Book House Publishing

Book House Publishing Эрдэм мэдлэгийг түгээнэ

31/03/2025

Онгоцонд дэргэд сууж явсан хүн гайхсан байх даа. Чинагийн Галсан гуайн Хөх Тэнгэр сонсож бай романыг уншиж дүүргэлээ. Сонсож бай энэ тэр гээд яасан айхтар нэртэй ном бэ гэж бодож байсан талтай би уншиж дүүргээд үнэхээр нээрээ “ Сонсож бай” гэж байгаад ёстой хов зөөж өгмөөр санагдав, Тэнгэрт.

Анх Герман хэлээр бичсэн энэ номыг яаж ингэж гоё орчуулсан байна аа, зохиолч нь орчуулахаар ингэж буудаг байхдаа гэж гэж хэлнийх нь сайхныг биширч эхлүүллээ. Герман хэлээрээ ямар байгаа бол олж үзье гэж бас шунаад байна аа. Бүр 15 хэлээр гарсан ном гэнэ шүү. За тэгээд эхлүүлээд явж байтал дөнгөж гучин хэддүгээр хуудаснаас эхлээд л уйлуулаад унадаг юм байна. Хөгшин ээжийг өргөж авах гэж гуйж байгаа хэсэг дээр уяраад, онгоцонд дэргэд суугаа хүнээсээ зовсон ч нулимсаа барьж чадахгүй эгшиж уншлаа.

Таван хавартай хүүгийн нүдээр ертөнцийг тухайн цаг үеийг харж, сониучирхан гайхан, хөгшин ээжийн ивээл хайр ухаанд өлгийдүүлэн эрхлэн нэг хэсэг маадайж маасайж, инээд хүрч уншив. Эгч ахаа санаж, элгээ эгшээн эмтэрч уншлаа. Зуданд зүдэрч, хамтдаа даарч хөрч, сөхрөхөө шахан зүдэхийг мэдэрч уншив. Малчин ахуйг ясандаа мэдрэн мандах нараа, хадат уулаа, хургаа голсон хонио хүртэл аргадан царайчлахад нь хамтдаа зовж уншив. Би яагаад нутагтаа аав шигээ, өвөг эцэг шигээ, зуун зууны өмнөөс амьдарч ирсэн эцэг өвгөд шигээ амьдарч болохгүй юм бэ гэсэн асуултад нь хариу тэмтчин байж уншив.

Сүүл рүүгээ Тува хэл сурахаа шахав гэж хэтрүүлэхгүй юу. Зохиолч хүний чадлыг гайхан уншигч хүнийг оосорлож хамтад нь зовоож жаргааж чаддаг ховс чадалд нь бахдан уншив. Хөөрхий нохой Арзыланыг өрөвдөөд уг нь уйлж эхэлсэн нулимс сүүлдээ малчин хүнийг өрөвдөх сэтгэлээр солигдон байгалийн хатуу ширүүнийг туулан Монголоо Монголоор нь байлгаж, Монголчуудаа тэжээж байгаа нүүдэчин малчдаа хайрлан хайлан уншив. Уул ус, ургамал мод, тэнгэр, нар сар, малаа хүртэл аргадан бүхнийг царайчилж амьдарч байгаа тэднийг мөрөөр нь байлгахгүй зовоож нутаг усыг нь ухаж, хордуулж, догшруулж буй энэ цаг үед гомдон мэгшин мэлмэрүүлсээр сууна. Уг нь ингэнэ гэж яриагүй биз дээ гэдэг шиг ингэж уйлуулдаг ном гэж хэн ч хэлээгүй санагдах юм, хэ хэ.

Аль 1988 онд бичигдсэн 1940-өөд оны хэрэг явдлын тухай ном өнөө цагтай ийн хамаатаж алчуур дүүрэн нулимстай уншуулдаг зохиолч гэж ийм л хүнийг хэлдэг байх даа.
Ай, Хөх Тэнгэр сонсож бай, эх нутаг газар орныг минь, эзэн болсон малчин түмнийг минь харж хандаж, хайрлаж түшээч.
Degi Chadraabal

***
Ном захиалах:
https://internom.mn/бараа/9789919911126-хөх-тэнгэр-сонсож-бай
Холбоо барих:
Утас: 7577-7700

ТЭДДИ “ЯГ ОДОО НААД цүнхнийхээ дээрээсээ буухгүй бол нөхөр минь, сайхан өдрийг чинь утгаар нь мэдрүүлээд өгнө гэж мэд. Б...
30/01/2023

ТЭДДИ
“ЯГ ОДОО НААД цүнхнийхээ дээрээсээ буухгүй бол нөхөр минь, сайхан өдрийг чинь утгаар нь мэдрүүлээд өгнө гэж мэд. Би тоглоогүй шүү!” гэж ноён МакАрдл хэлэв. Тэрээр хос орны дотор талынх буюу онгоцны цонхон талаас хоёрдох орноос ярих ажээ. Тэгснээ дуу алдах гэхээсээ илүүтэй ёолон, наранд түлэгдэн тамирдсан бие нь ямарваа хучлагыг тэсвэрлэхэд бэрх байв уу гэлтэй нөмөрч байсан даавуугаа шагай хүртлээ заналтайгаар тийрч орхив. Тэрээр унтлагын хувцасныхаа зөвхөн өмдийг нь өмссөн байсан агаад баруун гартаа асаасан тамхитай, түрүүлгээ хараад хэвтэж байлаа. Толгой нь орны толгойн яг угийг тухгүй, бараг л зориуд өөрийгөө өвтгөх гэсэн мэт эвгүй налжээ. Дэр, үнсний сав хоёр нь өөрийнх нь болоод хатагтай МакАрдлын орны хооронд, шалан дээр байна. Тэрээр өндийлгүйгээр, үрэвссэн, нүцгэн ягаан баруун гараа сунган, орны хажуугийн явган ширээ рүү хандуулж тамхиныхаа үнсийг товшин унагаад, “Аравдугаар сар гэнэ шүү. Хэрэв энэ аравдугаар сарын цаг агаар юм бол надад найман сарыг өгөөд аль” гэв. Тэгээд хэрүүл хийхээр толгойгоо баруун тийш Тэддигийн зүг ахин эргүүлээд, “Алив л дээ, чи намайг юуны төлөө ингэж ярьж байна гэж бодоо вэ? Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө юу? Наанаасаа буу л даа, гуйя” хэмээв.
Тэдди эцэг эхийнхээ тасалгааны нээлттэй цонхоор гадагш сайн харахын тулд шинэ байрын үхрийн ширэн Гладстөүн цүнхний¹ бөөрөн дээр зогсож байлаа. Хүү жигтэйхэн бохирдсон, шагайгаар татсан түрийтэй пүүз оймсгүй жийж, хоёр шуумгаараа хэтэрхий уртадсан, суудал хэсгээрээ дор хаяж нэг размер томдсон бөлцгөр арт шаа бөс даавуун богино өмд, баруун мөрөн дээрээ зоосны хэмжээтэй нүхтэй гандтал нь угаасан футболк өмсөж, эдгээр хувцастай нь огт зохицоогүй гоёмсог, матрын арьсан хар тэлээ бүсэлжээ. Үсээ даруй засуулах болсон нь үзвээс илт, ялангуяа дагзны хэсгээрээ. Эс бөгөөс турьхан хүзүүнд нь томдсон толгой нь бараг л том хүнийх шиг харагдана.
“Тэдди, чи намайг дуулав уу?”
Тэдди жаахан хөвгүүд тэгдэгчлэн онгоцны цонхоор хэт цаашаа эсвэл хэт хайхрамжгүйгээр цээжин биеэ гаргаагүй байлаа. Харин хоёр хөлийнхөө улаар Гладстөүн цүнхэн дээр бат зогссон байв. Гэхдээ яг ч аюулгүй зогсож гэхээргүй байлаа, нүүр нь тасалгааны дотор гэхээсээ илүүтэй гадаа байна.…………………………………...

Лев Толстой "Мэргэн ухааны хуанли" номын 1 сарын 30-ны өдрийн эшлэлээс
30/01/2023

Лев Толстой "Мэргэн ухааны хуанли" номын 1 сарын 30-ны өдрийн эшлэлээс

30/01/2023

Зохиолч Салинжэр үнэхээр эгоноос залхсан байжээ. Учир нь тэрээр нэр алдрын оргил үедээ буюу 1953 оноос олны анхаарлаас зугтан Нью Йорк хотоос Корниш хэмээх мянга гаруйхан хүн амтай алс буйдхан хот руу нүүж тэндээ 50 гаруй жил өөрийгөө тусгаарлан, зэнгийн даяанч лам маягаар амьдарч 2010 онд насан эцэс болжээ. Тэрээр хамгийн сүүлийн номоо 1963 онд хэвлүүлж, түүнээс хойш нэг ч бүтээл хэвлүүлээгүй юм. Энэ хугацаанд хүмүүс түүнийг бичсээр байгаа болов уу, эсвэл бичиж чадахаа болиод тийн бүгж амьдарч байгаа гэх мэтчилэн ярилцаж, таамаг дэвшүүлсээр байжээ. Гэтэл өөд болсны дараа “Салинжэрийн уран зохиолын сан”-гийнхан түүнийг амьсгал хураатлаа, өдөр бүр зохиол бүтээлээ бичиж туурвиж байсныг баталсан ч тэр бүтээлүүд нь хэзээ хэвлэгдэн гарах нь тодорхойгүй, дэлхий дахины уншигчид нь тэсэн ядан хүлээсээр байна. Түүн шиг ийнхүү нэр алдраас нүүр буруулж, өөрийнхөө эго руу нуруугаа харуулсан хүн бараг байгаагүй билээ.

ДӨ ДОМЬЕ СМИТИЙН ЦЭНХЭР ҮЕ…. Мөнхүү зурагт жижиг хэмжээг (арвыг харьцах арван хоёр инч  орчим хэмжээтэй байв) үл харгалз...
29/01/2023

ДӨ ДОМЬЕ СМИТИЙН ЦЭНХЭР ҮЕ
…. Мөнхүү зурагт жижиг хэмжээг (арвыг харьцах арван хоёр инч орчим хэмжээтэй байв) үл харгалзан Христийг Ариматейн Иосефийн цэцэрлэг дэх бунхан руу зөөж буйг тун нарийн дүрсэлсэн байлаа. Зурагт баруун захад, хамгийн наана Иосефын зарц бололтой хоёр хүн Есүсийг эв муутайхан өргөн явна. Ариматейн Иосеф яг тэдний араас –тийм нөхцөл байдалд магад хэтэрхий ч гэмээр нуруугаа цэхлэн –дагаж явна. Иосефын араас нэлээн зайтай шиг Галилейн эмэгтэйчүүл хаалга үүд зад татчих шахсан бөөн гашуудагч, хөндлөнгөөс ажиглагчид, хүүхэд багачууд, наанадаж гурвын зэрэг хөөрч баяссан, үйл явдлыг үл хүндэлсэн золбин нохой зэргээс бүрдсэн олонтой хутгалдан явна. Миний хувьд уг зургийн хамгийн чухал дүр бол зүүн захын наад талд үзэгч рүү харан зогссон эмэгтэй байлаа. Эмэгтэй баруун гараа толгой дээрээ өргөн, хэн нэгэн рүү (магадгүй хүүхэд эсвэл нөхөр лүүгээ, эсхүл магадгүй үзэгч рүү) бүх зүйлээ хаяад, наашаа хурдан хүрээд ир хэмээн байдгаараа даллаж байлаа. Цугласан олны урд яваа эмэгтэйчүүдийн хоёрыг нь тэргүүнийхээ ард гэрэлт цагаригтайгаар дүрсэлжээ. Гарт ойрхон “Библи” байхгүй учраас би тэдний хэн болохыг ердөө багцаалдаж л чадаж байлаа. Гэвч би даруй Мэри Магдаленаг олж харав. Ямартаа ч би түүнийг олж харсан гэдэгтээ итгэлтэй байлаа. Тэрээр зургийн гол хэсгийн наад талд, олноос илтэд зай барин, хоёр талдаа гараа унжуулан алхах агаад хачирхалтай нь гаднаа ямар ч гашуудсан шинж төрх үзүүлээгүй байв. Үнэндээ түүнийг талийгаачтай хожуу, атаархмаар харилцаатай байсан гэх ямар ч гадаад шинж тэмдэг байхгүй аж. Нүүрийг нь зураг дахь бусад хүний нүүртэй адил хямд-төсөр, хэрэглэхэд-бэлэн арьсны-өнгөт будгаар буджээ. Энэ өнгө өөрийнх нь хүртэл сэтгэлд хүрээгүй тул Ирма эгч яаж ийгээд зөөллөхийн тулд бусдын тусламжгүйгээр, бор зүрхээрээ хичээсэн нь өр өвдмөөр тодорхой харагдаж байлаа. Зурагт өөр бусад ноцтой дутагдал байсангүй. Өөрөөр хэлбэл, жижиг сажиг өө сэвээс өөр юм байсангүй. ...................................................................................

Хөөрхөн ам ба номин ногоон миний нүдУТАС ДУУГАРАХ ҮЕД  буурал толгойт эр бүсгүйгээс зэгсэн хүндэтгэлтэйгээр утсыг авахгү...
28/01/2023

Хөөрхөн ам ба номин ногоон миний нүд

УТАС ДУУГАРАХ ҮЕД буурал толгойт эр бүсгүйгээс зэгсэн хүндэтгэлтэйгээр утсыг авахгүй байх шалтгаан бүсгүйд бий эсэхийг асуув. Бүсгүй түүнийг бүүр түүрхэн сонсжээ, тэгээд гэрлэн талын нэг нүдээ тас аниастайгаар эрэгтэй рүү харав. Зальжин байрын том цэв цэнхэр нүд нь харанхуйд бараг л хөх ягаан харагдана. Буурал толгойт эр бүсгүйгээс бушуулахыг хүсвэл бүсгүй хөдөлгөөнийг нь хүчилсэн юм шиг харагдуулахааргүй хангалттай хурднаар баруун бугуйн дээрээ тулан өндийв. Тэгээд солгой гараараа духныхаа үсийг илж хойшлуулаад, “Бурхан минь. Мэдэхгүй ээ. Чи юу гэж бодож байна?” гэлээ. Буурал толгойт эр утсыг авсан, аваагүй нэг их ялгаатай юм биш гэж бодож байна гэв. Тэгээд солгой гараа бүсгүйн тулсан гарын доогуур шургуулан, хуруунуудаа тохойноос нь дээш явуулан бүсгүйн бүлээхэн бугалга хийгээд цээжний хөндий хоёрын хоорондоос тэвэрч, баруун гараа утас руу явууллаа. Тэмтчихгүйгээр утсанд хүрэхийн тулд жаал сунаж, тэгэхдээ гэрлийн бүрхүүлийн ирмэгийг ар дагзаараа шүргээдхэв. Чингэтэл цагаан голдуу буурал үс нь гэрэлд нэн тодорчухуй. Үс нь хэдий бусниж арзайсан боловч харваас шинэхэн засуулсан буюу саяхан янзалсан байв гэвэл онох биз. Ар дагз болон чамархайн хэсгийг уламжлал ёсоор багасган тайрсан, харин хоёр хажуу, мөн толгойн орой хэсгийн үсийг уртавтар, бүр түүнээс ч илүү үлдээсэн нь сайх эрийг бага зэрэг “хүндтэй харагдуулах” ажээ. “Байна уу?” хэмээн тэр харилцуур луу хүнгэнэв. Бүсгүй шуун дээрээ тулсан хэвээр, түүнийг ажиглалаа. Нүд нь сэрэмжилсэн эсвэл таамагласан янзгүй, аливаа өнгө гэрлийн тусгал үгүй, томорч дүрлийгээгүй эсвээс онийж гярхайлаагүй хэвийн, байдгаараа л байна.
Харилцуурын нөгөө үзүүрээс эрэгтэй хүний үхмэл бөглүү атлаа жаахан бүдүүлэгдүү, утсаа авсан явдалд бараг л увайгүй догдолсон хоолой дуулдав. “Ли? Би таныг сэрээчихсэн үү?”……………………………………………………………………….

Эсмэд – хайртай шүү, зутруу ахуйгаас…Клэй хөлөө-хаана-тавихаа-чамаар-заалгахгүй гэсэн шиг тэнд нь хэдэн хором байлгаснаа...
27/01/2023

Эсмэд – хайртай шүү, зутруу ахуйгаас
…Клэй хөлөө-хаана-тавихаа-чамаар-заалгахгүй гэсэн шиг тэнд нь хэдэн хором байлгаснаа шал руу савлуулан буулгаад, өндийж суув. Тэр “Би угаасаа доошоо буулаа. Вокэрийн өрөөний радио асаалттай байгаа” гэсэн ч орноос боссонгүй. “Хөөе. Би сая доод
давхарт өнөө шинээр ирсэн нохойн гөлөг Бэрнштайнд нөгөөхөө яриад. Санаж байна уу, хоёулаа Валонь руу машинаар яваад, тэндээ хараал идсэн хоёр цаг бөмбөгдүүлээд, нөгөө нүхэнд хэвтэж байхад нэг муур жийпний хамар дээр үсэрч бууж ирээд, би буудсаныг? Санаж байна уу?”
“Тийм ээ. Тэр муурын тухай олон долоон юм битгий л ахиж яриарай даа, Клэй, хараал ид гэж. Би сонсмооргүй байна.”
“Үгүй ээ, би Лорэттад тэр тухай бичсэн л гэх гэсэн юм. Гэтэл тэр энэ талаар сэтгэл судлалын ангийнхантайгаа хэлэлцсэн юм байх. Хичээл мичээл дээрээ. Хараал идсэн профессор энэ тэр гээд бүгдээрээ хамтдаа шүү.”
“Тийм болог. Би сонсмооргүй байна, Клэй.”
“Үгүй ээ, тэр муурыг шууд буудсан шалтгааныг минь Лорэтта юу гэсэн гээч? Намайг түр зуур солиорсон гэсэн. Тоглоомгүй. Бөмбөгдөлт энээ тэрээс болоод.”
X хиртэй үсээ гараараа нэг самнаад, нүдээ ахин гэрлээс халхлав. “Чи солиороогүй ээ. Зүгээр л үүргээ биелүүлсэн. Чи тийм нөхцөлд орсон хэний ч адилаар шийдэмгий загнаж тэр муурыг хөнөөсөн.”
Клэй түүн рүү сэжиглэнгүй харав. “Чи чинь үхсэн үлийгээ яриад байна аа?”
“Тэр муур чинь тагнуул байсан юм. Тэгээд л чи шууд буудах ёстой болсон. Тэр бол хямдхан үслэг хүрэм өмссөн маш ухаалаг герман одой байсан. Тэгэхээр үүнд ямар ч зэрлэг, харгис, эсвэл заваансаад байх юм байхгүй...”
Клэй, “Хараал ид!” гэж дуу алдаад амаа жимийв. “Чи ер нь тоглоом тохуу хийхгүй байж чаддаггүй юм уу?”
Тэгтэл X-гийн дотор гэнэт муухайрчээ. Тэр сандал дээрээ эргээд, яг амжиж хогийн сав шүүрэн авлаа. Тэгээд толгойгоо өндийлгөөд зочин руугаа эргэн харвал өнөөх нь ор, ширээ хоёрын голд санаа зовсон байртай зогсож байв. X уучлалт гуйх гэснээ бодлоо өөрчилж, тамхи руугаа гараа явууллаа……………………………………...

Завин дээр…Бүсгүй урд талын зүлгийнхээ бага зэргийн налуу хэсэгт, хэвийж буй их үдийн хурц нар луу нуруугаа хандуулан зо...
26/01/2023

Завин дээр
…Бүсгүй урд талын зүлгийнхээ бага зэргийн налуу хэсэгт, хэвийж буй их үдийн хурц нар луу нуруугаа хандуулан зогсов. Урдхан талд нь хоёр зуу орчим алхмын зайтай, хүү Лионэл нь аавынхаа завины хитгийн суудал дээр суух аж. Олсоор уяж, гол болон туслах далбааг нь авсан завь зогсоолын тавцангийн цаад үзүүрийн баруун өнцөгт хөвнө. Түүнээс цааш тавь орчим тохой газарт, алдагдсан эсвэл орхиод явсан усны цана уруугаа харчихсан хөвнө. Гэвч нуурын хөвөөнөө ямар ч зугаалгын завь харагдсангүй. Зөвхөн “Лийчс Лайндинг” руу явж буй, каунтигийн² эргүүлийн завины бөгсөн хэсэг л үзэгдэнэ.
Лионэлийг тогтож харах Бүү Бүүд хачин хэцүү санагдав. Тэгтлээ халуун биш хэдий ч нар чамгүй хурцаар ээж байсан тул ямар нэг холын дүрсийг, хүүг, завийг эгээ л усан доторх саваа шиг долгилсон, анивалзсан харагдуулна. Хэдэн минутын дараа Бүү Бүү тэр дүрсийг харахаа болив. Тэгээд янжуураа цэрэг маягаар унтраагаад, зогсоолын тавцан руу алхлаа.
Аравдугаар сар гарсан тул зогсоолын тавцангийн банзнууд халж нүүр лүү нь төөнөхөө больжээ. Бүсгүй шүднийхээ завсраар “Кэнтакигийн хонгор” дууг исгэрэн алхана. Тэр зогсоолын тавцангийн төгсгөлд хүрээд, баруун ирмэг дээр нь өвдгөө шажигнуулан суугаад, доош Лионэл руу харав. Хүү ээжээсээ нэг сэлүүр хүрэхгүй зайд байлаа. Хүү дээш харсангүй.
“Өөе. Найз аа. Далайн дээрэмчээн. Заваан нохой минь. Би эргээд ирлээ.”
Дээш харахгүй хэвээр байсан Лионэл гэнэтхэн завь жолоодох чадвараа харуулахаар шийдсэн бололтой амьгүй залуурыг баруун тийш тултал түлхээд, даруй буцаагаад өөрийнхөө тал руу угз татлаа. Хүү харцаа завины тавцангаас үл салгана………………………………………………………………………………………

26/01/2023
ИНЭЭМТГИЙ ХҮН… 1928 ОНД, есөн настайдаа би хамт олноо гэсэн чин үнэнч сэтгэлтэйгээр Команчи¹ клуб хэмээх байгууллагад  х...
25/01/2023

ИНЭЭМТГИЙ ХҮН
… 1928 ОНД, есөн настайдаа би хамт олноо гэсэн чин үнэнч сэтгэлтэйгээр Команчи¹ клуб хэмээх байгууллагад харьяалагддаг байлаа. Хичээлийн өдөр бүрийн үдээс хойш манай Удирдагч бидний хорин таван команчиг Амстердамын өргөн чөлөөний ойролцоох 109-р гудамжинд байрлах, 165-р хувийн сургуулийн хөвгүүдийн гарах хаалган дээрээс тосож авна. Чингээд засаж янзалсан нийтийн автобус руу нь түлхэлцэж, толхилцсоор орж суусны дараа Удирдагч биднийг (эцэг эхчүүдтэй маань хийсэн санхүүгийн тохирооныхоо дагуу) Төв цэцэрлэгт хүрээлэн рүү авч явдаг байв. Ямар улирал вэ гэдгээс шалтгаалан (ерөнхийдөө) хэрэв цаг агаар зөвшөөрвөл үдийн үлдсэн хагаст нь америк хөл бөмбөг юм уу европ хөл бөмбөг, эсхүл бейсбол тоглоно...................................................................................................................
Өдөр бүр үдээс хойш болоод ирэхээр ялагдаж буй баг харанхуйгаар шалтаглаж оноон дээр ажиллан, тоглоомыг будилаантуулж эхлэх үед команчинууд бид гагц, Удирдагчийнхаа түүх өгүүлэх авьяаст л найддаг асан. Үлгэрийн цаг болоход бид гэж баахан цөс нь хөөрсөн, уур омогтоо шатсан амьтад автобусанд Удирдагчтай хамгийн ойр сандал дээр суухын төлөө хоорондоо нударга зөрүүлж, хашхичиж гуагчина. (Автобус маань хоёр эгнээ сүрлэн сандалтай байсан юм. Зүүн талын эгнээ нь жолоочийн бүхээг хүртэл сунасан гурван нэмэлт суудалтай байсан нь хамгийн гоё суудлууд байв.) Удирдагч биднийг төвхнөсний дараа л сая нэг автобусанд орж ирнэ. Тэгээд жолоочийн суудалдаа хойш харан мордоод, шингэн боловч эвлэгхэн тенор хоолойгоор бидэнд “Инээмтгий хүн”-ий шинэ хэсгийг ярьж өгнө дөө. Түүний хүүрнэл эхэлсэн үед бидний анхаарал сарнина гэж ер үгүй. “Инээмтгий хүн” бол Команчид яг тохирох түүх байлаа. Тэр бүү хэл сонгодог өнгө
аястай гээч..................................................................................................................................

АНТОН ЧЕХОВЫН АХДАА БИЧСЭН ЗАХИДАЛ - СОЁЛТОЙ ХҮНИЙ НАЙМАН ЧАНАРМосква, 1886 он  Та байнга л “Хүмүүс намайг ойлгохгүй юм”...
25/01/2023

АНТОН ЧЕХОВЫН АХДАА БИЧСЭН ЗАХИДАЛ - СОЁЛТОЙ ХҮНИЙ НАЙМАН ЧАНАР

Москва, 1886 он

Та байнга л “Хүмүүс намайг ойлгохгүй юм” гэж гомдоллох юм! Гете, Ньютон хоёр ингэж гомдоллодоггүй байсан юм шүү... Зөвхөн Христ л ийн гомдоллодог байсан, гэхдээ тэр өөрийнхөө өмнөөс биш номлолынхоо үүднээс хэлдэг байсан юм... Хүмүүс таныг тун сайн ойлгож байгаа. Харин та өөрийгөө ойлгохгүй байвал энэ тэдний буруу биш.

Би таныг, дүүгийн хувьд басхүү найзын хувьд, бүх элэг зүрхээрээ ойлгож, энэрч байгаа гэдгээ батлан хэлэх байна. Би таны сайн зан чанаруудыг гарын арван хуруу шигээ мэднэ; тэр чанаруудыг тань үнэлэн, гүнээ хүндэлдэг. Миний таныг ойлгодог гэх баталгааг хүсэж байвал би тэдгээр зан чанаруудыг тань тоочиж чадах байна. Би таныг энэрэнгүй зөөлөн, уужим дотортой, хувиа хичээдэггүй, сүүлчийн зоосоо ч хуваалцахад бэлхэн нэгэн гэж боддог; та бол ямар ч атаа жөтөөгүй, гэнэн цайлган, хүн, амьтныг өрөвддөг, итгэл даадаг, дотуур тамир, ов бачгүй, хүнд муу санадаггүй хүн.

Танд дээрээс заяасан, бусад хүмүүст байдаггүй нэгэн бэлэг байдаг: тэр нь таны авьяас. Энэхүү авьяас билиг таныг сая сая хүнээс илүү болгодог, учир нь дэлхийд хоёр сая хүнээс нэг нь л жинхэнэ уран бүтээлч байдаг юм. Авьяас тань таныг онцгой болгодог – та бах эсвэл тэмээн аалз байсан ч хүмүүс таныг хүндэлнэ, учир нь авьяас чадвартай хүний тиймэрхүү чанарууд хүлцэгддэг юм.

Танд ганц л дутагдал байдаг, таны байр байдлын хуурмаг байдал, таны аз жаргалгүй байдал, таны ходоодны шарх үүнээс л үүдэлтэй. Энэ нь танд соёлч боловсон байдал сох дутдаг явдал билээ. Дүүгээ өршөөн хэлтрүүлээрэй, гэхдээ veritas magis amicitiae (латин: үнэнээс илүү найз үгүй?)

Юу гэвэл, амьдрал өөрийн гэсэн нөхцөл болзлуудтай байдаг юм. Соёлтой боловсон хүмүүсийн дунд тухтай байхын тулд, тэдэнтэй хамт гэртээ байгаа юм шиг байхын тулд хүн өөрөө тодорхой хэмжээнд соёлжсон байх ёстой. Авьяас таныг ийм хүрээлэлд оруулсан, та энэ хүрээлэлд багтдаг, гэхдээ... та үүнээс дөлдөг, эсрэгээрээ та соёлтой хүмүүс хийгээд бэртэгчин дорд хүмүүсийн дунд хөрвөж байдаг.

Миний бодлоор соёлтой хүмүүс доорх болзлуудыг хангасан байх ёстой:

1. Соёлтой боловсон хүмүүс хүний хувийн зан чанарыг хүндэлдэг - тиймээс тэд үргэлж эелдэг, зөөлөн, бусдад найр тавихад бэлэн байдаг. Тэд ганц алх, баллуурын өөдөсхнөөс болж өрөөл бусадтай түнжин хагардаггүй. Тэд тусгүй гэж бодсон хэн нэгэнтэй амьдарч байгаад салахдаа “Хэн ч чамтай амьдар ч чадахгүй” гэж хэлдэггүй. Тэд дуу чимээ, хүйтэн нойтон, хатсан мах, бусдын цэцэрхэл сэлт хийгээд гэрт нь танихгүй хүмүүс ирэхийг хүлцдэг.

2. Соёлтой боловсон хүмүүс дан ганц ядарсан гуйлгачид, тэнэмэл мууруудыг өрөвддөггүй. Тэдний элэг нүдэнд харагддаггүй зүйлсийн төлөө ч эмтэрч явдаг... Тэд “П”...-д туслахын тулд, их сургуульд сурч байгаа дүүгийнхээ төлбөрийг төлөхийн тулд, ээждээ хувцас авч өгөхийн тулд шөнөжин сууж ажилладаг.

3. Соёлтой боловсон хүмүүс бусдын өмч хөрөнгийг хүндэтгэн үздэг - тиймээс тэд өрөө төлдөг.

4. Соёлтой боловсон хүмүүс үнэнч шударга учраас худал хэлэхээс гал ус үзсэн мэт айдаг. Жижиг зүйл дээр ч худлаа ярьдаггүй. Худал үг сонсогч этгээдийг доромжилж, яригч этгээдийн нүдэнд түүнийг дорд болгож харагдуулдаг. Соёлтой хүмүүс дүр эсгэдэггүй - тэд гудамжинд ч тэр, гэртээ ч тэр нэгэн адил жишгээр биеэ авч явдаг. Тэд өөрөөсөө мөхөс хүмүүсийн өмнө гайхуулж сайрхдаггүй. Тэд олон юм ярьж, бусдад онгирч бардаггүй. Бусдын чихийг хүндлэхийн үүднээс соёлтой хүн ярихаасаа илүү чимээгүй байдаг.

5. Соёлтой боловсон хүмүүс өрөвдүүлж өөрийгөө доромжилдоггүй. Тэд толгойгоо илүүлэхийн тулд, ая тал харж (өрөвдүүлж, харж үзүүлэхийн тулд) бусад хүмүүсийн зүрхний чавхдасаар тоглодоггүй. Тэд “Би дүүрсэн хүн”, эсвэл “Би муухай хүн” гэж хэлдэггүй, учир нь ийм хямд үр дүнгийн төлөө явах нь дорд, улиг болсон, хуурамч үйлдэл...

6. Соёлтой боловсон хүмүүс хөнгөн худлаа нэрэлхүү зангүй байдаг. Тэд олны танил хүнийг таньдаг, согтуу “П”-тэй (хир тааруухан яруу найрагч Пальминыг хэлсэн байж магадгүй) гар барьсан, зургийн үзэсгэлэнд тэнэмэл үзэгчийн бахдалыг сонссон, зоог, уушны газруудад цуутай гэх мэт хуурамч алмаазаар өөрсдийгөө гоёх гэдэггүй... Тэд өчүүхэн юм хийчихээд нэг их гавьяа байгуулчихсан юм шиг маадгар алхдаггүй, бас бусдын орохыг зөвшөөрөөгүй газар орж байгаагаараа оодордоггүй. Жинхэнэ авьяастан үргэлж олны дунд нам гүм, гайхуулж сайрхахаас аль болох хол байдаг. “Хоосон торх дүүрнээсээ илүү цуурайтдаг” гэж Крылов хэлсэн байдаг юм.

7. Соёлтой хүмүүс авьяастай бол түүнийгээ хүндэтгэдэг. Тэд авьяасынхаа төлөө бусдыг нь: архи дарс, хүүхэн шуухан, шалдар балдир юмсыг золиосолдог. Тэд авьяасаараа бахархдаг.

8. Дээр нь тэд өндөр шаардлагатай байдаг. Соёлтой хүмүүс гоо зүйн мэдрэмжээ үргэлж хөгжүүлж байдаг. Тэд хувцастайгаа унтаж, хананы ан цаваар дүүрэн хорхой шавжийг харж, муухай агаар, шүлс цэртэй шалан дээгүүр явж, хоолоо тостой тогооноос нь идэж чаддаггүй. Тэд бэлгийн зөв совингоо аль болох дарж, барьж байхыг хичээдэг. Тэд эмэгтэйчүүдтэй ганцхан нэг оронд орохыг боддоггүй. Тэд нэг алдаагаа хоёр давтдаггүй. Соёлтой хүмүүс, ялангуяа хэрэв уран бүтээлч бол тэд шинэ эрчимлэг, дэгжин байдал, хүнлэг байдал уруу тэмүүлдэг хийгээд өөрсдөө эх хүн шиг энэрэнгүй, нигүүлсэнгүй байхыг хүсдэг. Тэд гахай биш, гахай биш гэдгээ ч мэддэг болохоор өдөржин шөнөжин архи гударч, хоол эргүүлдэггүй. Тэд зөвхөн чөлөөт цагаараа, эсвэл баяр ёслолын үеэр л зохистой уудаг. Тэдний хүсэл бол mens sana in corpore sano (латин: эрүүл биед саруул ухаан).

Гэх мэтчилэн үргэлжилнэ. Соёлтой боловсон хүмүүс ийм байдаг юм. Соёлтой байхын тулд өөрийн хүрээллийн зиндаанаас доош битгий ор, соёлтой байхын тулд “The Pickwick Papers” (Чарльз Диккенсийн роман)-ыг унших, “Фауст”-аас монолог цээжлэх нь хангалтгүй.

Үүний тулд байнга ажиллаж, өдөр шөнөгүй уншиж, суралцах хэрэгтэй. Цаг мөч бүхэн үнэтэй. Бидэн дээр хүрээд ир, ганц шил юмны бөглөө мулталж, амарч аваад унш... Хүсвэл Тургеневийг унш, та уншаагүй байх.

Та хөнгөн хуудам нэрэлхүү зангаа болих хэрэгтэй, ямар хүүхэд биш дээ – удахгүй гуч хүрлээ шүү дээ. Цаг нь болсон!
Би таныг хүлээж байна... Бид таныг хүлээж байна.

Энэ захиаг бичих үед их зохиолч А.П Чехов өөрөө 26-тай, ах Николай Чехов нь 28 настай байжээ.

Зургийн зүүн гар талд А.П. Чехов, баруун гар талд түүний ах Николай Чехов

Эх сурвалж: https://www.themarginalian.org/2013/01/29/anton-chekhov-8-qualities-of-cultured-people/

Address

Ulaanbaatur

Alerts

Be the first to know and let us send you an email when Book House Publishing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Book House Publishing:

Share

Category