17/09/2025
#2: Б.Чинбатын алт, нүүрсний хэрэгт хуруугаа ч хөдөлгөдөггүй, замхруулдаг хуулийнхан
Бид өмнөх цувралаараа “Урьхан”-ы Б.Чинбатын лицензгүй голын ай савд алт ухаж, хилээр гаргасан нүүрсээ татвараас зайлсхийлгэсэн байж болзошгүй тухай ерөнхий мэдээллийг хүргэсэн. Энэ удаа хуулийн байгууллагынхан шалгахгүйгээр замхруулдаг магадгүй тухай мэдээллийг хүргэж байна.
Нэг. Лицензгүй газар алт ухаж, гол руу цутгасныг Ш.Отгонбаатар шалгалгүй, орон нутаг руу нь түлхэснээр хаагдсан
Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Дэрст багийн Туулийн дэнж гэх газарт Б.Чинбат нарын “Вайнд Майнд” ХХК-ийн MV-021972 тоот ашиглалтын лицензтэй талбайгаас алт олборлодог. Ингэхдээ 2022 онд туул гол руу бохироо цутгаж, үйл ажиллагааг нь хэсэгчлэн зогсоосон мэдээлэл ингэж дэлгэгдэж байв. Тухайн үед Экологийн цагдаагийн албаны дарга асан, хурандаа Ш.Цогбаатар иргэдээс ирсэн мэдээллийг ерөөс тоож шалгаагүй. Хуруугаа ч хөдөлгөлгүй хав даржээ. Тэрбээр, алтны хэрэгт өөрөө нэр холбогдож байсан нэгэн. Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг Хятадын “Шинь Шинь” ХХК-иас авлига авдаг байж болзошгүй хэрэгт нэр холбогдсон. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант суманд хууль бусаар алт олборлосон хэргийг шан харамжаар дарж, хөрөнгөжсөн хууль хяналтын бүлэглэлд ч багтан нэрлэгдсэн удаатай.
Хууль хяналт нь ийм байгаа тул “Вайнд майнд” хэзээ ч зогсож байсангүй. 2024 онд Туул голын сав газрын захиргаанаас, "2022 оноос хойш ус ашиглах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл авч гэрээ байгуулаагүй, ямар нэг байдлаар хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллаагүй" гэж цахим орчин мэдэгджээ. Бүрэгхангай сумын сум дундын экологийн асуудал хариуцсан байцаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар ажиллаад зогсоолоо гэсэн сүржин даржин мэдээлэл түгээгээд л орхично. Орон нутаг буюу Булган аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаад хэргийг хаах саналаа прокурорт хүргүүлснээр хаагджээ. Чингээд лицензтэй талбайгаас хэтэрч ухсан 100 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 500кг хууль бус алтны гэх хэрэг ингэж замхарчээ. Ухаад орхисон нүх нь одоо ч бий.
Цаашлаад Б.Чинбат, Г.Ариунболд нар нь “Эрдэнийн босго” ХХК-аараа дамжуулж Хулман нуур нүүрсний уурхайг худалдаж авсан гэгддэг аж. Энэ нь ч компанийн хувьцаа эзэмшигчдийн нээлттэй мэдээлэлд тодорхой харагдаж байна. Эл уурхайгаас нүүрс худалдан авдаг хятад иргэн монгол эмэгтэйг дарамталж, биед нь халдсан хэрэг гарч байсан удаатай.
Хоёр: Алтных нь том хэргийг бичиг баримтын жижиг хэрэг болгон замхруулсан эзэн УЕП-ын орлогч М.Чинбат уу
Б.Чинбатын 50 хувийг нь эзэмшдэг "Штайнколе" ХХК Дорноговь Даланжаргалан сумын нутаг дахь Далангийн хүрэн нүүрсний уурхайгаас олборлож, худалдаалдаг. 2016-2022 оны хооронд 1,3 сая тонныг борлуулж 83 сая ам.доллар буюу 211 тэрбум төгрөг олсон гэгддэг аж. Ингэхдээ 71 тэрбумын орлогоо тайлагнаж, 140 гаруйг нь татвараас зайлсхийсэн байж болзошгүй асуудал хөндөгдөөд удаж байна.
Энэ асуудлыг нөгөө 50 хувийг эзэмшигч байсан Ц.Батбилэгийн дүү Ц.Сайнбилэг нүүрсний сонсголд хүртэл хөндөж ярьж. Татвараас зайлсхийсэн асуудлаар АТГ-т хандсан байна. Гэвч АТГ гомдлыг нь шалгаад “манай харьяалал биш” гэж Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжүүлсэн байдаг аж. Тус цагдаагийн газар “Штайнколе" ХХК-тай холбоотой татвараас зайлсхийсэн гэх хэргийг хэрхэн шалгаж байгаа нь тухай тодорхой мэдээлэл алга. Татварын Ерөнхий газар бүр хуруугаа ч хөдөлгөөгүй нь сонин.
Гэтэл хувьцаа эзэмшигч ах дүүст мэдэгдэхгүйгээр компанийн өмчлөл дэхь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Далангийн нүүрсний уурхайг гуравдагч этгээд болох Д.Ичинхорлоод "харилцан тохиролцсон санамж бичиг" гэгчийг үйлдэж, шилжүүлжээ. Д.Ичинхорлоо нь Б.Чинбатын ойрын хүн гэх бөгөөд нүүрс борлуулсан мөнгөө хувийн дансаар авч, өдгөө эл асуудал нь шүүхийн шатанд ирсэн гэх. Мөн компанийн бичиг баримтыг нэр дээр шилжүүлэхдээ нотариатч, улсын бүртгэл зэргийг хуурамчаар ашигласан нь тогтоогдож, торгуулийн ял шийтгүүлжээ. 2023 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох Д.Ичинхорлоогийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн аж. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Сайнбилэгийн гарын үсгийг хуурамчаар зурж гүйцэтгэх захирал өөрчлүүлэн, гэрчилгээнд өөрчлөлт оруулсан үйлдэлдээ 5.4 сая төгрөгөөр торгуулсан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Б.Чинбатын ТОМ татварын асуудал нь ингэж, Д.Ичинхорлоогийн хуурамч бичиг баримтын ЖИЖИГ асуудал бол хувирчээ. Бичиг баримтын жижиг хэрэг рүү оруулж шийдвэрлэсэн асуудал яалт ч үгүй анхаарал татна. Хэргийг эцэслэн шалгахгүйгээр хэрэгсэхгүй болгож хаасан эзэн нь Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат гэгдэж байна. Улсад асар их хэмжээний хохирол учирсан асуудал сөхөгдөхгүй болжээ. Энэ нь УЕП-ын орлогч М.Чинбатын технологи уу. Тэрбээр, өмнө нь хуурамч гарын үсгээр бусдын өмч, хөрөнгийг залилсан МУИС-ийн багш, хуульч Д.Янжинхорлоо гэх ангийн найздаа холбогдох хэргийг хаасан хонгилын прокуроруудад багтаад байсан билээ.
Хууль бусаар алт ухсан, нүүрсний татвараас зайлхийсэн байж болзошгүй асуудлын хажуугаар манай хууль хяналтынхан нүд нь балай, чих нь балай явсаар байгаа нь ямар учиртай вэ. Б.Чинбат яагаад огт хуулийнханд дуудагддаггүй вэ. Түүний эрх ашгийг хэн хамгаалж байна вэ.
Бидэнд олдсон эх сурвалжийн мэдээллээр, Цагдаагийн байгууллагатай холбоотой асуудлыг нь чөлөөндөө гарсан цагдаагийн хурандаа, Мөрдөн байцаах албаны цагдаагийн нэр бүхий хурандаа нар зохицуулж өгдөг гэх. Мөн нэр бүхий дүүргийн ерөнхий прокурор прокурорын түвшний асуудлыг нь шийдвэрлэж өгдөг гэх мэдээлэл дуулдав.
Монгол Улсын цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, улсын бүртгэлийн байгууллага, Авлигатай тэмцэх газрын зарим эрх бүхий албан тушаалтнууд хамгаалж, үйлчилж байгаа юм биш биз дээ.
Eguur.mn