13/09/2026
Бранден Монголд өөрийгөө байгальд сорихоор ирсэн ч Монгол түүнд тэсвэр хатуужил, даруу байдал, хүн хоорондын холбоо, байгальтай зэрэгцэн амьдрах үе дамжсан мэдлэгийн үнэ цэнийг илүү ихээр ойлгуулжээ...
БРАНДЕН ЖОЙГИЙН МОНГОЛЫН ТУХАЙ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ ТУРШЛАГА, АЖИГЛАЛТУУД
/Бранден Жойтой хийсэн 75 минутын ярилцлага GerTalkX дээр удахгүй гарна/
1. “Би Монголыг маш дутуу үнэлсэн.”
Бранден өмнө нь Гренландын мөсөн гадаргууг 40 хоногт 2,500 км туулж байсан. Тиймээс Монголын аяллыг боломжийн хэмжээнд хялбархан даваад гарна гэж боджээ.
Хиймэл дагуулын зургаас харахад зам нь ихэнхдээ тэгш, мод багатай, томоохон гол мөрөн цөөн мэт харагдсан. Гэвч Монголд ирээд бүх зүйл огт өөр байсныг ойлгосон.
“Би Монголыг маш дутуу үнэлсэн. Би гэнэн байжээ.”
Монголын салхи Гренландынхаас хамаагүй тогтворгүй, газар нутаг нь маш бартаатай, шороон замууд нь долгиолсон бартаатай, ургамал бут сөөг нь кайтыг нь урж, механикийн асуудал байнга гарч байжээ. Тэрээр өөрийгөө бүрэн бэлтгэгдээгүй байсныг ойлгосон.
2. 170 кг жинтэй кайтын тэргээ бараг 10 хоног чирсэн. Аяллынхаа эхний өдрүүдэд салхи хангалттай байгаагүй учраас Бранден кайтаар явж чадахгүй байв.
3. Монголын цаг агаар түүнд байгалийн бараг бүх өнгийг үзүүлсэн. Ердөө хоёр орчим сарын хугацаанд цасан шуурга
35–40°C хүртэл халуун, элсэн шуурга, аадар бороо, аянга цахилгаантай шуурга, хүчтэй салхи, огт салхигүй олон хоногууд
зэрэг маш олон төрлийн өнгийг мэдэрсэн.
Бранден хүйтэн орчинд аль хэдийн маш сайн туршлагатай байсан. Тэр Антарктид, Гренландад ажиллаж, аялж байсан. Харин Монгол түүнд халуун цаг агаарт хүний бие ямар их ачаалал авдгийг шинээр ойлгуулсан байна.
МОНГОЛЫН ТУХАЙ ТҮҮНИЙ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ АЖИГЛАЛТУУД
4. “Монголын алслагдсан байдал миний төсөөлж байснаас ч илүү алс байсан.”
Тэр хэдэн зуун километр явсан ч засмал зам харахгүй байх үе байсан. Заримдаа хэдэн өдөр дараалан малчин хүн ч харагддаггүй байжээ. Учир нь малчид заримдаа хад чулуу, толгодын цаана байрладаг учраас холоос харагддаггүй.
5. Хэлний асуудалтай байсан ч монголчууд түүнд тусалсан. Тэр монголчуудыг ухаалаг, чадвартай, арга эвийг маш сайн олдог хүмүүс гэж тодорхойлсон. Түүний тэргийг хараад л юу эвдэрснийг ойлгож, ямар эд анги хэрэгтэйг нь тааж чаддаг байжээ.
6. Малчид түүний майханд ирээд айраг, сүү санал болгодог байжээ.
7. Тэр Монголын зочломтгой занг “илүү хүнлэг” гэж мэдэрсэн
Бранден Монголын хүмүүсийн харилцааг АНУ-ын соёлтой харьцуулсан. Тэр Монголд хүмүүс айлын гэрт орохдоо заавал хаалга тогшоод зөвшөөрөл хүлээдэггүй, шууд орж ирэх нь байдаг гэдгийг ажиглажээ. Америкийн соёлд энэ нь эсрэгээрээ.
АНУ-д “Энэ бол миний газар. Миний өмч. Хашаанд минь битгий ор.” гэсэн илүү хүчтэй хувийн өмч, хувийн орон зайн ойлголт байдаг гэж ярьсан.
Харин Монголын харилцааны хэв маягийг “илүү хүнлэг, илүү бүтэн, илүү холбогдсон” гэж мэдэрсэн.
8. Монголын дэд бүтэц түүнийг бас их гайхшруулсан
Бранден аяллынхаа үеэр маш олон цахилгааны шугам таарсанд гайхсан. Тэр Монголыг туулахдаа ойролцоогоор 30 удаа цахилгааны шугам гаталсан гэж ярьсан. Түүнчлэн алслагдсан газруудад интернетийн холболт харьцангуй сайн байгаад гайхжээ. Тиймээс тэр Монголд уламжлалт нүүдлийн амьдрал орчин үеийн технологийн хөгжил хоёр зэрэгцэн оршиж байгааг харсан.
9. Тэр малчдын үе дамжсан мэдлэгийг маш их сонирхсон
Бранден холоос малчдыг малаа тууж, нэг газраас нөгөө рүү нүүлгэж байгааг ажигладаг байжээ. Тэгээд өөрөөсөө Яагаад энэ чиглэлд явж байгаа юм бол? Малаа хэдийд нүүлгэдэг юм бол?
Яагаад тэр зүгийг сонгож байгаа юм бол? гэж асуудаг байв.
Тэр үүний цаана тухайн нутаг, мал, улирал, байгальтай холбоотой үеэс үед дамжиж ирсэн асар их мэдлэг байгааг ойлгосон. Хэлний бэрхшээлээс болоод тэр ихэнхдээ зөвхөн ажиглах боломжтой байжээ.
10. Түүний хамгийн их хүндэлсэн хүмүүс нь өөрөө биш — Монголын малчид байсан
Түүнийг хамгийн хатуу, тэсвэртэй аялагчдын нэг гэж хэлэхэд Бранден өөрийгөө малчидтай харьцуулахыг хүсээгүй.
Тэр үндсэндээ “Би Монголд хоёрхон сар байж, маш олон бэрхшээл туулсан. Харин Монголын малчид энэ амьдралыг бүхэл бүтэн амьдралынхаа турш туулдаг.” гэж хэлсэн.
Тэр малчдыг Монголын өвлийн хүйтнийг, зуны халууныг
улирлын өөрчлөлтийг, байгалийн эрс тэс нөхцөлийг, үе дамжсан мэдлэгээрээ даван туулдаг хүмүүс гэж биширсэн.
Тэр өөрийгөө хиймэл дагуулын холбоо, Монголын SIM карт, интернет зэрэгтэй байсан гэдгээ ч онцолсон. Харин малчид ямар нэгэн зүйл эвдэрвэл өөрсдөө засаж, бие биедээ тусалж амьдрах шаардлагатай.
“Монголын малчид надаас хамаагүй илүү хаттай хүмүүс." гэв.
11. Түүний хамгийн сайхан дурсамжууд бүх зүйл буруугаар эргэсэн үед бий болсон. Хэрэв бүх зүйл төгс яваад, тэр зүгээр л ганцаараа зорьсон газартаа хүрсэн бол эдгээр туршлага байхгүй байх байсан.
12. Амьдрал богинохон хүн хэзээ үхэхээ таашгүй гэдгийг үеийн хоёр найз нь ар араасаа нас барахад ойлгосон. Тийм болохоор хийхийг хүссэн зүйлээ зоригтойгоор хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон гэв.
Бранден Монголд өөрийгөө байгальд сорихоор ирсэн ч Монгол түүнд тэсвэр хатуужил, даруу байдал, хүн хоорондын холбоо, байгальтай зэрэгцэн амьдрах үе дамжсан мэдлэгийн үнэ цэнийг илүү ихээр ойлгуулжээ...