16/10/2025
Н.Номтойбаяр: Нэг нь ялж, нөгөө нь ялагдсан. Сүүлдээ УИХ-ыг үл хүндэтгэх байдал үүслээ
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахын гэхэд зарим гишүүд ирцэд орохгүй, чуулганы нэгдсэн хуралдааныг боёкотлох асуудал үүсгэж байгаа билээ. Энэ талаар сөрөг хүчний төлөөлөл, Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “2017.09.07-ны өдөр Ж.Эрдэнэбатын буюу миний бие Засгийн газрын гишүүнээр нь ажиллаж байсан Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэхэд огцруулахгүй гэж байнгын хорооны гишүүд үзсэн. Уг асуудал чуулганаар орж байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэдэг томёоллоор санал хураалт явуулахад 57.5 хувийн саналаар гишүүдийн олонх дэмжээгүй учраас Ж.Эрдэнэбатын Засгийн газар буюу манай Засгийн газар огцорч, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдож байсан. Энэ хуулийн зохицуулалт яг хэвээрэй байгаа. Энэ дээр гайхаад Үндсэн хуулийн зөрчил гээд байх шаардлагагүй.
МАН-ын дүрмээр Бага хурал дээрээ өрсөлдөөн болсон. Нэг нь ялж, нөгөө нь ялагдсан. Ялагдсан тал нь хүлээн зөвшөөрөөгүй. Сүүлдээ УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулийг үл хүндэтгэж хүлээн зөвшөөрөхгүй байдал үүслээ. Илрэл нь намын бүлэг. МАН УИХ-д 65 суудалтай байхдаа 32:33 болж хуваагдаж байсан түүх давтагдаж байна. Тухайн үед бүгдээрээ хамт сууж байгаад бүлгийн даргынхаа асуудлыг хэлэлцэж, нэг хүний саналаар Д.Хаянхярваа дарга бүлгийн даргаа ном журмынх нь дагуу өгч, дараагын дарга нь сонгогдож байсан. Энэ мэтчилэн маш ойлгомжтой хуулиуд байна. Бас Засгийн газар огцорч байсан бодитой жишээнүүд байна. Тэгэхээр өөрсдөдөө тааруулж хууль тайлбарлахаа болих хэрэгтэй” гэсэн юм.