09/09/2026
Дэлхийн цахилгаан машин, салхин турбин, сөнөөгч онгоц бүтэх эсэх нь Өвөр Монголын нэг уурхайнаас хамаардаг болжээ..
2025 оны дөрөвдүгээр сард Хятад хүнд ховор элементийн долоон ангиллын экспортын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Барууны соронзны үйлдвэрүүд болон батлан хамгаалахын гэрээт компаниуд шууд хямралд орсон. Диспрози, тербий хоёргүйгээр өндөр температурт ажилладаг соронз хийх боломжгүй, тэр соронзгүйгээр цахилгаан машины хөдөлгүүр ч, салхин турбин ч эргэхгүй.
Тэр хүчийг Хятад хаанаас авсан бэ гэвэл:
Баотоу хотоос хойш байрлах Баян Овоогийн орд дэлхийн батлагдсан ховор элементийн нөөцийн дөчин хувиас илүүг ганцаараа агуулдаг. Тэнд 1927 онд төмрийн хүдэр олдож, ховор элемент нь 1935 онд илэрсэн ч гуч гаруй жил тоогдоогүй, зөвхөн 1957 оноос олборлож эхэлсэн. Тэр үед энэ элемент юунд хэрэгтэйг хэн ч мэдэхгүй байсан.
Хятад өнөөдөр дэлхийн уурхайн үйлдвэрлэлийн жаран есөн хувийг эзэлдэг, жилд хоёр зуун далан мянган тонн. Монголын албан ёсны бүртгэлтэй ховор элементийн ислийн нөөц 3.1 сая тонн. Тоо нь бага биш, асуудал нөөцөд ч биш.
Хятадын давуу тал хоёр зүйлээс бүрддэг. Нэг нь өртөг. Баян Овоод ховор элементийг тусад нь олборлодоггүй, төмрийн хүдрийн дайвар бүтээгдэхүүн болгож гаргадаг. Уурхай нь аль хэдийн ажиллаж байгаа, зардал нь аль хэдийн төлөгдсөн, тиймээс дэлхийд хамгийн хямд өртөгтэй.
Нөгөө нь салгах технологи. Ховор элемент байгальд дан ганцаараа олддоггүй, арван таван элемент хоорондоо холилдож хүдэрт байдаг бөгөөд химийн шинж чанар нь бараг ижил. Салгахад хэдэн зуун шатны уусгалтын процесс шаарддаг. Яг энэ хэсэгт Хятад дэлхийг гүйцээсэн, газраас гаргахдаа биш салгахдаа монополь болсон. Тиймээс АНУ өөрийн уурхайтай ч гэсэн хүдрээ Хятад руу илгээж боловсруулуулж байсан.
Сул тал нь ч тод харагддаг. Баотоу бол дэлхийн хамгийн бохирдсон бүсүүдийн нэг. Ховор элементийн хүдэрт уран, тори зэрэг цацраг идэвхт элемент хамт агуулагддаг бөгөөд боловсруулалтын хаягдал нь хортой шингэн болж үлддэг. Түүнийг хэдэн километр урт хиймэл нуурт хуримтлуулдаг.
Монголд Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүрэгтэй гэсэн ордууд бүртгэгдсэн. Эхний гурав нь баяжуулах технологийн хувьд судлагдсан. Халзан бүрэгтэйн дээж дээр дотоод, гадаадын судлаачид олон удаа туршилт хийсэн ч эдийн засгийн үр ашигтай үр дүнд хүрээгүй байна. Нөөц байгаа нь мэдэгдэж байгаа ч түүнийг ашигтайгаар салгах технологи батлагдаагүй гэсэн үг.
Цацрагийн асуудал ч бий. Ховд аймгийн Мянгад сумын иргэд Халзан бүрэгтэйд олборлолт эхэлбэл Их нууруудын хотгорын усны ай савд эрсдэл үүсэхийг сануулж байна. Баотоугийн туршлага тэр санаа зовнилыг үндэслэлтэй болгож байна.
Тэгэхээр Монголын өмнө гурван бодит асуулт зогсож байна. Салгах технологио хэн эзэмших вэ, хаягдлыг хаана яаж хадгалах вэ, хүдрээ түүхийгээр экспортлох уу эсвэл боловсруулаад гаргах уу.
Дэлхийн туршлага сүүлчийн хариултыг тодорхой хэлдэг. Мөнгө газар доор биш, боловсруулах шатанд байдаг. Хүдрээ түүхийгээр зарсан улс тэр гинжин хэлхээний хамгийн доод шатанд үлддэг.
Ховор элемент ховор ч биш. Ховор нь түүнийг салгаж чаддаг байх.
#Боломж