03/07/2025
Хүний амьдралын бүх зүйлс бодлоос эхтэй. Өөрийнх нь амьдралд болж байгаа үйл явдалд бүтэлгүй зүйл тохиолдоход маш соргог хүлээж авдаг, дараа дараагийн үйл явдлаа анхаарч бүтэлгүйтэх болов уу гээд анаж эхэлдэг, өөрөөр хэлбэл сөрөг байдалд, үр дүнд анхаарлаа төвлөрүүлж байдаг. Үйл явдлууд өрнөж нэг нь бүтэлгүйтвэл урьдын адил соргогоор эмзэглэн хүлээж авна. Ингээд хэд хэдэн удаа анзаарч ном уншуулахгүй бол болохгүй нь гэж бодож эхэлдэг. Лам дээр очиж хийморийн сан тавиулаад, ном уншуулж, хэдэн удаа маань уншихчихаад одоо бүх зүйл сайн болно гэж бодон урьд нь сөрөг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж байсан бол түүнийгээ зогсооно. Сөрөг юм бодож түүнийгээ дуудахаа болихоор бүтэлгүй явдал тохиох нь цөөрөхөөр ном уншуулсан хэрэг гарлаа гэж бодно. Хэсэг хугацаа өнгөрнө, эргэн тойронд болж байгаа сөрөг явдлууд, нийгмийн уур амьсгалын нөлөөгөөр бас ахиад л сөрөг зүйл дээр анхаарч эхэлнэ. Ингээд л нөгөө улигт зүйлс давтагдана. Тиймээс хүн өөрийн бодлоо анзаарч зөв, эерэг зүйл дээр анхаарч байх хэрэгтэй!!! Буруу, сөрөг зүйл бодож байгаагаа анзаарвал шууд больж өөр, эсрэг, өөрийн хүсэл мөрөөдлөө бодож эхлэх нь дээр. Сайн хүмүүст муу зүйл тохиолддог нь айдас хүйдэс тээж явснаасаа болсон байдаг! Мэдээж хэн ч өөрт муу зүйл тохиолдохыг хүсэхгүй ч өөрийн мэдэлгүй тэдгээр зүйлсийг бодлын хүчээрээ дуудаж байдаг! Зөв зүйтэй юман дээр анхаарлаа төвлөрүүлж л байх хэрэгтэй байгаа юм. Тереза Эх амьд ахуйдаа "Намайг дайны эсрэг цуглаанд бүү урьж байна, харин энх тайвны төлөө цуглаанд, тэмцэлд дуудаж бай!" гэж хэлсэн байдаг. Өнгөцхөн харвал ялгаагүй мэт боловч маш их ялгаатай! Эрс тэс 2 өөр зүйл дээр анхаарч байгаа биз?! Монголчуудын хэлдэг маш олон үгс байдаг. Санаа сайн бол заяа сайн. Сайн санааны үзүүрт тос. Зөв явбал зөөлөн зөөлөн хорвоо. гэх мэт. Энэ бүхнээ анзаарахгүй, анзаарахгүй сөхөөгүй л явцгаах юм даа.