгдлээ. Гуравдугаар үеийн шинэ загвар Apple Intelligence-ийн тусламжтайгаар шууд орчуулга хийх чадвартай болов. Мөн дуу тусгаарлах чадамж буюу ANC нь хоёр дахин сайжирчээ. ANC асаалттай байх үед 8 цаг тасралтгүй цэнэгээ барих чадвартай.
Ус болон тоосноос хамгаалах IP57 стандартын шаардлагыг хангаснаар 1 метрийн гүн усыг 30 минут хүртэлх хугацаанд тэсвэрлэх чадвартай гэсэн үг. Түүнчлэн чихэвчний хэмжээний сонголт гурваас тав болон нэмэгджээ.
• APPLE WATCH 11
Apple-ийн ухаалаг цаг 5G дэмждэг боллоо. Энэ удаагийн хамгийн том шинэчлэл нь дэлгэц байлаа. Бат бөх чанар нь өмнөх загвараасаа хоёр дахин сайжирчээ. Мөн IOS 26 дээрх хамгийн том шинэчлэлт болох шингэн шилний (Liquid Glass) дизайныг Apple Watch-ийн дэлгэц янз бүрээр турших боломжийг нээжээ. Ухаалаг цагны хамгийн чухал элемент эрүүл мэндийн чиглэлд хоёр чухал функц нэмэгдлээ. Эхнийх нь цусны даралтыг өмнөхөөс илүү өндөр нарийвчлалтай хэмждэг болжээ. Мөн нойрны оноо гэх ойлголтыг шинээр танилцууллаа. Хэрэглэгчийн нойрны чанарыг сайжруулахад уг функц туслах юм. Харин батарейны хувьд бүтэн өдрийн турш буюу 24 цаг цэнгээ барих чадвартай. Материалын хувьд хөнгөн цагаан болон титан гэсэн хоёр сонголттой.
• APPLE WATCH SE 3
Apple-ийн ухаалаг цагны SE буюу тусгай, төсөр хувилбар S10 чиптэйгээр эргэн ирлээ. Өмнөх загвараасаа хоёр дахин хурдан цэнэглэх түргэн цэнэглэгч, шууд орчуулга, нойрны оноо зэрэг шинэ функцүүдээс гадна өөр дээрээ Siri ажиллуулах боломжтой болжээ. Бусад шинэ хувилбаруудтайгаа адил 5G дэмжих ба 18 цагийн турш ажиллах батарейтай. Хоёр жилийн өмнө энгийн загварт нэвтэрч байсан хоёр товшоод дуудлага авах, сэрүүлгээ унтрааж болдог боломж мөн шинээр нэмэгдлээ. Хэмжээний хувьд 40мм, 44мм гэсэн хоёр сонголттой.
• APPLE WATCH ULTRA 3
Apple-ийн хамгийн хүчирхэг ухаалаг цаг гуравдугаар үе рүүгээ шилжлээ. Энэ удаагийн хамгийн том шинэчлэлт нь 42 цаг тасралтгүй ажиллах чадалтай хүчирхэг батарей байв. Дэлгэцийн хэмжээ нь өөрчлөгдөөгүй ч ирмэг нь илүү нимгэн болсноор Apple-ийн хамгийн том дэлгэцтэй ухаалаг цаг болов. Мэдээж дээр дурдсан шинэ функцүүд ч мөн бий.
• iPHONE 17
Намрын арга хэмжээний од нь ямагт шинэ iPhone байдаг билээ. Шинэхэн iPhone 17-гийн таван төрлийн өнгөтэй сонголттой, 6.3 инч хэмжээтэй энгийн хувилбар нь 120hz хурдтай, 3000 nits тод дэлгэцтэй гэдгээрээ онцлог байв. Товчхондоо, энэ бол хамгийн тод iPhone юм.
iPhone 13-аас даруй 2 дахин хүчирхэг бөгөөд хурдан A19 чип уг загварын тархи нь байх болно. Видео үзэхэд iPhone 16-аас даруй 8 цагаар удаан ажиллах уг загвар ердөө 20 минутад 50 хувь цэнэгээ авдаг гэнэ.
Өнгөрсөн жил дэлхий дахинаа iPhone хэрэглэгчид 500 тэрбум өрөг (selfie) авчээ. Тиймдээ ч энэ жил нүүрийн камертаа чамгүй өөрчлөлт оруулж, өмнөх загвараасаа бараг л 2 дахин хүчирхэг 18MP-ийн камертай болжээ. Мөн уг камерын сенсор нь дөрвөлжин болсноор ямар ч хэлбэртэй (босоо, хэвтээ, ганцаараа, олуулаа гэх мэт) зураг авахад нэн тохиромжтой болсон байна. Селфи камерын бичлэгийг мөн автоматаар тогтворжуулдаг болов. Fusion технологийн ачаар 48MP үндсэн камер нь хэт өргөн өнцгийн камерын үүргийг мөн давхар гүйцэтгэнэ.
• iPHONE 17 AIR
Удаан хугацааны туршид өндөр хүлээлт үүсгээд байсан хөнгөнөөс хөнгөн, нимгэнээс нимгэн iPhone 17 Air-тай танилц. Бараг л боломжгүй мэт нимгэн энэхүү утсыг бүтээхийн тулд үндсэн их бие, тэр дундаа камерын хэсгийг дахин загварчлахаас гадна шинэ төрлийн бат бөх материалыг дэлгэц болон гадаргууд нь ашиглажээ. Нүүрний шил болон арын шил нь өмнөх загваруудаасаа 3-4 дахин бат бөх аж.
Ардаа ганц камертай нь Fusion буюу хоёр камерыг нэгтгэсэн технологийн ачаар дөрвөн төрлийн дурантай мэт янз бүрийн зураг дарах боломжтой. Нүүрийн камер харин энгийн загвартайгаа адилхан.
Хүчирхэг бөгөөд хэмнэлттэй A19 Pro чип, батарей хэмнэх ухаалаг технологи, шинэчилсэн бүтцийн тусламжтайгаар 40 цаг видео тасралтгүй үзнэ. Халаасанд багтах нэмэлт батарей болон олон төрлийн кэйсүүд, утсаа зүүж болох зүүлтийг ч мөн шинээр танилцуулав.
• iPHONE 17 PRO
Хамгийн хүчирхэг Pro загварын их биеийг хөнгөн цагаанаар бүрэн цутгаж, камер байрлах хэсгийг уртасгаж дизайны хувьд томоохон өөрчлөлтийг оруулжээ. Macbook Pro-гийн түвшний процессороор шинэ энэхүү загварыг тоноглосон гэдэг үнэхээр онцлохуйц мэдэгдэл байлаа. iPhone 17 Pro нь A19 Pro чипийн тусламжтайгаар iPhone 16 Pro-гоос 40 хувиар илүү гүйцэтгэл үзүүлэх боломжтой болжээ.
Ceramic Shield 2 технологийн тусламжтай дэлгэцийн үл зурагдах байдал гурав дахин сайжирсан гэнэ. Арын шилд мөн адил Ceramic Shield ашигласнаар дөрөв дахин бат бөх болжээ. Нийт 8 төрлийн дуранг агуулсан гурамсан камерын хослол нь мэдээж Apple-ийн хамгийн хүчирхэг камерын бүрдэл. Уг арга хэмжээг бичихдээ iPhone 17 Pro-гийн камерыг ашигласан нь хүчин чадлыг бодитоор харуулав.
Pro хувилбар нь 6.3 инч, Pro Max хувилбар нь 6.7 инч дэлгэцтэй. Харин суурь багтаамж нь 25G бөгөөд 2TB хүртэлх нэмэх сонголттой. TechWoven Case хэмээх шинэ төрлийн кэйстэй болохын сацуу Air-ийн адилаар хүзүүний зүүлттэй болжээ.
Эх сурвалж: Unread