
09/02/2024
МЭНДЧИЛГЭЭ
Өндөр их Алтай нутгийн өргөн олон түмэн та бүхэндээ айлчлан ирж байгаа 17 дугаар жарны “Хилэнт эх” хэмээх хөх луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одож байгаа усан туулай жилдээ Алтайчууд бид бүхэн аймгийн эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт ахиц дэвшил гаргаж, ард иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулж, Монголчуудын түүхэн аман өв соёлын ноён оргилуудын нэг Жангар туулиа сэргээн хайлж, Засагт ханы голомт Хантайшир уулын аймгийнхаа түүхт 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, мартагдсан түүхээ сэргээн, өв соёл, ёс заншлаа дээдэлсэн амжилт бүтээл дүүрэн жил байлаа.
Аймгийн эдийн засгийн үндэс болсон ХАА-н салбарт өвөг дээдсийнхээ малч удмыг залгамжлан, нүүдлийн соёл иргэншлийн нандин өвийг тээж яваа 8500 малчин өрхөөс улсын хошой аварга малчин 1, улсын аварга малчин 10, улсын аварга саальчин, улсын аварга тариаланч тус бүр нэг өрх шалгарсан бол аймгийн хошой аварга болон аймгийн аварга малчин, саальчин ,тариаланч, хадланчаар нийт 205 өрх шалгарч өвлийг өнтэй давж, өлзий буянт урин хавартай учран золгож нутгийн малчин, тариаланч түмнээ манлайллаа.
Ард иргэдийнхээ эрхэм дээд баялаг болох эрүүл мэндийг хамгаалах, хүн амын дундаж наслалтыг 80-аас дээш болгох зорилтыг дэвшүүлсэн “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийг улсдаа анх удаа батлуулан хэрэгжүүлж эхэллээ.
Алтай нутгийн хөгжил дэвшлийн шинэ зуун жилийн гарааны он болох хөх луу жилд Алтайчууд хүрсэн ололт амжилтаа улам бататган, санасан зорьсон аливаа үйл хэрэг нь сэтгэлчлэн бүтсэн өгөөмөр сайхан жил байх болтугай.
Та бүхэн минь төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, айл хотлоороо амар амгалан сайхан шинэлээрэй.
Та бүхнийг хүндэтгэсэн:
Говь-Алтай аймгийн засаг дарга
Очирбатын Амгаланбаатар