11/09/2026
БНХАУ автомашины салбарын шинэ таван жилийн төлөвлөгөөндөө 2030 он гэхэд шинээр борлуулах автомашины 70 хувийг цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй болгох, мөн автомат жолоодлогын технологийг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт дэвшүүлжээ.
Салбарын XV таван жилийн төлөвлөгөөг Хятадын Засгийн газрын есөн агентлаг хамтран боловсруулж, баасан гарагт олон нийтэд танилцуулсан байна. Төлөвлөгөөнд мөн 2030 онд шинээр борлуулах ачааны автомашин, автобус зэрэг арилжааны зориулалттай тээврийн хэрэгслийн 40 хувийг цахилгаан хөдөлгүүртэй болгох, дотоодын автомашин үйлдвэрлэгчдийг дэлхийн авто үйлдвэрлэлийн тэргүүлэгч 10 компанийн эгнээнд оруулж, олон улсын стандарт тогтооход үзүүлэх нөлөөг нь нэмэгдүүлэх зорилтууд тусгажээ.
Тус улсын BYD, SAIC Motor, Geely Automobile компаниуд өнгөрсөн онд борлуулалтын хэмжээгээр дэлхийд эхний 10-т багтсан ч тэргүүлэгч Toyota, Volkswagen, Hyundai Motor компаниудаас хол хоцорсон хэвээр байгаа.
БНХАУ 2021 онд гаргасан таван жилийн төлөвлөгөөндөө 2025 он гэхэд цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашиныг шинэ автомашины борлуулалтын 20 хувьд хүргэх зорилт тавьж байв. Энэ зорилтоо тус улс төвөггүй биелүүлж, өнгөрсөн оны байдлаар 54 хувьд хүрснийг БНХАУ-ын Суудлын автомашины холбооны дата харуулж байна.
Шатахууны үнэ өсөж, уламжлалт хөдөлгүүртэй автомашины хэрэглээ үргэлжлэн буурахад нөлөөлж байгаа тул БНХАУ 70 хувийн зорилтдоо мөн адил төлөвлөсөн хугацаанаасаа өмнө хүрэх төлөвтэй. Наймдугаар сарын байдлаар цахилгаан ба хосолмол автомашинууд нийт автомашины борлуулалтын 65 хувийг бүрдүүлснийг тус холбооны мэдээлэл харууллаа.