
21/04/2025
Эр хүн 40 хүрэх сайхаан
Иртэй хутганы мөр хотойж
Ирмэгтэй хөөрөгний бад мөлийж
Эргүү залуу нас ухаан сууж
Эргэх хорвоогийн цараа тодорч
Эр хүн 40 хүрэх сайхан.
Зууван харцанд зог тусахгүй
Зуусан шүдэнд зовлон бодохгүй
Зуурдын учиралд зүрх шаналахгүй
Зуун найз хайж явахгүй
Эр хүний нас тогтох сайхан
Шалиг зан
Шалихгүй хайр
Шалдан бацаан
Шалчгар охидыг
Таньдаг нас
Таахгүй
Тоохгүй
Таалахгүй
Тамираа гайхуулахгүй
Тамхиа хуваахгүй нас
Эмэгтэй хүнд итгэдэг нас
Эр хүнийг үнэлдэг нас
Эргэх хорвоог цэгнэдэг нас
Эргүү новшнуудыг хаядаг нас
Эцгийн оронд эцэг болж
Эхийн оронд эх болж
Намхан буурал толгод шиг
Намрийн зөөлөн нар шиг
Униартах уудам тал шиг
Урд голын эрэгт сүглийх мод шиг
Сайхан нас
Салтааны дон
Сархадын хор
Салаавчны хариу
Сэхээны өрөөг
Мэддэг болсон
Мэдэрсэн нас
Мээмэнд шунаж
Мөнгөнд сөхөрч
Мөрөөдөлд тэнэгэрч
Мөчөөрхөлд хэрэлдэж
Мөрөөрөө явахгүй
Зоргоороо амьдрахгүй
Золгүй амьтан шиг
Золбин жингэр шиг
Галзуурахгүй нас
Гандахгүй тавилан
Эр хүний хараа тависан
Эр хуурын эгшиг чангарсан
Эрхий хурууны хээ бүдгэрсэн
Элсний ширхэг шиг сор суусан
Сайхан нас
Самуурахгүй
Санаа алдаж гунихгүй
Сачий хүрэхгүй юманд шунахгүй
Сартай шөнийн учиралд яарахгүй
Хөнжилийн сэжүүр ухахгүй
Хүний хүүхэнд шүлэнгэтэхгүй
Хөлсний бузарт хиртэхгүй
Хөлийн чимээ хүлээхгүй
Тогтсон мөрний мандал шиг
Тогоон доторх өрөм шиг
Тооноор харагдах тэнгэр шиг
Тоолохгүй орхих одод шиг
Сайхан нас
Тэнэг залуусыг сургахгүй орхиж
Тэмц дараа нь амьдрал хэлнэ гэж
Тэмээн чинээ зовлонг нь сонсоод
Тэрүүхэндээ инээж
Залуу нас сайхаан
Замбараагүй л битгий өнгөрөө гэж
Завжиндах тамхиа сороод
Захгүй алсыг ширтдэг нас
Замлингын амьдралаа дурсдаг нас
Заяаныхаа ханиа хайрладаг нас
Урууланд тэмүүлэхгүй
Уужирч сайхан үнэрлээд
Ухаантайдаа миний хань гэж
Өгсөж байгаа олон жилийн ард
Үнэхээр хайрласанаа мэдэрсэн нас
Өтөлж бга хүний энэ орчлонд
Өөрт ирсэн жаргалаа үнэлдэг нас
Эр хүний 40 нас сайхаан.