05/02/2025
"Бүсгүй"-ийн нийгэм рүү дугарсан эерэг мессеж /Спойлер агуулагдав/.
Амьдрал дээр гэр бүлийн харилцаанд, хосын харилцаанд туйлын зөв, туйлын буруу үйлдэл, туйлын муу эсвэл сайн хүн гэж байдаггүй. Юм бүхэн олон талтай байдаг. Хэн нэгнийх нь гаргасан үйлдэлд үргэлж жижиг том шалтгаан нуугдаж байдаг.
Гэрэлээгийн нөхөр бол муу хүн биш. Хайртай эхнэрийнхээ сонсголыг эмчлүүлэх төлбөрийг олохын тулд шаргуу хөдөлмөрлөж завгүй явсан хүний сайн хань. Гэвч цаг наргүй амьдралын хэв маягийнх нь нөгөө талд түүний эхнэр сэтгэлээ онгойтол ярилцах хүнгүй, хайр халамжаар дутагдсан, хэн нэгнийг хүлээж бэтгэрсэн нэгэн болж хувирч байсан.
Хөрсөн харилцааны үр дагавраар гуравдагч хүн гарч ирэх тохиолдол олон бий. Ийм үед хажууд байгаа хүнээсээ авч чадахгүй байгаа хүчтэй мэдрэмжийг хэн нэгнээс аваад эхлэхээр олон хүн сэтгэл хөдлөлдөө захирагдаж өнөөдрийг хүртэл бүтээсэн зүйлээ нураах шийдвэрийг гаргадаг шүү дээ.
Бүсгүй кинон дээр Гэрэлээ эцсийн мөчид нөхөртэйгөө үлдэх шийдвэрийг гаргадаг бол түүний сэтгэл хоёрдчихсон үед Чинбаа би гэр бүл сүйтгэж чадахгүй гэж хэн хэн нь зөв үедээ сэтгэлийнхээ цулбуураас татаж чадсанаар Гэрэлээ бүтэн амьдралтайгаа үлддэг.
Ямар ч харилцаа эхлэх үедээ сэтгэл хөдлөл ихтэй, бүх зүйл нь шинэ байдаг ч тэр байдлаа хосууд тэр бүр удаан хугацаанд хадгалж чаддаггүй ба анхных шиг нь мэдрэмж төрүүлсэн хэн нэгнийг өөрийнх нь хүнээс илүү өөрийг нь хайрлах ч юм шиг, өөрт нь илүү тохирох ч юм шиг санагдсанаас тухайн үедээ хурдан, хөнгөн шийдвэр гаргаж алдаа хийх гээд байдаг тал олон хүмүүст ажиглагддаг.
Хамтын амьдрал гэдэг маш удаан хугацаанд үргэлжилдэг зүйл бөгөөд харилцааны туршид нэг нэгэндээ анхаарал тавих нь багасах, болзоо нь цөөрөх гэдэг ч юм уу ярилцаад засаад явах ёстой зүйл олон гардаг нь хэвийн үзэгдэл байхад үнэхээр олон талаас нь бодоход бие биедээ тохирохооргүй хүн гэж санагдаагүй л бол түр зуурын хүчин зүйлсээс болж харилцаагаа дуусгах шийдвэр гаргах нь буруу зүйл юм.
Кинон дээр энэ талаар их эергээр харуулсан. Хэн хэндээ цаг гаргаж чадахгүй байгаа бол, хэн нэгэн нь анхаарал халамжаар дутагдсан бол, хэн нэгэндээ таалагдахгүй үйлдэл хийгээд байгаа бол ярилцаад засах л хэрэгтэй. Өөр хүнээс халамж, хайрыг, догдлолыг мэдрэх нь хэвийн л зүйл. Харин тэр түр зуурын мэдрэмжээс болж бүтээсэн зүйлээ нураах гэж яарах хэрэггүй.