08/08/2025
🔴Хуульч О.Батхүү: Малчдын НДШ-ын 50 хувийг төрөөс хариуцан төлж байгаа. Үнэн хэрэгтээ төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж бий.
2024 сонгуулиар малчдад хоршооны зээл өгсөн. Энэ зээл эргэж төлөгдөхгүй, санал худалдан авах хэрэгсэл болоод дуусах байх. Гэтэл бид зээлээ 1 хоног хэтрүүлбэл яаж алуулдаг билээ?
Энэ жилээс малчдын хүүхдийг Их дээд сургуульд үнэгүй сургах юм байна. Жолоочийн хүүхэд бол төлбөрөө төл, малчны хүүхэд бол үнэгүй. Мэдлэг чадвартай ч бололцоо муутай айлын хүүхэд "малчны хүүхэд биш" гэдгээр ялгаварлан гадуурхалтанд өртөж байгаа хэрэг биш үү?
Малчдыг НӨАТ-аас чөлөөлсөн. Бид бүгд татвар төлөх үүрэгтэй. Харин тэд төлөх үүрэггүй. Хууль шүүхийн өмнө тэгш байх зарчим алдагдав.
Малчид бидэнд мах сүүгээ хэзээ ч хямдарсан үнээр зардаггүй. Байнга үнэ нь өсч байдаг. Цагаан сараар бүр дээд цэгтээ хүрдэг. Тэтгэврийн хөгшид тавгийн ааруул авч дийлэхгүй өр зээл тавьдаг.
Мал маллах хэцүү. Гэхдээ барилга дээр нуруугаа махийтал тоосго үүрэх амархан биш. Өдөр шөнөгүй ээлжинд гарч, өвчтэй хүний цэвэр бохир цэвэрлэхийг хялбар ажил гэхгүй. Гэтэл яагаад 1 саяын цалинтай сувилагч НДШ, НӨАТ, сургалтын төлбөр бүрэн төлж байхад 1000 малтай, гаднаа хэд гурван машинтай малчин татварын тал хувиа биднээр даалгах ёстой гэж?
Энэ асуудлаар Цэцэд хандахаар маргаан үүсгэдэггүй. Бодвол дарга нараасаа айдаг биз. Төр засаг иргэдээ эрхэлсэн ажлаар нь ялгадаг, хүмүүс мэддэг ч мэдэхгүй юм шиг царайлдаг.